Ах дүү аваргууд О.Магнайгийн эсрэг гэдийгээд байна уу, аль эсвэл О.Магнай албан тушаалаараа далайлгаад байна уу. Яг тэр нь тэгээд байна гэж зуун хувийн баталгаатай дүгнэлт хийж болмооргүй байдлаар нөхдүүд өөр өөрсдийгөө өмөөрөн өдийг хүрээд байна. Ямартай ч Д.Дагвадорж аварга “Хувийн амбицаар төрийн ажил явуулж байгаа О.Магнайг хэрхэвч зөвшөөрөхгүй, хатуу тэмцэнэ гэдгээ ахин дахин хэлье” гээд л байсан. Тиймээс ч Үндэсний циркийн хувь заяаг зоргоороо хумьсан, алдаа дутагдлаа заасан хугацаанд нь засан залруулна гэдгээ ШӨХТГ-т албан бичгээр мэдэгдэхгүй байгаа юм болов уу даа. Уг нь ШӨХТГ-аас Үндэсний “Аса цирк”, “Рояал плаза” компаниудад зөрчлөө арилгах шаардлага хүргүүлж, тогтоосон хугацаанд зөрчлөө арилгахгүй бол шат дараатай арга хэмжээг авах болно гэдгээ мэдэгдсэн юм.
Аварга Д.Дагвадоржийн “Аса консалтинг” ХХК нь циркийг хувьчилж авснаас хойш өөрийн байгууллагын нэрийг 2011 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Рояал Плаза” ХХК болгон өөрчилж, үйл ажиллагаагаа явуулж буй. “Рояал Плаза” ХХК нь өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалттай үндэсний циркийн урлагийг хөгжүүлэх, циркийн урын санг баяжуулах үйл ажиллагааны чиглэл бүхий Монгол Үндэсний цирк компанийг үүсгэн байгуулсан ч, хэрэг дээрээ тэс эсрэг байдалтай байна хэмээн О.Магнай мэдэгдсэн юм. Тус цирк нь 6 хэсгээс бүрдсэн атал ганцхан хэсэгт л циркийн үйл ажиллагаа явагдаж, бусад хэсэгт худалдаа үйлчилгээ явагдаж зориулалтын бусаар ашиглагдаж байгаад шаардлага тавьсан. Шаардлагын хариуг мөн бичгээр ирүүлэхийг шаардсан. Тэгсэн өнөөдрийг хүртэлх хугацаанд Үндэсний циркээс хариу ирсэн бол “Рояал плаза”-аас нэг ч хариу ирүүлээгүй байгаа гэнэ. Тэр хариу нь ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл сайдын эрх үүргийн хүрээн дээр очоод гацсан. Ц.Оюунгэрэл сайд Д.Сумъяабазар гишүүнтэй энэ асуудлаар ярина, шаардлагаа тавина гэдэг үг хэлж байсан мөртлөө үйлдэл болгож чадахгүй зориуд гацаагаад байгаа талаар хэлэх хүмүүс байгаа юм. Тиймээс VS булан Д.Дагвадорж, О.Магнай нарын хэлж ярьж өдийг хүрснийг харьцуулан хүргэж байна.

Д.Дагвадорж: Таван хүний амь хаана байна, О.Магнай!
Их аварга О.Магнайд гомдолтой байна гээд байсан ч, тэр гомдол нь хилэн болон хувирч бараг л ална шүү гэх нь холгүй зүйлсийг ярьсан билээ. “Аса” циркийн нэр хүндэд нь халдаж, зүгээр үйл ажиллагаагаа явуулж байхад нь гүтгэж байгаа учраас хатуу тэмцэхээ илэрхийлсэн. Тэрбээр би нийгэмд хариуцлагаа хүлээсэн иргэн хүний хувьд Монголын циркийг өдий зэрэгтэй авч яваа. ШӨХТГ-аас яах гэж “Аса” циркээр оролдоод байгаа юм бэ гэж хэлмээр байна. Сураг сонсох нь ээ О.Магнай ирэх УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшинэ гэсэн мэдээлэл гадуур гараад байгаа. Одоо тус дүүргээс миний ах сонгогдоод ажиллаж байгаа. Төрийн ажлыг хувийн амбицаар хийдэг хүмүүстэй би хатуу тэмцэнэ. Энэ бол Монгол Улсын хуулийн дагуу авсан өмч учраас шантаажийн улс төр болон ямар нэгэн үйл явдлын гол бай болговол хатуу тэмцэнэ шүү. “Аса” циркийн бүх асуудал хэвийн явагдаж байгаа. Бүх бичиг баримт нь байна. Үнэндээ Монголын цирк ёроолдоо хүрсэн байсан шүү дээ. Одоо ямар байна. Нөхөр О.Магнайгийн улс төрд тоглох гэж байгаа тоглолт нь энэ байдлаар явж олон нийтэд хүрнэ гэвэл зүйд нийцэхгүй. Улс төр хийх гэж байгаа бол тэндээ очиж хий. Монголын ард түмэн сохор биш шүү. 2008 оны долдугаар сарын 1-нд ямар асуудал болсон. Хэн өдөөн хатгасан билээ. Таван хүний амь хаана байна. Энэ нөхөр өнөөдөр шантаажны улс төр хийж байж энэ суудал дээр сууж байгаа шүү.
ШӨХТГ бидний үйл ажиллагаатай танилцаагүй байж бэлтгэл сургуулилт, тоглолт байхгүй, 60 гаруйхан уран бүтээлчидтэй үлдсэн гэх мэтээр гүтгэсэн... Бид циркийг хувьчилж аваад урлаг соёлын талаасаа пиар л дутсан уу гэхээс хийсэн ажил бол дутахгүй. О.Магнай өөрөө үзээгүй байж манайд ийм алдаатай шаардлага хүргүүлчихээд сууж байна. Төрийн ажлыг ингэж хийхгүй ээ. Төрийн ажлыг хувийнхаа амбицад ашиглахгүй шүү, О.Магнай. Намайг хорь гаруйхан настай Монгол Улсынхаа нэр хүндийг тив дэлхийд цуурайтуулаад ирэхэд О.Магнай юу хийж байсан юм. Зодог тайлаад шуугиан тарьж байхад О.Магнай юу хийж байсан юм. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн холбогдох газраар шалгуулах юм гэнэ. Энэ дүүргийн МАН-ын үүрийн даргаар Д.Сумъяабазар ажилладаг. Ингэж улстөр хийхгүй ээ. Манайх чинь хувийн хэвшлийн байгууллага, хэн нэгний хийдэг улстөр биш гэдгийг хэлчихье хэмээн уурссан.
Ер нь бол их аварга Д.Дагвадорж Улсын Циркийг менежментийн хувьчлалаар авсан тэр үед чамгүй асуудал дэгдэж байсан билээ. Тухайн үед ТӨХ-ны даргаар түүний нутгийн Д.Сугар ах нь ажиллаж байсан юм. Тэр үед циркийг нурааж, газар дээр нь худалдааны төв, зочид буудал барих тухай яригдаж шуугиан дэгдэхэд Д.Дагвадорж аваргын ээж Пүрэвбадам "Бид өөрсдийн газар дээр юугаа хийх нь та нарт хамаагүй" хэмээн хэвлэлийнхэнд хандан хэлж байсан нь саяхан даа.
За тэгээд өнөөдрийн тухайд циркийн газар дээр өөр барилга байшин босоогүй ч, менежментийн хувьчлалаас өмнөх нөхцөл байдалтай харьцуулахад хамаагүй дордсон гэдэг зүйлийг шалгалт явуулсан байцаагчид хэлсэн байдаг. Тодруулбал, Улсын цирк нь төрийн өмчит төсөвт байгууллага байсан. Тухайн үед Сүхбаатар дүүрэгт 2-р хороо Олимпийн гудамж гээд улсын бүртгэл, регистрийн дугаартай, эзэмшил газар нь 35666 метр квадрат, ажилчдын тоо 136, барилга байгууламжийнх нь хэмжээ 7823 метр квадрат байсан. Циркийн сургуультай мал, амьтан 41 байсан.Гэтэл өнөөдрийн байдлаар эзэмшил газрын хэмжээ 24269 метр квадрат, циркийн ажилчдын тоо 61, барилга байгууламжийн хэмжээ 4823, мал амьтад нь байхгүй болсон байна. Циркийн тоглолтын хэмжээ жилд дунджаар 21 гэсэн тоог өөрсдөө гаргаж өгсөн. Циркийн барилгын нэг, хоёрдугаар корпусыг циркийн болон соёл урлагийн үйл ажиллагааны чиглэлээр ашигладаг. Гэхдээ нэгдүгээр корпусын зарим хэсгийг баяр ёслол тэмдэглэлт өдрүүдэд үзэсгэлэн худалдааны зориулалтаар аж ахуй эрхэлж албан байгууллагуудад түрээсэлдэг болсон гэхчлэн асуудлуудыг гаргаж ирсэн. Өөр бусад ч зөрчлүүд байгаа. Тэдгээрийг О.Магнайгийн байр суурийн араас уншигч танд хүргэх болно.

О.Магнай: Баян байж болно, бяртай байж болно
Д.Дагвадоржийг мэдэгдэл хийсний дараагаар О.Магнай дахин мэдэгдэл хийхдээ циркийн хувьчлал хуудуутай болсон гэдгийг батлах хэд хэдэн баримтыг сэтгүүлчдэд дэлгэсэн. Тэгээд Д.Дагвадорж аварга мөнгөтэй, баян, бяр чадалтай байж болно. Гэхдээ мөнгө, бяраар намайг айлгахгүй. УИХ-ын 2016 оны сонгуульд О.Магнай нэр дэвших нь гэсэн яриа гаргасан нь циркийг анхаарлаас бүр холдуулж байгаа арга. 2016 онд яахыг мэдэхгүй, өнөөдөр Сонгуулийн тухай хууль нь батлагдаагүй, УИХ-ын төвшинд яригдаж байна. Улстөрийн намуудын хууль шинэчлэгдэх шатандаа явж байна. Ийм байхад асуудлыг 2016 он руу аваачих нь хариуцлагагүй үйлдэл. Ингэж болохгүй. Менежмэнтийн хувьчлал, хувьчлал хоёр хоорондоо ялгаатай. Менежмэнтийн хувьчлал бол тухайн байгууллагын үндсэн үйл ажиллагааг өөрчлөхгүйгээр цаашаа авч явахыг хэлдэг. Тийм учраас “Аса” гэж багт өгч, энэ баг цаашаа циркийг авч явах юм байна гэж үзээд хувьчлалыг хийсэн. Илүү тодруулбал, нийгэмд гүйцэтгэж байгаа үүрэг, урлагийн байгууллагын үйл ажиллагааг өөрчлөхгүй гэж тохиролцсоны үндсэн дээр худалдах, худалдан авах ажиллагаа хийгдсэн гэсэн үг юм.
Дагвадорж өөрөө цирк их сайн байгаа гэж хэлж болно. Ганц Д.Дагвадоржийн үгээр үнэлэгдэхгүй, 100 иргэнээс асуухад тодорхой хариу хэлнэ. Иргэд өнөөдөр Монгол циркийн үйл ажиллагаанд сэтгэл ямар байгаа билээ. Би багадаа циркт очиж тоглолт үзэх сонирхолтой байсан. Олон үзүүлбэртэй, хүүхдүүдийн хувьд баяр баясгалан болдог байлаа. Ер нь өнгөрсөн хугацаанд нэг харамсалтай зүйл бий болсон нь хүүхдүүдтэй холбоотой бүх юмыг ямарваа нэг менежмэнтийн хувьчлал ч гэдэг юм уу өөр бусад ямарваа нэг зүйлээр алга болгосон явдал. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас “Аса” циркт тавьсан шаардлага бол үйл ажиллагаагаа гэрээнд заасны дагуу биелүүлээч ээ, циркийг цирк чигээр нь байлгаач ээ гэдэг асуудал юм. Гэтэл Д.Дагвадорж “Магнай яасан ийсэн гэнэ вэ, их улстөржүүлсэн” гээд зөндөө юм ярьсан байна билээ. Уг нь ингэх шаардлагагүй байсан. Төрийн ажил хийж байна шүү дээ, би. Гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байж, олон юм ярих шаардлага байхгүй. “Аса” циркийн гадуур нь явахад л хангалттай харагдаж байгаа. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь “Аса” циркт есөн сарын хугацаа өгсөн, 2007-2011 онд циркийг хөгжүүлэх стратеги баталсан юм билээ. Баталсан стратегийнхаа дагуу үйл ажиллагаа явуул. Хүмүүс мэдэж байгаа циркийг эзэмшиж байгаа хэн юу ч ярилаа, цирк байгаа юу, байхгүй болсон уу гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Тэгэхээр хүнд мэдэгдэхүйц циркээ ажиллуул гэж байгаа юм. Хэрвээ циркийг циркээр нь ажиллуулж чадахгүй бол хууль биелүүлэх шаардлага л тавьж таарна. “Аса” хариуцлагатай байх ёстой. Хүн бүрт хууль үйлчилдэг байх ёстой. Ямар нэг аргаар авдаг, дараа нь дуртай юмаа болгодог жишиг манайд бий. Асуудлыг одоо арай өөрөөр харах ёстой. Хууль дүрмийнх нь хүрээнд харах ёстой хэмээн “Чухал яриа” нэвтрүүлэгт оролцохдоо хэлж байсан.

Түүнчлэн ШӨХТГ-ын байцаагчид мэдэгдэхдээ “Циркийн барилгын 3, 4, 6-р корпус, гадаад талбайн зарим хэсгийг аж, ахуй нэгж иргэдэд циркийн бус зориулалтаар түрээслэн ашиглуулж байна. Мөн циркийн зүүн талын талбайг иргэн Ганболдод автомашины зориулалтаар түрээслэн ашиглуулж байсан. Харин зургаадугаар корпусын хэсгийг тээврийн хэрэгслийн бүртгэл хийх зориулалттай “Авто тээврийн үндэсний төв”, Тээврийн хэрэгслийн дугаарын үйлдвэр, Даатгалын байгууллага, Машины сэлбэг хэрэгслийн худалдаа эрхлэгчдэд түрээсэлсэн байна. Мөн циркийн барилгын 4, 5 дугаар корпусыг компьютер тоглоомын газар, компьютерийн хэрэгсэл худалдаалах дэлгүүр, ресторан, бичиг хэргийн худалдаа явуулах зэргээр зориулалтын бусаар түрээсэлж ашиглуулжээ. Циркийн барилгын 3 дугаар корпусыг бүхэлд нь үндэсний хөрөнгө оруулалтын банкинд ашиглуулсан байна. Шалгалтаар Улсын циркийн мэргэжлийн удирдлага, үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөөгүй боловч циркийг хувьчилж авах үндэслэл болон улсын циркийн 2007-2011 онд хөгжүүлэх стратеги, бизнес төлөвлөгөөнд тусгагдсан жил бүр хийгдэх циркийн урлагийн тоглолтын хэмжээнд хүрэхүйц тоглолт хийгдээгүй. Циркийн ажилчдын тоо 65-аар хасагдсан. Үүгээр зогсохгүй циркийн сургуулилттай мал, амьтан үгүй болсон зэрэг нь хувьчлахаас өмнөх циркийн үйл ажиллагааны төсвийг бууруулсан гэсэн үг. Энэ нь төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 65-р заалтын 4 дэх хэсгийн “Нийгмийн салбарын өөрчлөлт шинэчлэлд хувьчлалын үйл ажиллагааг дараах зарчмыг баримтална” гэснийг зөрчжээ. Тодруулбал, энэ заалтад үйлчилгээ, үйл ажиллагааны хүрсэн түвшинг бууруулахгүй байх. Ажилчдад учрах эрсдлийг бууруулахгүй байх гэсэн байдаг. Хоёрдугаарт, Улсын циркийн хувьчилж авсан "Рояал Плаза" ХХК нь циркийн барилга байгууламж, эзэмшил газрын дийлэнх хэсгийг дээр дурдсанчлан циркийн урлагийн үйл ажиллагааны зориулалтаар бус бусдад ашиглуулж байгаа үйлдэл нь төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг зөрчиж байгаа юм.
Тиймээс манай байгууллагаас өөрийн эрх үүргийн хүрээнд “Рояал Плаза” ХХК буюу “АСА” циркийн удирдлагуудад албан шаардлага хүргүүлж байна. Албан шаардлагын хариуг 14 хоногийн дотор өгөх ёстой. Албан шаардлагад дээр дурьдсан зөрчил дутагдалаа арилгаж, Улсын циркийн үйл ажиллагааг 2015 оны нэгдүгээр сарын 1 гэхэд тогтворжуулж, гэрээний үүргээ биелүүлэхийг заасан байгаа. Үндсэндээ Улсын циркийн үйл ажиллагааг сэргээх 9 сарын хугацаа өгч байна гэсэн үг. Хэрэв бидний шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авахыг ССАЖЯ-нд мэдэгдэнэ. Менежментийн хувьчлалаар үйл ажиллагааг нь улам илүү сайжруулж чанаржууллаа гэж төрийн мэдлээс хувийн хэвшилд олгосон. Хэрэв гэрээнд заасан үүргээ биелүүлж чадахгүй бол төр хуулийн дагуу эргүүлэн авах эрх зүйн заалтууд ч гэрээнд тусгагдсан гэсэн юм.
Тэгвэл шалгалт явуулснаас хойш 9 сарын хугацаа өнгөрчихөөд байхад Аварга Д.Дагвадорж, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нарын компани 14 хоногийн дотор өгөх ёстой хариугаа өгөөгүй гэдийгээд байгаа аж. Тэгэхээр О.Магнай дарга дараачийн алхмаа хэзээ хийх нь анхаарал татсан асуудал болж байна л даа. О.Магнайгийн характераар бол яав ч зүгээр суухгүй л дээ.
М.Мөнхжин
Сэтгэгдэл (2)