Нууц тэрбумтны луйвардсан 2.8 тэрбум хаачив!
2014/11/04

Татвараас төрсөн нууц тэрбумтнуудын нэг Ч.Гансүх нарын 13 хүнд холбогдох хэрэг хоёр жилийн туршид олны анхааралд байсны эцэст шийдвэрлэгдэж байна. Албан тушаалаа урвуулан ашиглаж төр, түмний мөнгөнөөс луйвардсан хэрэгтээ Ч.Гансүх нар нь анхан болон хяналтын шатны шүүхээс шийтгэлээ аваад байсан. Тэгвэл Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар уг хэргийг хэлэлцлээ. Тэгээд Ч.Гансүх, Д.Энхбат нарт Эрүүгийн хуулийн 2701 дугаар зүйлийн 2701.2-т зааснаар буюу хууль ёсны орлогоосоо гадна их хэмжээгээр орлого олж хууль бусаар хөрөнгөжсөн гэж ял шийтгэл оногдуулсан хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Ч.Гансүхэд оногдуулсан ялыг 100 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, татварын улсын байцаагч хийх эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 7 жил хорих ял, 

Д.Энхбатад оногдуулсан ялыг 50 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, татварын улсын байцаагч хийх эрхийг 5 жил хасаж, 6 жил хорих ял болгон өөрчилжээ.  Улсын Ерөнхий прокурорын эсэргүүцлээс Балжирын Жаргалыг хуурамч шинжээчийн дүгнэлт гаргасан талаарх дүгнэлтийг хүлээн авч, анхан шатны шүүхээс оногдуулсан 21 сая төгрөгөөр торгох ялыг хэвээр үлдээсэн байна. Ингэхдээ Балжирын Жаргалын цагдан хоригдсон хоногийг торгох ялд дүйцүүлэн түүнийг дээрх ялыг эдэлсэнд тооцжээ. Мөн Ч.Даваасүрэнд оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэсэн байна.

Тэгэхээр Улсын дээд шүүх Ч.Гансүх нарыг хууль бусаар хөрөнгөжөөгүй гэж үзсэн нь анхаарал татаж байна. Түүнчлэн анхан болон хяналтын шатны шүүх дээр яригдаж байсан 2.8 тэрбум төгрөгийн асуудал хаачив гэдэг асуудал гарч ирж байгааг тодотгоё. Ч.Гансүх нарт холбогдох хэрэг анх ид шуугиан дагуулж байхад мөрдөн байцаалтын явцад түүнд гурван данс байдаг нь тогтоогдсон бөгөөд тэдгээр дансуудаар нь 20 орчим тэрбум төгрөг эргэлдсэн нь илэрсэн гэх мэдээллийг албаны эх сурвалж гадагшлуулж байсан удаатай. Тэгвэл одоо тэр бүхэн ард хоцорчээ. Ямартай ч анхан болон хяналтын шатны шүүх хэргийг хэрхэн шийдвэрлэж байсныг эргэн харъя.

Онц их хохирол  гэсэн нь яалаа даа...

Дүүргийн Эрүүгийн хэргийн 1 дүгээр шүүх хэргийг энэ оны 2 дугаар сарын 21-ний өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд Ч.Гансүхийг албан тушаалын байдлыг ашиглан, албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амлаж, бусдаар дамжуулан онц их хэмжээний хээл хахууль авахыг завдсан, хууль ёсны орлогоосоо гадна их хэмжээний орлого олж хууль бусаар хөрөнгөжсөн, төрийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас татварын байгууллагад онц их хэмжээний хохирол учирсан гэмт хэргийг зохион байгуулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 100 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, татварын улсын байцаагч хийх эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 8 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Харин Д.Энхбатыг хууль ёсны орлогоосоо гадна их хэмжээгээр орлого олж хууль бусаар хөрөнгөжсөн, төрийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас татварын байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон, татвар ногдох онц их хэмжээний орлого, эд хөрөнгөө нууж, татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргүүд үйлдсэн гэм буруутайд тооцож, 50 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, татварын улсын байцаагч хийх эрхийг 8 жил хасаж, 8 жил хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж байсан.

Балжирын Жаргалыг хууль ёсны орлогоосоо гадна их хэмжээгээр орлого олж хууль бусаар хөрөнгөжсөн, мөрдөн байцаалтад шинжээчийн дүгнэлтийг зориуд худал гаргасан гэмт хэргүүд үйлдсэн гэм буруутайд тооцож, эдийн засгийн шинжээч хийх эрхийг 5 жил 6 сарын хугацаагаар хасаж, 36 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ. Татварын улсын байцаагчаар ажиллаж байсан П.Галмандах, Н.Рагчаахүү, Б.Өсөхбаяр, Н.Чинбат, Бавуусүрэнгийн Жаргал, О.Бямбасүрэн нарыг төрийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас татварын байгууллагад онц их хэмжээний хохирол учирсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, тус бүрийг татварын улсын байцаагч хийх эрхийг 3 жилийн хугaцаагаар хасаж, жирийн дэглэмтэй хорих ангид 3 жил хорих ял оногдуулж, уг ялыг мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан аж. Ч.Даваасүрэнг албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас татварын байгууллагад онц их хэмжээний хохирол учирсан гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, аудитор хийх эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тус тус шийтгэсэн байна. Харин Х.Хандсүрэн, Б.Жаргалсайхан, Б.Буяннэмэх нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан юм.

Ч.Гансүхээс 2.8 тэрбум, Д.Энхбатаас 592 сая, Балжирын Жаргалаас 86 сая  төгрөг тус тус хурааж, иргэний хариуцагч “Кью Жи Экс Монгол” ХХК-иас 13.4 тэрбум, “Пибоди Поло Ресорсез” ХХК-иас 1.2 тэрбум, Д.Энхбатаас 50 сая төгрөг тус тус гаргуулж, Татварын ерөнхий газарт олгохоор болсон юм.

Харин Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх хэргийг өнгөрсөн  5 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд Балжирын Жаргалд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Ч.Гансүхийг 2.8 тэрбум төгрөгийн хууль бус орлого олж хөрөнгөжсөн гэснийг 1.5 тэрбум болгон өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээгээд байсан юм.

Тэгэхээр анхан шатны шүүхээр тогтоогдоод байсан 2.8 тэрбумын асуудал хяналтын шатанд 1.5 тэрбум болж багасаад байсан бол өдгөө бүр алга болж байгаа юм уу даа. Тэгж  л ойлгогдоод байна. Энэ нь Ч.Гансүх гэдэг хүн улстөрчдийн гарын хүн гэдэг яриатай сүлэлдэж байгааг бас хэлье. Ямартай ч Ч.Гансүхийн тухайд ZTE компанийн асуудалтай холбоотой талаар ч эх сурвалжууд өгүүлж байсан. Дэлхийд харилцаа холбооны чиглэлээр тэргүүлдэг ZTE компани “Монголын харилцаа холбооны нэгдсэн сүлжээг өргөтгөх” тендерийг 45 сая ам.доллараар авахаар зүтгэж улмаар энэ бизнестээ манай улстөрчид болон тэдний гар хөл болсон албан тушаалтнуудыг ашигласны дотор Ч.Гансүхийн нэр ч байдаг юм билээ. Учир нь, ZTE компанид санхүү, татварын шалгалтыг Ч.Гансүх гардан хийсэн бөгөөд энэ нь түүнд их мөнгө олох бас нэг суваг болж өгсөн байж болзошгүй аж. Ер нь Ч.Гансүхийн дансуудаар эргэлдсэн их хэмжээний мөнгөний цаад эх үүсвэр нь өөр бусад олон компаниудтай холбогддог гэдэг юм.

М.Мөнхжин

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • nuuts amragiin dans
    yamar novshiin um be..nuuts amragiinh ni dans ruu orj hereglesen mungiig yaasiin? novshiin luivarchidiig shorond ni hataaj diilehgui bnuu
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
Сонин хачин