Тэр хэдхэн өдрийн өмнө сайдын суудлаас буусан. Тэгэхдээ энэ бол түүний улстөрийн карьерын уналт биш. Харин дээвэр дор нь төдийгөөс өдийг хүртэл явж ирсэн АН-ынх нь хэтээ харсан алхмуудын нэг юм. Тэгээд дараа нь юу болж байгааг Норовын хүү хэнтэй эвсэж зогссоныг нийтээрээ харсан тул энэ тал дээр илүүг нуршаад яах вэ. Гранд педиа: Лувсанвандангийн Болдын тухай хүргэж байгааг хүлээн авна уу.
Тэр ууган, харин лидер үү?
Монголын сэргэн мандлын үеийн буюу бараг анхны үеийн сэхээтнүүдийн хүүхдүүд 40 мянгатын шороон дээр бужигналдаж өссөн гэдгээ нэг тийм бахархалтайяа ярьдаг юм. Л.Болд ч бас тэгдэг юм билээ. Хоёр нүүртэй байх, хоёр мөн чанартай байх энэ тэрийг чинь багаас нь үзэж чадахгүй болгосон тийм л “алтан” үеийн хүүхдүүдийн нэг гэж өөрийгөө хэлдэг. Гэхдээ бас олон хүүхэдтэй залуу гэр бүл ядуу тарчиг цаг үед ямар байдаг вэ, тэр л жамаар бид өсөцгөөсөн хэмээн хэлсэн нь ч байх. Түүнийг айлын ууган хүү гэдгийг өмнө нь энд тэндээс уншиж л байсан удаатай. Харин тухайлаад түүний талаар бичихдээ айлын ууган хүүхдийн бусад хүүхдүүдээс ялгарах тал, өгөгдөл нь ер нь юу байдаг вэ гэдгийг ултай үндэстэй нэг сонирхоод үзье гэж бодсон юм. Тэгээд уншлаа.
Тэгсэн “Төрсөн дарааллын онол” –ын төлөөлөгчдийн нэг М.Херманн дэлхийн II дайнаас хойшхи янз бүрийн улс орны 46 лидерийг хамруулсан судалгаа хийж, тэдний гэр бүл дэх төрсөн дараалал нь зан үйл, карьерт нь хэрхэн нөлөөлснийг тодорхой шалгууруудаар гаргасан байдаг аж. Түүнчлэн удаах хүүхэд гарах хүртэл ууган хүүхэд эцэг, эхийн онцгой хайр халамжинд өсдөг бөгөөд тухайн гэр бүл дэх зарчим, дэг жаяг, уламжлал зэргийг бусад хүүхэдтэй харьцуулбал илүүтэй ихээр өвлөн авдаг учраас гол төлөв консерватив үзэл бодолтой болон төлөвшдөг. Харин удаах хүүхэд гарснаар эцэг, эхийн зүгээс тавьж байсан анхаарал халамж сулардаг учраас ууган хүүхэд насан туршид энэхүү алдагдсан байр сууриа эргүүлэн авахыг оролддог, манлайлагч хэвээр байхыг эрмэлздэг. Тийм учраас эрх мэдэлд тэмүүлэх хэрэгцээ өндөртэй хүмүүс болдог гэсэн байна. Ууган хүүхдийг төрөх үед эцэг, эх нь гол төлөв залуу байдаг учраас залуу насны эрч хүч, сэтгэл хөөрлийн шинж ууган хүүхдэд мөн хадгалагдан үлддэгийн зэрэгцээ оюун ухааны чадварын хувьд харьцангуй өндөр байдаг гэжээ. Ууган хүүхдээс төрсөн лидерүүдээс дурдвал гадаадаас Т. Жефферсон, Х. Трумен, Ж.Картер, У.Черчиль гэхчлэн нэрлэгдэх бол манайхаас Д.Сүхбаатар, Ю.Цэдэнбал, П.Очирбат, Н.Энхбаяр, Б.Эрдэнэбат, Р.Амаржаргал гэхчлэн нэлээд урт жагсаалт гарахаар байна. Мэдээж өнөөдрийн “Гранд педиа”-гийн онцлох хүн Лувсанвандангийн Болд тэдний нэг.
Яахав, эрдэмтдийн судалгаанд бүрэн дүүрэн итгэх алба шаардлага бидний хэнбугайд ч байхгүй л дээ. Тиймээс Л.Болд өөрөө хүүхэд насаа хэрхэн дурссаныг тодотгон хүргэх нь зохистой биз.Монголын тэргүүн баячуудын нэг тэрбээр “Балчир хүүхдийн дурсамж онцлох зүйлээр цөөн байдаг нь ойлгомжтой. Аав маань ихэнх цагаа ажилдаа зориулдаг хүн байсан. Намайг ухаан орох үед чинь манайхан Болдхуягаас бусад нь төрчихсөн байсан. Бид эхээс зургуулаа... Нэг нь өвдөхөөр бүгд дагаж өвдөөд л. Ихэнх айлын гэр ч тэр үед эмнэлэг маягийн л юм байсан байх аа. Нэг сайхан дурсамж гэвэл намайг төрөхөд аав Москвад цол хамгаалж байсан. Тэгээд нэг их сайхан үгтэй захиа бичиж, миний нэрийг өгсөн юм гэнэ лээ. Ээж сүүлд надад тэр захиагаа өгч би ч их нандигнан хадгалж явдаг. Сүүлд оюутан болоход надад бас нэг захиа бичсэн. Тэр нь миний амьдрал, амьдралын байр суурийг орвонгоор нь эргүүлсэн. Би хүүхэд биш болсон гэдгээ нэг мөр ойлгосон. Ер нь миний амьдралд хамгийн том багш бол миний аав байсан... Хүмүүс аавыг хэл бичгийн эрдэмтэн, гоо зүйн шинжлэх ухааныг Монголд үндэслэгч, төр нийгмийн зүтгэлтэн, нэртэй удирдагч, багш соён гэгээрүүлэгч, орчуулгын мастер гэдгийг бүтээл туурвил, нийтлэг ойлголтоос нь тэртэй тэргүй сайн мэддэг. Аав маань их хөдөлмөрч, нөхөрлөлдөө үнэнч, ард түмэндээ хайртай, дарлагчдад найраагүй хүн байсан. Тэгээд биеэ их сайхан авч явна. Гэртээ бол ном цаасанд харин эргэлт буцалтгүй дарагдсан орчинд амьдарч өнгөрөөсөн дөө. Юм бичихгүй, цаас шагайхгүй цаг мөч цөөхөн. Гэсэн ч үе үе найр наадамд юмуу аян замд, найз нөхдөдөө шахагдаад ирэхэд, шаардлага гарвал үнэхээр сайхан дуулдаг, залуу насандаа онгод орвол чамгүй сайхан шүлэг, найраглал тэмдэглэчихдэг, зураг зурахдаа ч хоосонгүй, сэтгүүл зүйд ч бас бяраа үзчихдэг хүн байсан хэмээн дурсан ярьсан нь бий. Тэгэхээр ийм л сайхан ааваараа үлгэр хийн төдийгөөс өдийг хүрсэн байх нь.
Урагшилсан, дэвжсэн
Л.Болд 1979 онд 23-р дунд сургуулийг төгсөөд Зүүн Германы Бернаугийн Үйлдвэрчний Эвлэлийн Хөдөлмөрийн Дээд Сургуульд элсэн орж, 1983 онд дүүргэсэн байдаг. Амьдралыг нь орвонгоор эргүүлсэн захиаг тэр л жилүүдийн нэгэнд хүлээн авсан байж таарна. Хариуцлагатай, ёсзүйтэй байхыг эрхэмлэдэг оронд оюутан насаа өнгөрүүлэн, үдсэн тэр буцаж ирээд Багануурт хуваарилагдсан байдаг. Хагас жил тэнд байсан хоёр шалтгаан байж. Нэг нь тухайн үед гадаадад төгсч ирсэн залуучуудыг Үйлдвэрчний байгууллага угаасаа хөдөө аль нэг газар зургаан сар ажиллуулдаг тийм журам байсан учраас өөрөө хаана очихоо сонгох зам байж. Тэгээд тэр Багануурыг сонгож явсан гэдэг. Харин Багануурынхаа зургаан сарыг дуусгаад буцаад хот руу ороод ирсэн чинь дахиад хөдөө барилга дээр гаргачихсан тул барилгачин болж нэлээд явсны дараагаар бусад боломжууд түүний өмнө сая нэг гарч ирсэн гэдэг. Тэгээд Монголын оюутны холбооны тэргүүнээр ажиллаж байхдаа ардчиллын төлөөх үйл хэрэгт оюутан залуусыг удирдан оролцож, улмаар АИХ-ын депутат, Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдож байсан, шинэ үндсэн хуулийг батлалцсан түүх бий ч, түүнийг бизнесийн салбарт “торниж”, улстөрд орсон гэх нь илүү үндэслэлтэй. Тэгэхээр тэр талаас нь бичих үгс байна.
Л.Болд эрхмийн аав Соёлын яамны сайдаар ажиллаж байсан нэрт эрдэмтэн С.Лувсанвандан агсан зах зээлийн шинэ нийгэм монголд бүрэлдэн эхэлсэн 1990 онд “Бодь” хоршоог байгуулж байж. Улмаар, аав ээжийнхээ байгуулсан хоршоог хоёр хүү нь найзуудтайгаа нийлэн өргөжүүлж “Бодь интернэшнл” компани болгохдоо Германаас санхүүгийн дэмжлэг авсан байдаг. Тэдний бизнес өргөжсөн үүх түүхийг харж байхад Л.Болдын санал санаачлага нэлээд жин дарж байсан нь харагддаг. Тухайлбал, “Бодь интернэшнл” компаниа байгуулчихаад хагас жил орчим худалдаа хийж овоохон хөрөнгөжсөний дараа “Бид дан ганц ийм наймаа хиймээргүй байна. Ирээдүйг одооноос харах ёстой. Ер нь оюун ухаанаа л ашиглаж хөдлөх хэрэгтэй” хэлсэн нь Л.Болд байж. Энэ тухай “Монголын авьяаслаг бизнесменүүдийн нууц” номонд өгүүлсэн нь бий.
Харин тэр өөрөө бизнест хөл тавьсан үеэ дурсахдаа “-Мэдээллийн технологи, компьютерийн бизнесээс эхэлсэн. Надад мөнгө байгаагүй. Би 1993 онд “Siemens”-тэй холбоо тогтоогоод зээлээр компьютер зөөж эхэлсэн. Манайхан чинь шинэ юмыг хүлээж авахдаа сайн шүү дээ. Хэд хэдэн байгууллагаар ороход биднийг их нааштай хүлээж авсан. Бараагаа энд авчирч зараад мөнгөө эргүүлж төлөх хүртэл 6 сар, жилийнхээ хугацаанд эндээ эргүүлээд л. Бордоо хүртэл оруулж ирж л байсан, гүрж ногоон цай ч зарж үзсэн. Зээлээ төлөх хоорондоо 2-3 эргүүлчихнэ. Шатахдаа шатаад, хожихдоо хожоод л...” хэмээн яг л бизнесмэн хүний амнаас унах үгсийг тэр хэлдэг.
1995 онд анхны хувийн банк болох ”Голомт” банк үүдээ нээхэд хүргэсэн шанг анх татсан хүн нь Л.Болд. Тэрбээр санхүүгийн чиглэлээр ажиллавал ирээдүйтэй болохыг олж харж, бусад нь санал нэгдэснээр Голомт банкийг байгуулахаар эргэлт буцалтгүй шийдэж, улмаар дүү Л.Болдхуяг нь Германы "Коммерц" банкны захиралтай уулзсан уулзалт нь амжилттай болж хоёр сая дойч маркийн зээл нь бүтэж байсан түүхтэй аж. Голомт гэдэг нэрийг аав нь ямагт бадарч дүрэлзэж байх ёсны билэгдлээр өгч байжээ. Ингээд ярьвал Л.Болд нарын бизнесийн түүх олон хуудаст багтах аж.

Төр гэдэг мангаатай нүүр тулсан нь
Амжилттай бизнес гэдэг бол итгэлцэл дээр суурилсан мөнгөний урсгалыг ухаалаг залж чадаад байгааг л хэлээд байгаа юм. Тэгвэл Л.Болд тэгж чадсан уу. “Бодь”-ийн гэх тодотголтой хэдэн арван охин компани өдгөө хумигдаж, цөөрсний цаана “хөөс” байсан уу гэхчлэн асуудлууд яригдана. Гэхдээ тэр одтой бизнесмэн. Бизнестээ гадныхны дэмжлэлийг авахыг хэзээнээс чухалчилж ирсэн. Бас улстөрийн нөлөөлөл дор бизнес эрхлэхийн зовлонг мэднэ. Ц.Элбэгдоржийн Засгийн газрын үед СББ-ыг “Голомт”-д нэгтгэсэн асуудал засгийг унагаж байсан. Харин тэр энэ талаар “Тийм шударга бус, ухвар мөчид явдлыг гаднаас нь харж, өмнөөс нь шаналж л явсан минь үнэн. Үнэмшинэ үү байна уу өөрөө мэд, миний ямар ч оролцоо байгаагүй. Би УИХ-ын гишүүний хувьд хангалттай их ачааллыг өөр дээрээ санаачилгаараа авч, бизнесийн ажилд оролцох ямар ч цаг завгүй ажиллаж байсан. Би ямар ч ажлыг бүх насаараа хийх юм шиг сэтгэж хийдэг хүн. Энэ бол миний ааваас надад үлдсэн чанар... СББ-нд ажиллаж байсан тэр 800 гаруй хүний ажлын байр хэвээрээ байх байсан. Улс шууд хохирол 6 тэрбум төгрөгөө алдахгүй байсан. Дээр нь шууд бус хохирол бас бий, “Голомт” л гэхэд 2 тэрбум гаруй төгрөгийн хохирол амссан. Уг нь бид Ард банк гэж байх үед л хамгийн том хувьцаа эзэмшигч нь байсан юм шүү дээ. Улс бидний 100 мянган америк долларын хувьцааг шууд алдагдалдаа хурааж авсан. Дараа нь банк нийллээ, саллаа гээд 100-аад сая төгрөгийн алдагдал гарсан. Энэ бол аль нам нь хамаагүй, Монголын төрийн өөрийнх нь шийдвэр. Уг нь зарчмаараа бол хувь байгууллагыг хохироох ёсгүй л байсан. Хохирлыг нь төлөх байтугай баахан улстөржүүлж цэрэг цагдаагаар бараг авдрынх нь ёроолыг хүртэл сэгсэрч шалгасан. Одоо ч хохирлыг маань барагдуулаагүй. Ийм байхад шударга бизнес хөгжихөд хэцүү дээ. Яваандаа хэдэн спиртийн үйлдвэртэй л үлдэх юм байлгүй...” хэмээн хэлж байсан удаатай.

Нууцлаг гэргий, хөөрхөн охид түүнийх
“Би хатуу хүн учраас бурхан надад охид хайрласан байх” гэж тэр бидэнд ярьж байсан юм. Гурван дүрсгүй охины аав тэрбээр “Охид цаанаа л нэг эмзэг нандин, эрхэмсэг. Ээж, аавдаа халамжтай, хариуцлагатай байдаг юм.Охид маань түрүүчээсээ тусад орчихсон болохоор гэр орныг цэмцийлгэнэ шүү дээ... Би амралтын өдрүүдээ гэртээ хүүхдүүдтэйгээ өнгөрөөх дуртай. Эхнэр маань харин бялуу хийх дуртай. Бид бүгдээрээ амарч байгаа үедээ гэртээ бялуу, боов, амттан хийгээд бужигнаж өгнө.
Эсвэл агаар салхинд гарна. Ажлын өдрүүдэд өөрөө ажил ихтэй болохоор хүүхдүүдээ бас ачаалалтай байлгадаг юм. Хэн хэнээ үгүйлэхгүй тэр нь амар. Хичээлээс нь гадна тооны, япон сампингийн, төгөлдөр хуурын, балетын, морин хуурын, герман хэлний хичээлд явуулдаг. Ялангуяа том охиноо хэтэрхий их ачааллаар дараад байна уу гэж сүүлийн үед бодоод зөв үү, буруу юу гэж хүмүүстэй зөвлөлдөж байгаа. Охид маань бараг надаас илүү ачаалалтай амьдардаг. Бага нь ч яахав, гэртээ ээжтэйгээ эрхлээд л, сахилгагүйтээд байж байдаг юм.” гэж байсан.

Мэдээж эр хүн өдий дайны яваагийн ард гэргийнх нь нөмөр нөөлөг, түшиг ухаан бий нь дамжиггүй болов уу. Тиймээс ч гэргийд нь анхаарал хандуулах ёстой юм. . Лу.Болдын гэргий даруу нь дэндсэн, гэрээсээ тоотойхон цухуйдаг н.Нямцэцэг гэж бүсгүй цагтаа загварын тайзнаа гунхаж явсан гэдэг.
Сурвалжит айлд бэр орсон энэ бүсгүй тун нууцлаг амьдралтай. Нас залуу ч нөхөртөө гурван хөөрхөн охин төрүүлж өгч, хувь карьер бус гэргийн үүргээ сайн гүйцэтгэж байгаа тэрбээр Филлиппин зарцтай болсон анхны монгол эзэгтэй нарын нэг юм билээ. Герман, Монголын хооронд ар гэр амин хувийн асуудлаар нисч буудаг амьдралтай тэбээр Элчин сайдын гэргий нарын нийгэмлэгийн гишүүдтэй уулзалт хийж, буяны үйл хэрэгт оролцох үеэрээ л олны өмнө албан ёсоор гарч ирдэг байсан. Харин одоо нөхөр нь сайдын суудлаас буусан учир түүний ёс мэт очдог арга хэмжээнүүд ч дагаад үгүй болж таарч байна.

Улстөрийн карьер дагасан “охид”-ууд
Охин компаниудыг нь ингэж хэлээд байгаа юм. Хэдийгээр тэр өнөөдөр “Бодь” гэх нэргүй үлдэх дээрээ тулсан ч, түүний шанг нь татсан бизнес цэцэглэн хөгжиж, ургаж, тэлж байсны илэрхийлэл болох охин компаниуд нь монголын бизнесийн талбарын түүхэнд томоохон орон зай эзэлж таарах юм. Түүний улстөрийн карьерыг дагасан бизнесийн өсөлтийг энд тодотгох нь зөв биз.
Л.Болдыг 1996 оны УИХ-ын сонгуульд “Ардчилсан холбоо эвслээс нэр дэвшин ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш улстөрд албан ёсоор хөл тавьсан гэж харах нь зөв биз. Тэрчлэн 1996 оноос хойш байгуулагдсан охин компаниудынх нь мэдээллийг энд товч хүргэе.
1996 Даатгалын салбарт хувийн секторын анхдагч Бодь Даатгал компани байгуулагджээ.
1997 Бодь Групп мэдээлэл харилцаа, технологийн зах зээл рүү орж мэдээллийн технологи, компьютерийн худалдаа үйлчилгээний Бодь Компьютер ХХК үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
"1997 Автомашины худалдаа, vйлчилгээний Бодь Автомотив ХХК байгуулагдаж, Монгол дахь Toyota, Isuzu, Skoda брэндийн албан ёсны дистрибьютер болжээ.
1997 Барилгын гүйцэтгэл хөрөнгө оруулалт, төсөл хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах Бодь Пропертийз ХХК байгуулагдсан байна.
2000-2003 Олон улсын ачаа тээврийн Эс-Би Логистикс ХХК үйл ажиллагаагаа эхлэжээ. Бодь компьютер ХХК-ийн Компьютер худалдаа үйлчилгээний хэлтэс бие даасан MPC ХХК болсон байна. Электрон кард технологи болон пластик кард хэвлэлийн Бодь компьютер ХХК–ийн хэлтэс бие даасан Smartcard ХХК болжээ.
2002 Барилгын салбарт Монгол Хятадын хамтарсан Мон-Чи-Кон компани үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Барилгын салбарт ихээхэн туршлагатай, нэр хүнд бүхий Монгол-Оросын хамтарсан Инкон ХХК-д хөрөнгө оруулалт хийж хамтран эзэмших болсон байна.
Мөн онд Сар Шинэ ХХК банк бус санхүүгийн байгууллага байгуулагдсан байдаг. Монгол Лизинг ХХК байгуулагдав.
2003-2005 “Бодь цамхаг” хамгийн орчин үеийн дизайн шийдэл бүхий оффис барилга ашиглалтанд оров. Бодь цамхаг” ХХК үл хөдлөх хөрөнгийн компани үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Мэдээлэл технологийн салбарт тэргүүлэгч, интернэтийн үйлчилгээ үзүүлэгч анхны компани болох Мэйжикнэт ХХК-д хөрөнгө оруулж хамтран эзэмших болжээ.
2005 Мэдээлэл технологийн салбарт үйл ажиллагаагаа явуулж байсан Бодь Группын 3 охин компани менежментийн бодлогын дагуу нэгдэж Бодь Электроникс нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхлэв.
"2006-2008 Бодь Электроникс ХХК нь Fujitsu Siemens-ийн хамгийн анхны үзүүлэх танхимыг Улаанбаатар хотод нээв. “Бодь Пропертийз” Голомт хотхон орон сууц болон үйчилгээний цогцолборыг бүрэн ашиглалтанд оруулав. Бодь Автомотив ХХК нь Монгол дахь SIXT группын албан ёсны төлөөлөгчийн газраа нээв.
2007 Бодь электроникс ХХК нь Miele брэндийн албан ёсны дистербьютер болж үзүүлэх танхимийг Улаанбаатар хотноо нээв. Бодь электроникс ХХК нь Бодь компьютер маркет нэртэй компьютер болон аюулгүйн системийн төвийг нээв. Дэлхийн тэргүүлэх дүнзэн байшингийн үйлдвэрлэгч Финляндын Хонкатай хамтран Хонка Лог Хоум ХХК нь үйл ажиллагаагаа нээв.
2008-2010 Сайфлинк ХХК нь TBE ХХК-тай 51% -ийн хөрөнгө оруулалттайгаар хамтран уул уурхай, барилга угсралтын машин худалдаа, гүүр зам барилгын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхлэв.
2009 Сүхбаатар хөгжил” компани байгуулагдав.
"2010" Бодь автомотив компанийн автомашин худалдаа, засвар үйлчилгээний иж бүрэн төв нээгдэв. Мөн Үл хөдлөх хөрөнгийн удирдлагын чиглэлээр “Proset real estate” компани тус тус байгуулагджээ. Мөн Монгол Масс Медиа Групп буюу хэвлэл мэдээллийн салбар дахь хөрөнгө оруулалт нь ихээхэн идэвхжсэн. Тэгэхээр Л.Болд эрхэм Монголын улстөрд хөл тавьсны араас “Бодь интернэшнл” группын 20 гаруй охин компани мэндэлсэн байна.
Сонирхолтой нь, ийм хэмжээний группын үүсгэн байгуулагч тэрбээр 2008 сонгуулиар гарч ирснийхээ дараа АТГ-т УИХ-д сонгогдогчийн хувьд хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ өөрийн орлогоо 43875.6 төгрөг гээд гэр бүлийн гишүүдийн орлогоо мэдүүлээгүй байдаг. Орон сууц 1 ширхэг гээд үйлдвэр үйлчилгээ 0 ширхэг хэмээсэн нь анхаарал татдаг. Мөн машингүй, малгүй, бас газаргүй гээд л байх юмгүй хүн шиг мэдүүлсэн байдаг юм. Гэхдээ Бодь Интернэшнл ХХК-д 7896027 ширхэг хувьцаа эзэмшигч гэдгээ илэрхийлж байж. Мөн 2010 онд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайдын хувиар хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ ч машин, үйлдвэрлэл үйлчилгээгүй гэсэн. Мөн иргэнийхээ хувиар газраа өмчилж аваагүй юм байна гэж ойлгогдохоор мэдүүлэг өгсөн байдаг. Тэгэхээр эрхмүүдээс хөрөнгө орлогын мэдүүлэг авдаг нэртэй АТГ-ын үйл ажиллагаа эндээс харагдаж байсныг бас дашрамд өгүүлье.
Тэр улстөрд хэн бэ?
Тэр өөрийгөө нугаларч яваагүй гэдэг. Улстөрийн бусад акулууд шиг нэг тийм задарсан тэсэрсэн сахилгагүй барил түүнийх биш. Гэхдээ тэр хэзээ ч урвайж улцайж доошоо ордоггүй. Чимээгүйхэн хэрнээ цаагуураа хүч агуулаад байдаг. Магадгүй, үүнийг бичигч би вээр тэгж хараад байж бас болох. Ямартай ч 1996 оноос улстөрийн карьераа тод томруунаар зурсан тэрбээр 1990 онд АН-д гишүүнээр элссэн. Тэр үед ярьж байсан, тэмүүлж зорьж байсан зүйлс, баримталж байсан байр суурь одоо ч хэвээрээ байдаг хэмээн өнгөрсөн жил ярьж байсан. Сонгуульд хэд ч уналаа, хэд ч бослоо. Тэр бүх нугачаанд хэзээ ч миний тэр зүйл өөрчлөгдөж байгаагүй. Энийг маань үнэхээр хэн ч нугалж чадахгүй юм байна лээ. Нугаларч байсан түүх энэ хорин хэдэн жилд гараагүй. Тэгэхээр цаашдаа нугаларах юм гарахгүй байх хэмээн ярьсан байна билээ. Тодорхой хугацааны эргэлт л тэрийг харуулах болов уу.
Тэр улстөрчийн хувиар хоёр ч яамыг толгойлж үзлээ. Харьцангуй хий багатай байж ирсэн. Гэхдээ бас ярьвал асуудал бий. Түмнийг бэлэнчлэхэд донтуулсан Хүний хөгжил сангийн тухай хуулийг өөрийн санаачилга гэж нэг хэсэг ярьсан. Хүний хөгжил сан гэдэг нь улстөрчдийн бэлэн мөнгөний амлалтыг биелүүлэх гол дамжлага гэдгийг хэн хүнгүй мэднэ. Л.Болд хэлэхдээ “...Баянмонгол корпораци байгуулах үзэл санаа тусгалаа олсонд би санаачлагчийн хувьд төдийгүй монгол улсын нэгэн иргэний хувьд баяртай байна. Зөвхөн би төдийгүй монголчууд бүгдээрээ баярлах учиртай том шийдвэр гэж бодож байна. Учир нь, өмнө нь уул уурхайн зарим том төсөл манай улсад хэрэгжсэн ч үр шимийг нь эрх мэдэлд ойр хэсэг бүлэг хүмүүс хүртэж, дийлэнхи ард иргэдэд хүртээлгүй явж ирснийг бид мэднэ. Харин одоо иргэн бүр хувь, хишиг хүртэж, баялгийнхаа эзэн байх боломжийг Хүний хөгжил сангийн тухай хууль бүрдүүллээ. Өөрөөр хэлбэл Баянмонгол корпораци байгуулах санаа маань мөрөөдөл байснаа бодит биеллээ оллоо” хэмээн ярьдаг юм. Гэвч өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдлыг харахад Мөрөөдөл биелсэн ч, үр дүн нь тийм ч гэгээтэй үзэгдэхгүй байгааг түүнд хандаад хэлчихэд гэмгүй болов уу.
“Бодь”-д баяртай гэх үү?
Угшил санааг нь харвал тэр аавынхаа санаачлагаар дүү Л.Болдхуяг болоод найз Д.Баясгалан, М.Зоригт нарын хамтаар Бодь группыг үүсгэн байгуулж байсан. Харин өдгөө “Бодь”-ийг бусдадаа өгөөд өөрөө “Бодь” цамхагтайгаа үлдэж байгаа гэх. Гэхдээ шүүхээс бүрэн эцэслэсэн хариу гарсан гэх мэдээлэл алга байна. Банк санхүү, даатгал, электроник, мэдээллийн технологи, хэвлэл мэдээлэл, интернэт, тээвэр зуучлал, аялал жуулчлал, барилгын хөрөнгө оруулалт, үйлдвэр худалдаа, автомашины худалдаа, үйлчилгээ гэхчлэн олон салбарт үйл ажиллагаа явуулдаг 70 шахам охин компанийн эцэг болж байсан түүхтэй энэ групп хагаран бутарчихаад байгаагийн учгийг хэн хүнгүй л анзаарч буй.
Харин тэр өөрөө энэ талаар сэтгүүлч Б.Ганчимэгт жилийн өмнө ярихдаа “-Ардчилсан нам гудамжинд байхад их эв нэгдэлтэй. Яг төрийн эрх авах үед тэр нь тэрэндээ муу гэнэ гээд л ярьдаг биз дээ. Түүнтэй адилхан “Бодь” гэдэг жижигхэн нэг өрөөнд багтдаг компани байсан. Тэгэхэд хэн ч ан цавтай байна гэж ярьдаггүй байсан. Өнөөдөр бол бас л том байгууллага болчихсон байгаа байхгүй юу. Тиймээс том байгууллагад байдаг бүх юм байгаа. Үзэл бодлын ч зөрчил байгаа, үйл ажиллагааны санал зөрөлдөөн ч байгаа. Бүх юм байгаа. Энэ бол аливаа байгууллага амьд организмтай явж байгаагийн л шинж шүү дээ. Бүгд ах дүү нар байгаа биш. Хамт төрөөд, өсчихсөн, нэг гэрт байдаг улсууд биш. Хүн болгон бие даасан ертөнц, өөрөө өөрсдийнхөө гаргасан шийдвэрийг хариуцна. Тэгээд дээрээс нь зөрөлдөөнүүд байгаа бол тэрнийгээ ойлголцоод зөв болгоод л явах ёстой. Зарчмын л дагуу явах ёстой...” гэж байсан юм. Харин одоо бол зөв зам яг юу болохыг тэр дотроо өөрийнхөөрөө зурж суугаа биз ээ. “Голомт” банкны гүйцэтгэх захирал асан Д.Баясгалан, УИХын гишүүн М.Зоригт нар “Голомт” банк болон “Бодь” группын эрхэлж байсан дийлэнх бизнесийг өвлөн үлдэж, Л.Болд тэдэнд хувьцаагаа шилжүүлэн өгсөн гэдгийн цаана өөр тохиролцоо ч бас байж болох.
Монголын улстөр, бизнесийн талбарт орон зайгаа эзлээд удсан Л.Болдын тухай өгүүлэхэд ийм байна. Тэр сайдын суудлаас буусан. Гэхдээ тэр яваагүй. Түүний дээр байдаг АН гэх дээвэр нь 2024 он хүртэл бусадтай тохироо хийсэн. АН-ыг сайн “явахад” Л.Болд шиг бэлтгэгдсэн хүмүүс хэрэгтэй, Л.Болдыг сайн явахад АН гэдэг дээвэр бас ойр байх нь зүгээр...
Ж.Болор
Сэтгэгдэл (1)