Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нарын үзэглэсэн гэрээний үндсэн зорилго нь МАН-ыг задлах, түүний эсрэг бүх талаар хамтран ажиллах, МАХН-ын удирдлагуудыг гэмт хэрэгт холбогдуулан шалгахгүй байх, Ерөнхий сайдыг огцруулахгүй байх гэсэн үндсэн хэдэн асуудлаар тохиролцсон гэх мэдээлэл байгаа юм. Бүр тийм заалтууд бүхий гэрээний хувилбар бүхий зураг ч цацагдаад байна. Түүнчлэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн эл үйлдэлтэй холбоотойгоор улстөрийн бусад намуудын зүгээс байр сууриа илэрхийлцгээж байна.

МУНН-ын дарга Б.Батболд энэ талаар “Алтанхуягийг сайнаар хэлэх нэг шалтгаан надад байна. Тэрбээр Монголын төр болохгүй байна гэдгийг олон нийтэд маш сайн ухааруулж өгсөн индикатор хүн боллоо гэж харж байна. Яагаад гэвэл бид сүүлийн хоёр жил түүний тэнэглэхийг харлаа,улс орны эдийн засгийг элгээр нь хэвтүүлэхийг бас харлаа. Одоо хүмүүсийн тэсвэр алдаж байна. Алтанхуяг шиг нөхөр Монгол Улсын Ерөнхий сайд, эрх баригч намын дарга болж чадаж байгаа нь системийн алдаа гажиг байгааг харуулж байгаа хамгийн тод жишээ юм.Хамгийн эмгэнэлтэй Үндсэн хуулиар олгогдсон төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх онцгой эрх бүхий УИХ эрхээ эдэлж гүйцэтгэх засагтайгаа хариуцлага тооцож чадахгүй байгаа. 2015 оны төсвөө мууг нь мэдсээр байж хугацаанд шахагдан хүчээр батлах гэж байгаа нь Үндсэн хууль ажиллахаа больсныг илтгэн харуулж байгаа явдал юм.
Тийм болохоор эрх баригчдаас хүлээх юм байхгүй болж байна. УИХ-ыг тарааж ардын түр хурал байгуулан Үндсэн хууль, Улстөрийн намуудын тухай хууль, Сонгуулийн хуулийг шинээр нийтлэг эрх ашигт нийцүүлэн батлаж, дараагийн УИХ- ын сонгуулийг явуулж шинэ системээр төрийг удирдах боломж олгохгүйгээр өнөөгийн системээр явах боломжгүй болжээ гэж байна.
Б.Билэгт
Сэтгэгдэл (1)