АН-ын нэр сүр шалбаагтай зууралдаад байгаа ийм үед МАН-ынхан элгээ эвхээд зүгээр сууж байвал ёстой алдас болох биз. Тиймээс ч У.Хүрэлсүхийн авьяас гэнэт тодорсон, С.Баяр лектор болсон энэ тэрт гайхаад байх юм алга байна. Дээр нь нэмэгдээд бусад нь шинэ лекцүүд уншина гээд байгаа. Ер нь тэдний лекцэд юу өгүүлэх нь гол биш. Пи-арын ухаанд хэн өгүүлэх нь 90 хувь, юуг өгүүлэх нь 5 хувь, хэрхэн яаж өгүүлэх нь 5 хувь гэсэн нэг тийм дүрэм байгаад байдаг даа. Тэгвэл МАН-ынхны кадруудын тухайд тиймэрхүү л юм болоод байна. Түүнчлэн үг, үйлдэл нь бүдгэрээд байсан нөхдүүд ийн чангарч байгаатай зэрэгцэн МАН-ын дотор гал тогоонд ямар асуудал болж байгаа нь мэдээж сонин. Одоогоор МАН-ын толгойд суугаа М.Энхболд энэ өдрүүдэд бусдыг үндэсний зөвшилцөлд уриалаад явж байна. Энэ бас л хэтээ харсан алхам нь тодорхой.

Ер нь М.Энхболдыг МАН-ын даргын суудалд хоёр дахиа суусны араас удахгүй буух ёстой хүн гэсэн мессэж улстөрийн хүрээнээс хальж байсан билээ. Газрын наймааны “Загалмайлсан эцэг”, хотын мафийн том “толгойлогч” гэхчлэн таагүй тодотголуудыг өнгөрсөн жилүүдэд өөртөө наачихсан түүнийг МАН-д шинэчлэл дагуулж чадахгүй гэх эргэлзээ илүү давамгайлж байна гэсэн үг. Түүний байр суурь ийнхүү ганхах болсны учиг өөрөөс нь эхлэлтэй нь ойлгомжтой ч, түүн дээр нэрмээс болж байгаа томоохон асуудал бол түүнтэй хавсран луйвар хийж ирсэн гэгддэг Т.Бадамжунай нартай бас холбоотой. М.Энхболд, Т.Бадамжунай нар бол Хотын фракцийн тулгуур баганууд бөгөөд тэр хэрээрээ хэтэвч, эрх ашиг нь нийлж ирсэн нөхдүүд гэдэг нь нууц биш болсон билээ. Тэрчлэн МАН-ыг удирдах боломжтой нөхдүүдийн нэг гэгдэж багагүй хугацаанд яригдсан Ж.Сүхбаатар удирдлагын суудалд сууж чадаагүйнхээ дараа намынхаа бохир завааны тухай ил тодоор дуугарч байв. Тэрбээр “Конторын, заалны улс төрөөс нийгмийн улс төр хүчтэй. Нам дамжсан ба хуулийн ажилтнуудын халхавчинд орсон луйварчид энэ улс орныг хэдий болтол дарлаж, доромжилж даврах вэ? Авлигачдад дайн зарлалаа гэдэг яагаад авлигын мафийн эзэд шоронд орохгүй байна. Манай улсын авлигыг загалмайлсан эцэг болох Х.Бадамжунай тэргүүлдэг. Тагнуул, цагдаа, АТГ, шүүх, шашин, нийслэлийн удирдлагад МАН, АН дамжсан далд сүлжээ хэрсэн. Х.Бадамжунай гэдэг мафи шоронд ороогүй цагт Монголд авилгачид жаргаж олон түмэн айдас доромжлол амссаар байх болно” хэмээн хэлж ярьсан нь нэг талаас тэрбээр суудалгүй үлдсэндээ шаралхсаны илэрхийлэл боловч, нөгөө талаас үнэхээр луйврын улстөрчдөө тод нэрлэсэн гэдэг утгаараа болохгүй зүйл үгүй. Яахав, ингэж хэлж ярьж байгаа цаг хугацааны асуудал нь өөрөө ярьсан хүнийг яах аргагүй шүүмжлэхэд хүргэж буй нь үнэн.
Гол нь өнгөрсөн хугацаанд М.Энхболд, Т.Бадамжунай нар болон МАН-ын гишүүн дүүргийн Засаг дарга нарт холбоотой газрын хууль бус наймаа, авлига өгч авалцсан олон хэргийн тухай мэдээлэл гарч байсан ч, эдгээр эрхмүүдийг хууль шүүхийнхэн дийлж гарч байсан удаа үгүй.
Ямартаа л М.Энхболдыг хувьдаа газаргүй гэдгийг шүүхээс 30 удаа тогтоосон гэхээр үгүй мөн их асуудалд холбогддог нь тодорхой байгаа юм. Гэтэл М.Энхболдыг хотын дарга, Т.Бадамжунайг Ерөнхий менежер байхаас эхлэн нийслэлийн гэгдэх төрийн өмч нохойн замаар орж, газрын наймаа гэдэг юм утгаараа цэцэглэж, бүр мафижиж, улстөрийг ч улам бохирдуулж, хамаг л муу бүхний суурийг тавьсан байдаг. Уг нь Т.Бадамжунай нарын хэргийг шалгаж байгаа гэх мэдээлэл ганц нэг гарч байсан ч, төдийлөн өндөр авалгүй дарагдчихаад байдгийн цаана нам харгалзахгүй луйврын үйлсэд гар нэгддэгийн харуулж байгаа ч гэж болох. Ямартаа л өдгөө Т.Бадамжунай эрхэм Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ихэд шадарлаад байгаа гэх мэдээлэл гадагшлах болов. Үүнийг ч үгүйсгэх аргагүй. Ж.Сүхбаатарын авлигачдад дайн зарлаад байна гэсэн хэрнээ авилгын мафийн эзэд шорон орохгүй байгааг асуугаад байгаагийн учиг ч явж явж энэ мэт нөхдүүдийн дотно харилцаатай холбогдохыг үгүйсгэх аргагүй юм. Уг нь Т.Бадамжунайг хуучнаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн 500 сая төгрөгийг зориулалтын дагуу ашиглаагүй, тодорхой хэмжээг нь хувьдаа завшсан гэх асуудлаар УМБГ-т шалгаж дуусаад Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсан гэх мэдээлэл энэ оны хоёрдугаар сард гарч байсан ч бас л чимээгүй болсон. Мөн түүнийг "Хадгаламж банк"-ны 14.5 тэрбумын хэрэгтэй холбогдуулан шалгах ёстой байдаг ч, замхарсан. Бас М.Энхболдтойгоо нийлэн Спорт цогцолборын барилга барихаар авсан 450 саяын авлигын хэрэг гэхчлэн олон хэрэг дуулдаад л өнгөрдөг болохоос эцэслэн шалгагддаггүй буруу жишиг тогтоод олон жил өнгөрчээ.
Ер нь өнгөрсөн жилүүдэд эрх барьж ирсэн хоёр намын нөхдүүд дотор хувь эрх ашгаараа сүлбэлдэж ирсэн нөхдүүд цөөнгүй бий. Тиймээс ч засаг төр солигдлоо гэхэд гэмээ улайдаггүй, хэсэг чимээгүй болчихдог нөхдүүдийн нэг бол Т.Бадамжунай. Тэр одоогоор намын эрх мэдлээсээ ч холдож, харин М.Энхболд нь эргэн ирсэн харагддаг. Гэвч хэрэг дээрээ тэд хүч хавсран МАН-аа залуурдаж тодорхой хугацааг үдэв. Ж.Мөнхбат Генсекээр сууж байгаа нь үүний илэрхийлэл юм. Нэг ёсондоо хоёр авлигачийн нэг нь биеэрээ нөгөө нь төлөөллөөрөө МАН-ын толгойд сууж байгаа хэрэг. Түүнчлэн МАН улстөрийн намын хувьд эрх баригчийн өөдөөс сөрөх чадвар, дархлаа бүрмөсөн үгүй боллоо гэгдэж байсан. Тэгвэл өнөөдөр С.Баяр, Сү.Батболд, У.Хүрэлсүх нар дуугаа чангаруулан эргэн ирж байгаа нь МАН-ын ирээдүйд чухал. Харин М.Энхболд, Т.Бадамжунай нарын хувьд бүрхэгшээд ирж байгаа л үзэгдэнэ. Үгүй яахав тэгээд Монголын улстөр дэх нам хүчин харгалзахгүй луйврын эрх ашгаар нэгдсэн нөхдүүдийн явж ирсэн жишгээр хэн хэнийгээ улстөрөөс арчин зайлуулахгүй яваад байх тохироо байхыг үгүйсгэх аргагүй л дээ.
Төгсгөлд нь С.Баярын лекцээс ишлэн хүргэе. Тэрбээр “Улс төрийн намуудын хувьд би тэр нам муу, энэ нам сайн гэж ярих гээгүй. Хамгийн гол нь энэ нийгмийнхээ анги давхарга, хэсэг бүлэг бүрийн эдийн засгийн суурь маань бүрдээгүй байна. Өнгөрсөн жилүүдэд ямар хэсэгт чухам юу ярих вэ гэдэг асуулт тулгарч байсан. Одоо 2016 оны сонгуульд энэ хэвээрээ байна. Сонгуулийн 2 – 3 жилийн хугацаанд улс төрийн намууд ямар ч байсан эдийн засгийнхаа хэмжээг томруулах хэрэгтэй. Нэг хүнд ноогдох ДНБ хэмжээг Сити группын судалсан шиг 10 мянганд хүргэмээр байна. Тэгвэл бид боловсрол, эрүүл мэнд гээд улс төрийн нөхцөл байдлаа шийдвэрлэх бололцоотой болно. Ингэж чадвал дөмөгхөн шиг эдийн засгийн тодорхой үндэс суурийг амжилттай тавьж чадлаа гэсэн үг. Тийм ч учраас би 2008 онд хамтарсан засгийн газар байгуулах санал гаргаж намаараа дэмжүүлж, сөрөг хүчнээрээ дэмжүүлсэн. Үүнийг эсэргүүцэж байсан хүмүүс манай, танай гэхгүй байсан. Гэхдээ энэ үед эдийн засаг хамгийн хурдацтай өссөн шүү дээ. Энэ утгаараа манай нийгэмд шийдвэрлэх ёстой олон асуудлууд байгаа. Үүнийг энэ тэр гэж талцалгүй хамтраад шийдэх нь зүйтэй. Хамтын ажиллагаа гэдэг тийм ч муу, муухай зүйл биш гэсэн юм.
Ж.Болор
Сэтгэгдэл (2)