Дэлхийн улс орнуудын тэргүүн хатагтай нар хүмүүнлэгийн чанартай үйл хийдэг тогтсон жишигтэй. Энэ нь нэг талаас эр нөхрүүдэд нь томоохон пиар ч болж өгдөг нь үнэн. Тэгвэл манай үе үеийн тэргүүн хатагтай нар хүмүүнлэгийн үйлсэд хэр гар сунгаж ирсэн юм бол. Ямартай ч манай улс ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш дөрвөн Ерөнхийлөгчийн нүүрийг үзээд байгаа. Тэгвэл тэдгээр эрхмүүдийн гэргий нар болох дөрвөн хатагтай гадаад, дотоодод эр нөхөр төдийгүй эх орныхоо нүүр царай болж явахдаа гадны орнуудын тэргүүн хатагтай нар шиг мэргэжлийн зөвлөгч, имижмейкергүй ёстой бор зүрхээрээ явж ирсэн билээ. Түүнчлэн жилд хоёр удаа буюу Цагаан сар, Улсын их баяр наадмаар ард түмнийхээ өмнө албан ёсоор гарч, өмсөж зүүснээ, алхаж гишгэхээ шинжүүлдэг тэргүүн хатагтай нарын хувцаслалт болоод хийсэн бүтээсэнд анхаарал хандуулъя. VS булан тэргүүн хатагтай нарын тухай хүргэж байна.
Хийгүй хатагтай
Хаанаас нь ч харсан өөлөх юмгүй энэ эмэгтэй Монгол Улсын анхны тэргүүн хатагтайн үүргээ гайхалтай сайн биелүүлж, дараа дараагийн тэргүүн хатагтай нарт үлгэр дуурайл бүхий жим зам гаргаж өгсөн гавьяатай. Найман жил төр тэргүүлсэн нөхрийнхөө ажилд нэг ч удаа хошуу дүрж, оролцож байгаагүй гэгддэг тэрбээр бусад хатагтай нарыг бодвол үс засалт, хувцаслалтын тал дээр ч алдаа гаргаж байгаагүй. Тэрбээр тэргүүн хатагтай болчихоод ер тэвдэж сандраагүй бөгөөд шат дарааллаар нь явчихсан учраас сайтар боловсрогдчихсон байсан хэмээн дурссан байдаг. Хар залуугаасаа яамны сайд, уурхайн ерөнхий инженер гээд удирдах дээд алба хашиж ирсэн П.Очирбат гуайн нийгэмд эзлэх байр суурь энэ хатагтайг эртнээс олны дунд биеэ зөв авч явахад нөлөөлжээ. Угаас энэ хатагтайд байгалиас заяасан өгөгдөл нь намба үзэмж төгс монголжингоо бүсгүйн төрх гэмээр байдаг. Тиймдээ ч үндэсний дээлээс авахуулаад гоёлын даашинз хүртэл өмссөн бүхэн нь гайхалтай сайхан зохидог биз ээ.

Манай зарим хөрөнгөтөн улс төрчдийн гэргий нар шиг үнэтэй брэндээр биеэ өвч хулддаг юм үзээгүй зан түүнд огтхон ч байхгүй. Гоё чамин хувцаслалт хийгээд загварын мэдрэмжтэйгээрээ учиргүй онц дүн ч авахгүй. Гэхдээ Ш.Цэвэлмаа хатагтайн гоёл үргэлж бусдад үлгэр дуурайл болсоор ирсэн нь чухамдаа тэргүүн хатагтай нарт байх ёстой, тэр бүр хүнд заяадаггүй онцгой авьяас болов уу.
Анхны ерөнхийлөгчид Очирмаа, Оюумаа хэмээх хоёр охин төрүүлж өгсөн хатагтай Ш.Цэвэлмаа ханиасаа “Бурхан хань” хэмээх дууны үг бэлгэнд авч, гэрийн эзэгтэйн үнэ цэнэ, алдар хүндээ мөнхөлсөн түүхтэй. Тэрбээр тэргүүн хатагтайн сэнтийгээс буусан ч гэсэн “МОНЭС” буюу Монголын эмэгтэйчүүдийн сан хүмүүнлэгийн байгууллагын үйл ажиллагааг удирдаж яваа. Насаараа Монголынхоо эмэгтэйчүүдийн төлөө сэтгэл зүрх, оюун ухаанаа дайчлан ажиллаж байгаа Ш.Цэвэлмаа гуайг та хэдэн настай гэж бодож байна. Хаанаас нь харсан тавь гарсан толиотой хатагтай шиг харагдаж байгаа биз. Гэвч анхны тэргүүн хатагтай маань аль хэдийнээ дал гарчихсан яваа билээ. Хүмүүнлэгийн сайхан үйлс дэлгэрүүлэхийн сацуу шинэ үеийн тэргүүн хатагтай нар болон эрхэм гишүүдийн эзэгтэй нарт хэрхэн биеэ авч явахыг нь сэмээрхэн зааж зөвлөдөг энэ хатагтай жинхэнэ үлгэр жишээч тэргүүн хатагтай мөнөөсөө мөн билээ.
Ховорхон ил гардаг хатагтай
Шулуухан хэлэхэд туйлын мэдрэмжгүй тэргүүн хатагтай. Төрийн тэргүүний гэргий бүү хэл эгэл жирийн эмэгтэй хүртэл ийм болхи, бүдүүлэг хувцаслахгүй. Мөөгөн малгай духдуулж, солонгын долоон өнгө намируулсаар Төв асар, төрийн хэмжээний айлчлалуудыг “чимдэг” байсан А.Оюунбилэг хатагтайн гоёл олон ч хүнийг хямруулдаг байв. Төрийн ёслол хүндэтгэлийн албанд зайлшгүй багтах ёстой имижмейкер, пиар төлөвлөгчид энэ тохиолдолд ёстой л үгүйлэгддэг байлаа. Уг нь эмч мэргэжилтэй, боловсрол, соёл өндөртэй бүсгүй. Гэтэл шүүмжлүүлсэн хэрнээ хашрахгүй хачин янзаар хувцасладаг байсан нь магадгүй энэ хатагтайн өөрийнхөөрөө, шулуун зангийн илрэл байж ч болох юм. Нөгөө талаар найдвартай, түшиг тулхтай нөхөртэй хүүхнүүд хувцаслалт, үс зүс, стиль имиждээ ийм хайхрамжгүй ханддаг байж болох. Залуу охидод нүд шүдээ унагах манай чинээлэг бизнесмэнүүд, төрийн түшээд ёсолж авсан гэргийгээ косметик мэс заслын ширээ рүү хамаг байдгаа дэнчин тавиад хошуурахад хүргэж, ёстой нэг нажидыг нь эдлүүлж байгааг манай нийгэм бидэнд ханатлаа нэг харуулж байгаа.

Хийгүй, тулхтайгаараа алдартай Багаа ерөнхийлөгч хүү, охин төрүүлж өгсөн гэргийдээ ч хоёргүй сэтгэлээр хандаж, амьдралдаа хий гишгэж яваагүй билээ. А.Оюунбилэг хатагтай тэргүүн хатагтай байх хугацаандаа “Оюунбилэг” сан байгуулж өнчин хүүхдүүдэд хувцас, хоол хүнс, хичээлийн хэрэгсэл тарааж чамлахааргүй буян үйлдсэн. Өдгөө сангийн үйл ажиллагаа нь зогсож ач зээ нарыгаа хүмүүжүүлэх ажилд гар бие оролцож жилийн жилд болдог наадмаар нэг өдрийн од шиг үзэгдэж харагддаг уламжлалтай билээ.
Ерөнхийлөгчийг залуурдсан хатагтай
Н.Энхбаяр Монголын улс төрд хамгийн тод, томруун мөртэй фигур байж ирсэн шиг 3 дахь тэргүүн хатагтай О.Цолмон хамгийн цуутай нь. Ерөөс Н.Энхбаярын улс төрд орж, карьерын шатаар өгссөн давтагдашгүй амжилт энэ хатагтайн гэр бүлээс эхлэлтэй хэмээн дүгнэх нь ч бий. Орчуулагч мэргэжилтэй шавилхан залуу Н.Энхбаяр Соёлын яамны сайдаас эхлэн төрийн гурван өндөрлөгт гурвууланд нь заларч, улсын хаан гэгдэх хүртлээ мандан бадарч явахад хатагтай О.Цолмон эр нөхрийнхөө хажуунаас алхам ч холдохгүйгээр бүгдэд оролцдог байсан гэдэг. Ямартаа л Монгол Улсыг Н.Энхбаяр удирдаад байгаа юм уу, О.Цолмон залаад байгаа юм уу хэмээн цөс ихт У.Хүрэлсүх уур омгоо барж байхав.

Ер нь бол энэ хатагтай мэдлэг боловсрол, мэдрэмж, угсаа гарлаараа аль ч тэргүүн хатагтайг дагуулахгүй. Чингис хааны удмын язгуур гаралтай гэгддэг тэрбээр харах царайны эрхэмсэг, харц дээгүүр хүчирхэг тэргүүн хатагтай. Чухамдаа эмэгтэй ерөнхийлөгч баймаар ширүүн дориун харц, ихэмсэг бардам алхаа сэлттэй тэрбээр эр нөхрийнхөө өмнө гараад дүүхэлзээд алхчихдаг байв. Хүчтэй эр хүний ард хэд дахин хүчирхэг эмэгтэй байдгийн тод томруун жишээ тэрбээр 4 хүүхдийн ээж, сайн эзэгтэй. Манайхан тэр бүр үндэсний гоёлоор гангардаггүй байсан билээ. Тэгвэл Н.Энхбаяр ноёнтныг Их хурлын дарга байх үеэс л үндэсний үзэмж төгс гоёлоор энэ хатагтай дэгжирхэж, ялангуяа гадаад айлчлалын үеэр язгуур түүх, өв соёлын мэдлэгээрээ шагшигдаж явсан түүхтэй. Энэ цагаас экс ерөнхийлөгч улс төрийн тавцанд тодорч гарч ирэх баттай эх сууриа тавьсан гэж болно.
Хувцаслалтын тухайд учиргүй мэдрэмжтэй, гял цал, ганган хээнцэр биш ч гэлээ тэнгэрийн цэнхэр, нарны алтан шаргал өнгөөр голцуу гоёж дүүхэлзсэн бие хаагаа донжтой нь аргагүй ихэмсэгээр чимдэг байлаа. Бусдаас ялгарах нэг онцлог нь шар, цагаан алтаар бүргэдийн толгойг товойлгон сийлсэн арал бүхий бүсээр байнга гоёдог байсан нь олны анхаарлыг эрхгүй татдаг байлаа. Монгол хүний хийморь лундааг агуулдаг гэгддэг бүс сүр хүчний бэлгэдэл бүргэдийн дүрстэй байдаг нь санамсаргүй нэг гоёл биш гэдэг нь ойлгомжтой. Ерөөс О.Цолмон хатагтайн үс зүс, хувцас зүүсгэл, байгаа байдал нь бүгд язгуур угсаа гарал, сүр хүчийг илтгэдэг.
Гурав дахь тэргүүн хатагтай О.Цолмон нэлээд олон буяны сантай байснаас хамгийн алдартай нь “Чөлөөт хэвлэл” сан. Тэр сангаараа дамжуулан О.Цолмон хатагтай эр нөхрийнхөө улс төрийн карьерт багагүй тус хүргэсэн нэгэн. Хэдийгээр тэр улс төрийн халуухан тогоонд чанагдаж үзээгүй ч нөхрийнхөө арын албанд бат зогссон тэргүүн хатагтай билээ.
Эгэл даруухан хатагтай
Хамгийн өндөр үнэлгээ авсан тэргүүн хатагтай. Монгол улсын 4 дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхны ардчилсан угшилтай төрийн тэргүүн болоод ч тэр үү, өмнөх ерөнхийлөгч болоод тэргүүн хатагтай нарыг бодвол нийгэм рүүгээ чиглэсэн хүмүүнлэгийн үйл ихийг хийж буй. Бүх тэргүүн хатагтай нар буяны үйлс хийдэг уламжлалтай, хийсээр ирсэн ч гэлээ хатагтай Х.Болормаа шиг эмзэг бүлэг, хэрэгтэй цэгт далайцтай хүмүүнлэгийн үйлс хийж байсан нь үгүй. Ихэнхи нь нийгмийн эмзэг бүлгээс зай барьж, урлаг соёл мэтийн шоу хийх салбарт буяны үйлс хийж, хувийн пиараа хийдэг бол Х.Болормаа хатагтай Хүүхдийн асран хүмүүжүүлэх төвд нэг анги даан авч, сурч боловсрох, өсөж хүмүүжих бүхий л боломж нөхцлөөр хангаж, эцэг, эх байх үүрэг гүйцэтгэж ирсэн.

Энэхүү “Болор” сангаас гадна “Хавдаргүй Монгол” хэмээх санг байгуулж, Монголд аюулын харанга дэлдэж буй аймшигт өвчинтэй тэмцэж байгаа гэхчлэн хэн хүний жийрхдэг салбарт буяны гараа сунгаж буй нь чухамдаа энэ хатагтайн өр нинжин сэтгэл, хүн чанар, үнэнч дотоод мөн чанарыг илтгэх мэт санагддаг. Тэглээ гээд өөрийгөө болон төрийн тэргүүн нөхрөө рекламдаж, сурталчлаад байдаггүй. Тэр бүү хэл олны өмнө цөөхөн ил гардаг айхтар бүсгүй. Ц.Элбэгдорж шиг төрийн тэргүүн гэхээсээ илүүтэй ясны улс төрч байхаар фигурын ард ийм бүсгүй байна гэдэг гайхалтай зөв зохицол, туйлын мэдрэмжтэй харьцаа.
Нэгэн цагт Ерөнхийлөгчийг ухаангүй дурлуулж, оюутны 3 давхар байр луу олсоор дамжин гарахад хүргэж байсан хатагтай төрийн тэргүүнд 4 хүү төрүүлж өгсөн дархан бэр. Одоо л охин байх гэж хүлээсээр 4 хүүтэй болсон тэд хамаатныхаа охиныг өргөж авсан билээ.
Гоёл зүүсгэлийн хувьд мөн чанар шигээ эгэл даруу, сонгодог стилийг тэрбээр таашаадаг бололтой. Ихэвчлэн сувдаар гоёх нь элбэг. Өөлвөл чамин байдал, бага зэргийн дэгжирхэл дутагддаг. Тэргүүн хатагтай ийм байх нь алив шүүмжлэлд өртөхгүй байх сайн талтай. Тун ч энгийн дөлгөөн, тогтвортой, юм болгонд хошуу дүрдэггүй, эцсийн шийдвэрлэх мөчид жинтэй дуугарч асуудлыг шийддэг, сурлага сайтай, цэгцтэй, цэвэрхэн охин байсан хэмээх нэгэн цагт ойр дотны найзуудынх нь тодорхойлсончлон тэргүүн хатагтай Х.Болормаа өөлье гэхэд өөлөх юмгүй, энгийн ч байж чаддаг, эрхэмсэг ч байж чаддаг жинхэнэ тэргүүн хатагтай байхаар сайхан Монгол бүсгүй. Тиймдээ ч тэр ард түмнээс хамгийн өндөр оноо авч буй биз ээ.
Ингээд Монголынхоо үе үеийн тэргүүн хатагтай нарын хувийн болоод хувьсгалын ажлыг нь товч хүргэж, хэн нь хэн бэ гэдгийг багахан боловч тодорхойллоо. Харин хэн хамгийн хамгийн гэдгийг ялгаж салгаж, дүгнэхийг та бүхэнд үлдээе.
Бэлтгэсэн М.Саян
Сэтгэгдэл (32)