VS: Ирээдүйн таван сайд

Н.Алтанхуягийн залуурдаж байгаа Засгийн газарт ирэх шинэ сайд нарын хэн нь хэн бэ гэдгийг тухайлан хүргэж байна. Тэдгээрийн намтарчилсан мэдээллийг өгөхөөс илүүтэй өнгөрсөн хугацаанд нэр сүр нь ямар байж ирснийг анзаарч харах нь зөв болов уу.  VS таван нэр дэвшигчийн тухай  өгүүлж байна

 

Луйварт холбогдсон Д.Зоригт

Сангийн сайдад нэр дэвшиж байгаа  УИХ-ын гишүүн Д.Зоригтын тухайд тэр бол нэр цэвэр нэгэн биш гэдгийг хэлье. Тэр гишүүн гэдэг утгаараа давхар дээлтэй сайд болж таарах гээд байна. “Монгол Шуудан”-гийн гэх тодотголтой тэрбээр бизнес, улстөрийг хослуулан  өдийг хүрэхдээ хууль, журам зөрчсөн олон үйлдлийг хийсэн байдаг ч, тэр болгоноо том асуудал болгон дэгдээж газар авахуулахгүй байх тал дээр сайн ажиллаж ирээ юу гэлтэй нэгэн гэдгийг нь тодотгох нь зөв болов уу. Тухайлбал,  “Монгол шуудан” банкны хөрөнгө оруулагч байхдаа жижиг хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлгүйгээр хөрөнгийг нь “Хадгаламж” банкинд худалдсан тул тус банкны жижиг хувь нийлүүлэгчид энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр шат шатны шүүхэд хандсан байдаг. Улмаар гурван шатны шүүхээс “Монгол шуудан” банкны хувьцааны хяналтын багцыг барьж байсан хүмүүс нь жижиг хувь нийлүүлэгчдээсээ зөвшөөрөл аваагүй худалдсаныг тогтоосон ч, хохирогчид өнөөдрийг хүрэхдээ хохирлоо бүрэн барагдуулж чадаагүй л явцгааж байгаа аж.

Түүнчлэн Д.Зоригттой холбоотой анхаарал татсан асуудлыг хүргэхэд Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй Гермес компанид тэрбээр их хэмжээний хувь эзэмшдэг. Гэтэл Гермес ХХК-ийг нээлттэй хувьцаат компани болгож шинээр IPO гаргахад Санхүүгийн Зохицуулах Хороо хэд хэдэн алдаа гаргасан байдаг нь Д.Зоригт болоод Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга  Дашдондовын Баярсайхан нарын хооронд тохиролцоо байсан байж болзошгүй гэж  харахад хүргэдэг болохыг энэ  дашрамд хэлье.

Баримтуудаас  харахад УИХ-ын гишүүн  Д.Зоригт хэлж ярьж явдгаасаа тэс өөрийг хийдэг нэгэн гэж л ойлгогдоно. Өөрийн бизнесийн мөнгөний урсгалаа нэмэгдүүлэхийн тулд Санхүүгийн Зохицуулах Хорооны эрх мэдэлтнүүдтэй хуйвалдсан тэрбээр Сангийн яамыг зална гэхээр тиймхэн л юм даа.

 

Хийх ажлаа олж ядсан хүн

Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдад  нэр дэвшигч Ц.Цолмон гэж хэн бэ? Тоочсон намтраас нь харвал Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны дарга тэрбээр  ЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургууль Цахилгааны инженер мэргэжлээр, 1982 онд Намын дээд сургууль, 1987 онд ЗХУ-ын Москва хотын Дипломатын академи тус тус төгссөн.

Эдийн засгийн ухааны доктор, Профессор, Онц бөгөөд бүрэн эрхэт элчин цолтой тэр хувь, хувьсгалын олон ажил хийж ирсэн нэгэн.

МҮАН-аас гарч, МАХН-д орж, гишүүнийхээ үнэмлэхийг гардаж авсан түүнийг "хий"-гээ сайн нуудаг хүн гэдэг. 1990 онд МАХН–ыг шинэчлэх эрдэмтдийн бүлэгт ажиллаж байсан тэрбээр  Сэргэн мандлын нам, Ардчилсан намд байж байгаад М.Энхсайханы хамт ҮШН, МҮАН-ыг байгуулж байсан байдаг.

Тэрбээр  өдөр тутмын хэрэгцээг Латин үсгээр Монгол хэлийг бичих хувилбарыг боловсруулж, зохиогчийн эрх авчихаад  батлагдсан хувилбарыг өдөр тутмын хэрэглээндээ ашиглана уу гэж гишүүдэд санал хүргүүлж байсан саваагүй нөхөр. Түүний санаагаар бол Хөдөө мал минь малаар дүүрэн гэдгийг Hqdqq tal min malaar dvvren, шинэ жилийн мэнд хүргье гэдгийг xine jiliin mend hvrgee гэж бичих учиртай хэмээн гишүүдэд зөвлөж, хийх ажлаа олж ядсан хүн гэгдэж байсан билээ.

Тэгвэл тэр энэ удаа хийх ажилтай болохыг чармайж байгаа харагдана.

 

Н.Энхбаярын эмч

Эрүүл мэндийн яамнаас Н.Энхбаярын хүмүүс салахгүй нь тодорхой байна. Учир нь Н.Энхбаярын эмч гэгддэг Л.Жамбалжавыг нэр дэвшүүлжээ.  Төрийн шагналт мэс засалч, анагаах ухааны доктор ч  “Бохир гартай гавьяат” хэмээн хэвлэлээр бичүүлж байсан тэрбээр Н.Энхбаярын өвчний талаар байнга мэдээлэл хийж байснаараа Монголчуудад танигдсан гэхэд болно.

Тэрбээр  Гэмтэл согог судлалын үндэсний төвийн онцгой газарт барилга барих гэж байгаа гэсэн асуудалд нэр  холбогдож байсныг эргэн сануулъя. Мөн түүний хувийн эмнэлэг болох "Мон Мэс" нь эмнэлгийн үйл ажиллагаа явуулах наад захын шаардлага, нөхцөл хангаагүй, эмчилгээ оношлогооны стандарт ноцтой зөрчигдөж байна гэсэн шалтгаанаар МХЕГ-аас уг эмнэлгийн үйл ажиллагааг 2013 онд бүрэн зогсоосон байдаг. Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтээр 2014-2015 онд тусламж, үйлчилгээ үзүүлэх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгүуллагын сонгон шалгаруулалтанд МХЕГ-аас үйл ажиллагааг нь бүрэн зогсоосон "Мон Мэс" эмнэлгийг оролцох хууль эрх зүйн чадамжгүй тухай албан мэдэгдлийг Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтээр тусламж, үйлчилгээ үзүүлэх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын сонгон шалгаруулах Комисст албан ёсоор мэдэгдсэний дагуу "Мон Мэс" эмнэлэг уг сонгон шалгаруүлалтаас хасагдсан байна.

Гэтэл Л.Жамбалжав нь сонгон шалгаруүлалт явагдаж дууссанаас 3 сарын дараа Эрүүл мэндийн яамны сайд С.Удвалтай хуйвалдаж өөрийн хувийн эмнэлгийг сонгон шалгаруулалтанд тэнцсэн болгож 2014 оны №50 тоот тушаалыг сайдын нэр дээр гаргуулж, Нийслэлийн нийгмийн даатгалын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар хүргүүлсэн байдаг.

Тэгэхээр ийм л бараан үйлдэлтэй хүн Эрүүл мэндийн сайдаар ирэх нь дээ.

 

Ерөнхийлөгчид зөвлөдөг хүн

Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдад нэр дэвшигч  Лүндэгийн Пүрэвсүрэн гэж хэн бэ? МУ-ын Ерөнхийлөгчийн Гадаад харилцааны бодлогын зөвлөхөөр ажилладаг түүнийг Ерөнхийлөгчийн хүн гэх тодотгол дагана.

Тэрбээр өөрийгөө Ерөнхийлөгчтэй бол бараг нэг үеийн гэж хэлэхээр хүн шүү дээ би чинь хэмээн хэлдэг. Тэр Москвад сурч байсан. Ерөнхийлөгч Украйнд сурч байсан, тэд  Горбачевийн үеийн   оюутнууд  гэдгээрээ ижилсдэг. Тэндээс л өөрчлөлт шинэчлэлтийн үзэл санааг авсан хүмүүс гэж өөрсдийгөө тодотгодог.

Тэгээд 90 оноос хойш бол байнгын л холбоотой, бие биенийгээ таньдаг байсан юм билээ. Тэгэхээр чамгүй хугацаанд ойр байж ирсэн хүнээ Ерөнхийлөгч ийн зүтгүүлж байна.

Түүний боловсрол, туршлагын талаар хүргэхэд  Москвагийн ОУХДС-ийг Баруун Европ судлалын чиглэлээр төгссөн.ХБНГУ-ын ГХЯ-ны дэргэдэх Зүүн Европ болон Төв Азийн залуу дипломатуудад зориулсан дамжаа, Шинэ Зеланд Улсын Веллингтон хотын Викториа их сургууль, АНУ-ын Хавай дахь Аюулгүй байдлын асуудлаарх Ази Номхон далайн төв зэрэг газруудад гадаад харилцааны чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн нэгэн аж.

Ажлын туршлагыг нь харвал, 1989-1991 онд ГХЯ-ны Захиргааны хэлтэст атташе

1991-1993 онд Улаанбаатар дахь Германы ЭСЯ-нд орчуулагч

1993-1995 онд ГХЯ-ны Европ, Америкийн газарт атташе.

1995-2000 онд Бонн дахь ЭСЯ-нд Хоёр болон Нэгдүгээр нарийн бичгийн дарга

2000-2009 онд ГХЯ-ны Европын газарт Нэгдүгээр нарийн бичгийн дарга болон зөвлөхөөр ажиллаж байж.

 

"Цунами" Р.Жигжид

Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан өдгөө Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа  Р.Жигжид Уул уурхай, эрчим хүчний сайдад нэр дэвшиж байна.

Арлын оронд болсон цунамигийн үеэр нутагтаа байж таараад дараа нь Нарита руу хөөрч байсан түүнийг “Цунами Жигжид” гэж хочилдог

Чухал яамны төрийн нарийн тэрбээр "Чалко"-д төлөх өр дуусч байна уу? хэмээн асуухад “зах зээл хурдан сэргээсэй л гэж хүсч, хүлээж байна” хэмээн хээвнэг хариулж суусан тэрбээр салбарын яамаа удирдана гэхээр ээ мэдэхгүй. Ямартай ч нэр  дэвшлээ.

Тэрбээр ажлын ямар туршлагатайг анзаарвал, 1985 - 1989 онд Ноосон эдлэлийн Говь комбинатад инженер, үйлдвэрлэлийн дарга, хэлтсийн дарга

1989 - 1990 онд Төлөвлөгөө, Эдийн засгийн хороонд гадаад харилцааны асуудал эрхэлсэн мэргэжилтэн

1990 - 1996 онд Гадаад харилцааны яамны Ази, Африкийн газарт II нарийн бичгийн дарга, зөвлөх

1996 - 2000 онд Монгол улсаас Япон улсад суугаа ЭСЯ-нд зөвлөх

2000 - 2004 онд Гадаад хэргийн Яамны Ази Америкийн газарт зөвлөх

2004 - 2006 онд Монгол улсаас Япон улсад суугаа ЭСЯ-нд Элчин зөвлөх

2006 - 2011 онд Монгол улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, 2012 оны 9 сараас Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа нэгэн юм.

 

Э.Болор

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025