Н.Алтанхуягийг айхтар нүүдэл хийдэг эр юм гэх магтаал дагах болов. Эхлээд бүтцийг оруулж ирж, дараа нь сайд нарын асуудлыг ярьснаараа тэр кабинетаа авч үлдэж таарах нь гэлцэж байна. Гэхдээ шийдвэр эцэслэгдээгүй байгаагийн сацуу Ерөнхийлөгчийн байр суурь анхаарал татаж байгаа юм. Ц.Элбэгдорж шинэ сайд нар томилох асуудлаар УИХ дахь нам, эвслийн бүлгийн дарга нартай уулзаж, чиглэл өгөөд байгаа билээ. Тэр хэлэхдээ “Засгийн газрын шинээр томилуулахаар оруулж ирэх сайд нар УИХ-ын гишүүн биш байх ёстой” гэлээ. Мөн “Засгийн газрын бүтцийн тухай хуулийг харахад долоон сайд өөрчлөгдөж, дөрвөн сайдыг шинээр томилох тухай асуудал яригдах юм байна. Хариуцлагатай холбоотой асуудал, бие биедээ хяналт тавих боломжийг бид нар энэ цаг мөчөөс эхэлж бүрдүүлэх хэрэгтэй. Энэ цаг мөчөөс эхлэн УИХ-ын гишүүнийг Засгийн газрын гишүүнээр давхар томилдог явдлыг зогсоох хэрэгтэй.

УИХ дээр яригдаж байгаа үндсэн чиг үүргийн яамдыг УИХ-ын гишүүн толгойлж болно гэсэн асуудлыг би тийм байх шаардлагагүй гэж үзэж байгаа. Миний оруулах хууль бол Засгийн газрын гишүүн болгон УИХ-ын гишүүн байх шаардлагагүй, энэ хоёр ажлыг хавсарч болохгүй гэсэн байр суурьтайгаар оруулна. Ганцхан Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байна. Би ч Ерөнхий сайдаар өмнө нь ажиллаж байхдаа УИХ-ын гишүүн биш байсан. Тэгж ажиллаж болдог. Бид өмнө нь явж байсан нөхцөл байдлуудаа харж дүгнэж байгаад ерөнхий зарчим ярих ёстой.
Манай зарим дарга нар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Байгаа хуулиараа явна. Түүгээрээ шийднэ” гэж байгаа. Бид одоо яг зарчмаа яриад энэ цаг мөчөөс эхэлж хэрэгжүүлээд явъя. Ийм боломж байгаа. Энд бүрэн хаалттай юм уу, огт болохгүй хуулиар хориглосон зүйл байхгүй. Бүлэг дээр хуулиудтай холбоотой мэдээллээ хийгээд Засгийн газрын шинээр томилогдох гишүүн УИХ-ын гишүүн биш байх талаар бүлгүүд өнөөдрийн дотор багтаж байр сууриа илэрхийлээч гэсэн ийм хүсэлтийг би тавьж байгаа юм. Та бүхэн бүлгүүдээ хуралдуулж энэ асуудлыг яриагүй нь яриад илэрхийлэх хэрэгтэй. Бүгдээрээ дахин дахин ярилцаад шийдье. Нэмж хэлэхэд шинээр томилогдох сайд нар УИХ-ын гишүүн биш байх тухай асуудлаар надад УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай ч ярьсан зүйл бий. Тийм учраас “Энэ бол Ерөнхий сайдын эрх мэдлийн асуудал. Орж ирэхээр нь ярья” гэсэн янз бүрийн өнгөлөн далдлалт хэрэггүй. Бүлгүүд үүн дээр албан ёсныхоо байр суурийг илэрхийлээрэй. Бүлгүүд байр сууриа илэрхийлээд, Ерөнхийлөгч энэ талаар ярьсан байхад Ерөнхий сайд ч шинээр оруулж ирэх Засгийн газрын гишүүдээ уг бодлогод нийцүүлж оруулж ирэх чиглэлд ажиллах боломжтой” хэмээн хэлээд байна.
Тэгэхээр Ц.Элбэгдорж, З.Энхболд, Н.Алтанхуяг нарын дунд яриа болсон. Ямар нэг өнгөлөн далдлалтгүйгээр гишүүн сайдуудыг танхимаас гаргая гэсэн асуудал яригдаж. Харин Ерөнхий сайд асуудлыг гаргаж тавихдаа өнгөлөн далдлалт хийж, бүтэц гэдгээр халхавчилсан байж болох. Угаас бүтэц өөрчлөгдөж сайд нарын асуудал гараад ирэхээр явуулахыг нь явуулаад, үлдээхийг нь үлдээгээд, дуудахыг нь дуудъя гэж.
За ямартай ч Уул уурхайн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэн Геологи, уул уурхай, эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яамыг нэгтгэн Дэд бүтцийн хөгжлийн яам, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамыг нэгтгэн Сангийн яам болгосноор 13 яам, 11 тохируулагч агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай ажиллахаар болоод буй. Харин сайд нарын тухайд А.Гансүх, Н.Батбаяр, Ц.Баярсайхан, Д.Ганхуяг, Ч.Улаан, М.Сономпил нарын давхар дээлтэнгүүдийн асуудал ид анхааралд байна. Яамдуудыг нэгтгэснээр Дэд сайдуудын асуудал бас яригдаж таарч байна.

Мөн сайдын албан тушаалыг тун хангалтгүй түвшинд залгуулж байгаа гэх Ц.Оюунгэрэл, Ш.Түвдэндорж хоёрт хариуцлага тооцох ёстой гэдэг дээр цөөнх байр сууриа илэрхийлж буй юм. Уг нь МАН-ын бүлгийн гишүүд Соёл, спорт аялал жуулчлалын яамыг татан буулгаж, эрхлэх асуудлыг нь Эрүүл мэнд, Боловсрол, Байгаль орчны яаманд шилжүүлэх санал гаргасан ч, УИХ-аар аваад үлдчихсэн. Ц.Оюунгэрэл сайдыг нэлээд их шүүмжлэл дагасан. Ямартаа л Ж.Энхбаяр гишүүн түүнийг гурван жил шахам сайдаар ажиллахдаа аль дивангалавын үеийн хэдэн үлэг гүрвэлийн яс ярьж явсаар байгаад таарсан, хариуцсан салбараа ойлгож ухаардаггүй гэсэн агуулгатай зүйлийг хэлж байлаа. Тодруулбал, “Ямар ч бодлогогүй яам ажиллаж байна. Шинжлэх ухаанчаар судлах ёстой үлэг гүрвэлийн ястай зууралдаад гурван жил боллоо. Үнэндээ үлэг гүрвэлийн яс бол өв соёл бус олдвор шүү дээ. Азийн наадамд 130 гаруй тамирчин нь хувиасаа мөнгө гарган байж явж байхад сайд нь нөхрөө дагуулаад улсын зардлаар оролцдог байж болох уу. Энэ яаманд харьяалагдаж буй салбаруудад мэргэжлийн чадавх алдагдаж байна” хэмээн шүүмжилсэн ч Ц.Оюунгэрэл үлдсэн.

За харин Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндоржийн тухайд түүнийг эцэргүүцсэн алхмыг тариаланчид эхэлж хийсэн. Буудайн үнийг зориуд унагаж, гурилын үйлдвэрүүдэд хямдаар өгөх ёстой гэж үзсэн сайдын эсрэг тариаланчид "уучлаарай сайдаа бид будаагаа хямд өгч чадахгүй. Хэрэв тэгвэл дампуурна. Ийм бодлого хэрэгжүүлвэл монголд тариа тарих хүн олдохгүй. Ийм бодлого хэрэгжүүлбэл ирэх жил гэхэд газар тариалангийн бүх талбай рапсын талбай болно. Бид ч ашгаа бодоод рапс тарина" гэсэн байгаа юм. Харин тэрбээр хариуд нь “олон юм яриад байвал оросоос буудай авч та нарын буудайг хөгцрүүлнэ шүү” гэж занасан гэх асуудал бараг биеллээ олох гээд нийгэмд асуудал тарьсан. Тэгэхээр энэ мэт асуудалтай, давхар дээлтэй сайд нараасаа Засгийн газар салах ёстой л болоод байна.
Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн тэд үнэхээр хоорондоо ярьсан, тохирсон бол тэд явж таарах учиртай. Н.Алтанхуягийн эрхийн хүрээнд шийдэгдэх учиртай мэт харагдах сайд нарын асуудлын цаана АН-ын акулуудын эрх ашиг байж таарна. Ер нь бол Н.Алтанхуягаас бусад гишүүн сайд нар бүгд явах ёстой л харагдаад байгаа юм.
М.Мөнхжин
Сэтгэгдэл байхгүй байна