Удаан жил яригдсан төмөр замын царигийн асуудал нэг тийш болж байна гэсэн ойлголтыг улстөрчид өгөөд буй. Тэгвэл яг салбарын мэргэшсэн хүмүүс өөр зүйлийг хэлж байна. Төмөр замын инженерүүдийн холбооны ерөнхийлөгч, техникийн ухааны доктор Ч.Сүрэнхорлоо хэлэхдээ Х.Баттулга гишүүн болоод түүний гарын хүн Б.Батзаяа нар төмөр замын асуудалд тээг саад болж ирсэн гэж байгаа юм. Яг тэр талаар нь хүргэхээсээ өмнө нэгэн зүйлийг тодотгоход гэмгүй байх. Юу гэхээр Х.Баттулга сайд байхдаа үлгэр яригч гэх тодотголтой болсон. Цаагуураа бол чамгүй хор хийсэн байхыг үгүйсгэх аргагүй байдаг. Ямартаа л БНСУ-ын консорциумтай төмөр зам барих талаар нууц гэрээ байгуулсан гэх мэдээлэл гарч байсан ч, дарагдаад өнгөрсөн. МТЗ-ын Гүйцэтгэх захирал, нөгөөх Б.Батзаяа нь БНСУ-ыг зорьж хөрөнгө оруулагчидтай санамж бичиг үзэглэж амжсан тухай мэдээллээ гадагшлуулахгүй дарж байсан нь анхаарал эрхгүй татдаг. Нууц гэрээнд гурван баримт хамаарч байсны нэг нь гэрээ, хоёр нь санамж бичиг байсан. Гэрээ нь 23 хуудастай бөгөөд хуудас бүртээ нууц гэсэн дардастай байсан нь ч анхаарал татахаас яахав. Харин Х.Баттулгын хувьд энэ асуудал дээр өөрийгөө тас өмөөрч, өнөөх үг хэлсэн Ц.Нямдорж буруутаад таарсан билээ.

Ерөөс Б.Батзаяа нь Х.Баттулгын гар хөл гэдэг нь олон зүйл дээрээс харагддаг. Ямартаа л Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг барих ажлын хүрээнд байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх тендерт Австралийн Sustainability-тай нийлж, өрсөлдөгчгүй орж ирж байсан “Natural sustainable” компани нь МТЗ-ын байгаль орчны үнэлгээг хийх эрхийг мөн л өрсөлдөгчгүй өрсөлдөөнд орж авсан байдаг.
За харин төмөр замын, царигийн асуудлаар Ч.Сүрэнхорлоо доктор хэлэхдээ “-Үнэн хэрэгтээ цариг бол чухал асуудал биш шүү дээ. Сая бол улстөрчид шийдлээ дутуу хийсэн. Өөр олон асуудал гарна. Техник, технологи, шинжлэх ухааны үндэслэлтэй, эдийн засгийн үр ашгийн тооцоотойгоор төмөр замыг барих ёстой. Гэтэл бид шинжлэх ухаан, техникийн үндэслэл, эдийн засгийн үр ашгийн тооцоогоо орхиод өргөн, нарийн цариг, цэрэг, танк яриад байгаа нь буруу. Нөгөө талаар урагшаа нарийн, хойшоо өргөн царигтай төмөр зам барих гэж байна хэмээн ярих нь буруу. Нөгөө ард түмэн чинь урд талыг нь хятадуудад, хойд талаа оросуудад өгөх нь гээд л дахиад л буруу ойлголттой болчихно. Үүнийг далайд гарцгүй, хоёр их гүрний дунд оршдог монголчууд урд, хойд хоёр хөршөөрөө дамжуулан дэлхийд гарах гарцтай боллоо гэж харах ёстой юм. Саяны баталсан тогтоолын төслөөр Монгол Улс таван боомтоор буюу Нөмрөгөөр, Бичигтээр, Гашуунсухайтаар, Шивээхүрэнээр, Замын-Үүдээр гарах эрхтэй боллоо. Энэ таван гарцын аль нэгээр нь Монгол далайд гарна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, улстөрчид төмөр замын чигийг нь тодорхойлоод өгчихлөө гэсэн үг. Маргаж, талцаж зургаан жил гацсаны дараа арай гэж нэг шийдэлд хүрлээ шүү дээ, манай улстөрчид. Гэхдээ хамгийн чухал асуудал нь үлдсэн. Тэр нь техникийн шийдэл. Үүнийг л ард түмэнд зөв ойлгуулахгүй бол болохгүй.
...Өмнөх Засгийн газрын үед УИХ-ын гишүүн Х.Баттулга Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа шинэ төмөр замын ТЭЗҮ-ийг хийлгэсэн байдаг. Тэр ТЭЗҮ-ийг нь үзье, харъя гэхээр нууц гэдэг. Одоо ахиад л зураг төсөл, техникийн асуудал яригдахаас өөр аргагүй болж байна. Шинэ төмөр зам төсөлд баахан л мөнгө зарсан. Гэтэл одоо гарт баригдаж, нүдэнд харагдах ажил алга л байна шүү дээ. Төмөр зам гэдэг ганцхан царигийн асуудал биш шүү дээ. Өртөө зөрлөг, дефо, огтлолцол, газар зүйн асуудал, цаг уурын нөхцөл байдал гээд олон шийдэгдээгүй асуудал байна. Тэр бүхнийг нь тооцоолоогүйгээс болоод бөөн асуудал байгаа. Хүмүүс л сайн мэдэхгүй байгаа болохоос. Улстөрчдийн янз бүрийн ашиг сонирхол орж ирээд төмөр зам үнэхээр жанхуу болсон. Нэгэнт гарцаа тогтоосон юм чинь эхний ээлжинд үнс болсон нүүрсээ зөөх төмөр замаа барих хэрэгтэй. Нүүрсээ хурдхан зах зээлд хүргээд мөнгөтэй болчихвол бусад төмөр замаа барих хөрөнгөтэй болж чадах юм. Улстөрийн шийдэл нь нэгэнтээ гарсан, одоо харин эдийн засагчид, инженерүүд нь сууж байгаад техникинй шийдлээ хамтад нь гаргамаар байгаа юм. Харамсалтай нь ,манай манай яам, агентлагт мэргэжлийн хүн алга. Төмөр замын төслийг мэргэжлийн хүнээр удирдуулахгүй бол болохгүй гэдгийг харууллаа шүү дээ. Б.Батзаяа гэж мэргэжлийн бус хүнд хариуцуулсны гор өнөөдөр нэг километр төмөр зам ч тавигдсангүй. Одоо мөнгө ч үгүй, зам ч үгүй л сууж байна. Хийсэн гээд байгаа ажил нь дутуу. Геологи судалгааны ажил нь хоорондоо зөрсөн, хаагуур яаж барих вэ, ямар газрыг дайруулах вэ, огтлолцлол хаана байх вэ гэсэн нарийн юм юу ч байхгүй. Миний хэлээд байгаа техникийн шийдэл нь гэдэг нь энэ шүү дээ.” гэж байна.
Тэгэхээр “Холын хүнээс үг дуул” гэдэг шиг мэргэжлийн хүнээс үг сонсоход буруудах юун. Тэрдундаа төмөр замын асуудал дээр хэдэн улстөрчдийн хэрүүлээр чиг баримжаа хийж харна гэдэг бол боломгүй асуудал юм.
М.Мөнхжин
Сэтгэгдэл (5)