Үнэндээ яршиг төвөг болсон нэг нөхөр Монголын улстөрд байна. Н.Алтанхуяг гэж хэлбэр талаасаа салбадай шиг агуулга талаасаа ууж идэхийн дон туссан энэ хүнийг Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар нөхдүүд нь аваад үлдэж байна гэнэ. Ардчилсан намд ялалт авчирсан гавьяатай, Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам хоёр удаа ялалт байгуулсан нь ч түүнтэй холбоотой, тэр намын дарга болсноор Ардчилсан нам орон нутагт анх удаа ялалт байгуулсан учраас тэр Ерөнхий сайд байх эрхтэй хүн гэж нөхөд нь үзжээ. Тэгвэл уучлаарай. АН гэдэг намын хувьд тэр тийм эрхэм хүн байж болно.
Харин Монгол Улсын эрх ашгийн хувьд тэр одоо юу юм бэ. Улс орноо дааж давшгүй өр ширэнд унагачихаад ичиж зоволгүй дөвчигнөж суудаг тэр одоо хэн бэ? Өө яахав энэ өр ширийг хойч үе маань дарчих биз гээд увайгүй загнаад сууж байдаг тэр одоо юу вэ. Түүнийг ингэж хэлэхийн учир нь муулах гэсэндээ бус. Тэр муулуулахаас өөр сонголт үлдээхгүй байгаад асуудлын гол байгааг хэлмээр байна. Тэр Чингис бондын өрнөөс эхлээд айч зовох хэрэггүй л гээд байсан. Гэтэл одоо зүгээр л хойч үеийн нуруун дээр тэгнүүлж тавьчихаад өөрөө Ерөнхий сайдын суудлаас тас атган заваартаж байна. Түүний гавьяа биш ял дагуулах учиртай нь эрхбиш ойлгогдоод байгаа Чингис бондын талаар, ерөөс эдийн засгийн нөхцөл байдлын талаар үе үеийн эдийн засагчид юу гэж хэлж байсныг энэ дашрамд уншигч олондоо хүргэмээр байна.
Д.Бямбасүрэн: Сайдууд нь салбар бүртээ сайн дурын уран сайханчид шиг байна

-Энэ Засгийн газар эдийн засгийн бодлогоо зангидаж чадсангүй. Сайдууд нь салбар бүртээ сайн дурын уран сайханчид гэдэг шиг л гоцлол дуу дуулсаар байгаад хөрөнгө мөнгөө үрэн таран хийж, нэр нь жаахан бүдгэрч байна. Одоогийн бондын хөрөнгийг шууд үр ашиг өгөхгүй салбар руу голчлон чиглүүлсэн учраас зээлийн төлбөр нь эргээд бусад салбар дээр дарамт болж хоцорч байна. Энэ бол манайхны нэг алдаа.
info.mn /2013.09.16/

М.Энхсайхан: Бонд гэдэг бол өр
-Бонд гэдэг бол өр. Өр тавьж авсан мөнгийг зардлаа хамгийн хурдан хугацаанд нөхөх төсөлд л оруулах ёстой. Хэрвээ Зам тээврийн яамны бодлогоор бол хэдэн хэсэг газарт дутуу баригдсан тасархай замтай болно. Үр ашгийн талаар ярих ямар ч үндэсгүй. Харин Тавантолгойгоос Гашуун сухайт хүртэл нарийн царигтай төмөр зам тавьчихвал шууд өртгөө нөхөж эхэлнэ. Энэ замыг өргөн царигаар барьж болно. Гэхдээ эдийн засгийн болоод экологийн асар их сөрөг үр дагавартай.
24tsag.mn /2013.02.05/

Д.Содном: "Чингис" бондыг ашигтай үйлдвэрлэлд зориулаагүй
-Миний бодлоор эдийн засаг хүндэрч буй нь хэд хэдэн үндсэн шалтгаантай. Тухайлбал, санхүүгийн эх үүсвэр, түүний дотор “Чингис” болон бусад бондын хөрөнгийг ашигтай үйлдвэрлэлд зориулж ашиглахгүй байгаатай холбоотой. “Оюутолгой”, “Тавантолгой” зэрэг том төсөлд гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголыг хохироохгүй нөхцөлөөр оролцуулах хууль эрх зүйн болон эдийн засгийн зохистой нөхцөлийг тодорхойлж чадахгүй байгаа. Түүнээс голлон шалтгаалж гадаадын зарим хөрөнгө оруулагч Монголоос дайжиж байна.
news.mn /2013.10.02/

Ш.Гунгаадорж: Сайхан нэртэй л болохоос биш бонд гэдэг өр шүү дээ
-Сайхан нэртэй л болохоос биш бонд гэдэг өр шүү дээ. Энэ өрийг зохистой, эргээд төлөх, улс орны хөгжилд үр дүн өгөх зүйлд л зарцуулах байсан. Гэтэл өнөөдөр зам засварын ажил хийж байх юм. Зам эдийн засагт хэзээ ч үр өгөөжөө өгөх юм, бүү мэд. Монголын хойч үе төлж барахгүй өрөнд орно.
eagle.mn /2013.08.20/

Ц.Элбэгдорж: Бүх хүн хохирсон
-Тоо худал хэлдэггүй гэдэг. Өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд 1.5 тэрбум ам.доллар буюу 2.5 их наяд төгрөгийн хохиролтойгоор бид амьдарлаа. Энэ бол манай ард түмний төлж байгаа төлбөр. Өлгийтэй хүүхэд, өвгөд буурлаа оруулаад би хүн бүрт хувааж үзсэн юм. Нийт 2.5 их наяд төгрөгийг 2.9 сая хүндээ хуваасан чинь нэг хүнд 863 мянган төгрөг гарч байна. Өнгөрсөн жил бид 863 мянган төгрөгөөр хүн бүхэн хохирсон гэж хэлж болно. Энэ бол Монголбанкны дүн шүү. Нөгөө инфляц, янз бүрийн хөтөлбөр хэрэгжүүлэх, ДНБ-ий өсөлтийг хангах гэж гаргаад явуулчихсан мөнгө. Энэ бол популизмын өртөг.
"Том төрөөс ухаалаг төр рүү" уулзалтад хэлсэн үгээс... /2013.11.16/

С.Батболд: Засгийн газар хүндрэлийг бий болгосон
-Хэрвээ Монгол Улс 2011, 2012 онд ийм их хэмжээний орлоготой, тухайлбал, 7.4 их наяд төгрөгийн төсөвтэй, 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бондтой, Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондтой, дээр нь Монголбанк гурван их наяд төгрөгийн Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр дэмжлэг үзүүлсэн бол манай эдийн засаг 30 хувийн өсөлттэй байх боломжтой байсан гэж эдийн засагчид тооцсон байна. Ийм их хэмжээний мөнгөний урсгал аль ч Засгийн газрын үед байгаагүй. Гэтэл яагаад өнөөгийн Засгийн газар ийм мөнгөөр хэмжигдэх хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа мөртлөө эдийн засаг хүндрээд байна вэ. Тэгэхээр одоо нүүрлээд байгаа эдийн засгийн хүндрэл Засгийн газрын бодлогын алдаанаас үүдэлтэй.
Р.Амаржаргал: Ирээдүйгээсээ хулгайлсантай адил

-Засгийн газар 1.5 тэрбум ам.долларын бондыг олон улсын зах зээлд гаргасан бөгөөд манай улсын нийт баялгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний энэ их өрийг ямар нэгэн тооцоо, төлөвлөлтгүйгээр бий болгосон төдийгүй огт хараа хяналтгүйгээр төсвөөс гадуур зарцуулсан. Өр үүсгээд байх нь ирээдүйгээсээ хулгайлсантай адил. Өнөөдрийн эрх баригчдын үүсгэсэн өр төлбөр ирээдүйд хамааралтай гэдгийг ойлгож, ухамсарлаж байгаа хүн үнэндээ алга. Бидний тавьж буй аливаа өр сайд, дарга нарт бус энгийн татвар төлөгчдийн нуруун дээр л ирдэг гэдгийг сануулах нь зүйтэй.
topmedee.mn /2014.01.16/

М.Энхболд: Энэ бүгд цаанаа өөрийн тоолууртай
-Эдийн засгийн нарийн тооцоогүйгээр асар их хэмжээний мөнгийг гаргаж цацлаа. Энэ нь өнөөдрийн эдийн засгийн хямрал үүсэх гол үндэс суурь болсон. Үнэ тогтворжуулах нэрийдлээр хоёр их наяд гаруй төгрөг, үнэт цаас арилжаалж гадаадын зах зээл дээрээс бонд босгож байна гэсэн нэрээр 1.5 тэрбум ам.доллар. Энэ бүгд цаанаа өөрийн тоолууртай. Яг тодорхой бүтээгдэхүүн, ажил юм уу, тодорхой гарт баригдах зүйлээр энэ мөнгө эдийн засгийн эргэлтэд орсон бол улс орны эдийн засагт эерэгээр нөлөөлөх байсан.
"Үндэсний шуудан" сонин /2013.10.24/

С.Баяр: Бүх юм эргээд доройтож байна
-Хамтарч нэгдсэнээс үүдсэн зовлон гэж байхгүй. Харин хагарч талцсанаас үүдсэн зовлон гэж зөндөө. Монголчууд бид үүнийг сайн мэдэх учиртай улс. Хамтарсны хүчээр Монгол Улс маань ямагт сэрж, сэргэж байсан. Харин хагарч бутрахаараа л унаж доройтдог түүхтэй. Хамтарсан Засгийн газар байгуулсны ачаар улсын маань эдийн засаг хоромхон зуур сэргэж хүчээ авсан. Өсөлтийнхөө хурдаар дэлхийд тэргүүлж, шагшигдаж байсан маань ингэхэд өчигдөрхөн биз дээ. Гэтэл өнөөдөр юу болж байна. Бүх юм эргээд унаж доройтож байна. Эцсийн дүндээ энэ бол хагарч талцсаны л хар гай.
"Үндэсний шуудан" сонин /2013.10.15/
Н.Алтанхуяг гэж хүний удирдаж байгаа Засгийн газар олигтой байсан бол эдгээр хүмүүс ийм үсгийг хэлэх байсан болов уу гэж уншигч та бодож байгаа болов уу. Тэр намынхандаа бол онцсайн хүн. Харин Монголчуудын хувьд гай болохоор зай болж байвал таарсан хүн болоод байна. Гэвч улстөрийн хүрээнд бохир тохиролцоонууд хийгдээд байгаа янзтай. Түүний оронд З.Энхболдыг Ерөнхий сайд болох нь гэж байсан. Гэтэл одоо тэр намын даргын суудлаа түүнд шилжүүлээд өөрөө ЕС хэвээрээ үлдэж болзошгүй байна.
М.Мөнхжин
Сэтгэгдэл байхгүй байна