Дебют: Манайд авлигачид гарч байгаа шалтгаан энэ

“Дебют” булангийн зочноор нийтлэлч Артаньян буюу Д.Түмэн-Өлзийг урьсан юм.

-Яагаад заавал Артаньян гэж өөрийгөө нэрлэх болов оо. Өөрийг тань  блогийн талбараас тодорч гарч ирсэн  нийтлэлч гэж  хараад байна. Бас Gump та хоёрын нэр хоршоо үг шиг л хамт явж ирсэн шиг санагддаг?

-Блог ид моодонд орж байхад блог хөтлөдөг хүмүүс ёс юм шиг нууц нэртэй байсан. Бар загас, ямар юмны нулимс, тийм юмны зүрх энэ тэр гээд сүртэй нэртэй блогчид байсан л даа. Охид голцуу иймэрхүү нэртэй байсан. Тэр үед л би өөртөө Артаньян гэж нэр авсан юм. Одоо бодоход арай богино  нэр авах ёстой байсан юм билээ. Гудамжинд явж байхад заримдаа хүмүүс Артаньян гээд  мангар чанга дуудна. Хүмүүс гайхаад, нүүр улаймаар шүү дээ. Балай нэртэй гар вэ гэж боддог байх. Зарим хүмүүс казак гэж боддог шиг байгаа юм. Гэхдээ ер нь бол манай Монголчууд  “Шадар гурван цэрэг”-ийн нэр гэдгийг  мэднэ л дээ.

Гамп бид хоёрын тухайд нэгнээ таньдаггүй байсан. Блогд нэгэн зэрэг л орсон юм байна лээ. Биднээс өмнө зөндөө олон блогчид байсан, блог хөгжөөд нэлээн хэдэн жил ч болсон. Харин бид хоёр 2007 оны дундуур орж ирээд, интернэтээр танилцаад, чатлаад найзууд болсон. Би тэгэхэд гадаадад байсан. Монголдоо 2012 онд ирсэн л дээ. Ирээд л бусад блогчидтойгоо танилцаж байсан. Нийтлэлч болсон тухайд Баабар дарга юм биччихдэг залуусын төлөөлөл хайж байсан юм билээ. Намайг гадаадад байхад  санал тавьсан. Чатаар санал тавихад нь би эхлээд итгээгүй “Чи Баабар биш байна” гэж байлаа. /инээв/  Тэгээд санал хүлээж аваад baabar.mn-д бичиж эхэлсэн юм. Миний хувьд маш том боломж олгосон хэрэг.

-Бат инженерийг 100 хоног хорихоор шийтгэсэн нь цахим ертөнцийнхнийг жаахан мохоогоод байна уу даа. Та дараахан нь  “цэвэрхэн” хий гэж бусдадаа хандан бичсэн байсан. Өөрөө мохоо байгаа юм биш үү? 

-Тэнд бичсэн юмнууд чинь угаасаа миний барьдаг үзэл баримтлал. Хүмүүсийн харилцаа, нийгэм маань эрүүл саруул байгаасай гэж би боддог. Мохоо санагдсан байж магад. Бат инженертэй холбоотой асуудлыг ажиглаж байхад өөрийнхөө бичсэн  таван зуу гаруй твийтийг хамгаалж чадаагүй гэж сонссон. Тэгэхлээр гүтгэлэг маягийн юм болж байгаа юм. Хэрвээ хамгаалж чадсан бол А.Гансүх сайд хэрэгтэн болох байсан. Гадны орнуудад бол энэ мэт асуудлыг зохицуулдаг хууль хангалттай байна  л даа. Манайд хараахан алга. Дэлхийн алдартай одууд, хөлбөмбөгчид твитрээр хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэг. Гэхдээ цагдаа, шүүх гэхээсээ тухайн хүний харьяалагддаг мэргэжлийн холбоод нь арга хэмжээ авдаг талаар би бичиж байсан. Ер нь тухайн твиттерчний цаана  хэн ч сууж байж болно. Жишээ нь, Ариунхишиг гэдэн твиттерчин байлаа гэхэд, хэн нэгнийг айхтар доромжиллоо гээд хэн гэдгийг нь мэдэхгүй учир хэнд ял оноох юм.

- Ингэхэд “Танхай эмээ”-гийн ард байдаг арваад хүний нэг нь таныг гэдэг юм билээ. Та нар гарч ирээд шагнал аваад байсан шүү дээ. Жинхэнэ ар нь бол Н.Алтанхуяг гээд л байдаг. Энэ талаар хариулт өгөөч?

-Ор тас худлаа. Шагналыг нь гарч  авсны хувьд өмнө нь  Танхай эмээтэй чатаар харилцсан байсан. Шагналд нь тэр утас өгсөн л дөө. Тэгээд тэр утаснаас болоод өөрийгөө илчлэх тийм Танхай эмээ байдаг юм уу.

-           Биш гэж хэлж байгаад шагналыг нь гардаж авсан нь мөн гэдгээ баталсан үйлдэл биш үү?

-           Надад  тийм билэг танхай авьяас байхгүй (инээв).  Танхай эмээ нэрний ард улстөр сонирхдог жирийн хүн байгаа байх. Надад бол тэгж улстөржих зав алга. Тэр хүний хувьд  ажлынхаа хажуугаар “Танхай эмээ”-гийн хувиар жиргэдэг хүн байж болно ш дээ.

-           Тэгвэл та  “Танхай эмээ”-гийн твийтүүдтэй хэр санал нийлдэг вэ?

-           Би зуун хувь санал нийлдэг. Миний бодлоор “Танхай эмээ” хэн нэгэн улстөрч биш...

-Та бүрэн дүүрэн хэлж чадаж байна уу?

-           Тийм. Би хийдэг юмнаас нь хараад хэлж байна. “Танхай эмээ” хэзээ ч хувийн асуудлаар, хариугаа авах гэсэн байдлаар бичдэггүй. Чи ажиглаад үзээрэй. Сайн сайхныг хүсэн мөрөөдөж, зорьж явдаг бусад залуусын адилаар. Илэрхийлэх хэлбэр нь өөр байж болно л доо. “Танхай эмээ” ганц нэг хүнийг солир энэ тэрээр нь дуудаад хараалын үг хэрэглэдэг байж болно. Миний хувьд тийм биш. Гэхдээ үзэл санаа адилхан байдаг.

-           Үзэл санааны хувьд нэг цэг дээр байдаг гэхээр ард нь байдаг хэдэн хүний нэг л юм биш үү гэж харахад хүргэж болно шүү дээ?

-Өөрсдөө л мэдэцгээ. Тэр чинь уг нь амархан ш дээ. Хэрвээ би “Танхай эмээ”-гийн ард байдаг байсан бол зуун хувь санал нийлдэг гээд яриад байвал их эрсдэлтэй шүү дээ.

        -Мэдээллийн технологи, цахим медиа талбар энэ цагт хүний биеэр бол судас шиг л чухал зүйл болоод байна л даа. Тэр судсаар ямар цус гүйх юм бэ гэдэг нь фэйсбүүк, твиттер, блог эрхэлж байгаа, сайт ажиллуулж байгаа хүмүүсийн менежмэнт, ур чадварын чөлөөт өрсөлдөөн гэж нийтлэлч Д.Болдхуяг хэлж байсан. Тэгвэл өөрөө энэ өрсөлдөөний хаана яваа бол?

 -Би өөрийнхөө байх ёстой хэм хэмжээ, стильдээ байхыг хүсэж байна л даа. Миний  хувьд зүгээр л залуу үеийн төлөөлөл болсон хүмүүсийн нэг.  Мэддэг, чаддаг зүйлээ бусдад үнэн зөвөөр түгээдэг хүмүүс олон бий. Сошиал медиад мал эмнэлэг, загас агнуур, аялал жуулчлал, зар сурталчилгаа гээд тухайн салбар мэргэшсэн чиглэлээрээ хүмүүст  мэдээлэл өгөөд явж байгаа хүмүүс их. Гэхдээ аль ч салбарыг барьдаггүй, чөлөөтэй хэрэглэгчид бүр илүү олон. Тэгээд тэд чинь нам, улс төр яриад эхлэхээр залуучууд хоорондоо хэрүүл тэмцэл болдог л доо. Бид бол тиймэрхүү хэрүүлээс зайлсхийдэг. Бидний санаж явах зүйлийн дотор нийгмээ эрүүл сайхан байлгах, эрүүл сэтгэлгээтэй залуучуудад үлгэр дууриалал үзүүлэх гэсэн санаа байх ёстой байх.

Эргэн тойрноо харъя л даа. Зүгээр сайхан байж байхад гудамжаар дуут дохиогоо хангинуулж давхиад, түгжрээ үүсгэх ч юм уу, эргээд нийгэмдээ сүүдэртэй тал бий болгоод байдаг энэ хандлага руу анхааръя. Аль болох эрүүл саруул сэтгэлгээг түгээх юм сан. Тэрнээс биш нийгэмд дэмий зүйл түгээж, уриалчих вий гэдгийг бас бодож л явдаг. Ганц үг бичихэд л тэр даруй  олон нийтэд хүрээд, шуугиан тариад байдаг хүмүүс ялангуяа үүнийг мартах ёсгүй.

-Сошиал талбарынхан мэргэшиж байгаа талаар та сая хэллээ. Тэгвэл таны тухайд нийгмийн сэтгэлгээний эрүүл мэнд тал руу анхаарч, “мэргэшиж” байна гэж харж болох уу?

-Би тэгчих юмсан, ингэчих юмсан гэж нэг их бодоод бичээд байдаггүй. Нийгэм маань, залуус маань эрүүл сэтгэлгээтэй байгаасай гэсэн үүднээс өөрт бодогдсон бодлоо л бусдад хуваалцдаг. Яагаад манайх Герман шиг тийм  гоё нийгэмтэй байж болохгүй байна вэ. Тэр ялгаа, шалтгааныг нь олж харах гээд эрэлхийлж явж байна. Гэхдээ бүр нэг тусгай ажил болгоод эрдэм шинжилгээний ажилтан шиг суугаад байна гэж юу байх вэ.

-Цахим талбарын идэвхтэй хэрэглэгчид нийгэм рүүгээ хандсан яриа өрнүүлнэ гэхээр яалт ч үгүй улстөр лүү ордог. Бүх зүйлийн учиг зангилаа улстөрд байна гэж ярьдаг. Энэ тогтсон хандлагыг та юу гэж харж байна вэ?

-Анх цахим ертөнцийнхөн ингэж их улс төрждөггүй байлаа. Цахим сүлжээ хөгжөөгүй байхад би нийтлэлч болж байсан. Тэр үед нийгмийн, дарга нарын харанхуй бүдүүлэг байр байдлыг харж бичдэг байсан. Дарга гэсэн том нэртэй болохоос биш яг үнэндээ жунглийн амьтан шинжээ гээгээгүй дарга нар олон байсан. Одоо ч  байсаар л байгаа. Ийм хүмүүсийг би шүүмжлэх дуртай, ер нь бол гоё сэдэв ч гардаг байсан юм. Хайр найргүй л шүүмжилье  гэж боддог байсан. Гэтэл одоо бүгдээрээ тийм боломжтой болчихсон. Тэгээд үзэн ядагдах ёстой тааралдсан газраа устгуулж байх ёстой дарга гэсэн тусгай анги байгаа юм шиг хардаг, тийм үзэл бодолтой  хүмүүс бий болчихсон юм шиг ойлголт төрүүлэхээр болчихоод байна. Хүн бүхэн улстөр ярьдаг болчихсон. Улаан галзуу шүлсээ үсэргээд аймаар дайрч байна л даа. Ингэхээр дахиад л болохоо байж байгаа юм. Тэгэхээр надад дарга нарыг хайр найргүй бичээд байх хүсэл бас багасч байна.

Надад нэг ухаантай хүн хэлж байсан. “Төр гэдэг чинь цаг, минут зогсохгүй явж байдаг. Явж байж улс орон оршин тогтнодог” гэж. Манай төр ч гэсэн түүгээрээ явж байгаа байхгүй юу. Хүн бүхэн л өмнөх ажлаа хийж байгаа. Төрийн ажил аль ч оронд тийм байдаг. Яг цагийн механизм шиг ажилладаг тэр тогтолцоо руу дөхчихсөн Герман, Япон зэрэг улсууд байна л даа. Гэтэл эдгээр орнуудын төр ч гэсэн иргэдийнхээ шүүмжлэлд өртөж байдаг. Гэхдээ ингэж үзэн ядаж, дайрч давшилж болохгүй. “Авлигач, муу хулгайч, дээрэмчин, дүүжилж албал таарна” гэж  хэн дуртай нь бичиж байдаг. Бүр олсоо бариад явж байдаг хүмүүс ч байх шиг санагддаг. Твиттерт ч, фэйсбүүкд ч байдаг. Энэ нь сэтгэцийн эмгэг юм даа. Өвчин гэх нь хаашаа юм. Хийрхэл маягтай болчихсон. Бас нөгөө талаас нь ярихад, тэр олс бариад  дарга нарыг алах шахаад байдаг хүмүүс цаанаа дарга болох нууцхан  хүсэлтэй байж байдаг. Дарга бол гэх юм бол бараг ихэнх нь татгалзахгүй. Яахав, тэр хүмүүсийг бусдыг хорлох, бусниулах зорилготой гэж би шууд хэлэхгүй. Гэхдээ тийм байж болзошгүй  санагддаг. Аймаар хар энергитэй. Алцгаая, шатаацгаая гэж бусдыгаа буруу юманд уриалдаг хүмүүс их байгаа. Энэ нь эргээд нийгэмдээ хортой болчихож байгаа юм.

Сошиал  медиаг  дагасан давуу талууд бий. Бүрэг ичимхий Монголчуудад үндэстний гэмээр юм уу, цаанаасаа  бие биетэйгээ нэгдэж, чөлөөтэй ярилцаж чаддаггүй байгалийн өгөгдөл байдаг. Харин сошиал медиа бидэнд өөрсдийгөө илэрхийлэх, илүү ойртох боломжийг олгож байна. Гэхдээ түрүүн хэлсэнчлэн бусдыгаа муу юманд уруу татагч хүмүүст нэгдэн нийлэх боломж  олгож  байгаа сөрөг талтай.

-Ингээд ярихаар чинь асуумаар санагдаж байна. Хэрэв 2008 оны долдугаар сарын 1-ний үймээн болсон тэр үед сошиал медиа өнөөгийнх шиг  их хөгжчихсөн байсан бол яах байсан бол. Долдугаар сарын 2-нд нь юу болох байсан бол?

-Хэрвээ ийм байсан бол хоёр дахь өдөр нь дахиад шинэ давалгаа гараад ирэхийг  хэн байг гэх вэ дээ. Хоёр дахь өдрөө үргэлжлэх байсан байх. Гэхдээ энэ хэзээ ч Монголд сайн юм авч ирэхгүй. Авлигач гээд хэдэн дарга нарын нэрийг зоож байгаад саарал ордноос гаргаж ирж байгаад бүгдийг нь буудаад алчихъя даа. Тэгэхээр төрийн механизм зогсох байхгүй юу. Дарга нар гэдэг чинь механизмын эрэг шураг. Тийм болохоор тэр дундаас сугалаад, сугалаад хаяж болдоггүй. Тэгсэн улс орон өөдөлсөн түүх нэг ч байхгүй байна шүү дээ. Зөндөө хувьсгалууд бий.  Нийтийн тархийг  угааж чаддаг алдартай уран илтгэгчид байна. Ард түмнээ тэр чигээр нь хамруулаад тархийг нь угааж  чадсан болохоор хувьсгал нь бүтчихсэн, аварга том механизмаар хөгжөөд явчихсан орнууд байна. Монгол жижиг улс болохоор аль болох дотооддоо асуудалгүй байх нь зөв болов уу. Би дарга нарыг өмөөрөөд тэднийг зүгээр орхи гэж байгаа юм огт биш. Зайлшгүй засаж залруулах ёстой, гэм буруугаа хүлээх үүрэгтэй хүмүүс байгаа. Гэхдээ  Сталин шиг шууд буудаад буудаад алж болохгүй. Системээр нь механизмаар нь янзлах л хэрэгтэй байхгүй юу. Жишээ аваад хэлье л дээ. Бид гурав өлсөж үхэх гэж байхад энэ ширээн дээр тахианы шарсан мөчнүүд тавьчихаад битгий гар хүрээрэй гээд яваад өглөө. Тэгэхэд яах уу. Өлсөж үхэх гэж байгаа юм чинь ядаж нэг нэг мөч авч идчихээд ясыг нь нууна. Тэгвэл манайд авлигачид гарч байгаа шалтгаан энэ. Тахиаг тэгж тавьж өгөх ёсгүй. Тавьсан ч хүрэхгүй харж байх ёстой гээд хуулинд заачихсан байдаг боловч цоорхой их байдаг. Тэгэхээр механизмыг нь бүрдүүлэхээс нааш авлигачид манайд байхгүй болно гэж үгүй.

Ах дүүгээ торддог. Албан тушаалаа урвуулдаг асуудлууд зогсохгүй. Хамгийн шударга юм ярьж, жагсаал хийж байгаа нөхдүүд дарга, даамал болсон ч энэ маягаар л явна.  Хүмүүс өлсөөд байгаа учраас тахианы мөчийг нуугаад ч болов идэх боломж нь байгаа тул ашиглана. Хорооны даргын нарийн бичгээс эхлээд хамгийн дээд талын дарга хүртэл шат шатаараа эрэг шургаараа тахианы мөч хуваагаад идээд байгаа биз. Тэгэхээр тахианы мөчийг нь нуух ёстой. Эсвэл бүр олны өмнө ил гаргах ёстой. Тэгвэл бусдын  нүдэн дээр авч идэж чадахгүй ш дээ. Тунгалаг төр, тунгалаг эдийн засаг гэж ярьдаг даа.

-Системийн гажуудлыг халахын тулд хууль эрхзүйн орчныг нь бүрдүүлэх ёстой. Гэтэл тээг саадыг давж гарах ёстой хуулийг босгож ирэх ёстой хууль тогтоогчид чинь нөгөөх л улайрчихсан хүмүүс биз дээ. Тэгэхээр зөв гарцыг яаж олох юм бэ?

-Би улстөрийн тогоонд чанагдсан хүн биш л дээ, мэдэмхийрэх яахав. Чиний хэлснээр бид яах аргагүй сөхрөөд, мухардчихаад байна л даа. Ийм үед ард түмэн  Путин шиг ч юм уу, хүчтэй гар хүсдэг юм шиг байна лээ, зөв ч юмуу буруу ч юм уу мэдэхгүй.  Энэ бол нэг л тал нь. Бид  саяхан “Мөрдөгч” гээд  киноны зохиол бичсэн. Тэгэхэд зарим хүмүүс хайран мөнгийг ингэж үрж байснаас хүүхдийн эмнэлэг баримаар юм гэж байсан. Би энэ киноны зарим ангийн  зохиол дээр ажилласны хувьд тодорхой хэмжээнд ажлын хөлс авсан. Хөлс авч хийсэндээ өмөөрч байгаа юм биш. Кино урлаг бол яалт ч үгүй хүчтэй зэвсэг. Хэн бүхэн л мэдэж байгаа. Ийм тийм хууль гарах нь, гарлаа гээд цаасан дээр жагсааж бичээд хүмүүс уншдаггүй. Сонирхож байгаа хүмүүс л уншина. Нийтээр уншдаггүй. Тийм ч учраас энэ киног бүтээж байгаа байх гэж бодож байна. Энэ кинонд зарсан хөрөнгө мөнгөнөөс  хэд дахин илүү үр ашиг нийгэмд наалдах байх. Лениний хэлсэн үг байна, “кино урлаг хамгийн хүчтэй” гэж. Коммунизмыг нураах ажлыг АНУ-ын гоё кинонуудыг ЗХУ-руу ихээр экспортлсоноос үүдэлтэй гэж бас ярьдаг шүү дээ. Тэгэхээр кино бол улс үндэстнийг нэгтгэх, нэгэн зориолготой болгоход хамгийн их ач холбогдолтой.

-           “Мөрдөгч” кино хэдэн саяар боссон юм бол?

-           Би нарийн мэдэхгүй. Ямарч байсан зорилгодоо хүрсэн сайн кино болсон байна гэж  дотроо баяртай л байгаа.

- Өөрөө ер нь Ардчилсан намд элэгтэй юм аа даа?

- Үзэл санааны хувьд  зөв гэж хардаг байсан. Одоо бол нам гэхээсээ илүүтэй аль нэг хүний гаргасан зөв шийдвэрийг дэмждэг. Тэр даргын баг тийм шийдвэр гаргалаа, тийм үр дүн дагуулах нь дээ гэдэг ч юм уу. Аль ч намынх байж болно шүү дээ. Хуучин нэрээрээ МАХН бол  төрийн эрхийг илүү удаан хугацаанд барьчихсан,  залуучуудын нүдэнд хуучинсаг харагддаг байсан. Ардчилсан нам түүний эсрэг байсан. Гарлаа гэхэд байнга засаг нь огцроод  өрөвдөлтэй байлаа л даа. Тэр утгаараа ч тэр үү бүгдийн талархлыг хүлээдэг байсан.

-Тэгвэл сүүлийн хоёр жил ч тараа таниулаад байна уу гэмээр муу нэртэй байна даа? 

- Гадуур шог яриа гарсан байна шүү дээ. Аялал жуулчлалын яамтай болсон чинь аялал жуулчлал нь уначихлаа. Уул уурхайн яамтай болсон чинь уул уурхай нь уначихлаа. Эдийн засгийн яамтай болсон чинь эдийн засаг нь байхгүй болчихлоо гэж  яриад байна.  Би юугаа мэдэх вэ.  Хөгширч байгаад л анализ хийж оролдоно уу гэхээс биш одоо бол амьдралаа авч явах гээд зав ч алга. Гэхдээ засгийг огцруулж бужигнуулах нь нийгэмд, бизнес эрхэлж байгаа хүмүүст маш их хортой. Ахиад бүгдийг эхнээс нь хийх болно. Гадаадын хөрөнгө оруулагчид ч цөхрөнгөө барна шүү дээ.

Та одоо хэдтэй юм бэ?

- Би 36-тай.  Улстөр ярихад бол  хамаагүй залуу байгаа биз дээ. Манайд л хорин хэдтэй хүүхдүүд улстөр яриад байдаг болохоос биш. Би өөрийгөө болоогүй байна гэж боддогоос гадна тийм юм их хүсээд байдаггүй. Намайг хүн шоолно шүү дээ. Надад өөр хийх ажил зөндөө байна. Гэхдээ би бидний амьдралд муугаар шууд юмуу шууд бусаар нөлөөлөхөөр харагдаж байгаа үзэгдлийг шүүмжилдэг. Тэгээд яалт ч үгүй улстөрийн сэдэв рүү ороод байгаа юм. Дарга бол дарга, нас тогтсон уу тогтсон, мөнгөтэй юу мөнгөтэй, энд тэнд сургууль төгсчихсөн, гэтэл хүн нь шал зэрлэг түүхийгээрээ хүмүүс байна.  Олон зуун мянган хүний асуудлыг шийдэж өгнө гэж амлаж, гарч албан тушаалд суусан тийм хүмүүсийг харахад үнэхээр харамсалтай,  өмнөөс нь ичмээр байдаг. 

Тийм хүмүүсийг шууд нэрлээч?

- Би нэрлэсэн нэрлээгүй үйлдлүүдээс нь харагдаж байгаа байх. Ер нь нам, улстөр гэж  их мэдэмхийрч бичдэг хүмүүс байдаг. Би  мэдэмхийрч бичихээс жийрхдэг.

-Gump та хоёрыг нийтлэлээ бичихдээ аялгуут сайхан Монгол хэлэнд харш хандаад байна гэх шүүмж байдаг.  Залуус, хүүхдүүдэд буруу үлгэр үзүүллээ гээд байдаг. Хэлний “алуурчин” ч бил үү. Тийм маягаар хэлсэн хүмүүс ч байх юм билээ?

- Нэгдүгээрт,  би арван жилийн хүүхдүүдэд зориулж хэзээ ч бичдэггүй. Ойлгох ч үгүй байх. Энэ юу солиороод байна гэх байх. Хоёрдугаарт, би яг аялгуут сайхан монгол хэлээр бичдэг. Харин кирилл бичгийн дүрэм барьдаггүй. Монгол хэл, кирилл  бичиг гэдэг чинь хоёр өөр ойлголт. Миний бичсэнийг ойлгохгүй байвал харин ч  зөвхөн бичгийн монгол хэлтэй гадаад хүн байж болох юм. Монгол хүн л бол бүгдээрээ ойлгоно. Энэ чинь  аялгуут сайхан монгол хэл байгаа биз дээ. “Тэгсэн байдгийм байна” гэж ингэж л ярьдаг биз дээ. Ер нь аль ч улсад л ийм байдаг. Жишээ нь Орост Братство гэдгийг Брацтво, Осёл гэдгийг Асёл гэж бичдэг бүтэн сайт байна шүү дээ. Бүр энэ маягаар дагнаж бичдэг Австри, Германы яруу найрагч хүртэл байна. Тэр хүмүүсийг ч гэсэн эсэргүүцдэг хүмүүс бий. Орос хэлийг аллаа, Герман хэлийг аллаа гэдэг ч юмуу. Тэгэхээр энэ бол хаана ч байж л байдаг үзэгдэл. Би үүнд тэгж их эмзэглэдэггүй. Монгол хэлийг гутааж байна гэж  ерөөсөө боддоггүй.

-Гадаадад байсан гэсэн. Яг хаана байсан юм бэ. Сурч боловсроод ирсэн үү? 

- Австрид зургаан жил болоод ирсэн.  Венийн Эдийн засгийн их сургууль гэж байдаг юм. Тэнд сурч байгаад сургуулиа хаяад ирсэн. Хэлний сургуулиа дүүргээд, тэр их сургуульд ороод хичээлээ сонгоод захаас нь  хаалгаад овоо амжилттай явж байв.  Би хажуугаар нь ажил хийдэг байсан юм. Тэгээд бодсон чинь би тэр сургуулийг төгстөл дор хаяж найман жил болох юм байна гэсэн бодол орж ирсэн. Ажил хийхгүйгээр сургуулиа хурдан хугацаанд төгсөж болно л доо. Надад тийм  боломж байгаагүй учир сургуулиа орхисон. Насаа бодсон чинь бараг дөч гарах гээд байдаг. Монголдоо л амьдарч, ажил төрлөө олох хүсэлтэй хүн чинь тэр хойно ирээд юу хийх билээ. Өтөл болтлоо сураад, дарга болно гэсэн тооцоотой ирчихсэн, тэгээд дарга болгож өгдөггүйгээс болж бөөн хэрүүл дэгдээсэн нөхөд байж л байна шүү дээ.

Тэгээд зөвдсөн байна уу?

- Одоо харамсана гэдэг утгагүй. Харамссан ч гэсэн мартах хэрэгтэй.

Одоо ямар кинон  дээр ажиллаж байгаа гэлээ. Кинонд их дуртай гэсэн байх аа?

- Миний туйлын хүсэл сайхан кино хийх. Би өмнө нь  хэд хэдэн киног шүүмжилчихсэн юмаа. Тэгсэн яг өөрөө кино хийгээд ирсэн чинь, “нөгөө том баадаг гарын кино ямар байдийн” гэх хүмүүс гарна гээд хэрэггүй шүүмжилжээ гэж бодож байгаа (инээв). Ямар ч байсан одоогоор хоёр киноны зохиол бичээд байна.

“Хувь тавилангийн ээдрээ”-г улстөрийн намын захиалгатай кино гэх яриа бас гараад л байсан? 

- Ёстой тийм юм байхгүй. Үзэл бодол нийлдэг залуучууд бизнесийн хувиар хийсэн гэж болно. Зохиолын хувьд гэвэл нийгмийг хордуулдаг үзэгдлүүдээс гаргахыг хичээсэн. Жишээ нь улстөр, бизнесийнхэний бохир бүлэглэлүүд байж байдаг. Хууль бусаар тендер  авдаг ч юмуу. За тэгээд нийгмээ харахаар залуус нь архидалт, хөнгөн хийсвэр явдлаар хавтгайрчихсан, бөө энэ  тэр гээд дүүрчихсэн байгаа юм. Оюутны холбоо гээд хар залуугаараа даргын хэнхэг суусан даргын өвчин тусчихсан хүмүүсийг ч гаргасан. Эдгээр асуудлуудыг тусгаж хийхийг зорьсон. Энэ нь зарим хүмүүсийн дургүйг хүргэсэн байх. Тэгээд л улстөртэй холбосон байх.  Түүнд заавал хариулт өгөх шаардлага байхгүй. “Хувь тавилангийн ээдрээ”  60 анги болсон. Би бол часхийсэн 20 юмуу 30 анги болох байсан гэж боддог. Сериалын  онцлог нь олон ангидаа байна л даа. Дэлхийн сүүлийн үеийн олон ангит киноны хөгжил маш мундаг байна.  Манайхан хөл нийлүүлэхгүй бол болохгүй.

Манай тухайд дөнгөж өөрийн гэсэн сериалуудтай болж байна.  Олон жилийн өмнө хийгдсэн “Эзэнгүй айл” ,”Мөрөөдлийн хөлөг онгоц” гэж  хөөрхөн хоёр кино байдаг.  Тэр хоёр киноноос хойш нэлээд тасарч байгаад одоо гарч ирж байна л даа. Монгол контентоо хөгжүүлье, гадныхыг шахъя гэж байгаа. Тэгэхгүй бол Солонгос руу маш их мөнгө урсаж байна. Хайран мөнгө шүү дээ. Тэгээд баахан нарийхан өмдтэй залуустай боллоо гээд л  шүүмжлээд байна ш дээ.

Ер нь нийгмийн болон залуучуудын сэтгэлгээнд байгаа дутуу гучуу асуудлуудыг цэгцлэх тал дээр юу хийх ёстой юм бол?

- Би санаагаа л хэлье. Одоогийн залуус моод, хэлбэр  хөөж туйлширдаг зантай болчихсон. Хийх ажил нь бага байна л даа. 2011 онд Монгол Улс эдийн засгийн өсөлтөөрөө бараг рекорд тогтоож,  Монголчууд сайхан амьдарч болох юм байна гэдгийг хаа хаанаа ухаарсан. Өмнө нь бол тэрийг тэгж биеэрээ амсаагүй. Ерэн он гарч байхад ямар аймаар байсан гээч. Бүх юм хар бараан байсан шүү дээ. Гэтэл одоо өөр байна. Жишээ хэлье л дээ. Бид Taste it гээд хоолны групптэй. Группынхаа цугларалтыг  хийх гээд Нарантуул захаас  хормогч, малгай хайгаад ортол зах их намуухан байна. Хүмүүс их тайван байна.  Урьд нь тийм байгаагүй. Нарантуулын хашаа руу ойртоход л бөөн хэрүүл угтдаг байсан. Нохой, гахай, ална тална гээд шүлс нусаа хаяад л аймаар байсан. Бараа таваараа сайн хямгатай харж байхгүй л бол аваад л зугтдаг, тийм л байсан. Гэтэл одоо бол тийм байхаа больчихсон байна лээ. Тайван, намуухан орчинтой болж. Наймаачид бараагаа дэлгэчихээд тайван сууж байна. Өөр тийшээ харангуут хулгайлах гэхээ больсон байна шүү дээ. Энэ нь эдийн засгийн хөгжлөө дагаад, хүмүүсийн сэтгэлзүй өөрчлөгдөж байгааг илэрхийлж байна л даа. Хүн гэдэг амьтан үргэлж сайн сайхан руу тэмүүлдэг  болохоор эдийн засаг өсөхийн хэрээр хүмүүсийн ухамсар дагаж сэргэсэн ажиглагдаж байна. Үүнд бас манай спортынхны амжилт нөлөөлсөн. Өмнө нь манайх медаль авах юмсан гэдэг байсан бол одоо алт авсангүй гээд бараг гоморхоод байгаа юм биш үү.

Тэр ашигт малтмалт энэ тэр хариуцсан мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар манай эдийн засаг өсөх боломж дахиад байгаа гэдэг. Ирээдүй байна гэж ярьдаг. Тэрэнд ч би итгэдэг. Хэний ч өмнө нүүр улайхгүй сайхан орны сайн иргэн байхыг хүн бүхэн л хүсдэг байх. Одоо бол  мөнгөгүй болчихсон харагдаж байна л даа. Гэхдээ  сэргэлт ажиглагдаж байна гээд үзэж байгаагаа мэргэжилтнүүд хэлж байна. Нийгмээрээ нийтээрээ хар бараан зүйл рүүгээ эргээд орохыг хүсэхгүй байгаа байхгүй юу. Нэг зүйлийг хэлэхэд монголд хар ажил хийдэг хүн байхгүй болчихсон. Би  сарын өмнө нэг зураг тавиад 200 гаруй твийт авсан. Тэр зураг дээр барилга барьж байгаа хашааны гадна талд хоёр монгол залуу согтуу суучихсан. Тэр барилгыг голцуу хятадууд цөөн тооны монгол хүмүүстэй хамт  барьж байгаа юм. Хятадууд тэнд ажиллаад мөнгө хийгээд нутаг руугаа явах гэж байна. Гэтэл хэдхэн мм төмөр хашааны нөгөө талд нь согтуу монгол залуучууд архи уугаад сууж байдаг. Энэ нь хэтэрхий бэлэнчлэх сэтгэлгээтэй болоход хүргэсэн улстөрийн харалган шийдвэрүүдийн нөлөө байх л даа.

- Халамжийн бодлого хэтэрсэн гэж та хэлж байна уу?

- Науру улсын тухай сая нэлээд мэдээллүүд гарлаа л даа. Хүн ам цөөхөн энэ улс байгалийн баялагаа зараад цөм баяжсан. Ажил хийдэг хүн нэг ч байхгүй. Бүгд л тэтгэвэр тэтгэмжээрээ диваажинд байгаа юм шиг амьдардаг байж. Гэтэл нөгөө баялаг нь дуусаад, тэр улс хүнд байдалтай болчихож байгаа юм. Тэр талаар сошиал медиа дээр гаргахад хүмүүсийн бичиж байгаа сэтгэгдлийн нийтлэг  хандлага анхаарал татаж байсан. Юу гэхээр  “манай тэнэг авлигач дарга нар биднийг ийм байдал руу оруулах гээд байна” гэж байгаа байхгүй юу. Улсаас бөөн мөнгө авч амьдрах сонирхол хүмүүст их байна. Гуравхан сая хүнийг сайхан амьдруулж чадахгүй гээд хараагаад байгаа хүмүүсийн санааг би ойлгох шиг болсон. Татварын тодорхой нөхцөл, бизнесийг дэмжих тал дээр юм хүсээд гурван сая хүнээ сайхан амьдруулж чадахгүй новшнууд гэж байгаа юм байхдаа гэсэн чинь зүгээр мөнгө өгөхгүй байна гэсэн үүднээс харж, бухимдсан  хэсэг байгааг хараад үнэхээр гутармаар санагдсан л даа. Нийгэмд ийм савлагаатай хэсэг бий болчихож байгаа юм. Нэг хэсэг нь тодорхой ойлголт байхгүй, төр бидэнд мөнгө өгөхгүй байна гээд хараагаад сууж байдаг. Нөгөө хэсэг нь энийг тэрийг жаахан өөрчилчих юмсан, ингэчих юмсан гээд сууж байдаг. Энэ хооронд  зөндөө зай байдаг. Харамсалтай нь нийгмийн тийм харанхуй хэсэг их байна  л даа. Популистууд тэрэн дээр дөрөөлж гарч ирдэг. Манайд популист дарга нар байдаг. Популист улстөрчид миний хамгийн их үзэн яддаг хүмүүс. Тэд Монголын улстөрөөс байхгүй болох ёстой.

-Та ингэхэд  хотын захын гэр хороолол дахь хүнд хэцүү амьдарч буй хүмүүсийн амьдралыг зорьж очиж харж байсан уу?

- Бүр нэг ажил болгож очиж үзээгүй ч гэсэн дайраад гарах үе байлгүй яахав. Гэр хороололд тов хийсэн амьдралтай айл байна. Би хоол хийх сонирхолтой хүн болохоор ногоо тарьдаг өвөрмонгол айлаас ногоо авах гээд очсон юм. Тэгсэн тэр айл хашаагаа ямар ч үнэ мөнгө төлөлгүйгээр  хайрга өрөөд шар шавраар барьчихсан байсан. Гэтэл хажуухан талын айл нь хашаа ч үгүй гэрээ барьчихсан төр засгийг зүхээд сууж байдаг. Уг нь тэр хоёр айлын хүмүүс адилхан л гар хөлтэй хүмүүс харагдсан.

-Хоол хийх хоббитой гэсэн. Танай хоолны групп нэлээд олон гишүүнтэй байх аа?

- Нэг их олон биш ч чанартай гэж боддог. 30 мянга шахаж байгаа байх. Манай группт нэг хууль үйлчилдэг. Ямар ч пост дээр хэрэлдэхгүй гэсэн хууль үйлчилнэ. Ийм л ганц хуультай шүү гэж гишүүдээс гуйдаг. Манайхан ч хүлээн зөвшөөрдөг.

Эрэгтэй хүмүүс хоол хийх тал дээр илүү мэдрэмжтэй байдаг юм биш үү. Та хоол хийх дуртай гэхээр гэр бүлийн тань хүн хэзээ нь хоолоо хийх вэ?

- Эмэгтэй хүмүүс хоол хийхийн  хажуугаар маш олон ажил толгойд нь зэрэг бодогдож байдаг байх. Хүүхдээ харах, нөхрийнхөө цамцыг индүүдэх гэхчлэн олон асуудлын хажуугаар хоолоо хийнэ. Гал тогоогоо бохир заваан болгохгүйгээ ч бас бодно. Харин эрчүүд гал тогоогоо дэлбэлчихсэн ч тоохгүй ш дээ. Энэ талаараа хоол хийхдээ ялгаатай ханддаг байх. Манай эхнэр хоол хийлгүй яахав. Би зав чөлөөтэй үедээ л хийдэг. Байнга хоол хийгээд байдаггүй.

- Та аав ээжийнхээ талаар ярихгүй юу?

- Манайхан Хөвсгөлийн Цагаан-Үүр сумын буриадууд. Аав маань байдаггүй. Ээж тэтгэвэрт. Манай ах дүү нарын тал нь  Орост, хилийн цаана Закаменьск тосгонд байдаг. Улаан-үдэд ч зөндөө л байна.

- Хилийн цаана байгаа ах дүүстэйгээ хэр уулзалддаг вэ?

-  Хоёр гурван жилдээ нэг уулздаг. Тэд  ирдэг юм. Манай үеэлүүд юм л даа. Буцахдаа уйлаад л, сэтгэл нь их хоргоддог юм шиг байна лээ. Тэр нь хэцүү санагддаг. Явах болохоор бөөн уйлаан майлаан болдог ш дээ. Тэврэлдээд салахгүй. Маш их хоргоддог. Бид бол яах вэ дээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол туургатнуудаа эргүүлэн дуудах ёстой гэж нэг мэдэгдсэн дээ. Гэтэл энд байгаа Монголчуудын амьдрал сайнгүй байхад нэмж тэднийг авчраад олон асуудал үүсэх байх л даа. Энэ тал дээр таны бодол ямар байна?

- Боломжийг нь бүрдүүлээд өгчихвөл тэд бүгд ирнэ шүү дээ. Энд амьдрах нөхцөл нь бүрдээгүй болохоор тэр хүмүүсийг авчирж зовоох хэрэггүй байх гэж боддог. Хамаатан садангууд маань энд ирлээ гэхэд би бол тэтгээд, харж хандаад явахыг хүснэ. Гэвч тэд  надаас өөр хүмүүстэй харилцана. Аягүй бол гадуурхана. Угаасаа тэнд ажиллаж амьдраад тэндээ уг үндсээ тарьчихсан болохоор энд амьдрах хэцүү. Монгол супер хөгжчих юм бол хүссэн хүсээгүй бүгд ирнэ шүү дээ.

-Та ер нь одоо юунд хамгийн их зорьж, тэмүүлж явна вэ?

-Өнөөдрийн байдлаар би янзын гоё кинотой болохыг л хүсч ажиллаж байна. Киногоороо алдаршсан найруулагчид байдаг. Тэрэн шиг энэ киног Артгаа эднүүс хийсэн, Артгаагийн багийнхан хийсэн гэж харахаар тийм гоё уран бүтээлтэй болъё гэж хүсч  явдаг.  Мөнгө, урлаг хоёр хэзээ ч нэгдэж чадахгүй гэж хүмүүс ярьдаг. Мөнгөний кино хийвэл тэр урлаг биш гэж ярьдаг. Энэ үнэн л дээ. Гэхдээ мөнгө, урлаг хоёрыг нэг саванд ойртуулахыг хичээж байгаа.  Мөнгө олох  кино  хийе. Гэхдээ үнэхээр гоё кино хийе. Тэгээд хийж чадахгүй бол нөгөө кино яриад байдаг Артгаа  онигоо болно. Тэгээд өөр юм хийх байх. Тийм болохоор манай баг саяхан нэгдээд “Дот” гэж  продакшнтай боллоо. Кино болон өөр бусад зүйлүүдийг ч хийхийг зорьж байгаа. Чөлөөт цагт зориулсан элдэв нэвтрүүлгийн санааг хэрэгжүүлж эхэлсэн. Удахгүй интернэтэд тавигдана. ТВ сувгийг бодвол интернэтэд хэд дахин илүү олон үзэгч байна шүү дээ.

Цаг заваа гаргаж ярилцсанд баярлалаа.

Э.Болор 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (6)

  • Зочин
    uacan obortoi um be ter uria ter gadaad bdal 40 garcan gemeer
    2016 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин
    Одооний залуучууд жаахан даруулгатай баймаар юм, энэ хүүхэд өөрийгөө юун их магтдаг юм дээ
    2016 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин
    Mungu awch yanhan niitlel bichdeg garuud sh dee
    2014 оны 12 сарын 04 | Хариулах
  • kkkk
    hehe chi zugeer kinogoo l hiij chadval ih yum doo....darga nariig doloodog garuudiin neg shdee...yalsaniih n l tald orno gejugaa...bas baabariin huruunii bicheech...hehehe yu ch gemeer yum dee.... iim zaluus tsoon baih boltugai gej husdeg shdee bi lav
    2014 оны 11 сарын 08 | Хариулах
  • Би
    Өөрийнхөө тухай юун ч сүржин юм нийтлээв дээ
    2014 оны 10 сарын 25 | Хариулах
  • Хүн
    Хог хаяж болохгүй гэж зурагтаар ярьж байхыг нь сонссон. Бас хог хаяж байгаа хүнд шаардлага тавьж байгаагүй гэж тэр нэвтрүүлгээр хэлж байхыг нь сонссон. Тэгээд худлаа бичдэг л хүн байна гэдгийг чинь мэдсэн.
    2014 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин
    mundag zaluu shuu
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025