Эзгүйдсэн 1 дэх өдөр!
2014/11/06

АН-ынхан эрх мэдэлд хүрэхээрээ дотооддоо хэмлэлдэг бол МАН-ынхан зангидсан удирдлага дор нягтран, хэтээ хардаг гэдэг үгийг үйлдлүүд баталгаажуулж байна л даа. Ямартай ч маргааш Ардчилсан намынхан ҮЗХ-гоо хуралдуулах товоо тогтоод байна. Эзэнгүй засгийг эзэнжүүлэх хөтөлбөрийг тэд хэлэлцэх нь тодорхой. Н.Алтанхуягаа намын даргаас аваад хаячихаар түүний орыг хэн нь залгаж, ЕС-аар тодрох вэ? АН ялахад намын дарга нь Н.Алтанхуяг байсан учраас намаа ялуулсан дарга Ерөнхий сайд байна гэсэн дотоод журмаа тэд өөрчлөх үү? Улстөрд хорыг шинээр нь найруулсан гэгдэж буй спикер З.Энхболд нарт  хожоо ирэх үү? Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн алхам юу байх вэ? гэхчлэн анхаарал татсан асуултууд ар араасаа гарч байна.

Улстөрийн намын хувьд өөрсдөд нь эрх ашиг гэж юм бий. Үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн бөгөөд засгийн эрхийг авах эцсийн зорилготой хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл, улс төрийн байгууллагыг НАМ гэж томъёолдог шүү дээ. Гэхдээ намаас дээгүүрт тавигдах ёстой эрх ашиг гэж юм бий. Тэр нь нийгмийн, ард түмний эрх ашиг. Тиймээс засаг даруйхан эмхрэх, төрийн механизм хэвийн ажиллах шаардлага байна. Эзгүйдсэн засагт түмний эрх ашгийг төлөөлөн эзэн суух дараачийн хүмүүс хэн бэ, 28 дахь Ерөнхий сайд хэн бэ гэдэг дээр З.Энхболд, С.Эрдэнэ, Л.Гантөмөр, Э.Бат-Үүл, Х.Баттулга, Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг, Д.Дорлигжав гэсэн  хэд хэдэн хүний нэрс яригдаж байгаа юм.  Тэдгээрийн талаар цөөн хэдэн үг хэлье.

З.Энхболд даргын хувьд ЕС болно гэдэг мессэж багагүй хугацааны өмнө гадагшилсан ч, түүний сценарийн дагуух дэглэлтүүд АН-ын дотоод тэмцлийн галыг дэндүү ширүүсгэж байгаа нь эрсдэл дагуулах вий. Олон фракцуудаас бүрдсэн Ардчилсан хүчний холбооны толгой тэрбээр ЕС болохгүй гэж дуугарсан ч, үг бол үг л байдаг. Үйлдэл л чухал.

ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгийн тухайд хоёр жил гурван сарын хугацаанд 27 дахь ЕС-тэй хамт ажилласан. Түүнд тийм итгэлийг АН-ынхан гэхээсээ Алтангадасчууд хүлээлгэж таарахаар харагдаж байгаа ч, юм яаж ч эргэж болно. Түүнд ЕС-ын суудалд суух тохироо бүрдсэн үү гэж харвал биш л байгаа юм.

Үүл баатрын нэр бас ЕС-д яригдаж эхэллээ. АН-ын гишүүний ариун үүргээ биелүүлэн Н.Алтанхуягийн алдаа завхралын эсрэг тэмцэхийг уриалсан Үүл баатар буй нөхцөл байдлын хувьд ЕС-ын суудалд тэнцэж үзэгдэвч, улстөрийн хорыг хэр хутгалцсанаас нь л бүх зүйл хамаарна даа.

Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавын нэр ЕС-д дахин яригдаж эхэллээ. Анхнаасаа л Ерөнхийлөгч түүнийг зүтгүүлж байгаа талаар улстөрийн хүрээнээс халин яригдаж эхэлсэн. Гэхдээ бас учиртай. Эби, Дорлигоо хоёрын хооронд цав үүсч, Эби нь “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэ нарын нэгэнд нь тодрох санал тавиад байгаа талаар ч дуулдаж л байсан шүү. Түүнээс гадна Монголын улстөр дэх Увсын бүлэглэлд Д.Дорлигжавыг ЕС болгох төлөвлөгөө байгаа талаар ч яригдаж л байсан.  Ер нь бол Д.Дорлигжав гэхээсээ илүүтэй Ерөнхийлөгчийн хүн гэдэг утгаар нэг нөхөр ЕС-ын суудалд суух уу гэж харах нь зөв өнцөг байж болох юм.

За харин Р.Амаржаргалын тухайд намаасаа гарна гэж нэлээд асуудал үүсгэсэн. Тэр үед нь түүнийг ЕС болох гэлээ гэхэд тэр үгүй гэж хариулсан. Гэхдээ аль нэг яамыг тэргүүлэх хэмжээний жижиг улстөрч биш гэж томорсон. Хэрэвзээ АН 16 оны сонгуульд ялалт дагуулахаар эрүүл харагдахаар бодлого барьж буй бол Р.Амаржаргал шиг нөхрийг гаргахад болохгүй юм үгүй.

Х.Баттулгын тухайд өөр нам байгуулна гэж шуураад байгаа. Зуун хувь үнэн бол яахав. Гэхдээ засаг унасан ийм үед тэр тэгээд оролцоотой хүний хувьд илүү асуудал харж байж болох. Гэвч ЕС-д тэр тохирох хүн мөн үү? гэдэг нь эргэлзээтэй л харагдаж байна. Тэр сценарийн чухал алхмуудыг хийсэн байж болно. Тэгэхдээ хамгийн том хэрчим түүнийх гэж хэн хэлээд байгаа юм.

З.Энхболдтой эвсэж харагддаг хэрнээ Ерөнхийлөгчтэй ойрхон С.Эрдэнийг Ерөнхий сайд болох нь гэсэн бор шувуу бас л нэлээн эртнээс ниссэн. Тэрбээр намын дарга  Н.Алтанхуягаа  хариуцлага гэдэг зүйлийг дэндүү  доогуурт тавиад байна, эсвэл өөрт нь ногдсон үүрэг хариуцлагаа бүрэн ойлгож чадахгүй байна хэмээн ярьж байсан нь саяхан. Харин түүнийг огцруулах санал хураалтаас бултсан билээ. 

Н.Алтанхуяг огцронгуут Ерөнхий сайдад нэр нь яригдсан хүмүүсийн нэг бол Л.Гантөмөр. Боловсролын яамыг удирдаж ирсэн нэр цэвэр энэ хүн ЕС болоход арай л түүхий байна гэж харагсад бас бий. "Нэг ардчилал"-ын гэх тодотголтой түүнийг "Шонхор" луу урвах гэж үзээд байгаа гэх бор шувуу ч бас байсан юм. 

Ирээдүйн Ерөнхий сайдад нэр нь яригдаж байгаа хүмүүсийн талаар товч хэлэхэд ийм байна.

Э.Болор

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин