Нарийныг нарийн биш гээд байх юм!
2014/10/24

За нөгөө улстөрчдийн хэрүүлийн алим болоод удаж байгаа царигтай холбоотой асуудал өнөөдөр шийдэгдэж байна. Гэхдээ анхаарал татсан асуудал байна. Улстөрчид нарийн царигийг нарийн биш өргөн гэж хэлж ярьцгаагаад байна. Тодруулбал,  Төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганд оролцсон 51 гишүүний 43 нь буюу 84.3 хувь нь дэмжсэнээр  Тавантолгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн өргөн  царигтай, Арц суурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн өргөн царигтай барихаар боллоо гэх мэдээллийг УИХ-аас өгч буй. Гэтэл 1435 мм-ийн цариг гэдэг бол нарийн царигийг хэлдэг шүү дээ.

Анх өргөн баригдсан тогтоолын төсөлд Таван толгой – Гашуунсухайт, Сайншанд – Замын-Үүд, Хөөт – Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн буюу нарийн  царигтайгаар, Могойн гол – Эрдэнэт, Таван толгой – Сайншанд – Баруун-Урт – Хөөт – Чойбалсан, Хөөт – Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн буюу өргөн  царигтайгаар барихаар оруулсан байсан юм.Харин өнөөдөр гишүүд хэлэлцээд Сайншанд – Замын-Үүд гэсэн чиглэлийг хасчээ. Өчигдөр  Эдийн засгийн байнгын хороогоор энэ асуудал ороход “Сайншанд-Замын-Үүд” гэснийг хасах саналыг  хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь дэмжсэн байна. Ингэснээр Нарийн сухайтаас Гашуун сухайт, Сайншандаас Хангийн чиглэлд нарийн царигтай төмөр зам тавих санал хасагдаж, Тавантолгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигт чиглэлд нарийн царигийн төмөр зам тавихаар албан ёсоор тогтож байгаа бололтой.

Байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, энэ тогтоолын төсөл нь Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичиг болон хөрш хоёр оронтой төмөр замын салбарт тохиролцсон тохиролцоонд нийцэж байгаа. Гэхдээ төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичгийг сайжруулах тал дээр УИХ цаашид анхаарах шаардлагатай байгаа нь хэлэлцүүлгийн явцад харагдаж байна гэлээ.

Сануулахад, БНХАУ-ын “Шенхуа Энержи” болоод дотоодын “Эрдэнэс-Тавантолгой” ХК, Энержи ресурс ХХК, “Тавантолгой” ХК хамтран  нарийн цариг бүхий төмөр зам барих  “Гашуун сухайтын төмөр зам” ХХК-ийг байгуулаад байгаа. Тэрхүү төмөр замын уртын хэмжээ нь 18 км  буюу богино ч гэлээ, жилдээ 27 сая орчим тонн нүүрсийг өмнөд хөрш рүү тээвэрлэх хүчин чадалтай байна гэсэн. Одоогийн нөхцөл байдлаас харвал  манай улсын нүүрсний жилийн экспортыг дангаараа шийдчих хүчин чадалтай зам босохоор л харагдаад байгаа юм. Түүнчлэн үүнтэй уялдаад нарийн цариг дагасан шүүмжлэлүүдийг харахад “...Нэг л газар зөвшөөрөл өгөөд нарийн царигтай зам бариад эхэлчих юм бол ар араасаа олон нарийн төмөр зам Монголд маш богино хугацаанд ороод ирнэ. Үүнийг стратеги төлөвлөгөөтэйгөө уялдуулах бараг боломжгүй болно. Хятадын нарийн төмөр замыг оруулаад ирвэл монголын  баялгийг хятадууд ёстой л нэг  угжих  шиг  болно.   Юуны өмнө олон мянган хятад наймаачид орж гарна, байнга оршин сууна  гэсэн үг. Төмөр зам, тэр тусмаа нарийн царигтай бол Монголын баялгийн урсан гарах хэмжээ, далайц хэд дахин нэмэгдэх болно. Товчхоноор монголчуудын өөрсдийн гараар байгаль, эдийн засаг, түүх соёлын  дурсгалыг нь сүйтгэх болно” гэж хэлэх хүмүүс ч бас байсан билээ.

Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төмөр замын асуудлаар Х.Баттулга болон олон нийтэд хандан хэлэхдээ  “...Төмөр замын хувьд Монгол Улс өөрийн гэсэн бодлого, эрх ашигтай гэдгийг та мэдэж байгаа.Тавантолгойгоос урагшаа барих төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, зүтгүүр, өртөөнүүдэд ажиллах инженер ажилчид гээд бүгд Монголынх байна. Ачааг хилээр гаргасны дараа хөрш орны зүтгүүр хүлээн аваад цааш явна. Ачааг хилийн наана асгаад дахин ачина гэж байхгүй. Цагаанхад гэдэг газар нүүрс асгаж, ачиж байгаа шиг гамшиг болгохгүй. Нэвтрүүлэг хийж юм уу тусдаа ярихгүй л байгаа болохоос энэ бол манай бодлого, эрх ашиг шүү дээ.

Энэ асуудлыг бид хөрштэйгөө ярилцаж байгаа. Харин энэ асуудлыг “хэрүүлийн алим” болгож, ажлаа унагаамааргүй байна. Хөрш орнуудад нүүрс мэтийн ачааг тухайн орны царигаар гаргах нь зөв гэж үзэж байгаа. ОХУ руу өргөн царигаар, урд хөрш рүү өөрийх нь царигаар, дугуй солих шаардлагагүй яваг. Ачсан нүүрсийг нь асгаж, дахин тээвэрлэхгүй яваг. Баттулга гишүүн өөрөө сайн мэдэж байгаа. Төмөр замын бодлогын талаар маргалдаад байх хэрэггүй, бидний хэдийнэ шийдсэн асуудал шүү дээ. “ гэж байсан.

Засгийн газрын тэргүүн ч нарийн царигийг балиашиглаж байсан. Тэгвэл ийнхүү З.Энхболдын удирдаж байгаа парламент дэмжлээ.

М.Мөнхжин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин