За өнөөдөр бол чухал өдөр. Засаг эзгүйдсэний хоёр дахь өдөр Ардчилсан намынхан ҮЗХ-гоо хуралдуулах гэж байна. Хэдийгээр зарим гишүүдийн зүгээс дүрэм журам зөрчиж ҮЗХ хуралдуулах нь гэж хэлж ярьсан ч, цаг үеийн шаардлага тэгж таараад байгаа. Намын даргаа ЕС байх эрхгүй гэж үзсэн найман гишүүнээ АН хөөх шийдвэр гаргаад буй. Гэхдээ АН тэгж парламентад ноёрхлоо алдах хэмжээнд хүрэх үү. Тэгж гэмээнэ дахиад МАНАН татахаар л харагдаад буй. Ямартай ч өнөөдрийн хуралдаанаар АН-ын дотоод тэмцлийн асуудал шийдлээ олж байж, тэд улстөрийн дараа дараачийн дүр зургийг тодорхойлох гээд байна. Намаасаа хөөгдсөн Р.Амаржаргал, Ж.Батзандан, Х.Баттулга нарын гишүүд болоод ЕС-ыг огцруулах асуудлаар санал хураахад бодлогын чанартайгаар ирээгүй гэгдэж буй Д.Арвин, М.Батчимэг нарын долоон гишүүнтэйгээ тэд юу ярих нь бас сонин.

Гэхдээ үүнээс илүү сонин зүйл байгаа нь АН ноёрхлоо авч үлдвэл, тэндээс тодрох 28 дахь ЕС хэн бэ гэдэг асуудал юм. Манай сайт өчигдөр ЕС-д нэр нь яригдаж буй хүмүүсийн талаар өгүүлсэн. Тэгвэл өнөөдөр тэдгээрээс хамгийн боломжтойд нь ЗГХЭГ-ыг хоёр жил гурван сар удирдсан Ч.Сайханбилэгийн нэр тодроод байна. Н.Алтанхуягийн “Алтангадас”-ын хүн тэрбээр өчигдөр экс-тэйгээ хамт парламентад суудалтай намын удирдлагуудтай уулзсан. Улстөрийг бужигнуулахгүйгээр төсөв энэ тэрээ батлаж, түмнийхээ амьдралыг бодмоор байна гэж тэр ярьсан.
Түүнийг бусдаасаа харьцангуй нэр цэвэр гээд байгаа ч ярьвал чамгүй асуудал бий. Юу гэхээр Монголын ардчилал эрийн цээнд хүрлээ хэмээн цээжээ дэлддэг нөхдүүдийн нэг тэрбээр Үндсэн хуульд заасанчлан Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд бус улстөрийн нам хүчний мэдэлд байгааг тунхагласан шийдвэрийг гаргасан нь “Цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн систем” бий болгох тухай тогтоолыг үзэглэсэн явдал байсан. Албан ёсны төлөв түвшин байрын нэртэй энэхүү тогтоол нь эцсийн дүндээ ардчиллын зүрх рүү мэс дүрж байгаагаас ялгаа юу байгааг хэвлэлийнхэн түүнээс ширүүхэн асуусныг тэр өөрөө сайн ч мэдэж байгаа биз.
Тэр 2012 оны сонгуульд Намын нэрсийн жагсаалтаар орж ирсэн. СГЗ Г.Жамьян гуай түүнийг луйвраар орж ирсэн хүн хэмээн бичсэн байдаг. Юу гэхээр “Үндсэн хуулийн гуравдугаар бүлгийн 21 дүгээр зүйлийн 2-т “УИХ-ын гишүүнийг Монгол улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн байгаа. Ч.Сайханбилэгийг ард түмэн шууд сонгосон уу. Үгүй. Намын нэрсийн жагсаалт гэгч шууд бус аргаар сонгосон. Ард түмэн саналаа нууцаар гаргаж чадсан уу. Үгүй. Нэрээ ил бичиж байгаад сонгогдсон нэр хэмээсэн. Ингэж луйвар хийгээд зогссонгүй тойргуудад өрсөлдөж гарч ирсэн хүмүүсийнхээ “толгой дээгүүр алхаад” төрийн сайд болчихсон байгаа. Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг тэргүүтэй хэсэг бүлэг хүн, ард түмнийхээ итгэлийг хэзээ ч хүлээж чадахгүйгээ мэдээд ийнхүү луйвар хийсэн юм. Үндсэн хуулийн заалт хүчин төгөлдөр байгаа цагт, ямар ч хууль дүрэм үүнтэй зөрчилдөх ёсгүй. Үүнийг Үндсэн хуулийн Цэц манаад сууж байх учиртай. Тэр “манаа”-нуудын байгаа царайг! Үндсэн хууль зөрчсөн энэ мэт өчнөөн луйврыг хараад, юу ч болоогүй юм шиг өндөр цалин хангамж хүртэж суугаа. Намын нэрсийн жагсаалт гэгчээр гарч ирэгсэд, тэдний дундаас Ч.Сайханбилэгийн загнаж байгааг бид өдөр бүр телевизийн дэлгэцнээс харж байгаа. Дэндүү даврах юм даа.” хэмээсэн нь саяхан.
Тэгвэл нөгөө дэндүү даварсан хүн нь ЕС-д яригдаад байдаг.
Ж.Болор
Сэтгэгдэл (62)