Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх өлсгөлөн зарлахаар шийджээ. “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа 3.6 тэрбум орчим төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр АТГ-аас хорьж, шалгаж байгаа түүнийг цагдан хорих хугацааг нэг сараар сунгах шийдвэрийг шүүх гаргасан билээ. Харин тэр өөрийгөө гэмгүй нэгэн гэсэн утгатай захидлыг шоронгоос бичсэн юм.

Ерөнхий сайд, Хууль зүйн сайд хоёрыг хорих руу дуудаад уулзаж чадсан тэрбээр захидалдаа “Авлигатай тэмцэх газрын удирдлагууд Засгийн газраас хэрэгжүүлсэн нүүрс хөтөлбөрийг мушгин гуйвуулж намайг олон тэрбум төгрөгөөр улсыг хохироосон, охиныхоо компаниар дамжуулан олон тэрбум төгрөг завшсан мэтээр зохиомол хэрэг үүсгэн хэлмэгдүүлэн хорилоо. Ахлах зөвлөхийн албан тушаал нь ямар ч шийдвэр гаргах эрхгүй, тэр дундаа мөнгө захиран зарцуулах мэдэлгүй байдаг. Уг хөтөлбөрийн менежмент хийсэн компани нь манай охин болон надтай ямар ч хамаагүй юм. Сүүлдээ бүр надтай ямар ч холбоогүй хоёр иргэний дансаар ихээхэн мөнгө орсон, гарсаныг надтай холбох гэж оролдлоо. Би Ерөнхий сайдын даалгасны дагуу уг хөтөлбөрт оролцогч төрийн байгууллагууд, хувийн компанийн хоорондын харилцан уялдааг зохицуулагч, хяналт тавигчаар ажилласан юм. АТГ-ын мөрдөн байцаагч Золжаргал албан тушаалаа ашиглан намайг Эрүүгийн хуулийн 273-р зүйл буюу төсөв захиран зарцуулагч, 150-р зүйл буюу аж ахуйн нэгж байгууллага иргэдийн өмчийг итгэмжлэн хариуцсан этгээд мэтээр хэрэг зохиомжлон ялын тогтоол үйлдэж, шүүхээр хоёр cap хорих шийдвэр гаргууллаа.” хэмээн бичсэн байгаа юм.
М.Мөнхжин
Сэтгэгдэл (7)