Монголчууд Пу, Си-гийн тал гэж хуваагдана!
2014/10/29

Н.Алтанхуягийн залуурдаж байгаа Засгийн газрын үйл ажиллагаанд сайн дүн тавих хүн байна гэвэл цочир сонин болохоор тиймэрхүү л нөхцөл байдал үргэлжилж байна. Тэгвэл УИХ-ын гишүүн явсан Д.Энхбат эрхэм энэ Засгийн газрыг маш том боломжийг ашигласангүй хэмээн халаглан сууна. Тэгээд улстөрийн нөхцөл байдлын талаар ярихдаа  “-Монголд өрнөсөн өөрчлөлтүүд ихэнхдээ гадны нөлөөллөөс хамаарсан байдаг. 1911 онд Манжийн засаг унасан, 1921 онд Барон Унгерн орж ирсэн, 1945 онд Японы дайн, 1961 онд дэлхийн ардчилсан орнуудын, 1990 он пeрeстройка Оросын өөрчлөн багуулалт. Тэгэхээр одоо Оросын Путин, Хятадын Си Жинпин хоёр манай улсыг өөрчилж магадгүй. Би улстөрийн намуудын талаарх өөрийн прогнозыг хэлье.

МАН, АН, аль ч нам цааш явахгүй. Одоо Монголчууд намаар биш, Пу, Си-гийн тал гэж хуваагдана. Учир нь Алтанхуягийг дагаад 10 жилийн дараа сайхан хөгжилд хүрнэ гэж АН-ынхан итгэхгүй. МАН ч мөн адил. Яагаад гэвэл Монголыг зангидах жинхэнэ лидер байхгүй байна шүү дээ. Найдвар Хятад, Оросыг дагах. Хүмүүс томьёолж чадахгүй ч цаад учрыг сайн мэдэж байгаа.

Саяхан Оросын сэтгүүлүүд дээр Оросын Монголд хийсэн алдааны талаар нэг өгүүлэл гарсан. Гол утга нь Монголд бид өөрийн нам, өөрийн хүнтэй болоогүй нь алдаа гэсэн утгатай өгүүлэл байв. Орос улс цаашид энэ тал дээр анхаарах хэрэгтэй. 2016 оны Монголын УИХ-ын сонгуульд Оросын талын хүмүүсийг гаргах хэмээн тэр өгүүлэлд бүр тод томруунаар бичсэн байсан. Хятадууд ч мөн ингэж бодож байгаа. 100 жилийн өмнөх шиг Хятад, Орос, Америкаар хуваагдана. Намууд хамаагүй. Яагаад гэвэл Монголд хөгжлийн тодорхой санаа алга. Санаа байлаа гэхэд аваад явах лидер байхгүй. Лидер төрүүлэх боломжгүй дүрэмтэй улс.

Жинхэнэ лидер ганцхан тохиолдолд төрдөг. Тэрний төлбөрийг амиараа ч хамаагүй төлөхөд бэлэн гэсэн хүмүүс бий болсон тохиолдолд лидер төрнө. Ганц хүн биш л дээ. Тодорхой тооны хүн. Өөрөөр хэлбэл, бид үүнийг хийчихээд үхсэн ч хамаагүй гэсэн хүмүүс гарч ирэх үед л байдал өөрчлөгдөнө. Монголын төлөө цохилох зүрхтэй төрийн хар хүн ч өнөөдөр тун ховор.

Гурван сая хүний хувь заяаны төлөө үнэн сэтгэлээсээ санаа зовдог хүн л дээ. Лидер бэлтгэнэ гэхээр ганцхан Доржийг гээд явдаггүй. Арван мянган хүнийг спорт шиг л бэлтгэж байж төрүүлнэ. Монголын хүүхэд бүрийг багаас нь бэлтгэх хэрэгтэй. Түүнээс баян айлын 10 хүүхдийг сонгоод англи хэлтэй сургуульд сургаад Харвард явуулах тухай яриа биш. Япон, Солонгосчууд хүүхдүүдээ багаас нь шударга, ажилсаг, оюунлаг байх талаас нь харж, төлөвшүүлж хүмүүжүүлсний үр дүнд өнөөдрийн хөгжилд хүрсэн.

Тэгэхээр Монголын улс төр эмоцийн үеэсээ одоо институцийн үе рүү шилжих цаг болсон. Улс төрд эмоци хэрэгтэй байсан он жилүүд бий. Одоо хуучин арга барилаасаа салж, шинжлэх ухаан, өндөр технологи, чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх, мэдлэг шүтэх шаардлагатай байна. Ардчилсан, ардчилсан бусаар хэрэлдэж, сөргөлдөхгүйгээр улс төрийн дөрвөн жилийн сонгуулийн циклээс гарч эрүүлээр асуудалд хандмаар байна. Улс орныг улстөрөөр удирдахаа болиосой хэмээн ярьжээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • Иргэн
    Япон, Солонгосчууд хүүхдүүдээ багаас нь шударга, ажилсаг, оюунлаг байх талаас нь харж, төлөвшүүлж хүмүүжүүлсний үр дүнд өнөөдрийн хөгжилд хүрсэн. ЭНЭ ҮГ МАШ ИХ ТААЛАГДЛАА
    2014 оны 11 сарын 12 | Хариулах
Сонин хачин