Гранд педиа: Ж.Оюунгэрэл

“Монголын топ 100 тэрбумтан" баячуудын жагсаалтын 18 дугаарт эрэмбэлэгдсэн Ж.Оюунгэрэл хатагтайг “Гранд педиа” булан онцолж байна. Гадаа бас нийгэмд салхилсан салхины эрч буураад зэвэргэн цаг цаашилсан тэр үед бизнесийн амаргүй талбарт албан ёсоор хөл тавьсан энэ хатагтай өнөөдрийн Монголд тодорсон топ бизнесвумэн юм.

Амьдралын сургуулийг дүүргэсэн охин

Хувь тавилан гэдэг өөрчлөгдөхгүй өгөгдөл юм шиг зүйлийг залах боломж хүмүүн бидэнд ер нь байдаг болов уу. Хэрэв тэгээд залчихдаг бол тэр хувь тавилан гэдэг утгаа алдчих ч юм уу. Наймхан настайдаа ааваасаа өнчрөн үлдэж, ээждээ туслан, хоёр дүүгээ чирж өсгөн хүний зэрэгт хүргэсэн Ж.Оюунгэрэлийн тухай уншиж суух нь ээ чамгүй зүйл бодогдож байх юм. Өчигдөрхөн ойгоо хийсэн нийслэлийн хүүхдүүдийн нэг Ж.Оюунгэрэл Жанчив гэж хүний  ууган охин болон мэндэлжээ. Найман нас хүртлээ элэг бүтэн амьдралаар амьдарсан охинд амьдрал их ачааг үүрүүлсэн байгаа юм. Ээж нь Симфони найрал хөгжимд хөгжимчнөөр ажилладаг байж. Соц үеийн урлагийнхан ямар цаг наргүй байсан гэдэг билээ дээ. Яг л тэр жишгээр гэрийн бараа хардаг өдөр жилдээ ер нь цөөхөн ч байдаг байж. Мэдээж ажил хийвэл ам тосдоно гэгчээр ээж нь гурван хүүхдийнхээ барааг ховор харж ажил хийснийх цалин мөнгөө буухаар ууган охиндоо өгч, өрх гэрийнхээ төсвийг бүрэн даатгачихдаг байсан аж. Энэ нь нэг талаас бага жаахан охинд их ачаа үүрүүлсэн харагдах ч, нөгөө талаас өнөөдрийн хүчирхэг хүн болоход нь нөлөөлсөн том хүчин зүйл болсон байж болно л доо. Үеийнх нь хүүхдүүд тоглож наадан дэгдэж явахад тэр хоёр дүүдээ ямар хоол хийж өгөхөө, хувцас хунар нь хиртэй эсэхийг, ээжийнхээ үлдээсэн мөнгийг хэрхэн зөв зарцуулахаа өөрөө бие даан шийдэж ирсэн нь тэрчигээрээ амьдралын сургуулийн нэгэн бүлэг байсныг тэр өөрөө ч хүлээн зөвшөөрөх биз ээ. “Монголын авъяаслаг бизнесмэнүүд” номонд түүний  талаар өгүүлэхдээ “Хэдийгээр тэр үед бүгдээрээ дүрэмт хувцастай, нэгнээсээ гойд ялгарах аргагүй байсан ч хичээлийн бус цагаар ангийнх нь охидын өмссөн зүүсэн түүнийхээс өдөр, шөнө шиг ялгаатай байдагт нь ичиж зовох тохиолдол бишгүйдээ л гарч байсан. Гэлээ гээд тэр байгаагаа цэвэрхэн өмсөх, бас хичээл номондоо л шамдаж байснаас бус хөөрхий ээжийгээ зовоож үзээгүй сайн охин байжээ. Угийн даруухан Ж.Оюунгэрэл тооны хичээлд дуртайнхаа хувиар математикч болохоор МУИС-д шалгалт өгч тэнцэв. Намар нь САА явахаар болоод байтал дотоодын сургуульд өндөр оноо авсан хүүхдүүдийг гадаадын сургуульд элсүүлнэ гэсэн зар сонсоод очиж шалгалт өгөөд тэнцэж орхих нь тэр. Тэр үеийн дарга нар хүүхдүүдээ дагуулан орж гадаадын аль гайгүй хуваарийг авдаг байсан цаг. “Би тэгэхэд ганцаархнаа очоод янз бүрийн геологи, уул уурхайн сургуулиуд дотроос Нефтийн олзворлолтын эдийн засагчийн ангийг сонгосон нь хүсэл сонирхол биш ердөө л алтан Москваг сонгосон хэрэг байлаа” гэж Ж.Оюунгэрэл дурсан ярьсан байдаг.” хэмээн бичсэн нь бий. Тэгэхээр тэр жаахан охин алтан Москваг сонгосон нь  Монголын нефтийн салбарын хатан хаан болох шангаа татсан явдал байсан байх нь.

 

30 рубльтэй хил даваад...

Тэр одоогоос 41 жилийн өмнө Эрхүүд анх хөл тавихдаа 30 рубльтэй байсан гэдэг. Тэнд нэг жил хэлний бэлтгэл хийж, Москвад таван жил суралцсан юм билээ. Бага байхын  биеэ даачихсан, завгүй ээжийгээ орлон ахуй амьдралаа зохицуулж сурсан охин Москвад оюутан байсан он цагуудаа өөрөөр хардаг  юм билээ. Ямартаа л “ Миний хариуцлагагүй үе байсан юм уу даа” хэмээн ярьсан байх юм. Чухам яагаад хариуцлагагүй үе гэж тодотгосныг тэр өөрөө сайн мэдэж байгаа биз. Чөлөөт цагаа заримдаа хэтрүүлээд кино энэ тэр үзэж хичээлээ тасдаж явсан удаа  цөөнгүй байсан болохоор ч тэгж хэлсэн юм уу, эсвэл өөр асуудлууд байсан уу. Лав л тийм нэг саарал дүнг тэр өөртөө тавьсан л байх юм. Магадгүй, дотогшоогоо характер, байр байдал нь түүнд гоцгойрон ялгарахад тээг саад болж, тэрэндээ өөрийгөө голдог байсан нь, өдгөө оюутан ахуй үеэ дурсахад нь нэг тийм таатай бишээр буудаг ч юм уу. Ямартай ч тэр оюутан насандаа дуртай биш юм билээ.  Гэхдээ л тэр яах аргагүй алтан Москвагаас их эрдэм өвөртлөн ирсэн чадварлаг боловсон хүчин юм.

 

 

 

 

 

 

Амьдралын сайн  менежер

Амьдрал гэж сайн менежерийн гарын аясаар л бөмбөрнө гэх яриа нэг кинон дээр гардаг шиг санагдах юм. Тэгвэл Ж.Оюунгэрэл бүсгүйн замналыг харахад тэр яг л тийм бүсгүй юм. Зургаан жилийг хилийн цаана үдсэн бүсгүй Улаанбаатарт бууснаар түүний амжилтын замнал шулуудаад явсан шиг. Ирэнгүүтээ Нефть хангамжийн баазад нягтлан бодогч-мэргэжилтнээр ажилд ороод, гурван жилийн дотор мэргэшсэн эдийн засагч болон өсч өндийжээ. 1982 оноос Тээврийн яамны Нефть Хангамжийн Удирдах газарт ахлах эдийн засагчаар ажиллаж эхэлсэн байдаг. Мэдээж түүнийг угтаж авсан сайхан хамт олны нөмөр нөөлөг, дэм байсан л биз. Оюутан ахуй цагтаа хэт аядуу намуун байсан бүсгүй ажлын байран дээр гараад харин санаачлагатай, зүтгэлтэй нэгэн гэдгээ харуулжээ. Ямартаа л  Ж.Оюунгэрэл нарын нефтийн салбарын мэргэшсэн хүмүүс Нефть хангамжийн Удирдах газрыг Тээврийн яамнаас салгаж бие даасан аж ахуйн тооцоон дээр ажиллуулах ёстой хэмээн улсынхаа хэтийн хөгжлийг харсан бодлогын чанартай асуудлуудыг дээд газартаа гарган тавьж, ялгарч эхэлсэн байдаг юм. Тэр бусадтай нийлэн энэ мэт санаачлагуудыг гаргаж байх зуураа хувь амьдралаа ч услан тордож явсан юм. Тэр талаар тодотгон хүргэчихээд түүний амжилтын замналын тухай эргэн өгүүлэх болно. Ажлын талбар дээр гарч, сурч мэдсэнээ харуулж эхэлсэн бүсгүй 1981 онд барилгын зургийн мэргэжилтэй залуутай танилцжээ. Залуус бие биедээ татагдан, хайрлан дурлалцсанаар хамтын амьдралаа эхлүүлэх шийдвэр дээр нэгдсэн байр сууринд хүрсэн юм билээ. Тэгээд нэг гэртээ орцгоов. Үрийн зулай үнэрлэв.

Амьдрал сайхан, ханьтай болох сайхан, ээж болох дэндүү сайхан гэдгийг тэр биеэрээ үзэж мэдрэв. Ямартаа л хожим нь  “Хүүхэд минь төрөөд уйлсан дуу бол миний амьдралдаа сонссон хамгийн сайхан авиа” хэмээн ярьж суух билээ. Тэр сайхан авиаг сонсож, шинээр цэнэглэгдсэн бүсгүй “НИК-ийг тэргүүлж байсныг манай уншигчид мэднэ шүү дээ. Чухам хэрхэн яаж тэр хүрснийг нь лавшруулан харахыг манай уншигчид хүсч байж болох юм. Тэгвэл ийм юм байна.

Монгол Улс  ардчилсан тодотголтой болсны дараа Нефть хангамжийн нэгтгэл гэж нэг байгууллага мэндэлжээ. Тэгээд тэр байгууллагыг хэн залах вэ гэдэг асуудал гарч Ж.Маньбадарыг томилох асуудал яригдсан ч, Ерөнхий сайд Д.Бямбасүрэн гуай хүлээн зөвшөөрөөгүй гэдэг. Тэгснээр Ж.Оюунгэрэлд боломж иржээ. Гол нь Ж.Оюунгэрэл бүсгүй тухайн үед Нефть хангамжийн нэгтгэл гэж байгууллагыг гардан байгуулалцсан,  техник, эдийн засгийн тооцоог хийсэн хүн учраас түүнд удирдлага болох эрх байсан гэдэг. Хэдийгээр тэр том салбарыг зална гэхэд зүрхшээж байсан ч, Ж.Маньбадар, Б.Сүхбаатар нарын нөхдүүд түүнд урам өгчээ. Чи байгууллагынхаа эрх ашгийн төлөө энэ алхмыг хийх ёстой гэж зөвлөснөөр тэр дарга болсон юм билээ. Тэгээд тэр их зүйлтэй нүүр тулсан байдаг.

Их хотыг хөлдөхөөс аварсан нь...

Ах орон Оростой харилцаа хүйтэрсэн үед тэр нефтийн салбарыг удирдахаар болсон нь түүнд ихээхэн ачааг үүрэх учиртайг нь хатуухан сануулсан гэхэд болох юм. Учир нь яг тэр үед хамаг тусламж байхгүй болж,  нефть бүтээгдэхүүний үнийг хатуу валютаар буюу ам.доллараар тооцохоор болсон байдаг. Тэгэхээр юу болох вэ. Улс хямарна. Улмаар 1991 оны өвөл Улаанбаатарын цахилгаан станцууд түлшгүйн улмаас үйл ажиллагаа нь хүндэрч, хөлдөхөөс өөр гарцгүй болоод байсан харагдах тэр үед Ж.Оюунгэрэл удирдлагын хувиар шийдвэрлэх алхам хийжээ. Тухайн үед Ерөнхий сайд, Монголбанкнаас дэм хүсээд авч чадаагүй учир,  “Эрдэнэт”-ийн захирал Ш.Отгонбилэг агсантай тохиролцоо хийсэн байдаг. Тодруулбал, зэсийн баяжмалаас орж ирэх долларыг Оросын нефтийн компаниуд руу шилжүүлж, нийслэлээ  аварч байж. Энэ арга хэмжээнээс болж  “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаа ч хүндэрч байсан гэхээр тэр Улаанбаатарыг хөлдөөхгүйн тулд хэр том алхам хийснийг ойлгож болох биз ээ. Энэ бол амьдрал гэдэг сургуулийн бас л нэг чанга хичээл байсан гэдгийг  тэр өөрөө хүлээн зөвшөөрөх болов уу.

Тэгээд яасан. Нөгөөх нэгтгэл байгууллага нь 4 жилийн дараа  “НИК” ХК болж, тэр дарга чигээрээ үлдэв. “НИК” ХК-ийн үйл ажиллагааг өсч өндийхөд тэр чамгүй хувь нэмрээ оруулсан талаар бичигддэг учраас энд өгүүлэхээ азная. Харин тэр яагаад тэндээс явах болсныг өгүүлье.

Гадуурхагдсан ч  өндийсөн... 

АН 1996 онд ялсан даа. Тэгээд олон хүнийг намын харъяаллаар ажлаас нь халсны нэг нь Ж.Оюунгэрэл. Тэр ажлаа хүлээлгэж өгөөд гурван сар гэртээ суусны дараагаар  зүгээр суух ёсгүй хүн гэдгээ ойлгож, шинэ алхмуудыг хийжээ. Гол нь тэр ажил хийх ёстой гэдэгтээ бат итгэлтэй байсан яг тэр үед бизнес хийгээд учраа олчихсон хоёр хүн түүнд хамтран ажиллах санал тавьсан юм билээ. Тэр үед Засгийн газар нефть бүтээгдэхүүний үнийг чөлөөлсөн байсан нь нефтийн салбарт  өсч өндийх ая таатай нөхцөл болоод байж. Тэгээд яахав, санаа нийлсэн бизнесийн 21 хувьд Ж.Оюунгэрэлийг эзэн бай гэсэн юм билээ. Улмаар Ж.Оюунгэрэл, Ч.Давааням нар   Ш.Отгонбилэг агсанд санал тавьснаар хамтрахаар болжээ. Тэгж л  “Петровис” буюу “Нефтийн ирээдүй” гэсэн компани мэндэлжээ. Мэдээж шинэ тутам бизнес тээг саадтай зөндөө л таарч. Гэсэн ч “Петровис” нефтийн салбар дахь хувийн компаниудыг магнайлан,  “НИК” ХК-тай өрсөлдөж ирсэн юм. Ж.Оюунгэрэл хатагтай “Монголын авъяаслаг бизнесмэнүүд” номын зохиогч эрхмүүдэд нэгэнтээ “Нефть олзворлолтоор дэлхийд толгой цохьдог ОХУ-ын хувьд манай зах зээл дэндүү жижигхэн. Тэр чинээгээрээ нэр нүүрээ өндөрсгөх шаардлага байсан учраас “Петровис”-оо томруулахыг хүсч байсан” хэмээн ярьсан байдаг.

Тэгвэл тэр хүслээ биелүүлж чадсан. 2004 оны гуравдугаар  сарын 10-нд 8.5 сая ам.доллараар “НИК” ХК-ийн 80 хувь “Петровис” компани мэдэлдээ авсан юм. Жилдээ хоёр тэрбумын алдагдалтай, дээрээс нь шатахууныхаа үнэд хулхи барааг хэд дахин өндөр үнээр шахдаг “НИК” ийнхүү хатуу удирдлага дор ирснээр, 2000 ажилчинтай том компани өдгөө үйл ажиллагаагаа явуулж байна.

“Петровис”-ийг  үүсгэн байгуулсан хүчирхэг хатагтайн мэдэлд өөр олон компани бий. “Ухаа худаг” төслийн 11 хувиа тэр зарсан нь нэлээд шуугиан дагуулж байсан билээ. Мөн “Юнигаз”, “Петро матад”-ыг эзэмшдэг,  “Прайм даатгал”-ын 50 хувьд эзэн суудаг тэрбээр 407 сая ам.долларын хөрөнгөөрөө тэргүүн тэрбумтнуудын нэгээр тодорсон юм.

Хатуу ээж

Түүнийг нөхрөөсөө тусдаа амьдарч байгаа гэх мэдээлэл олонтаа гарсан. Гэвч тэд хамтдаа байгаа гэдгийг ойр тойрны хүмүүс нь хэлэх. Түүний нөхөр Батболд гэж эрхэм  “Хар сувд” ресторандаа өдрийг өнгөрөөдөг. Тэгэхдээ зүгээр суудаг гэсэн үг биш. Үйл ажиллагааг нь залж байдаг гэсэн. Тэд хүү, охинтой. Хүү нь ч гэж ёстой нэг чих халууцуулсан хүн байдаг билээ. Хүний нүд сохолсон, Д.Дагвадоржийг мэсээр гэмтээсэн гэхчлэн бүтэлгүй мэдээллүүдэд нэр холбогдож байсан. Уг нь Ж.Оюунгэрэл хатагтай нэгэнтээ хүүхдүүдээ эрхлүүлээд байдаггүй, хүү охин хоёроо бизнесээ өөрсдөө босгоно гээд зүтгэж байгаа хэмээн ярьсан байдаг. Гэтэл хэрэг дээрээ хүү нь ээжийнхээ чихийг халууцуулаад яваад байдаг. Магадгүй, ээж нь эрхлүүлдэггүй болохоор өөрөө өөртөө эрхэлж яваа нь тэр ч юм уу.

МАН-ын санхүүжүүлэгч үү?  

Түүнийг МАН-ын санхүүжүүлэгчдийн нэг гэх тодотгол олон жил дагасан. МАН-ын удирдлагын аппаратад байдаг, удахгүй чангарах хүн гэж харах хэсэг бий. Тэгвэл тэр өөрийнхөө намын амьдралын талаар хэвлэлд ярихдаа “-Би одоо ардын намын гишүүн. Гэхдээ удирдах зөвлөлөөс аль хэдийнэ гарчихсан. Бага хурлын бол гишүүн л дээ. Тэгэхээр зарим улстөрчийн ярьж байгаа шиг би МАН-ын Удирдах зөвлөлд байдаггүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Ямар намын гишүүн бэ гэж би ажилтнаасаа нэгээс нь ч асууж үзээгүй. Би ажилтнуудынхаа дотоод сонголт, хувийн шийдвэрт хүндэтгэлтэй ханддаг. Тэрэнд нь нөлөөлөх гэж оролдох нь хамгийн бүдүүлэг явдал шүү дээ. Компаниудыг тэгж улстөржүүлж ерөөсөө болохгүй. Би одоо бүр гайхаад байх юм. Шулуухан хэлэхэд хөдөлмөрлөж зовж олсон мөнгөө улс төрд зориулаад байдаг баян би биш. Зарим улстөрчийн хахуулиар авдаг мөнгө хөнгөн хялбар байдаг болохоор манийгаа адил гэж боддог бололтой. Бид олсон ашгаараа газрын тос олох хамгийн эрсдэлтэй салбар болон нүүрсийг хийжүүлэх, боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд зориулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Бизнес эрхлэгч бид бас л Монголын ард түмний нэг хэсэг. Гэхдээ бүр татвар төлдөг ард түмний төлөөлөл.Бидний зүрх Монголын төлөө л цохилж байгаа. Манай компани улсын төсөвт жилд 100 тэрбум төгрөгийг Монгол Улсын сан хөмрөгт төлдөг...

 Би нэг л юм хүсч байна. Энэ улсад ажил хийдэг хүн нь олон болоосой гэж. Өнөөдөр манай Монголын тал нь залуучууд байна. Ажил хийдэг хүн нь их цөөрчихсөн. Би одоогийн улс төрийн орчныг маш том намаг шиг юм болчихлоо гэж харж байна. Ямар ч ёс суртахуунгүй. Тэгээд тэр намган дотор ороод би бас живээд яахав дээ. Хэд хоног ч гэсэн цэвэр агаар амьсгалаад явж байсан нь дээр. Хүмүүс улс төрд орооч ээ, яасан их бизнес хийдэг юм, чи тэнд орж ажиллаач гэдэг л дээ. Би бол тэгж хоёр талд ажиллаж чаддаггүй. Бидний үеийн кадруудад чинь ёс суртахуун гэдэг юм бол бас байдаг л даа хэмээн ярьсан байдаг юм.

“Гранд педиа” ийм нэг хүчирхэг эмэгтэйг онцоллоо. Түүнд сайн сайхныг хүсье.

М.Мөнхжин

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (10)

  • Hueee
    Uuruu yaahavee medrel khuugee tataj avaachee naad amidral ni budaa bolloo shd terntei n yavdag khuulhnuud ch gj bas teneguud
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • tsewlee
    urgelj vneng bichej tvgeedeg grandin hamt olon
    2014 оны 11 сарын 03 | Хариулах
  • Hulan
    Mongol, Russia met-n ulsuudad genet bayjigchid olon bdag n argagui yum. Niigmiin togtoltsoo soligdoh ued toriin tom tom baiguullaguudad erh medel buhii alband baisan humuus tor ezenguideed bsan ued oorsdiin bolgood genet l huvid ezemsheed ehelsen shuu de. Onoodor tuhain ued ene oyungerel met-n humuus yag heden tolj company-uudaa yaj ulsaas hudaldaj huvidaa avsang n haray geh yu ch bhgui. Uchir n ted hudaldaj avaagui, naizan dundaa oorsdiin bolgotsgooson shu de. Onoodor oorsdiihoor hucheer 0-s n ehelj bosson businessmen-uuded yadgaad forbes setguul Max-n ah duu 2-g durdaad bsand n shaltgaan bii. Ted shig huushuuriini tus-s pizza-n kioss, daraa n tureesiin cafe-n orlogoosoo ul hodloh horongoo omchilj avah hurtel nudnii omno, business-n hureend haragdahaar oorsdiin hucheer bosson humuus manaid bhgui bish bdag.
    2014 оны 10 сарын 31
  • Зочин
    Батболдоосоо салсан нь үнэн шүүдээ экс нөхөр нь гэж боовоо худалдсан нөхөр байдаг шүүдээ
    2014 оны 10 сарын 31 | Хариулах
  • Zochin
    mungu tuluud l uuriguu magtuulchih yumaa. Budnii uein orosod surch bsan Oyuntnud bugdl 30 rublitei l hil davj bsan shte uun chi ngaihaad baih yu bnaa bugdl zah zeeli ndavalhaand urtuj bsan biz dee.....
    2014 оны 10 сарын 31 | Хариулах
  • Zochini
    Mundag emegtei
    2014 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин
    dandaa yahlaaraa negnee ingej baidiim mundag emegtei unen l bichsen bna
    2014 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин
    Ene avgai shorond hatah tsag bolson
    2014 оны 10 сарын 30 | Хариулах
    • Hulan
      Mongol, Russia met-n ulsuudad genet bayjigchid olon bdag n argagui yum. Niigmiin togtoltsoo soligdoh ued toriin tom tom baiguullaguudad erh medel buhii alband baisan humuus tor ezenguideed bsan ued oorsdiin bolgood genet l huvid ezemsheed ehelsen shuu de. Onoodor tuhain ued ene oyungerel met-n humuus yag heden tolj company-uudaa yaj ulsaas hudaldaj huvidaa avsang n haray geh yu ch bhgui. Uchir n ted hudaldaj avaagui, naizan dundaa oorsdiin bolgotsgooson shu de. Onoodor oorsdiihoor hucheer 0-s n ehelj bosson businessmen-uuded yadgaad forbes setguul Max-n ah duu 2-g durdaad bsand n shaltgaan bii. Ted shig huushuuriini tus-s pizza-n kioss, daraa n tureesiin cafe-n orlogoosoo ul hodloh horongoo omchilj avah hurtel nudnii omno, business-n hureend haragdahaar oorsdiin hucheer bosson humuus manaid bhgui bish bdag.
      2014 оны 10 сарын 31
  • Зочин
    munhjin chi uneheer mundag shuu chinii pedia g unshih durtai bolson shuu engiin humuusiin tuhai ch gesen bicheerei
    2014 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин
    түмнээ мөлжиж л өөдөө гарсан бас нэг нам дагасан бөгсний авгай штээ,сүртэй юм
    2014 оны 10 сарын 30 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025