Монголын том улстөрчид том том бодлогоо хэлбэрдэж ярихаас илүүтэй хөрс тийш буулгах тал дээрээ анхаарвал зохилтой байгааг би вээр эхлээд хэлчихмээр байна. Ер нь эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор эдийн засагт саар байдлаар хувь нэмрээ оруулж байгаа өнөөгийн эрх мэдэлтэй хүмүүсийн тухай нэр цохон өгүүлэх нь зохистой юм. Бид цаг зуурын өсөлтийн хөөсөнд хууртаад байх бус, бодитой өсөлтийн шимийг үзэх учиртай. Тэгэхээр улсын эдийн засаг тоонд захирагдаж, нийгмийн амьдралд эерэг өөрчлөлт бага байгаагийн учир нь бидэнд алдаа байгааг илтгэж байгаа хэрэг. Алдаа гэдэг нь алдахгүй байж болох байсан гэх ойлголтыг бас дагуулж байдаг эд. Ер нь бол эдийн засгийг залуурдаж ирсэн улстөрчид юун дээр алдаад байна вэ гэдэг асуултыг тавих ёстой.

Тэр дундаа ерэн оны шилжилт өөрчлөлтөөс хойшхи Монголын улстөрийн тоглогчидтой холбож харах шаардлагатай юм. Өөрсдийн үзэглэсэн шийдвэртэй нь холбоотойгоор сөрөг гарсан үр дүн бүхнийг бусад руу чичлэх, тэр дундаа хоёр хөршийн мөнхийн дарамттай холбох дуртай манай улстөрчид угтаа бол ерэн оноос хойш нам харгалзахгүйгээр “америкжсан” гэдгийг анзаарахгүй байж болохгүй. Түүнчлэн асуудал хүндрээд байгаагийн цаадах геоулстөрийн, эдийн засгийн хэв загварын уг шалтгаануудыг нь олж харах хэрэгтэй гэх зүйлийг ч шинжээчид хэлэх болсон. Хэрэв тэнд агуулагдаж байгаа асуудлуудыг засаж залруулахгүй бол бид экспорт, импортын дэлхийн хамгийн том зах зээлүүдийн дэргэд байсаар атлаа мөнхийн дорой байдалтай хэвээрээ үлдэнэ гэсэн сэрэмжийг ч хэлж ярихаас өөр аргагүй байдалд хүргэж байна. Ерөөс манай улстөрчид Монголын эдийн засгийн хөгжлийн хэтийг тодорхойлсон загварыг бүтээхдээ нийгмийн эрх ашгийн төлөө ажилладаг уу, эсвэл бүлэглэлийн эрх ашгийн төлөө улайрч ирсэн үү? Бүр эсвэл хэт их гүрний бодлогыг хэрэгжүүлэгчид болж хувирчихсан уу гэхчлэн асуултууд гарч ирж байгаа юм.
Үнэндээ бол сүүлийн 20 гаруй жил төрийн эрхийг барьж байгаа улстөрчдийн авч хэрэгжүүлсэн эдийн засгийн бодлого шийдвэрүүдийг харахад гаднынхны зөвлөгөө жин дарна. Мэдээж гадны хөрөнгө оруулалт гэдэг бол эдийн засгийн хөдөлгөгч хүчнүүдийн нэг мөн. Гэхдээ үндэсний бүтээн байгуулагчдаа дэмжих тал дээр манайхан тун хангалтгүй ажиллаж ирсэн. Улстөрийн нөмөр нөөлөгтэй цөөн хэдэн компаниуд тодрон гарч ирснээс бус энэ улс оронд үйл ажиллагаа эрхлэн явуулж буй жар гаруй мянган аж ахуй нэгжийн хувьд бизнесийн таатай орчин гэдэг юм үндсэндээ үгүй шахам. Өдгөө Монголын хөгжил дэвшлийн үндсийн үндэс нь уул уурхай, тэрдундаа Оюутолгой, Тавантолгой л гэх мессэж нийгэмд хүчтэй тархсан. Үндэсний үйлдвэрлэгчид, бүтээн байгуулагчдын хүчинд тулгуурласан бие даасан эдийн засгийг цогцлоож болох байсаар атал бид өнгөрсөн жилүүдэд гадныхнаас хэт хараат, хэт эмзэгшсэн хэврэг эдийн засгийг л байгуулж чадсан аж. Улстөрийн намын хувьд үзэл баримтлал, чиг баримжаагаа алдсан АН, МАН хоёр ээлжлэн засагласан өнгөрсөн жилүүдэд эрх баригчид хоёр хөрштэйгөө энхтайвнаар харилцах бодлогоо барьж ирсэн ч, хажуу дэргэд байгаа дэлхийн том зах зээлүүд гэдэг утгаар нь үр ашигтай бодлогыг зангидаж, эдийн засгийн үр ашиг талаасаа харилцан тохиролцсон томоохон чанартай асуудлууд дээр тохиролцоо хийж чадаагүй билээ. Тэгчихээд одоо Оюутолгой л зогсвол бид балрах нь гээд гүйлдэцгээж байх юм. Эрүүл утгаар нь бодвол улс нийгмийн эрх ашгийн төлөө зүтгэж ирсэн улстөрчид өнгөрсөн жилүүдэд засагласан бол нөхцөл байдал үүнээс тэс өөр байж болох байсан биз. Ерөнхийдөө манай улстөрчид Монголын төлөө биш, Монголын эдийн засгийн төлөө биш, эсрэгээрээ эдийн засгийг хорлож ирсэн байх магадлал өндөр. Тэд хэдийгээр ийм үзлийг яс цусандаа тээгээгүй байж болох ч хувийн, бүлэглэлийн эрх ашиг нь тэргүүн эгнээнд эрэмбэлэгдсэний улмаас өөрсдөө ч ухаж ойлголгүйгээр эдийн засгийнхаа суурийг хөнөөсөн байж болох. Үнэндээ тийм нөхдүүдийг жагсаавал АН, МАН гэж намчирхаж зааглаад байх ч шаардлагагүй юм. Тэд эдийн засгийг хэрхэн хөнөөв гэж тоо тойрч ярихаас илүүтэй тэд улстөрийн үзэл баримтлал дээрээ хэрхэн хөлбөрч байв гэдгийг харахад л эрхбиш ойлгогдоно. Ингээд улсаа биш өөрсдийгөө бодсон улстөрчдийн тухай өгүүлье.
С.Баяр яагаад буруутай гэж!
Эргэн ирсэн С.Баяр хууль хяналтын байгууллагынханд амаа асуулгаж байгаа гэсэн. Монголын улстөрд сайн, саарын аль алинаар нь үгүйлэгддэг, багагүй хугацаанд харьд байсан тэрээр хүний нутагт удаан тэссэнгүйдээ эргэн ирсэн үү, эсвэл улстөр дэх дараачийн нүүдлээ тооцоолсон уу гэдэг асуулт яах аргагүй гарч байгаа. Ямартай ч С.Баяр Монголын улстөрөөс тэгж амар арчигдах нэгэн биш. Түүнд тэр дайны зангараг бий. Бас дэмжлэг ч бий гэдгийг мартаж болохгүй.
Гэхдээ түүний ар дэмжлэг нь зөвхөн Оросууд биш. Хэдийгээр С.Баяр Орост элчингээр сууж асан, мөн түүний засаглалын үед экс МАХН “Нэгдсэн Орос” намтай дотноссон, ерөнхийдөө хойд хөршийн талыг баримтлагч гэхчлэн түүнийг Оросуудтай холбон харах шалтаг шалтгаан олон ч, цаана нь өөр зүйл ч бий. Түүх сөхвөл С.Баяр ерөнхий сайд болмогцоо өөрийн найз Р.Болдыг ТЕГ-ын даргаар тавьж байсан бөгөөд мөнөөх Р.Болд өмнөх хэлхээ холбоогоо ашиглан С.Баярыг АНУ-ын нөлөөлөлд оруулах, хамтран ажиллахад гол үүрэг гүйцэтгэсэн хүн гэгддэг юм билээ. С.Баяр ч өмнө нь Вашингтоны Их Сургуульд судалгааны ажил хийж байсан нь түүнийг Америк тийш эргэхэд нөлөөлсөн бөгөөд очиж нөлөө бүхий нөхдүүдтэй уулзалт хийсэн С.Баяр Бээжингээр дамжин Монгол руу буцах замдаа “Би Америкийн талыг баримтлагч болчихлоо” гэж хошигнож байсан гэх. Энэ нь С.Баяр улстөрчийн хувьд огтоос хөлбөрөөгүй нэгэн гэх дүгнэлтийг хийх нь тохиромжгүй гэх ойлголтыг дагуулж буй.
Н.Багабандийн бодлого
Экс Ерөнхийлөгч Н.Багабанди “Титэм үг”-ээ тунхаглахын сацуу Оюутолгойн ТУЗ-д Монголчуудынхаа эрх ашгийн төлөөлөн багагүй хугацаанд суусан. Чамгүй шүүмжлэлийг ч сонссон. Өдгөө улстөрөөс холдсон мэт харагдах Н.Энхбаярт шахуулсан тэрээр нэгэн цагт М.Энхболдтой эвсэн Н.Энхбаярыг шахаж байсан түүхтэй. Сонирхолтой нь тэрхүү операцид нь хойно элчингээр сууж байсан С.Баяр өндөр оролцоотой ажилласан байдаг. Бас болоогүй Н.Багабанди С.Баяртай эвсэн ИЗН-ыг өөрсдөдөө урвуулж, АН-ыг бүлэггүй болгож, эрх мэдлээ бататгаж байсан гэхээр тэр экс ерөнхийлөгч маань улстөрд сайн хорчин. Харин эрх мэдэлтэй үедээ улсын эдийн засагт тоймтой өөрчлөлтийг дагуулах үйлсэд төдийлөн гар сунгаагүй нэгэн юм. Нэгэн сонирхолтой зүйлийг дуулгахад “Оюу толгой”-н гэрээ Н.Багабанди, С.Баяр, Р.Болд нарын идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд байгуулагдсан гэх юм билээ.
Сү.Батболд тааруу дүн авна
“Бороо гоулд”-ын луйврын гэрээнээсээ болон Н.Энхбаяраасаа урваж байсан Сү.Батболд өдгөө өөрийн хувь эрх ашгийн төлөөнөө хууль лоббидсон шигээ сууж байна. Нэгэнтээ “Фортуна” Н.Батбаяр түүнээс “Таныг Ерөнхий сайд болсон хугацаанд манай улс хэр баяжсан, та өөрөө хэр баяжсан бэ? Тавантолгойг “MCS”-д зарсан уу, эсвэл бэлэглэсэн үү?” хэмээн асууж, байдалд оруулж л байв.
Угтаа бол Сү.Батболд нь Ерөнхий сайд асан М.Энхсайхан, АМГТХЭГ-ын дарга асан Б.Жаргалсайхан нарын нөхдүүдтэй хамт өнөөгийн “Энержи ресурс”-ыг байгуулж байсан. “Тавантолгой”-н ордын ихээхэн нөөцтэй хэсгийг ашиглаж байгаа энэ компани улстөрийн гол хоёр хүчний хамгийн шуналтай хүмүүсийг консорциумдаа элсүүлж, улстөрийн хамгаалалтад орсон гэдгийг ч эх сурвалжууд хэлдэг. С.Батболд, Батж.Батбаяр, Т.Бадамжунай, Д.Идэвхтэн, П.Очирбат, М.Энхсайхан, Г.Батхүү гэсэн нэр бүхий нөхдүүд Тавантолгой ордын 20 хувьд эзэн сууж ирсэн гэхээр улстөрийн намын харьяалал харгалзахгүйгээр эрх ашгаа нэгтгэн идэж ууцгаадаг гэдэг нь ойлгогдож байгаа юм.
Эргэн ирсэн экс
Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хувьд засаглаж байх үедээ огт юм хийгээгүй нэгэн гэвэл гүтгэсэн хэрэг болох байх. Гэсэн ч тэрбээр Монголын улстөрд өөрийн ноёрхлыг тогтоогоод зогсохгүй авлигыг тогтолцооны хувьд бэхжүүлсэн нэгэн гэж буруутгагддаг. Харин түүнийг улстөрөөс хөндийрүүлэх үйлсийг МАН, АН-ын нэр бүхий нөхдүүд хүч хавсран хийсэн.

Тэрдундаа С.Баяр, Ц.Элбэгдорж нарын эвсэл гэхэд болох биз. Ер нь бол Н.Энхбаяр ч бай, С.Баяр, Ц.Элбэгдорж нарын хэн нь ч гэсэн эрх мэдэлтэй байх ахуйдаа өөрсдийн ноёрхлоо бэхжүүлэхийн тулд хортой сценарийг тасралтгүй хөтөлж байхдаа улсын эдийн засгийг сууриар нь тэтгэх бодлогыг тодорхойлж чадаагүй. Угаас хүсээ ч үгүй байж мэдэх л юм. Улстөрөөс хөндийрсөн үзэгдэж асан экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр эргэн ирээд буй. Ц.Элбэгдорж түүнийг өршөөхдөө үүнийг тооцоолсон болов уу.
Ерөнхийлөгчийн үнэн төрх...
Ерөнхийлөгчийн суудалд улиран суугаа Ц.Элбэгдорж Харвардын “бүтээгдэхүүн”. Нам нь ялагдсаны дараа сэтгэлийн дуудлагаараа юу, эсвэл хэний ч дуудлагаар юм Америк тийш хүлгийн жолоо залсан тэрээр их өөрчлөлт хийх хүсэл тээн эргэн ирсэн юм. Өдгөө Америкт төгсөгчдөөр өөрийгөө тойрон хүрээлүүлчихээд байгаа Ерөнхийлөгч маань өөрийн намын гишүүдийнхээ залуурдаж байгаа засгийг хааяадаа нэг хатуу шүүмжилчихээд сууж байна. Сүүлийн жилүүдэд Женко Х.Баттулгатай мөнгөний эрх ашгаа нэгтгэх болсон тэрээр эрх мэдлийн төлөө бол нам харгалзахгүй эвсэж чаддаг. Ямартаа л Америкаас ирснийхээ дараа Хархорины засаг дарга болгох халуухан хүсэлтээ Н.Энхбаярт дайж байсан тэрээр С.Баяртай эрх ашиг нэгтгэн сэм хуйвалдаж байхав. Уран гоё үгсийг угсруулан ярихдаа гаргуун тэрээр улсын эдийн засаг, нийгмийн амьдралын төлөөх үйл ажиллагаандаа харин бусадтай эвсэх дургүй бололтой.

Буруугүй ч буруутай С.Баярцогт
Оюутолгойн гэрээг үзэглэсэн гурван сайдын нэг С.Баярцогтын улстөрд хөл тавьсан, төлөвшсөн он жилүүдийг нь бодохоор үнэлмээр. Гэсэн ч эдийн засагт хэтдээ хор хохиролтой гэрээг байгуулалцчихаад шанг нь бас тэрүүхэндээ хүртчихээд 20000 хувьсагчтай үзүүлэлтээр бодохоор яах аргагүй Монголд л ашигтай гэрээг байгуулсан гэж яриад инээд алдаад зогсож байсан нь учир мэдэх хүмүүсийн уур бухимдлыг барсан. Ямартаа л Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн “С.Баярцогтын хэлээд байгаа 20 мянган хувьсагч гэдэг нь энэ тооцоог хийсэн хүмүүсийн үйлдлийг хамгаалах нэг хэрэгсэл юм биз дээ.
Гэхдээ 20 мянган хувьсагчтай загвар бодоогүй гэдгийг би баттай ойлгож байна. Яг 20 мянган хувьсагчтай загварыг мэдээллээр хангаж болохгүй. Монголд тийм боломж ч байхгүй” гэж хэлсэн юм. Харин С.Баярцогт түүний хариу болгож “Би Бямбасүрэн гуайн ярьсан зүйлд зөв, буруу гэж дүгнэлт хийхгүй ээ. Харин өөрийнхөө ярьсан зүйлийг судалгаан дээр үндэслэж тайлбарлаж ярьж өгч болно. Хувьсагч гэдгийг дэлхий дахинаа юу гэж ойлгодог юм. Яагаад 20 мянган хувьсагч гэж ярьснаа нотлох боломжтой. Энэ нь хэн нэгэн хүнийг буруутгах гэсэн зүйл биш” хэмээн учирлаж суусан. Тэгсэн ч өөр бусад олон эдийн засагчдын хувьд С.Баярцогт үлгэр ярьсан нэгний дүрээр үлдсэн. Ядаж байхад Швейцарийн банкин дахь нууц данс, оффшор бүс дэх нууц компани нь илрээд С.Баярцогтын хувьд зөндөө асуудал үүссэн юм.
Спикерийн луйвар
УИХ-ын дарга З.Энхболд бусдыг бодвол тун чимээгүй нэгэн. Гэсэн ч түүнийг төрийн өмчийн олон компанийг хууль бусаар луйвардаж, хувьд ашиглах ажлыг гардсан нэгэн гэх тодотгол дагадаг. ТӨХ-ны дарга байхдаа төрийн өмчит МИАТ-д хохирол учруулсан, Р.Гончигдоржийн ах Р.Санжсүрэнд Дарханы мах комбинатыг хямдхан хувьчилсан нэрээр бэлэглэсэн, Р.Гончигдоржийн эхнэрт “Говь” комбинатын ээрэх шугамыг үнэ бууруулан 57 саяар өгч, мөнгийг нь төсвөөс гаргуулсан гэхчлэн ил мэдэгдэх асуудлуудаас гадна
өөр бусад олон асуудалтай нэр холбогдох улстөрч З.Энхболд өнгөрсөн жилүүдэд улсын эдийн засагт тустай зүйл юу хийсэн бэ гэдэг нь бүрхэг. Харин улстөрд хор найруулахдаа гойд уран байсныг үгүйсгэх аргагүй. Намынхаа даргын суудалд суухын тулд Оросуудаар араасаа түлхүүлсэн ч, болоогүй тэрээр эрэмбээрээ ч том нэгэн л дээ.
Э.Болор
Сэтгэгдэл (1)