Цуутай хуримууд

Хуримын үер буудаг намрын энэ налгар өдрүүдэд Монголын үе үеийн цуутай хуримын агшнуудаас хуваалцаж байна. Хэдийгээр энд онцолсон хуримын эздийн зарим нь “шинэ” амьдрал эхлүүлсэн  ч, тэд цуутай хурим хийсэн нь үнэн билээ.

Тэгээд ч бүх охидын мөрөөдөл хуримын гоёмсог даашинз өмсөж, дурлалт залуудаа хайрын тангараг өргөж, бөгж солилцох мөч байдагтай маргах хүн гарахгүй биз ээ. Харин бие даасан, бэлтэй эрчүүдийн хувьд ч гоёмсог фрак өмсөж, аз жаргалтай амьдралын эхлэл, билэгдэл хуримаа хийхийг хүсдэг. Энэ бол яах аргагүй амьдралын алтан агшин. Тиймээс тэдгээр агшнуудыг эргэн дурсахад юу нь болохгүй гэж. Тийм биз дээ!

Шинэ цагийн Монголчуудын хуримын чиг хандлагыг тодорхойлов

Шинэ Оросууд гэдэг шиг шинэ үеийн Монголчууд 90-ээд оноос хойш төрж, өөрсдийн өвөрмөц амьдралын хэв маягаар хүрээгээ тэлсээр байгаа. Хуримын тухайд шинэ давалгаа, шинэчлэл авчирсан хуримын ёслол бол Ш.Отгонбилэг агсны хүү О.Содбилэгийнх. 2008 оны зуны тэргүүн сарын хөхөгчин могой сарын шинийн 9-ний өдөр тэрбээр сүйт бүсгүй Э.Туултай хуримын бөгж солилцож хувь заяагаа холбосон билээ.

Гадаадад өндөр боловсрол эзэмшиж юм үзэж нүд тайлсан хосууд хуримаа манайхны дадсан хэв маягаас огт өөрөөр хийсэн. Энэ нь ч дараа дараагийн томчуудын хуриманд тусгалаа олсоныг дурдах хэрэгтэй байх. Тэд ёслолоо хуримын ордонд хийсэнгүй. Харин “Бага тэнгэр”-т төрийн өндөр харуул хамгаалалт дор ойр дотныхныгоо цуглуулж, хуримын ордны даргыг  залж аваачин батлахаа гардаж, бөгжөө солилцсон юм. Хуримын ордонд ороогүй нь учиртай. Учир нь тэд ёслолоо христийн шашны дагуу гүйцэтгэсэн. 

Энэ ёслолд хосууд сүүн цагаан өнгийн үндэсний загвар бүхий гоёмсог дээлээр ижилсэж, цагаан алтан бөгж солилцсон. Энэхүү өмсгөлийг “Гоёл” наадмын Гран при шагналт дизайнер Мижиддорж урласан байна. Харин ёслолын дараа “Улаанбаатар” ресторанд үргэлжилсэн хуримын цайллагандаа сүйт бүсгүй Австралиас захиалж авчирсан “Oscar de la Renta” брэндийн гоёмсог хуримын даашинз, сүйт хархүү торгомсог дэгжин костюм, хар лакан ботинкоор гоёв. Э.Туул

хувцас хувцас загвар сонирхдог, нарийн мэдрэмжтэй бүсгүй. Ямартаа л  Монголдоо ирмэгцээ “Хайрын хурим” хувцас загварын салон байгуулж, “Гоёл” наадамд хүртэл өвөрмөц эрхэмсэг стиль имиж бүхий коллекциороо оролцож тусгай байрын шагнал авч байсан удаатай. Энэхүү салондоо урлуулсан үдшийн даашинзаараа  хуримын гоёл хийсэн юм.

Одод чуулсан хурим

Бидний сайн мэдэх “МТ” бензин түгээгүүрийн эзэн ноён Б.Ганзориг Монголын толгой баячуудын нэгд зүй ёсоор тооцогддог. Нэгэн цагт Б.Бат-Эрдэнэ аваргад 40 саяын үнэтэй жийп бэлэглэж нүнжигээ гайхуулж байсан энэ ноёнтны ууган хүүгийнхээ нэрээр нэрийдсэн  “Магнай трейд” компани нь түүнд ээлээ өгч өдгөө тэрбээр Монголын нефтийн салбарын нэг магнатын суудалд эзэн суух болсон.

Тэрбээр Магнай, Дашням, Содбаяр хэмээх 3 хүүтэй. Ууган хүү Магнай нь өнгөрсөн жил хөлгүй хурим хийж удаа ч үгүй ачийн зулай үнэрлүүлсэн. Тэрхүү ачтай, азтай бүсгүй бол нэгэн үе “S music” хөгжмийн сувагт хөтлөгч хийж байсан Дэнсмаа. Ард түмний дунд Ягаан Гажид нэрээрээ алдаршсан жүжигчин Цэнд-Аюушийн ач охин тэрбээр  СЭЗДС-ийг дүүргэсэн боловч  сонирхлоороо телевизийн салбарт хүч үзэж байгаад ирээдүйн ханиа олсон нь Г.Магнай. Тэд “9009” уран сайхны киноны нээлт дээр анх бие биенээ харсан бөгөөд “Хит”-ийн Давааням тэднийг танилцуулж байжээ.

Тэдний хурим 2009 оны 9-р сарын 8-нд болсон бөгөөд  нийтийн жишгээр Хуримын ордонд ёсолж, цайллагаа “Баянгол” ресторанд хийж үдшийн party-гаа харин “Камертон”-ы Эбагийн Level lounge-д үргэлжлүүлсэн аж. Мэдээж хуриманд эцгийнх нь бизнесийн цар хүрээ, нэр хүндийг аваад үзсэн ч Монголын улс төр, бизнесийн томчууд хүрэлцэн ирж хосуудын амьдралд аз жаргал хүссэн. Энэ бүхнээс илүү энэ үдэш Монголын рок попын одод жинхэнэ десант буулгаж, хосуудад бэлэг барихаар дугаарласан гэж болно. Хуримын урлаг уран сайхны хэсгийг поп хатагтай Сараа ахалж,

“Камертон”, “Киви”, буржгар Жагаа гавьяат, Дашка гавьяат, Хаянаа гээд тэр бүр нэг дор цугладаггүй одууд хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлсэн юм. Хамгийн сонирхолтой нь хэсэгтээ л тарсан уу гэмээр нэг тайзан дээр хамтдаа гараагүй “Камертон”-ы дөрөв олон жилийн дараа анх удаагаа энэ хуримын тайзан дээр бүрэн бүрэлдэхүүнээрээ гарч хамтлаг дахин эргэн нэгдэх зам нээгдсэн гэж болно. Ингэж рок попын томчуудыг нэг дээвэр дор цуглуулсан хуримын party дээр сүйт бүсгүй хөл хүндтэй болсноо найзууддаа хэлж сюрприз барьж байв.

Тэд одоо хөөрхөн хүүгийн хамтаар аз жаргалтай амьдардаг. Г.Магнай “Магнай трейд”-дээ салбар хариуцсан захирлаар ажилладаг бол гэргий нь гэр зуураа хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд анхаарал тавьж байна.

Эбаг чичрүүлсэн хуримын бөгж

 “Камертон”-чуудаас хамгийн нуруутай, “мужик” зантай нь Эба гэдэг. Уран нугараач эгч дүүсийн томтой нь гал голомтоо асааж араасаа Д.Болдыг уруу татаж базууд болсон түүнийг рок попынхон дундаа ёс төртэй хуримласан анхны дуучдын нэг гэдэг. Түүний гэргий Ж.Бямбасүрэн хэмээх хаанаас нь ч харсан бие хаа, царай зүс тэгш нүд унагам сайхан бүсгүй аль хүүхэд байхаасаа дүүтэйгээ хамт аавыгаа дагаж уран нугаралтын гайхамшгийг гадны олон улсуудад үзүүлж явсан нэгэн. 

Дөрвөн хөөрхөн хүүхдийн ижий, аав Эба, Бямбаа хоёрын хуримын дурсамж одоо ч халуун дулаан хэвээрээ. Эхнэрээ хуримын өмсгөл зүүсгэлээ бэлдэхэд нөхрийн хувиар үргэлж дэргэд нь байсан дуучин маань яг бөгжөө солилцохдоо учиргүй чичирч сандарсанаа дурсан ярьдаг. Энэ өдөр гэргийнхээ сүрдэм гоо үзэсгэлэнг бүр их биширснээ ч Эба нуудаггүй.

Клипэнд хуримласан нь

“Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ экс гэргий Халиунтайгаа  албан ёсоор хуримаа хийж байгаагүй. Энэ зургийн тухайд “Дурлалыг юутай зүйрлэх юм бэ?” дууны клипэнд тоглохдоо татуулсан кадр. Клипний ачаар “хуримаа хийсэн” Халиунаа тухайн үед “Ямар гоё юм бэ, үнэнээсээ ингэж хуримлавал гоё юм байна” хэмээж байжээ. Тэд энэ клипэнд гэр бүлээрээ тоглохдоо гал хамгаалагчийн гэр бүлийн дүрийг тун ч гайхалтай үнэмшилтэй бүтээсэн тул “UBS music video awards” наадмаас шилдэг дүр бүтээлт шагналын эзэн болж байв.

Сонирхуулахад клипний төгсгөл хэсэгт Л.Ган-Эрдэнийн охин нэг их уйлдаг хэсэг байдаг.

Энэ хэсэг клипний зохиолд байгаагүй бөгөөд тухайн үед “Манай гал хамгаалагч Ган-Эрдэнэ ажлаа хийж яваад харамсалтайгаар халуун амиа алдлаа” хэмээн хэлэхэд охин нь том дуугараад уйлчихсан байна. Ингэж энэ клип бүр ч үнэмшилтэй, сайн бүтээл болж чадсан байна. Гэргий нь ч гэсэн “Ганааг чи нас барчихсан гээд боддоо” гэхэд л хар аяндаа нулимс нь урсчихсан гэдэг. Харамсалтай нь хосууд өдгөө тусдаа амьдарч байгаа. Саяхан л ийм халуун дулаан байсан гэр бүл залуу насны ааг омгоор бие биедээ тунирхаж хоёр тийшээ болсон байх гэдэгт итгэнэм.

Жа ноёнтны зангараг

Монголын дуулиант хуримуудын тоонд Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын голомт залгах хүү Ж.Дамдинцэрэнгийн хурим ордог. Ховор тохиох авьяастан, оюуны их мастерынхаа хувьд эрхэм хөгжмийн зохиолч хэдэн жилийн өмнө өөрийн ууган охин, Монголын анхны эмэгтэй морин хуурчдын нэг Ж.Уугантуяа болон Их аварга Д.Дагвадоржийн хуримыг Монголд бараг мартагдахаа шахаад байсан Монгол дэг жаягаар хийж байлаа. Тэгвэл хүүгийнхээ хуриманд үүнээс ч илүү ач холбогдол өгч жижиг сажиг зүйлийг хүртэл чамбай зохион байгуулж, монгол уламжлалт дэг жаягаа нарийн баримталж хийсэн нь олон хүнд үлгэр жишээ, санаа авахаар хурим болж өнгөрснийг дурдахгүй өнгөрч болохгүй.

Хуримын урилгатай хамт ноён Н.Жанцанноров алдарт “Цагаан суварга” цомог болон хүүгийнхээ зохиосон “Долоон эгшигэн зохирол“ хөгжмийн бүтээлийг багтаасан CD-г илгээжээ.

Одоо ч хуримын зочдын ам дамжуулан бишрэн ярьдаг энэ хуриманд Монголын урлаг, улс төр, бизнесийн томчууд цугларсан нь мэдээж. Угаас Жа ноёнтны орон зай, зангараг, нэр төр гэж юу билээ. Анхны ерөнхийлөгч П.Очирбат, MCS-ын Ж.Оджаргал, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, эрхэм гишүүн Д.Лүндээжанцан, Д.Одбаяр, ГОК-ын Б.Ганзориг, “Хас”-ын Ч.Ганхуяг, “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ, ҮХЦ-ийн дарга Ж.Бямбадорж, “Инээмсэглэл”-ийн Ч.Ганболд, урлагийнхнаас АЖ Х.Уртнасан, А.Долгор, Б.Жавзандулам, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав, МУГЖ Т.Ариунаа, Азийн топ модель Д.Болормаа гээд бичвэл овоохон жагсаалт гарна.

Хуримын нээлтийг Н.Жанцанноров гуай өөрөө нээсэн нь удам залгах хүүгийнхээ хуримыг өөр хүнээр нээлгүүлэхгүй гэсэн санаа байсан байх. Хуримын жаврыг уртын дууч Б.Баттөмөр, морин хуурч, АЖ Ц.Батчулуун нар үргээж, мэргэжлийн том чуулгын тайзан дээр л үнэ хүндтэйхэн залардаг Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ “Баянгол” ресторанд ирсэн зочдын сэтгэлийг хуурын эгшгээр баясгасан нь барагтай хуриманд тохиох аз завшаан биш. 

“Баянгол” ресторанд хүндэтгэлийн маягтай байсан хурим цааш “SS club”-т үргэлжилсэн бөгөөд аав, ээж нь нээж үг хэлчихээд явсны дараа Ж.Дамдинцэрэнгийн найз нөхөд 200 орчим залуус үүрийн 4 хүртэл жинхэнэ “бут авсан” гэдэг.    

Хосууд “Монгол модель” агентлагт харьяалагддаг. Ж.Дамдинцэрэн Японы Токиогийн Урлагийн их сургуульд хөгжмийн зохиолч, урлагийн менежментийн чиглэлээр сураад ирсэн. Гэргий Э.Энхзаяа нь олон улсын харилцаагаар мөн л Токиод суралцсан. Тэд өдгөө хоёр хүүхдийн аав ээж болцгоосон.

Хуучрахгүй...

Хэзээд анхаарлын төвд байсаар ирсэн Их аваргын хуримын фото агшинг танд дахин хүргэхээсээ татгалзаж чадсангүй. Тэдний хуримын сонин хачин, сүр дуулиан 2004 онд болсон цагаасаа хойш яригдсаар, сонирхолтой сэдэв байсаар ирсэн учраас дахин нуршаад яахав. Зүгээр тэдний европ стилийн цасан цагаан гоёлоос санаа авч юуны магад.

Хуучрахгүй...

Дархан аварга Х.Баянмөнхийн голомт залгах ганц хүү Б.Гантогтох гарьд бөхчүүд дундаа даруу төлөв, буурьтай  зангаараа илүүрхдэг. Гарьдын гэргий Х.Ундармаа хэмээх багш бүсгүй байдаг бөгөөд 90-ээд оны эхээр хуримаа хийж гал голомтоо асааж байв. Тэдний энэ дурсгалт агшин тун сонин байх болов уу.   

 

Б.Ялгуун

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025