Хотын дарга Э.Бат-Үүл өнөөдөр мэдэгдэл гаргаж, АН-ын дарга Н.Алтанхуяг нарын үйлдлийг эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр мэдэгдэлдээ “АН-ын дарга Н.Алтанхуяг 2014 оны 10 сарын 18-ны өдөр МАХН-ын даргатай хамтран ажиллах гэрээ байгуулсныг Нийслэлийн АН-ын гишүүд, дэмжигчид цочирдон хүлээн авлаа. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан энэхүү гэрээг Засгийн газарт хамтарч байгаа “Шударга ёс” эвсэлтэй байгуулсан мэтээр ойлгуулахыг улайран зүтгэсэн боловч ачир дээрээ МАХН-тай далдуур улстөрийн тохиролцоог хийжээ гэж дүгнэхээр байна. Энэхүү тохиролцоог намынхаа дүрмийг санаатайгаар зөрчиж жирийн гишүүд дэмжигчдээсээ нуух замаар хийсэн нь улс төрийн ёс зүйтэй алхам бус цэвэр хуйвалдааны шинжтэй үйлдэл юм” хэмээн бичжээ.

Мөн “...Хэсэг бүлэг хүний дүрэмгүй тоглолт, хуйвалдааны улстөрийг даруй зогсоож, намын дотоод эв нэгдэл, гишүүдийн эрх ашигт харшилсан бусармаг гэрээг даруй цуцалж, гэрээ байгуулсан этгээдтэй хариуцлага тооцохыг ҮЗХ-ны хурлаар шаардаж байна.” гэсэн байна.
П.Урнаа
Сэтгэгдэл байхгүй байна