Энэ бол иргэний гуниг билээ. Улс төрчид талцан, ерөнхий сайдаа намаасаа “угзчиж” эхлэхэд төрсөн иргэний гуниг. Яг үнэндээ иргэд буруу ч гуниглаагүй. Ерөнхий сайд хэн ч байсан амьдрал өрнөдгөөрөө өрнөж, арав таван төгрөгөндөө хэдэн бор хүүхдээ өсгөдгөөрөө өсгөх билээ. Н.Алтанхуяг гэдэг хүнийг өөлж гоочилж ер нь яаж ч болох авч, Монголд хэн нэр хүндгүй байдаг билээ?

Ерөнхий сайд. Үе үеийн цагаан захтнууд, 40 мянгатын сэхээтэн, гялгар намтартай эрхмүүд энэ суудалд заларч байсан. Харин энэ суудлаас хамгийн цэвэрхэн мултарсан хүн нь магад С.Баяр байх. Аргагүй хашир бурхи гэсэндээ тийм ч дурлах алба биш гэдгийг мэдээд чимээгүйхэн холдож байсан цаг саяхаан. Дараа нь Сү.Батболд. Гялалзсан бизнесмэн, тэрэн шиг брэнд эхнэртэй, хөрөнгөлөг язгуурын сэхээтэн байгаагүй. Аав нь Сүхбаатар, ээж нь Янжмаа гээд л удам судар нь хүртэл цаанаа өнгөлөг сөн. Тийм хүн сайд болоод яасан? Арай ч өнгө зүс нь гундалгүй нэг юм танагтай дээрээ буусан.

Экс ерөнхийлөгч, ерөнхий сайдын албыг хашиж байсан өөр нэг википедиа бол Н.Энхбаяр. Эхнэр нь Японд шагшигдан хүндлэгдэж байсан, өөрөө дараагийн алхмаараа ерөнхийлөгч болсон тэр хүн л гялалзвал гялалзахаар байсан ч харамсалтай нь түүнийг суудлаас буухад хэн ч алга ташаагүй юм. Харин ч нулимсан хүн олон байх.

Бид үе үеийн ерөнхий сайдаа тэнгэрт тултал магтан магтан залчихаад тайзнаас зүүн мөрөн дээрээ нулимах анзааны буулгадаг. Н.Алтанхуяг ч нулимуулж байна. Хөөрхий, дан ганц тэр хүн 100 хувийн буруутай үйлдэл хийсэндээ биш биз. Угаас энэ алба бол нэргүй алба билээ. Гарцаагүй тулсан газар намынхан нь Ерөнхий сайдын сандалд суугаа нэгнээрээ сор залдаг.
Тийм болохоор энэ суудлыг Готов нь авна уу Шадав нь авна уу хамаа алга, ёстой хамаа алга. Гол нь улс төрчид тэгтлээ хүсэхээр зөөлөн сэнтий, бал бурам амтлуулах “аяга” гэж эндүүрэхээ больчихмоор байна. Ямбыг нь эдэлсэн бол ялыг нь үүрнэ ээ гэж нэг сайхан үг бий. Та ял үүрч чадах уу? Үнэхээр өөртөө итгэлтэй бол Ерөнхий сайд болж болно.
Дараагийн ерөнхий сайд хэн гэгч азгүй “тахиа” байх бол? Мэдээж эхэндээ үс нь хувцас нь бүх юм нь гялалзсан нүүрнээс нь оч бадарсан сайхан жавхаалаг хүн цоглог алхаж явдаг. Яван явсаар гундсаар бүдгэрэх, турах эцэх тавилан гагц Ерөнхий сайдад оноогджээ. Сайд тавилаан гэж ...
Тамын тогооны үлгэр гэдэг шиг дээр гарсан нэгнээ татсаар унагаадаг Монгол “технологи”-ийн өрнөл төрд байхгүй бол гайхмаар явдал болох биз. Та Ерөнхий сайд болж болно. Харин дээрээс доошоо унахад их л өвдөнө дөө. Тэр Готов, тэр Шадавын өмнөөс яагаад ч юм эмгэнэл, эмзэглэл төрчихлөө. Яана даа хөөрхийс ...
Б.Уян
Сэтгэгдэл (5)