“Гранд” амьдрал тэднийх
Одоогоос 19 жилийн өмнө буюу 1995 оны намар тэд анх танилцжээ. Дөнгөж 15 настай бяцхан хүү, охин хоёр тэр цагаас хойш хөтлөлцөн амьдралыг, зовлон жаргалыг хамтдаа туулахдаа хэн хэндээ халуун хайраа зориулж яваа нь орчин цагт бол ховордсон үзэгдэл гэхэд хилсдэхгүй. Санал асуулгаар Монголын хамгийн царайлаг эрэгтэй дуучнаар тодорсон дуучин эр хаа очиж охид, хүүхнүүдтэй нэр холбогдож, сенсааци дэгдээгээд байдаггүй.

Тэд танилцаад 5 жилийн дараа анхны охиноо өлгийдөж авсан байдаг. Өдгөө 10 настай ууган охин Х.Танхилуун нь “Хобби” дунд сургуулийн сурагч. Аав шигээ нүд, хөмсөг болсон хөөрхөн охин аавдаа тун ч амь нэгтэй юм билээ. Харин отгон хүү нь Х.Эрхэтгүн хэмээх өвөрмөц нэртэй, “Орчлон” цэцэрлэгийн хүмүүжигч. Хааяа нэг албан ёсны арга хэмжээн дээр хөтлөлцсөөр ирдэг хосууд амралтын өдрөөрөө гэр бүлээрээ хоолонд орж, цанын бааз явж гулгах дуртай. Аз жаргалтай хосууд халуун ам бүлээрээ амралтын өдрүүдийг цанын бааз дээр өнгөрүүлж байхдаа манай дуранд өртсөн удаатай.

Тэр хамгийн царайлаг нь
Хаянаа Монголын boyband-уудын залуус дундаас хамгийн өндөр боловсролтойн дээрээс хамгийн царайлаг залуугаар тодорч байсан. СУИС, СЭЗДС-ийг дүүргэсэн. Удирдлагын академийн магистрантурт суралцсан. Улс төрд оролцох болсон тэрбээр стиль имижээ хүртэл сонгодогжуулж, гольфийн спортод шимтэх болсон нь ирээдүйн улс төрчийн дүрийг бүтээж байгаа гэлтэй. Харин гэргий нь бизнес менежментийн бакалавар, МУИС-ийн Олон улсын харилцааны магистр, Италийн Миланд мастер хамгаалсан жинхэнэ өндөр боловсролтой бүсгүй. Нууцлаг, эрхэмсэг байх дуртай тэрбээр уул уурхайн чиглэлээр бизнес эрхэлдэг бол нөхөр нь газар тариалангийн чиглэлээр бизнес эрхэлдэг байна. Монголын боловсролтой, урлагт хайртай, бие биедээ халуун хайртай гэр бүлийн намтар түүхийг бичиж, бүтээж яваа залуу хосын амьдралыг Гранд хэмээн тодотгоё.

Цаг хугацаанд шалгагдсан хайр
Бага байхад эгч дүү гурван Урнаа энхрий, ялдам дуунуудаараа радиогийн сонсогчдыг ёстой байлдан дагуулдаг байв. Одоогийнхоор бол од. Гурван Урнаагийн том нь драмын урдаа барих жүжигчин У.Уранчимэг, дундах нь дуурийн дуучин У.Уранцэцэг. Гургалдай хоолойгоороо европчуудыг дэглэж яваа бүсгүй Италид амьдардаг бөгөөд хааяахан эх орондоо ирчихээд явдаг.

Харин отгон Урнаа урлагаар замнаагүй ч гэсэн урлагийн хүний арын албыг үүрсэн сайн эзэгтэй, бизнесвумэн болсон нь “Номин талст”-ын А.Хаянхярваагийн гэргий У.Уранзаяа. Хүний амьдралын 15 жил гэдэг бага биш хугацаа. Энэ бүхэнд шалгагдаж, он цагийг өөрсдийнхөөрөө туулж яваа энэ гэр бүлд уншигчдынхаа зүгээс, фенүүдийнх нь өмнөөс аз жаргал хүсье.

“Номин талст”-ын гялбаа
Хамтлаг байна, хамтлагаар оршин тогтноно гэдэг их том агуулга л даа. Орчин үеийнхэнд тавигддаг хамгийн том шалгуур болоод буй багаар ажиллах чадвар чухамдаа хамтлагийн засаглалын амин сүнс нь. Хүн бүрт энэ чанар байж гэмээнэ хамтлаг оршин тогтнож байдаг. “Хурд”-ыг /ах дүүсийн хамтлаг учраас тэд олон жил тогтвортой оршиж байгаа юм болов уу/ эс тооцвол хамтлагаа авч үлдэн, тогтвортой уран бүтээл хийж буй хамтлагууд манайд байхгүй гэхэд хилсдэхгүй. “Харанга”, “Чингис хаан” гээд рокын амьд домгууд бий ч бүгд л соло уран бүтээл дээрээ анхаарах болжээ. Гэтэл “Номин талст” энэ орон зайд тэсрэлт хийв. 15 жилийн өмнө Рагчаа агсаны нэгтгэсэн сөөсгөр хөвгүүд он цагийн шалгуурт өсч бойжин, даль жигүүр ургасан ч гэлээ уран бүтээлч зүрх нь нэг ертөнцөд цохилсоор байгааг тэд харуулсаар. Нандин чанар шүү.

Зүрхний хэмнэл, сэтгэлийн аялга өөрчлөгдөхгүй байна гэдэг л хүн гэгч бодгалийн хамгийн эрхэм, нандин чанар юм. Энэ нандин чанар Д.Батсүх, Хаянаа хоёрт зангилагдаж байдгийг шулуухан хэлэх нь зүй гэж бодож байна. “Номин талст”-ын ноён нуруу болсон энэ хоёр эр хувийн амьдралын амжилт, нэр төр, хувь мөн чанар, түүнчлэн ажил бизнесийн талбар дахь гялалзсан карьераараа өнөө цагийн залууст үлгэр жишээ болохуйц намтартай. Болж байна, залуу хүн ингэж л амьдрах хэрэгтэй, од хүн ингэж л биеэ авч явах ёстой гэх цагаахан атаа тэднийг харахад төрдөг.

Дусал дусалтай бороотой үдшээр зугаалах дуртай
Дурласан охиндоо дуу аялан очих дуртай... Зуун дамнасан энэ л хитээ дуулж, өөрсөдтэй нь хамт амьдралд элэгдсэн фенүүдийнхээ зүрхнийх нь залуу, эмзэгхэн утсыг хөндөж, тээр холын дурсамжаар цэнэглэсэн энэ үдшийн гол баатар нь Хаянаагийн бяцхан, энхрийхэн охин байсныг яагаад ч онцлохгүй өнгөрч чадахгүй нь. Аавтайгаа хослон “Зүүдний учрал”-ыг дуулахдаа энэ тоглолтын оргил цэгийг Танхилуун тодорхойлсон юм. Дуучин Д.Оюунтүлхүүр Монголд эзгүй таарсан нь ямар аз гэж олон хүн бодсон болов уу. Эршүүд баргил хэрнээ энхрийхэн хоолойгоор дуулах охиныхоо өмнө Хаянаа сөгдөж харагдана лээ. Сөгдөхөөс ч аргагүй тийм л мөч байсан.

Ирээдүйн лидер
2000-аад оны эхэн үеэс түүний нэр улс төрд дуулдаж эхэлсэн. Залуу, зөв бодолтой хүнд хэрэв боломж байвал нийгмийн идэвхтэй байж, эх орныхоо хөгжил дэвшилд гар бие оролцох шиг хэрэгтэй зүйл хаана байх билээ. Арав гаруй жил нийгмийн хамгийн идэвхтэй, хал бэрхшээл ихтэй улс төрийн тогоонд чанагдсаных гэлтэй facebook, twitter хуудсаараа байнга олон нийттэй идэвхтэй харилцаж, хааяахан дориун төсөл төлөвлөгөө ярьчихсан яваа харагддаг. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг барьж байгуулахад хувийн аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулж, хөрөнгө босгох ажлыг тун ч чадварлаг хийсэн нь чадварлаг менежерийг нь баталсан гэнэ лээ. Түүгээр ч барахгүй Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гэр бүлээсээ хандив өргөж, мод тарьсан гэдэг.

Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч тэрбээр Улаанбаатар хотыг усан парктай болгох “Акуа Монгол” төсөл бичиж нийслэлийн засаг дарга дээр орж байсан зэргээс нь харвал тэр зүгээр нэг сэтэр гуншин хайж улс төрийн хаалга татаагүй бололтой. 15 жил тэр ард түмнийхээ өмнө дуулсан. Тэгэхээр өдгөө ард түмнийхээ дуу хоолой болъё гэж шийдсэн гэлтэй. Тэрбээр урлагийнхан дотроос улс төрд хамгийн их нэр хүндтэйгээс гадна ирээдүйн улс төрийн лидер хэмээн цоллуулдаг. Хэдийгээр түүний элссэн МАН тиймхэн байгаа ч, түүнд их боломж байгаа харагддаг.
Амжилт хүсье. Чи бол “Номин талст”-аас цойлсон гэрэл, гялбаа юм байна.







Б.Ялгуун
Сэтгэгдэл (3)