УИХ-ын Дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Ж.Батзандан болоод УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахаар эв санаагаа нэгтгэжээ. Тэд тийм утгатай тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. Ерөнхий сайдыг огцруулах дөрвөн шалтгаан гарган тайлбарлажээ. Үүнд:

Нэгдүгээрт, Монгол Улсын нэгдсэн төсөв, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, “Чингис” болон “Самурай” бонд, Хөгжлийн банкны гэсэн таван төсөвтэй болсноор ард түмний хөрөнгө хяналтгүй, үр ашиггүй зарцуулагдаж байна. Улс орны ирээдүйн хувь заяагаар дэнчин тавьж авсан бондын хөрөнгийг дур мэдэн зарцуулж байгаа нь Монгол Улсын Төсвийн тухай хуулийг ноцтой зөрчсөн.
Хоёрдугаарт, Засгийн газар улсын нэгдсэн төсвөө тооцоо судалгаатай, бодит үндэслэлтэй боловсруулж чадахгүй, төсвийн орлого бүрдүүлэх үүргээ биелүүлж чадаагүйгээс хоёр жил дараалан төсвийн орлого, зарлага 1 их наяд гаруй төгрөгөөр тасарсан. Энэ нь Монгол Улсын Төсвийн тухай хууль, Засгийн газрын тухай хуульд заасан төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн бодлого чиглэлээ энэ Засгийн газар хэрэгжүүлж чадахгүй байгаагийн илрэл.
Гуравдугаарт, эдийн засгийн хямралыг хохирол багатай даван туулах зорилгоор хэрэгжүүлсэн “Эзэн-100" хөтөлбөр цаг хожих арга, улс төрийн шоу болоод дууссан. Өөрөөр хэлбэл, улс орны эдийн засгийг 100 хоногт сэргээж, эрчимжүүлэх биш уруудуулж доройтуулж, үнэ ханшийн хямралыг улам гааруулсан. "Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай" тогтоолын төслийг хэрэгжүүлэх нь бүү хэл харин ч дарга нарын тансаг хэрэглээ, амралт зугаалга нь ихсэж, бүтэц орон тоо нь улам нэмэгдсэн.
Дөрөвдүгээрт, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нь төрийн албанд шургалуулсан ах дүү, хамаатан садангийн сүлжээ, зөвлөх, туслах, ажлын албаараа дамжуулан төсвийн хөрөнгийг хууль бусаар ашигласан, авлига, албан тушаалын нийт 40 гаруй тэрбум төгрөгийн хохирол бүхий хэрэгт холбогдсон олон ноцтой мэдээллийг эрх бүхий хуулийн байгууллагууд олон нийтэд мэдээлсэн гэх шалтгаануудыг нэрлээд байгаа аж.
П.Урнаа
Сэтгэгдэл (4)