С.Баярын хүн Ц.Элбэгээд зүтгэж эхэллээ
2014/10/16

ОХУ-д Элчин сайдаар сууж асан Л.Хангай гэж эрхмийг С.Баярын хүн гэдэг тодотгол олон жил дагасан. Ямартаа л элчингийн суудлаас буусных нь дараа С.Баяр түүнийг төмөр замын даргад бас “Эрдэнэт”-ийн захиралд зүтгүүлж байх билээ.  Гол нь С.Баярын шууд нөлөөлөл буурсан учраас Л.Хангай хүссэндээ хараагаа бэлчээж чадахгүй болсон харагдаад байсан. Тэгвэл тэр зайтай эр юм. Эсвэл нөгөө талаас нь харвал АН, МАН-ын акулууд цаагуураа эрх ашгаа нэгтгэсэн мэт. Юу гэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн захирамжаар Л.Хангайг ОХУ-тай эдийн засаг, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын асуудлаар ажиллах Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчөөр түр томилон ажиллуулж эхлээд байна.

 Тэгэхээр Элчин биш болоод “Оросын сан” гэх ТББ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Л.Хангай Ерөнхийлөгчтэй шадарласан харагдаж байна гэхээс өөр юу гэхэв. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан түүнтэй холбоотой саар мэдээллүүд цөөнгүй л  байдаг. Тухайлбал, ОХУ дахь Элчин сайдын яамны мэдэлд байдаг Худалдааны төлөөлөгчийн газар гэж хуучнаар нэрлэж байсан Москвагийн Спасопесковский переулок 7/1 гэсэн хаягтай барилгыг 2007-2008 онд ГХЯ болон ТӨХ-ны зөвшөөрлийн дагуу Л.Хангай нь  “Центр регион Эстэйт” хэмээх ОХУ-ын хувийн аж ахуйн нэгжид 10 жилийн хугацаагаар түрээслүүлсэн, худалдсан гэх мэдээлэл байсан. Нэр бүхий улстөрчид уг асуудлаар Москваг зорьж байсан ч, тэгсхийгээд намжсан нь цаагуураа хардлага дагуулдаг л юм.

Гэхдээ тэр түрээслүүлж мөнгө олсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн зүйл хэлсэн л байдаг. Тодруулбал, тухайн байранд засвар хийхэд гурван сая орчим ам.доллар хэрэгтэй байсан учраас Засгийн газар зөвшөөрсний дагуу түрээслүүлж мөнгө олохоор болсон гэдэг. Уг нь гадаад дахь дипломат төлөөлөгчдийн газрын байрыг түрээслүүлнэ гэдэг олон улсын конвенцийг зөрчиж байгаа явдал. Тэдгээр конвенцид дипломат төлөөлөгчийн газар аж ахуй үйл ажиллагаа явуулж болохгүй гээд заачихсан байдаг атал манай нөхдүүд түрээслээд мөнгө хийгээд сууж байдаг. Үүнд Л.Хангай сайдын буруу тодорхой хэмжээнд байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Тэрхүү байрыг түрээслүүлснээс болж Элчин сайдын яамны ажилтнууд байргүй болж, хотын гаднаас ажилдаа ирдэг болсон байдаг. Тэр  үүнийг мэдсээр байж, өөрийгөө хамгаалсан үгс унагаад л сууж байсан нэгэн.

Ер нь түүнд төр засгаас ихээхэн итгэл хүлээлгэж ирсэн байдаг. Ямартаа л Оросуудтай хамтран байгуулсан  “Дэд бүтцийн  хөгжил”  нэртэй хамтарсан компанийн ТУЗ-ийн даргаар нь Л.Хангайг томилж байсан. Тэгээд яахав. Х.Баттулга гэхчлэн нөхдүүдийн үйлдлээс болж үйл ажиллагаа нь яваагүй гэх тэр компани уул нь 15х20 хэмжээтэй өргөн царигтай, 1800 км төмөр зам барих ёстой байсан юм л даа.  Гэсэн ч “Ухаангүй ноёнд урагшгүй албатууд” гэдэг шиг л юм болсон. Энэ үг Л.Хангайд ч хамаатай.

Харин тэрбээр өөрт нь хүлээлгэсэн энэ хариуцлагын талаар ярихдаа “-Би одоогоор “Оросын төмөр замууд” (РЖД)  нийгэмлэгийн охин компани болох “Дэд бүтцийн хөгжил” ХХК-ий төлөөлөн удирдах зөвлөлийн даргын данстай. Яагаад данстай гэж байна вэ гэхээр энэ компани одоогоор идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй, зогсонги байдалтай байгаа. Уг нь анх 2009 онд тэр үед ОХУ-ын Ерөнхий сайд байсан В.В.Путинийг манай улсад айлчлах үеэр шинэ төмөр зам барих, УБТЗ-ыг шинэчлэх ажилд оролцох зорилготойгоор хамтарсан компаний хэлбэрээр байгуулагдсан. Сүүлдээ зуун хувь РЖД-гийн охин компани болсон юм. Үүнээс гадна Беларусь улсын Өргөмжит консул, нэгэн ТББ-ын тэргүүн зэрэг ажлыг хийж байна даа.” хэмээн ярьж суусан юм.

Тэгэхээр итгэл хүлээлгэсэн ажил үйлсдээ иймэрхүү байр байдалтай ханддаг харагдах Л.Хангай Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бие төлөөлөгч болчихлоо.

Энэ дашрамд, түүний хашиж ирсэн албан тушаалуудыг дурдвал, Шүүх яаманд 1979-1988 онд мэргэжилтнээс хэлтсийн дарга хүртэл дэвшин ажилласан. 1990-1992 онд Улсын Бага Хурлын Тамгын газрын орлогч дарга, 1992-1994 онд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч, 1994-2000 онд “Чингис хаан” зочид буудлын цогцолборын ерөнхий захирал, 2000-2005 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Тэргүүн дэд дарга, 2005-2009 онд Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 2009 оноос өнөөг хүртэл “Оросын  сан” ТББ-д ерөнхийлөгчөөр тус тус ажиллажээ. Харин одоо ОХУ-тай эдийн засаг, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын асуудлаар ажиллах том үүрэг хүлээлээ. Хэрхэн ажиллахыг нь таашгүй л байна даа...

М.Мөнхжин

 

 

 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин