Давхар дээлтэй сайд Ц.Оюунгэрэл Н.Алтанхуягийг өмөөрөн өмөлзсөндөө байж ядав. Ямартаа л "37 оны хэлмэгдүүлэлт, Лхүмбийн хэргийг давтлаа. Хуулиар буруутай нь нотлогдоогүй байхад буруутгаж байна. Мөн хамаатан саднаас нь болж огцруулах нь Үндсэн хууль зөрчсөн, хүний эрх зөрчсөн зүйл” хэмээн хэлж байхав. Тэгэхээр эрхэмсэг сайдын хэлж буйгаар бол Н.Алтанхуяг гэж хир халдаахын аргагүй нөхөр бололтой юм. Ерөөс түүнийг гүтгэн гүжирдээд л байгаа янзтай юм. Хүргэн Г.Дэнзэн гэж нөхрөө ЗГХЭГ-ын дэд даргаар тавьчихаад, тэрбум тэрбумын тендерийг хууль бусаар авч өгчихөөд, тэр нь ил тод болоод ирэхийн цагт жүжиг тавин хүргэнээ суудлаас нь буулгасан. Тэгээд болоогүй 5 тэрбум шахам төгрөгийг ах дүүстээ улсаас гаргуулаад өгчихсөн хүн Ерөнхий сайдаар суух эрхтэй юу. Естой энэ тэгээд ариун явдал уу. Ц.Оюунгэрэл сайдын хэлээд байгаагаар бол ийм шалтгаанаар яагаад ч огцруулж болохгүй гэнэ дээ. Тэгвэл уучлаарай, улстөрийн соёл гэж юм төлөвшсөн, улстөрчид нь ёсзүй гэдэг юмны үнэрийг гадарладаг улс оронд бол энэ огцрох шалтгаан хангалттай мөн.

Жишээ татъя. Чехийн Ерөнхий сайд Петр Нечасын ойр шадар хүмүүс авлига авч, албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан тул тэр өөрөө огцрохоос аргагүйд хүрч байсан. Японы Хууль зүйн сайд Мидори Мацушима өөрийн зургийг хэвлэсэн “учива” дэвүүр сонгуулийн үеэр тараасан учраас өөрөө огцорч байсан. Ерөөс энэ мэт олон бодит баримт бий. Гэтэл манайд болохоор чаргууцалдаад л байх юм. Ерөнхий сайдаа өмөөрөөд байгаа Ц.Оюунгэрэл хатагтай ч өөрөө огцрох л ёстой хүмүүсийн нэг шүү дээ. Гэвч өөрийгөө хамгийн цэвэр нэгэн гэж үздэг бололтой юм. Тиймээс түүнтэй холбоотой но-той асуудлыг тодотгон хүргэх нь илүүц болохгүй болов уу.
“Батаар”-чин сайд
Хэдэн жил батаар ярьсан тэрбээр цаагуураа бол чамгүй асуудалтай нэгэн. Юу гэхээр Дархан цаазат Богдхан уулын нутаг дэвсгэрээс хэсэгчлэн тасдаж, тусгай хамгаалалттай газрын хилийн заагаас чөлөөлж, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл гэж юмыг Л.Болдын хамт санаачилсан байдаг. Хан-Уул дүүргээс сонгогдсон тэдний санаачилсан эл төсөл хуульчлагдах юм бол энгийн номхон иргэдээс илүүтэй эрх мэдэлтнүүдэд үр ашигтай байх гээд байна гэдэг асуудлыг хэлэх эрхмүүд байгаа юм. Сонгуульд ялалт байгуулахдаа сонгогчдоо газрыг нь өмчлүүлнэ гээд амлачихсан гэдгээ хаа ч хэлж ярьж явдаг энэ хоёр эрхэм салбарын яамны нөхдүүдийн эсэргүүцсэн байр суурийн эсрэг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин тэргүүтэй Засгийн газрын гишүүд болоод бусад олон улстөрчдийн дэмжлэгийг аван улайрч байгаагийн цаана хэний эрх ашиг илүү тавигдаад байна вэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл хэвлэлд энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ өөрсдийнх нь санаачилсан тогтоолын төсөлд хууль, журам зөрчин баригдчихсан барилгуудаас ерөөсөө оруулаагүй, зөвхөн сонгогчид болох 600 гаруй айл өрхийн газрыг тусгай хамгаалалтаас чөлөөлөх асуудал агуулагдаж байгаа гэх ч, үнэн хэрэгтээ Л.Болд, Ц.Оюунгэрэл нар “Нэгэнт л хамгаалах, хянах боломжгүй болсон Арцат, Богинын амуудыг тусгай хамгаалалттай газар нутгийн бүсээс хасъя” гэсэн саналыг өргөн барьсан байгаа юм. Харамсалтай нь, БОНХЯ-наас бусад яам энэхүү саналыг нь зөвшөөрсөн гэж байгаа юм. Мөн энэ хоёр эрхмийн санаачилсан тогтоолын төсөл батлагдчихвал Дархан газрын хилийн цэсийг өөрчлөхийн тулд тухайн бүс нутгийг бүхэлд нь чөлөөлөхөөс аргагүй болж таарна гэдгийг ч хэлэх эрхмүүд байгаа.
Хачирхалтай нь, Ц.Оюунгэрэл хатагтай энэ талаар байр сууриа илэрхийлж хэлж ярих болохоороо Арцат, Богинын амыг хилийн заагаас чөлөөлөхөөр төсөлд тусгасан тухайгаа дуугарахгүй байгаа нь хэвлэлийнхний анхаарлын гадна яаж үлдэх билээ. Лав БОНХЯ-ны төлөөлөгч тэдний санаачлаад байгаа энэ төсөлтэй холбогдуулан “Төр хууль бус үйлдлийн өмнө буулт хийх ёсгүй. Цаашид хэн нэгэн эрхтэн дархтан дураараа авирлаад газар олгодог, эцэст нь төр бууж өгөөд хуульд өөрчлөлт оруулдаг байдал газар авна. Тиймээс манай яам энэ саналыг эсрэг бат зогсоно” гэж байсан. Мөн Арцатын болон Богинын амыг тусгай хамгаалалтаас хасвал сөрөг үр дагавар гарна гэдгийг ч салбарын яамны зүгээс хэлээд байгаа. Мөнгөтэй, эрх мэдэлтэй нөхдүүд эдгээр амуудад эзэн сууна, эсвэл 2012 онд Горхи-Тэрэлж,Хөвсгөл нуурын эргээс хэсэг газрыг тусгай хамгаалалтаас хассаны дараа тэдгээр газарт хэн дуртай нь үйл ажиллагаа эрхэлж хог, хаягдалд дарагдан хариуцах эзэнгүй болоод байгаа шиг нөхцөл байдал үүснэ гэдгийг хэлээд байгаа юм. Сонгогчдын нэрийг урдаа барин хэсэг бусгийн эрх ашгийг хойноо нуучихаад байгаа мэт үзэгдэх энэ анхаарал татсан асуудал дээр голтой хандаж, тулхтай шийдвэр гаргах учиртай. Ил тод харагдахдаа гоё сайхан хэлж ярьчихаад хэрэг дээрээ нийгмийг, нийтийн эрх ашгийг сульдуулан хөнөөж байдаг хүмүүсийн олонхи нь улстөрчид байдаг. Тэгвэл тэдний нэг болох Ц.Оюунгэрэл хатагтай “толгой” сайдаа өмөөрсөн шигээ явна. Бас болоогүй өөрийн дүү алдарт жиргээчийг ажилтай болгох гэж танхимын сайдтайгаа тэмцэл өрнүүлсэн гэх асуудал бас түүнтэй наалдана. Ингээд ярьвал түүний суудал ч ганхах учиртай юм шүү.
М.Мөнхжин
Сэтгэгдэл (21)