Урд шөнө Улаанбаатарт буусан Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ер нь нэлээн сценарилаг явна гэхэд болох байх. Ирэхээсээ өмнөхөн олны анхаарлын төвд шинээр орж ирсэн түүний “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцсоныг илтгэх зураг өнөөдрөөс эхлэн дахин сошиал сайтуудыг өнгөлж эхлэв. Энэ нь санаандгүй үйлдэл биш гэдгийг хэн хүн гадарлачих болов уу.
Тэгвэл экс Ерөнхийлөгч энэ цаг мөчид УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралд оролцохоор Төрийн ордонд явааг та энэхүү зураг дээрээс харж байна. Тэр ийнхүү Монголын улстөрд эргэн ирж байгаагаа албан ёсоор баталгаажууллаа.

Засгийн газрын бүтэц өөрчлөгдөж шинэ сайд нарын томилгооны асуудал яригдаж эхэлсэн, ерөөс АН-ын ноёрхол ганхсан ийм үед тэр ирлээ. Тэрбээр ирэхээсээ өмнө Улаанбаатар луу хэд хэдэн бор шувуу нисгэсний нэг нь нийслэлийн хөгжил цэцэглэлтийг түргэтгэх цогц төлөвлөгөөг боловсруулсан гэж байсан. Түүнчлэн түүнийг МАХН-ын их хуралдаа ирж оролцохоор болсон гэх мэдээллийг намынхан нь өгч байсан билээ. Тэр нь ч батлагдаж байна.

МАХН-ын байрны өмчлөлтэй холбоотой асуудлаар дахин хуулийн байгууллагын үүдийг сахихад хүрсэн гэх тэрбээр улстөрийн талбарт эргэн ирсний нөгөө талд багагүй асуудал үүсэх болов уу.

Өнгөрсөн хугацаанд БНСУ-д байж, эмчилгээ хийлгэж, эрүүл мэнддээ чамгүй анхаарал хандуулсан тэр дахиад хөлөө гозолзуулан баривчлагдаж явахыг хүсэхгүй байгаа нь тодорхой. Өмнө нь түүнийг баривчилсны ард улстөр байсныг үгүйсгэх нь утгагүй л дээ. Дахин өгүүлэхэд, улстөрчдийн энэ мэт үйлдлүүд нь Монголын улстөр дэх нам хүчнүүдийн ээлжилсэн засаглалын мөн чанар нь “хар” байгааг харуулсаар ирсэн билээ. Монголын улстөрд хар, цагааны аль алинаар нь мөрөө гаргаж өнөөдрийг хүрсэн Н.Энхбаярын баривчилгаатай холбоотойгоор МАН-ынхан дотроо жийлцсэн. Нэг хсэг нь АН-тай эвссэн. Олигархижсан төрийг өөрчлөхийн төлөө хэмээн ярьж өөр бусадтай эвсэн сонгуульд хүч үзэхээр зэхэж байгаад баригдсан Н.Энхбаяр харин хорихоос илгээсэн захидалдаа МАН болоод АН-ын аль алиныг нь буруутгаж байсан удаатай. Тэрбээр “...7-р сарын 1-ний хэргийг ил тод шүү гэхэд нууцалсан хэвээр, эхлээд сонгууль луйвардсан намуудын удирдлагуудтай хариуцлага тооцох ёстой гэхэд луйвраар төрийн өндөр албан тушаалд очсон эрхмүүд луйвар булхайгаа далдлан нуух гэж 3 хурандаа, 1 генералыг золиосолж асуудлыг хаах гэж зүтгэж байна, амь насаа алдсан 5 хүний хувьд тэднийг зөвхөн шоу болгон “бөмбөг” мэт “өшиглөж тоглож ” байна.

Ар гэрийнхэнийг нь олигтойхон ч харж үзсэн юм байхгүй, бүгд тэднээс уулзахгүй цэрвэж, тойрч гүйгээд л байна...” хэмээн тэр хэлсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сонгон томилсон дарга нараар удирдуулсан АТГ-ын зүгээс хийсэн эл баривчилгаа АН-д хожил дагуулж магадгүй нь гэсэн прогноз биеллээ олсон нь үнэн. Гэхдээ одоо нөхцөл байдал өөр байна. Н.Энхбаяр ч нарийн төлөвлөгөөтэй үзэж байна.
Солонгост өнгөрүүлсэн 8 сарын хугацаанд Монголд буддын шашныг дэлгэрүүлэх төсөл хэрэгжүүлэх чиглэлээр Солонгосын буддын сүм хийдүүдийн хүмүүстэй удаа дараагийн уулзалтууд хийсэн, Ганжуур, Данжуурыг болон нэр алдартай зохиолчдын бүтээлүүдээс эх хэлнээ хөрвүүлсэн гэхчлэн дандаа оюунлаг үйлсэд сэтгэлээ чилээсэн гэгдээд байсан Эксийн чин хүсэл нь идээшсэн талбартаа эргэн ирэх байж.
Тийм гэдгийг түүний үг биш ч, үйлдэл нь баталгаажууллаа. Тэр Төрийн ордонд хоймор эзлэн сууж харагдана. Тэнгэр бүрхэг, бороо шивэрсэн энэ өдөр улстөрийн тогоо цаагуураа бол улайсч байна даа...
Монголын улстөрийн намуудад үзэл баримтлал, чиг баримжаа гэж юм байхгүй, утгаа алдчихаад байгаа ийм үед Н.Энхбаяр нар шиг шоучин нөхдүүд нэн шинээр дэглэсэн ээлжит жүжгүүдээ түмэнд толилуулах вий...
М.Мөнхжин
Сэтгэгдэл (11)