Дебют: “Миний карьер бол миний бизнес”

“Дебют” булангийн анхны зочныг та бүхэнтэй танилцуулж байгаадаа таатай байна. Төрийн соёрхолт Н.Сувдын хүү Т.Бат-Оргилын охин Б.Энхзаяаг бид онцлон урьсан нь учиртай.  Нийгэмдээ хийж бүтээхийг эрмэлзэж, шинэ шинэ алхмуудыг хийж байгаа залуу хүмүүсийг таньтай уулзуулахаар  бид “Дебют” буланг нээж байгаа юм.
Америкт 10 жилийг өнгөрүүлсэн Б.Энхзаяа өдгөө нөхрийн хамтаар  Монголын рестораны бизнесийг өнгөлж явна. “Rosewood” рестораныхаа гуравдахь салбарыг нээн амжилттай урагшилж яваа түүний хувь ертөнцийг “хүчтэй” гэдэг үгээр тодорхойлж болмоор. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

-Бидний урилгыг хүлээн авч, “Дебют” булангийн анхны зочин болсонд тань баярлаж байна.  Та манай уншигчдын хувьд цоо шинэхэн танил юм чинь өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Т.Бат-Оргилын Б.Энхзаяа гэдэг. Америкт Олон улсын бизнесийн чиглэлээр суралцан төгссөн. Гэхдээ мэргэжлээсээ илүүтэй хоолны чиглэлийн хоббигоороо дагнан ажиллаж байна. Манай гэр бүл Монгол руугаа ирэхэд би Америкт үлдсэн. Би сургуулиа заавал төгсөж байж нутаг буцна гэсэн учраас  намайг 16 настай байхад ганцааранг маань Америкт үлдээсэн юм.  Тэр нь миний хувьд их хэрэгтэй зүйл болсон гэж боддог. Би зөөгч хийж, ширээний бохир хураахаас авахуулаад олон ажил хийсэн. Дараа нь менежер хийх болсон. Өөрөө  зөөгчөө шалгаруулж авдаг болсон. Өөрийн хобби руугаа алхам алхмаар дөхсөн гэх үү дээ. Тэнд яг арван жил болчихоод Монголдоо ирж, хоббидоо хөтлөгдөн  рестораны салбарт орсон юм.
-Нөхөртэйгөө хамт бизнес эрхэлдэг гэдгийг тань мэдэх юм. Харин Монголд  ирж бизнесээ эхлүүлэх нь яг хэнийх нь санаа байв?
-Монголдоо ирж ажиллах болсны учиг нь аав, ээжтэй холбоотой л доо. Тэд  бид хоёрт санал тавьсан юм. Манай нөхөр Америк хүн. Нөхөр маань рестораны чиглэлээр мэргэшсэн чадварлаг тогооч. Тиймээс  бид хоёроос интернэтээр санал, зөвлөгөө их хүсдэг байсан. Рестораны хоолыг яаж хийх үү, суудлыг нь яаж засах уу, зөөгч нарын хувцас ямар байх нь зохистой вэ гэхчлэн ресторантай холбоотой олон асуудлаар биднээс зөвлөгөө хүсэх  тохиолдол их байсан. Тэр болгонд бид хоёр зөвлөгөө өгч, санал бодлоо хуваалцаж байсан юм. Тэр ч утгаараа  Монголдоо  түр очоод зөвлөгөө өгье, мөн нөхөртөө эх орноо танилцуулъя гэсэн үүднээс дагуулж ирсэн. Тэгээд энд ресторанаа нээхээр болсон тул, бизнесээ хийе гээд үлдсэн юм. Одоо хоёр салбараа нээчихсэн. Удахгүй гуравдахь салбараа нээх гэж байна.


-Одоо хэдэн настай билээ?
- 24 настай.
-Хоёр ч рестораны үүдийг нээсэн, удахгүй гуравдахийг нь нээх гэж байгаа гэнэ. Тэгэхээр бизнес нь нэлээд амжилттай явж байгаа гэж ойлгож болох уу?
-         Их амжилттай явж байгаа. Хүмүүс их санал тавьдаг. Ялангуяа шинэ байртай, өөрийн гэсэн обьекттой хүмүүс санал их тавьж байна. Зайсанд салбараа нээгээч гэсэн санал хүн тавьсан. Ямар ч байсан гурав дахь салбараа 23 дугаар сургуулийн хажууд нээхэд  бэлэн болж байгаа. Бид нэг жил хагасын хугацаанд нэг шинэ салбар нээнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм.  Салбар бүр  өөр өөр хэв маягтай. Нэгдүгээр салбар маань чөлөөтэй, стиллэг, америк хоол тал руугаа бол хоёр дахь салбар итали хоолыг голчилсон. Хоолны зарим материалаа Италиас авч ирдэг. Мөн  далайн шинэ бүтээгдэхүүн оруулж ирж хоол их хийж байна.  Харин  гурав дахь салбар маань өмнөх салбаруудаас өөр хэв маягтай байна гэсэн үг.
-Чамгүй олон жилийг Америкт өнгөрүүлж. Таны төлөвшил тэнд  бүрэлдэж гэж ойлгож болох юм шиг байна. Хэдэн настайдаа тэнд анх хөл тавьж байв?  
-    11 настайдаа анх очоод  21 настайдаа буцаж ирсэн.


-Буцаад ирэхэд соёлын шок ч гэдэг юм уу. Ахуйн ямар нэг ялгааны бэрхшээл хэр тохиолдож байсан бол?
-    Байсан. Эхний зургаан сар бол шокийн байдалтай байсан шүү. Нийгмийн сэтгэлзүй, хүмүүсийн харилцаатай холбоотой байсан. Жишээ нь, эхнэртэй хүн миний хажууд өөр охин тэврээд, үнсэж байгаа нь зүгээр л хэвийн үзэгдэл мэт байгаа нь надад их хүнд санагдаж байсан. Тийм байдлыг харчихаад би байж сууж чадахгүй гайхаад, уурлаж байсан тохиолдол бий. Ёс суртахууны доголдол надад их хэцүү байсан. Одоо ч гэсэн хэцүү байдаг. Гэхдээ сүүлийн гурван жилийн хугацаанд  сэтгэлийн хөдөлгөөнөө дараад сурчихсан гэх үү дээ. Хүн бүхний өөрийнх нь сонголт юм даа. Би бол  амьдралыг өөрөөр хардаг. Бас гэр бүлийнхээ хүмүүсээс тийм байхыг шаарддаг. Харин өөр бусад хүмүүсийн тухайд өөрсдийнхөөрөө байхад нь би юу хэлэх вэ дээ.

-    Энэ их ажлынхаа хажуугаар хувийн амьдралаа, гэр бүл төлөвлөлтийн асуудал дээр хэр анхаарч байна вэ?
-    Бид хоёр хувийн амьдрал гэхээсээ илүү бизнестээ илүү цаг зориулж байгаа. Хааяа гадагшаа явж амарна. Маргааш Хонгконг явах гэж байна. Амрахын хажуугаар ажлаа амжуулна. Одоогийн байдлаар миний карьер бол миний бизнес. Хүүхэд  ойрын төлөвлөгөөнд байхгүй.  Магадгүй таван жилийн дараа хүүхэд гаргах байх. Тэр үед бизнес маань ч хөлөө олж, би өөрөө ямар байх нь уу. Тэр үед хүүхэдтэй болноо.


-Та хоёр хамт амьдраад хэдэн жил болсон бэ?
-    Дөрвөн жил болж байгаа.
-Багагүй хугацаа л байна. Ерөнхийдөө сэтгэлгээний болоод соёлын ялгааг харж болохоор байна л даа. Дөрвөн жил гэхээр нэг байтугай нэлээд хэдэн хүүхдийн эцэг эх болчихмоор л  цаг хугацаа өнгөрсөн байна шүү дээ. Ер нь залуу хүмүүс гэр бүл төлөвлөлтийг яаж хийх ёстой бэ. Үр хүүхдэд яарч сандрах ёстой юу. Та хоёрын хувьд бизнес нь ийм амжилттай явж байгаа юм чинь, санхүүгийн эрх чөлөөнд тодорхой хэмжээнд хүрчихсэн гэж ойлгож болох уу. Энэ үед яагаад хүүхэд төлөвлөж болохгүй гэж. Яагаад?
-    Хүн хүн өөр байх л даа. Манай ээж залуудаа хүүхдүүдээ төрүүлсэн. Маш ухаантай, бизнест бол мундаг эмэгтэй. Намайг жаахан байхаас л ээж бизнес эрхэлж байсан. Англи хэлний төв ажиллуулж,  хэлний сургалт явуулахаас гадна хүмүүсийг Англи руу явахад нь тусалдаг байсан юм. Тийм бизнестэй байсан болохоор ч, манай гэр бүл Америк явсан. Би ийм ажил хэрэгч, дайчин бүсгүйг харж өссөн болохоор бизнес рүү хөтлөгдсөн байх. Манай эмээ бас л ажилсаг, мундаг хүн байдаг. Би ийм хүмүүсээр хүрээлүүлээд өсчихсөн учраас хувь хүн талдаа чадварлаг болсны дараа хүүхэд төрүүлье гэж боддог. Хүүхэд, ажлыг хослуулж чаддаг эмэгтэй бол хүчтэй эмэгтэй. Миний хувьд одоо бол тэгж чадахгүй гэж харж байгаа. Бас эдийн засгийн бүрэн чадвартай байж хүүхэд төлөвлөх хэрэгтэй гэж боддог. Хүссэн  сургуульдаа сургаж, хүмүүжүүлж чадах хэмжээнд очсон үедээ хүүхэдтэй болох  хэрэгтэй гэж санагддаг.  Ер нь надад олон хүүхэд гаргах нь чухал биш. Тоо биш чанар чухал. Хүүхдүүдээ өөрийнхөө хүссэн замаар зөв, сайн хүн болгож, нийгэмд төлөвшүүлэн бэлтгэж өгөх нь чухал гэж боддог. Одоогийн байдлаар би өөрийн байр саваа бэлдээгүй байна. Мөн манай хүүхдэд эрүүл мэндийн ч бай, ямар нэг байдлаар асуудал тулгарлаа гэхэд тэдгээрийг шийдэх хэмжээний мөнгө миний дансанд байж байх хэрэгтэй. Тийм учраас би өөрөө бэлэн биш. Хангалттай мөнгө хуримтлуулаагүй байна.


-Нөхөр тань  Америк хүн учраас харилцахад амар ч байдаг байх. Үнэндээ Монгол эрчүүд бол арай өөр хандана шүү дээ?
-    Хүүхдийн тал дээр нөхөр бид хоёр  санал нэг байдаг. Өөрийнхөө хүслийг надад тулгахгүй. Яагаад гэхээр тэр хүүхдийг би тээж төрүүлнэ. Дараа нь би л хооллож, хөхүүлнэ. Мэдээж миний нөхөр хажууд байж туслана л даа. Гэхдээ надад илүү хүнд ачаа ирнэ гэдгийг манай нөхөр надаар хэлүүлэлтгүй мэддэг. Уг нь миний хувьд хүүхэд гаргах цаг аль хэдийнэ болчихсон ч, бид сайн төлөвлөж, бэлдэж байгаад аав, ээж болно доо.
-Гэр бүлийн тань зүгээс аав ээж, эмээ өвөө  нь ач, зээ нэхэхгүй байна уу?
-    Манай эмээ  зөндөө олон ач зээтэй.  Тэгэхээр надаар дутахгүй шүү дээ. Би гурван дүүтэй. Эгч маань одоо жирэмсэн байгаа.


-Өөрөө том нь биш бил үү?
-    Би хоёр дахь нь. Манай эгч надаас дөрвөн насаар эгч. Манайх тавуулаа. Эгч маань 28-тай, би 24-тэй, доод талын дүү маань 18-тай, бага нь тавтай. Тийм болохоор хүүхэд энэ тэр нэхээд байдаггүй. Дүү нар маань ч жаахан  байна. Жаахан хүүхэд хармаар байвал дүү нараа очоод харчихдаг болохоор өөрөө  хүүхэд хүсээд байх юм алга л даа.
-Эгч нь юу хийдэг бэ?
-    Манайх рестораны бизнесээс өмнө кофены бизнестэй байсан. Монголын хамгийн анхны кофены импортыг хийж, өөрсдөө боловсруулж, савлаж  үйлдвэрлэж байсан. Манай эгч тэр бизнесийг анхнаас нь авч явж байсан. Өнөөдөр Монголд үйл ажиллагаа явуулж байгаа их олон ресторан,  кофе шопуудын үүсэл нь манай эгчийн бизнестэй холбоотой гэж болно. Харин манайх анхны кофе шопоо   саяхан өөр компанид худалдсан. Үйл ажиллагаа нь тун сайн явж байсан боловч, бидний хүсэл ресторан учраас тэр чиглэлээ дагнахаар болсон юм. Кофе гэхээр үйлдвэрлэл талдаа болоод явчихдаг юм л даа.

Би боддог юм.  Хүн өөрийнхөө сайн чаддаг юмаа л хийх хэрэгтэй. Би үйлдвэрийн тал дээр мэргэжлийнх биш, үйлдвэр яаж үр дүнтэй өгөөжтэй явахыг би сайн мэдэхгүй. Би ресторанаа сайн мэддэг учраас энэ чиглэлийг нь сонгосон. Харин кофе шопыг худалдаж авсан компанидаа зөвлөгөө өгөөд явж байна.


.
-Таны нас бага ч гэсэн   үзэл санаа, ертөнц чинь хэдийнэ бүрэлдчихсэн байгаа нь сайхан сэтгэгдэл төрүүлж байна л даа, миний хувьд. Мэдээж ирээдүйгээ тодорхойлчихсон байгаа байх. Энхзаяагийн ирээдүйн  зорьсон газар, өндөрлөг нь юу юм бол?
-    Би ямар ч юм хийсэн өөрийн чадлаар сайн хийхийг хүсдэг. Миний хувьд ашиг нэг их сонирхолтой биш байна л даа. Мэдээж бизнес эхлүүлсэн юм чинь ашиг бодчихсон. Зохих ашигаа хийж ч байгаа. Харин илүү шунаад байдаггүй. Нэг улиралд  ашиг сайн байх юм бол би түүгээрээ буяны ажил хийх ч юм уу, эргээд нийгэм рүүгээ хандсан байдлаар зарцуулахыг хичээдэг. Нийгмийн сайн сайхны төлөө мөнгөө зарцуулахыг хүсдэг. Бизнес тогтвортой бол бүх юмаа нөхөөд явчихдаг. Илүү гарч байгаа мөнгөө ажилчиддаа, өөр бусад зүйлд зарцуулах нь бид нарт асуудал биш.

Миний зорилго бол энэ рестораны салбараа улам сайжруулж, илүү өрсөлдөөнтэй болгох юм. Ойрын дөрвөн жилдээ долоо, найман салбартай болж цаашлаад сургуулийн хүүхдэд зориулсан эрүүл хоол  зохиож гаргах бодолтой байгаа. Зүгээр нэг будаа, цагаан гурил биш. Яг хүүхдэд хэрэгтэй витаминтай хоол хийхийг хүсэж байна. Манай дүү нар боломжийн үнэ төлбөртэй сургуульд явдаг хэрнээ тэндээ  идэж байгаа хоолыг нь  харахад үнэхээр хэцүү байдаг. Мөн манай гэр бүлд, ялангуяа эрэгтэйчүүдэд  сахарын өвчин их  байдаг.  Тиймээс хүн бүр нэн тэргүүнд зөв хоололтоос эхэлж, анхаарах хэрэгтэй. Нэгэнт сахартай болсон хүн бүрэн эдгэнэ гэж байхгүй. Тиймээс урьдчилан сэргийлэхийн тулд зөв хооллох хэрэгтэй. Манай Монголын ресторан, хоолны газруудын цэсийг харахад сонголт нь бага. Нөгөө л тоотой хэдэн хоол нь байдаг. Тэгэхээр хүн бүхэн яаж эрүүл байх билээ. Тиймээс бид 2015 оны хоёрдугаар улирлаас эхлээд оффисын хүмүүсд зориулсан эрүүл хооллолтын хүргэлтийн үйлчилгээг бий болгох гэж байгаа. Нийгмийн хариуцлагаа орхигдуулахгүй гэсэн үүднээс  хүн бүхэнд хүрсэн үйлчилгээ нэвтрүүлэхийг зорьж байна.


-Би өмнө нь танай ааваас ярилцлага авч байсан. Тэгэхэд ээжийг тань мөн л магтаж байсан. Маш ухаантай эмэгтэй байдаг гэж. Нөхөр нь ч тэр, охин нь ч тэр магтаад байгаа тэр эмэгтэйтэй илүү дотно танилцахыг хүсэж байна. Ээжээсээ их үлгэр дуурайлал авдаг охин юм байна. Ээж нь одоо ямар бизнес эрхэлж байгаа бол. Энэ талаар ярьж болох уу?
-    Манай гэр бүл  нийгмийн хариуцлагатай байя гэж зорьж, ажиллаж, амьдарч байгаа. Бид тийм баян хүмүүс биш. Хүмүүс буруу ойлгодог юм шиг ээ. Бид бусдын адил өдрийн хоолны мөнгөө  тооцоолоод, сарынхаа мөнгийг хураагаад амьдардаг.Манай ээж шинэ бизнес эхлүүлчихсэн байгаа. Намайг ТУЗ-ийн гишүүнээр тавьчихсан байна лээ. Би үүнд нь үнэхээр их баярлаж байгаа. Надад маш том хүндэтгэл үзүүлж байна л даа. Бизнесийн талаар надад зөвлөгөө өгөөд хамтран ажиллах гэж байгаа юм.  Тэр нь агаар цэвэршүүлэх тоног төхөөрөмжийн
 бизнес.  Тэр бүтээгдэхүүнийг манайх арван жилийн өмнө Америкт байхдаа худалдаж авч байсан. Би одоо гэртээ хэрэглэдэг. Маш сайн бүтээгдэхүүн. Чанарын хувьд маш сайн агаар цэвэршүүлэгч. Монголын нөхцөлд маш их хэрэгтэй. Тоос сорогчийн үйлчилгээг давхар үзүүлэх боломжтой. Америкийн элчин сайд ирж манайхаас худалдан авах санал тавьсан. Энэ бас л нийгмийн тал руугаа хандсан бизнес юм. Манай дүү агаарын бохирдлоос болоод өнгөрсөн жил эмнэлгээр нэлээд явж уушгиа эмчлүүлсэн. Дөрвөн настай мөртлөө агаарын бохирдлоос болоод уушги нь өвдөж байгаа юм. Хүүхэд  жаахан байхдаа эрүүл байх ёстой шүү дээ. Гэтэл агаарын бохирдлоос болоод тийм байж чадахгүй байна. Тэгэхээр ээжийн санаачилсан бизнес утаа бохирдолтой Улаанбаатарт амьдарч байгаа хүмүүст их хэрэгтэй гэж би харж байна.

Ээж бид хоёрын бизнесийн арга барил өөр. Гэхдээ ээжээсээ сурсан нэг юм бол хүн маш шургуу ажиллах ёстой. Ажилчиддаа зааж сургахаас гадна өөрөө бүгдийг нь  багаас  эхлээд дуустал нь  хийж чаддаг байх ёстой гэж  сургасан.  Манай ээж ямар ч бизнес эхлүүлсэн бүгдийг нь өөрөө хийж чаддаг. Тийм болохоор би ресторандаа  зөөгч хийнэ, тогооч хийнэ, менежер хийнэ гээд л явна. Би заримдаа зөөгч хийдэг. Энэ бол ичмээр зүйл биш. Яагаад гэхээр би үйлчлүүлэгч нараа таних, хүнийг таних арга барилд суралцаж байгаа юм. Би гал тогоондоо ороод хоол хийнэ,  бүгдийг нь хийж чадахгүй л дээ. Би нойлоо ч  угааж үзсэн. Хүн өөрийнхөө бизнесийг  алганыхаа  хээ шиг сайн мэдэж хийж чаддаг байх хэрэгтэй. Удирдагч хүн хамт олноо бүрдүүлж ажиллаж чаддаг байх ёстой. Тэгж байж бизнес оршин тогтнодог болов уу.


-Америкт амьдарч байсан орчин, ахуйгаа үгүйлдэг үү?
-    Эхний жил үгүйлж байсан. Гэхдээ би Монголдоо, Монголчууддаа илүү хайртай. Надад хамгийн их үгүйлэгдсэн зүйл бол тэр цэгцтэй, шударга байдал. Бод л доо, би тэнд бичиг баримтаа гээчихээд улсын байгууллагад очиход надад сайхан хандана. Сайхан хандахгүй юмаа гэхэд намайг доромжлохгүй асуудлыг маань шийдэж өгдөг. Манай Монголд бол энэ асуудал хэцүү. Жишээ нь,  уучлаарай эгчээ үүнийг яадаг юм бол гээд асуулаа гэхэд уншиж чаддаггүй юмуу гэх зэргээр загнуулна. Бараг дэлгүүр орохоороо худалдагчид нь загнуулаад гардаг. Саяхан би нэг ресторанд ороод нөхөртэйгөө  хамт  пиво хуваагаад уучих санаатай пиво захиалтал “Манайх пиво зарахгүй” гээд. Тэгэхээр нь би “Тэр хөргөгчинд пиво байна л даа” гэтэл тэр бараг өөрт чинь хамаагүй гэсэн хариултыг өгч байгаа юм. Ер нь бие биетэйгээ харилцах тал дээр нэлээд асуудал байна. Тэр талаасаа бол сурч, боловсорсон орчноо их үгүйлдэг. Гудамжаар зөрж өнгөрч байгаа хүмүүс ч гэсэн инээж байгаа нь бараг алга байна. Тийм болохоор би манай ресторанд ажилд орох гэж байгаа хүмүүсийг инээмсэглэж чадаж байна уу гэдгийг нь хамгийн түрүүнд хардаг. Үйлчилгээний байгууллага нэн тэргүүнд хүнд гоё мэдрэмж, сэтгэл ханамж бэлэглэх ёстой. Орчин нөхцөл, үйлчилгээ, хоол гээд энэ бүхэн бүрдэж байж  хүнд сайхан сэтгэгдэл төрүүлнэ. Зүгээр хоол өгөх гэж байгаа хүргэлтийн бизнес.

-Таныг “Forbes” сэтгүүл шилдэг 20 эмэгтэйн нэгээр тодруулсан байсан. Хийж бүтээсний баталгаа байх л даа.
-    Баярлалаа. Би анх сонсчихоод өөрөө шоконд орсон л доо. Тэдгээр эмэгтэйчүүдээс би хамгийн залуухан нь. Надаас илүү өөрсдийн салбартаа манлайлагч өөрийн байр сууриа эзэлчихсэн эмэгтэйчүүд байгаа юм. Тэгээд би “Яагаад намайг сонгосон юм бол гэж”  асуусан л даа. Гэтэл яг рестораны салбарт хүчтэй түрж орж ирж байгаа нь танайх гэж тодорхойлсон. Нэг хэвийн биш шинэлэг юмыг хайж эрэлхийлсэн, арай нэг шинэлэг орцтой, шинэлэг аргаар хоол хийсэн гэсэн үүднээс оруулсан гэж хариулсан. Тэгээд би хүчирхэг хорин эмэгтэйн жагсаалтад багтсан юм байна лээ. Мэдээж надаас CV авч,  төгссөн сургууль, урьд нь ажиллаж байсан туршлага зэргийг харсан. Ер нь  манай монгол эмэгтэйчүүд үнэхээр хүчирхэг байдаг. Би тэднээс  шалгарсандаа баяртай байгаа.


-Ер нь эмэгтэй хүний хүч нь хаана оршдог  юм бол?
-    Манай эмэгтэйчүүд маш их хариуцлага үүрч авдаг юм биш үү. Миний тухайд хамгийн түрүүнд аав, ээжийгээ халамжлах ёстой гэсэн ойлголт толгойд буудаг.  Түүний дараа нөхрөө цэвэрхэн, аятайхан аваад явчих юмсан гээд хариуцлага орж ирнэ. Өөрөө бас чадварлаг байх юмсан гэж хичээнэ. Хүүхэдтэй болсны дараа сайн ээж байх гээд хариуцлага орж ирнэ. Тийм ч учраас би болоогүй байна гэдэг чинь энэ байхгүй юу. Эмэгтэй хүн угаасаа өөр дээрээ их ачаалал аваад сурчихсан байдаг юм болов уу. Тийм болохоор ч тэрүү би эрэгтэй дүү нараа багаасаа хариуцлагатай байгаасай гэж их хүсдэг. Манай аав ээж биднийг багаас хариуцлагатай байхыг зааж сургаж өсгөсөн. Эхлээд өөрөө өөртөө хариуцлагатай байх ёстой гэдгийг багаас маань суулгачихсан. Тийм ч учраас би хүүхдээ эрэгтэй эмэгтэй гэж ялгаж харьцахгүй. Яг л адилхан хариуцлага тавина. Өнөөдөр Монголд ажилгүй байгаа хүмүүсийн дийлэнх нь эрэгтэй хүмүүс байдаг. Энэ юу хэлээд байна вэ гэхээр эмэгтэйчүүд, охидууд маань багаасаа л ачаалал даагаад, өөртөө хариуцлагыг үүрээд сурчихжээ. Гэтэл эр эм гэлтгүй хариуцлагатай амьдрах ёстой. Тийм болохоор заримдаа  аав ээж хоёр дүү нараар юм хийлгэхгүй байхаар би уурлаж, үглэдэг юм.
 -Бага насныхаа дурсамжаас хуваалцаач. Бага наснаас Энхзаяад үлдсэн тод дурсамжууд гэвэл?
-    Би багаасаа өөртөө өндөр хариуцлага оноочихсон. Аав ээж хоёр минь багаас л надад  “Чи юу  ч хийж чадна” гэдэг ойлголтыг  тархинд  суулгаад өгчихсөн гэх юм уу. Би үүндээ ч бүрэн итгэчихсэн хүүхэд байсан. Хуульч болно гэж аавдаа их хэлдэг байсан. Манай аав хуульч мэргэжилтэй. Хүмүүс дуулдагаар нь илүү мэддэг боловч үнэндээ хуульч мэргэжилтэй хүн. Ээжийгээ хараад бизнесмэн хүн болно гэж боддог байсан. Жаахан  байхдаа  их  л олон мөрөөдөлтэй байсан. Гурван жилийн өмнө гэхэд  би одоо ийм байна гэдгээ төсөөлөөгүй байсан. Тэгэхээр миний мөрөөдөл тийм, ийм байсан гэхэд их хэцүү байна. Би гэдэг хүн их хувирдаг  юм байна гэдгийг л сайн мэдсэн. Тийм ч учраас би өөрийгөө хувьсаж өөрчлөгдөж чадна гэдэгтээ их итгэлтэй байдаг. Би 2018 онд шал өөр хүн сууж байхыг үгүйсгэхгүй. Хүн нэг хэвэндээ байх ёсгүй, өөрөө өөрчлөгдөж суралцаж байх нь дээр юм болов уу гэж боддог. Би олны өмнө ярих, илтгэл тавихдаа муу. Би JCI группын гишүүн. JCI-ийн хамт олондоо маш их баярладаг. Анх JCI-д орж байхад манай ерөнхийлөгч “Энхзаяа чи юу хийж чаддагаа гайхуулах биш. Юу хийж сурах ёстойгоо ойлгож авах ёстой юмаа” гэж хэлж байсан. Би өнгөрсөн өвөл JCI-ийнхаа гишүүдийн өмнө англиар  илтгэл тавьж үзсэн. Миний Монгол хэлний баялаг дутмаг. Үүндээ их харамсаж явдаг. Тийм болохоор монгол хэлнийхээ мэдлэгийг сайжруулж байгаад монголоороо  илтгэл тавьдаг юмуу гэж бодож байгаа.

 Би багаасаа их баяр баясгалантай өссөн. Аав ээж хоёроороо их хайрлуулдаг байсан. Дандаа л аав ээж хоёроороо үнсүүлсэн, гарт нь хөтлүүлсэн, хүссэн юмаа хийдэг охин байсан. Тийм болохоор өнөөдөр өөртөө маш итгэлтэй хүн болж өссөн байх. Хайраар дүүрэн, юугаар ч дутаагүй өссөн болохоор их баярладаг. Би байгууллагынхантайгаа хамтраад ажлын бус өдрөө асрамжийн хүүхдүүдэд хоол хүргэж өгдөг байя гэж зорилго тавьсан. Шинэ он гараад нэгдүгээр сараас эхлээд өөрсдийнхөө хийж чаддаг хоолыг хийгээд асрамжийн газрын хүүхдүүд дээр очих зорилготой байгаа. Над шиг аз жаргалтай өсөөгүй хүүхдүүдэд, өөрийнхөө аз жаргалаас хуваалцъя гэж бодсон.
-Шулуухан асуухад та өөрөө аавынхаа дагавар хүүхэд нь шүү дээ. Магадгүй иймэрхүү нөхцөл байдал, тохиолдол маш олон байгаа. Гэтэл амьдарч байгаа орчин нөхцөл байдал, тэр хүмүүсийн хоорондын харилцаа их өөр байдаг л даа. Үүнд юу нөлөөлдөг гэж боддог вэ. Өдий хэмжээний  төлөвшсөн эмэгтэйд тогтсон нэг бодол бол байгаа байх?
- Манай ээж аав хоёр хорин жил хамт амьдарчихлаа шүү дээ. Гэтэл одоо хүртэл манай ээжид “Чи өөрөөсөө залуу хүн аваад суучихсан. Дагавар хоёр хүүхэдтэй” гэсэн хандлага гэдэг. Өмнө нь эмэгтэй хүмүүс гэр лүү нь залгаад “чи бараг энэ гэрээс яв, чи наад хүнээ доош нь татаж байна” гээд маш олон юм ярьдаг байсан гэсэн. Монголд ийм юм их харагддаг. Монголд  салалт маш их байгаа. Тэгэхээр  энэ тохиолдол их байж таарна. Харин би өөрийгөө маш их азтай гэдгээ мэддэг. Ингээд бодоход манай аав ээж хоёр бие биенийгээ маш сайн мэддэг, ойлгодог хүмүүс. Сул дорой, өөрийгөө хэн бэ гэдгээ мэддэггүй хүн  нийгэмд  маш хурдан дийлдэнэ,  ялагдана. Хүмүүсийн янз бүрийн хандлагаас болоод манай аав ээж хоёр салвал салахаар л байсан байх. Гэхдээ оюун ухаанаараа,  бие сэтгэлээрээ бие биенийгээ мэддэг,  мэдэрдэг хүмүүс болохоор л энэ бүхнийг давж гарсан байх. Хар цагааныг ялгаж чаддаг, сайн мууг ялгаж чаддаг гайхалтай хүмүүс гэж би аав ээжээрээ бахархдаг. Тийм ч учраас би маш их аз жаргалтай өссөн. Хүмүүс тэгэх тусам л миний аав ээж улам их хайрлахыг хүссэн болов уу. Миний л санахын манай ээж     миний хичээлийн шинэ жилд нэг ч удаа ирж үзээгүй. Дандаа ажлаа хийгээд явж байдаг,  тийм л ажилсаг эмэгтэй. Харин манай аав гадаадад  байсан хэрнээ  миний хичээлийн шинэ жилд ирдэг байсан. Би аавынхаа гараас л зүүгдэж өссөн охин.  Хичээлийн шинэ жилээр  аав маань надад Германаас байл уу даа,    шар палааж авчирж өгснийг тод санадаг. Манай аав миний, чиний гэж хүүхдүүдээ ялгаварлаж үзэж байгаагүй. Энэ бол агуу сэтгэл. Тэгээд би ээжийгээ хараад эмэгтэй хүн ийм байх ёстой юм байна. Аавыгаа хараад үр хүүхдүүдээ ингэж хайрлах ёстой юм байна гэдгийг  ойлгосон. Хүн бүхэн дутагдалтай. Манай аав төгс хүн биш. Гэхдээ би хүүхдийнх нь  хувьд аавыгаа маш их хүндэлж, хайраар дутаагаагүйд нь баярлаж, хайрладаг.


-Тийм их хайран дунд өссөн болохоор Энхзаяа нийгмийн хариуцлагаа ухаардаг, ашиг олсон ч гэсэн хүмүүстэйгээ хуваалцана гэсэн сэтгэлтэй хүн болсон байх л даа?
-Тэр бол хайраас гадна манай аав ээжийн хүмүүжил, сэтгэл байх. Аав ээж маань л хүмүүсийн төлөө төрсөн юм шиг хүмүүс. Хүмүүст чадах чинээгээрээ тусалж, дэмждэг, өгдөг хүмүүс. Тэгэхээр миний үеийн залуучууд үүнийг  ухаараад хүүхэдтэйгээ өсвөр насанд нь яаж харилцах, ойлгуулах тал дээр мэдлэгтэй байх хэрэгтэй. Би 14 настайгаасаа ажил хийж эхэлсэн. Манайх Америкт амьдарч байсан. Аав ээж ажиллана, би эгчтэйгээ ресторанд ажиллана. Тэр үед  манай ээж эгч бид хоёрт тус тусад нь даалгавар өгсөн. Надад  цахилгааныхаа мөнгийг төлөх, эгчид  усны мөнгийг сар сард нь төлөх даалгавар өгсөн. Тэгэхээр би ажил хийгээд цахилгааныхаа мөнгийг төлөөд үлдсэнийг нь өөртөө зарцуулж болно. Бүр багаас л “Чи чадна, чадах ёстой, чадвар нь байгаа” гээд хэлчихдэг. Тэгээд хүн хариуцлага хүлээгээд ирэхээр их өөр болдог юм байна лээ.
-Эмэгтэй хүн өөрийн гэсэн бизнестэй, бие даасан болчихлоо. Гэтэл гоёж гоодох ч юм уу, гадаад үзэмжиндээ илүү их анхаарч эрхэмлэх хэрэгтэй нас гэж байна л даа. Та үүн дээр өөртөө хэр зав зай гаргаж  чаддаг вэ?
-    Би их  тэвчээргүй. Салонд ороод хумсаа будууллаа гэхэд лакаа хатахаас нь өмнө гараад гүйчихдэг. Өдөржингөө суугаад байж чаддаггүй. Бие галбираа сайхан авч явдаг эмэгтэйчүүдээр бахархдаг. Би бол зав чөлөөтэй үедээ л өөртөө цаг зав гаргаж, үс гэзгээ янзлуулна. Тэр бол хүний амьжиргаа юм шиг байна лээ. Зарим эмэгтэйчүүд ямар ч бага зав зайтай байсан хажуугаар нь амжуулчихдаг. Би бол эхлээд бизнестээ анхаараад, нөхөртөө хэдэн цаг зарцуулчихъя гэж боддог. Өөрийгөө арчилж тордох нь эмэгтэй хүнд байх ёстой зүйл гэж боддог. Одоогийн нийгэмд гадаад үзэмжээрээ их тодорхойлогддог.  Гадаад тал дээрээ аятайхан байвал хүмүүс илүү харьцдаг ч юм уу. Амралтын өдрүүдээр биед эвтэйхэн хувцасаа өмсөөд, нүүрээ будахгүй дэлгүүрүүдээр явахад хандаж байгаа байдал нь тэс өөр байдаг. Гэтэл эсрэгээрээ нүүр нүдээ будаад, өсгийтэй гутал өмсөөд,  аятайхан харагдах юм бол надтай шал өөр харьцдаг. Хааяа брэндийн дэлгүүрүүдээр ороход тийм байдал их ажиглагддаг. Би дэлгүүрүүдийн нэрийг хэлмээргүй байна. Үүнийг буруу гэж боддог. Гэвч бидний амьдарч байгаа нийгэм ийм л байна шүү дээ.

-    Ямар машин унадаг вэ?
-    Би энгийн машинтай. “Toyoto RAV 4” унадаг. Дандаа яарч явдаг болоод ч тэр үү, том машин унахад төвөгтэй хэцүү байдаг. Миний машин авсаархан жижигхэн. Тэгээд би нохойтой болохоор нохойгоо суулгачихаад явахад тохиромжтой.
-Нохой тэжээдэг юм уу. Ямар үүлдрийн нохой вэ?
-    Тийм. Би гурван нохойтой. Нохойнд аймаар хайртай. Гудамжинд нохой харахаар өрөвдөөд авчихдаг. Биеэ даах чадвартай нохой авдаггүй. Амьдрах чадваргүй нохойнууд авч тэжээдэг. Тэгээд манай нөхөр бас нохойнд хайртай болчихсон.
-Тийм олон нохой тэжээх бас нэлээн ажил, асуудалтай биз дээ?
-    Бид хоёр нохой асардаг хүнтэй. Тэр хүн хичээлийнхээ хажуугаар цалинжаад манай нохойг хардаг. Мөн манай гэрийн ойр зуурын ажлыг хийчихдэг юм.

-    Хаана амьдарч байна?
-    Хотын төвд, Улаанбаатар их дэлгүүрийн ойр байдаг хуучны таван давхар байранд амьдарч байна.  
Өөрсдөө авсан уу?
-    Үгүй. Түрээснийх. Найз нартаа загнуулаад явдаг юм. Үл хөдлөх хөрөнгөд ажилладаг найзууд байдаг. Тэд нартай тааралдах бүртээ л загнуулдаг. Анх бид хоёр  Монголд удна гэж бодоогүй. Тэгээд яг үнэндээ энэ жилийн цагаан сарын үеэс л нөхөр бид хоёр явахгүй юм байна гэдгээ мэдсэн. Тийм учраас бид хоёр эндээ байраа  хөөцөлдөж эхэлж байна.


-Чөлөөт цагаа юунд ихэвчлэн  зарцуулдаг вэ?
-    Чөлөөт цаг гэж бараг гардаггүй шүү дээ. Хэрэв гарвал бид хоёр мэргэжлийнхээ дагуу юмнуудаа л хийдэг. Зурагтаар хоолны  шоу, тэмцээн үзнэ. Одоо бид хоёр Хонгконгд очоод хоол судална, тогооч найз нартайгаа уулзаж, ярилцана. Хоол бол маш том соёл. Үргэлж шинэчлэгдэж, өөрчлөгдөж байдаг. Тиймээс манай зарим ресторанууд шинэлэг байгаасай гэж хүсдэг. Биднээс  зөвлөгөө авч байгаа газруудад “Шинэлэг байгаач ээ”  гэж хэлдэг.

-    “Rosewood”  рестораны нэрний утга учир болоод бусдаас ялгарах онцлог, өөрийн гэсэн брэндлэг тал нь юу юм бол?

-Манай аав “Rosewood”  гэж нэр олсон. Нэр нь ч тохирсон. Манай рестораны ширээ тавилганууд бүгд Rosewood өнгөтэй. Сарнайн мод гэж мод байдаг. Тэр мод ийм улаан өнгөтэй. Манай меню байнга өөрчлөгдөнө. Хоол  байнга өөрчлөгдөнө. Манай бүх салбарууд өөр өөр. Нэр нь хүртэл өөр, хоол нь хүртэл өөр. Тэгэхээр манайд нэг адилхан юм байх ёстой. Тэр нь манай ресторанууд дахь   Rosewood  буюу улаан өнгийн тавилганууд юм.  Rosewood гэдэг нэр нэлээд нэр хүндтэй, том болчихсон байгаа нь сүүлийн үед мэдэгдэж байна. Элчин сайдын яамдууд, компани, байгууллагууд томоохон үйл ажиллагаа зохион байгуулж байгаа газрууд манайхтай их холбогддог болчихсон байна. Шинэ жил, үйл ажиллагаа, хурим найр зохион байгуулж байгаа хүмүүс манайх руу их холбогддог. Үүнийг бид бүхэнд үзүүлж байгаа хүндэтгэл гэж харж байгаа. Манай ресторан зөв зүйл рүүгээ явж байна гэж ойлгож байна. Тэгэхээр манайх энэ чиглэлээрээ явна. Бид хэзээ ч үнэтэй газар нээхгүй.
-Монголын  ресторануудын дутагдалтай тал нь юу гэж хэлэх вэ?
-Өөрсдийнхөө зорилгыг  буруу тавьдаг юм болов уу. Аль эсвэл зорилго гэж юм байдаггүй, зөвхөн ашгийн төлөө байх шиг анзаарагддаг. Бизнес гол нь зорилготой, алсын хараатай байх ёстой гэж заадаг. Манай зорилго бол маш тодорхой. Би шинээр  ажилд орж байгаа хүмүүстээ хэлдэг. Хамгийн түрүүнд зочин, тэгээд хамт олон, тэгээд ашиг гэж. Бидний хувьд хамгийн түрүүнд ашиг биш.


Манай Монголын ресторануудад нийтлэг дутагдал бий л дээ. Нэг жишээ хэлье. Арван цагаас хаана гэсэн мөртлөө 21:50 цагт ороход  хаачихсан гэдэг. Хоол авч болохгүй юм уу гэхэд болохгүй гэдэг. Үүнд би үнэхээр их гайхдаг. Хэний төлөө байгаа юм бэ. Өөрсдийнхөө төлөө  юм уу, ашгийн төлөө юм уу, юуны төлөө байгаа юм бэ. Уг нь тэр үйлчлүүлэгчийг хүлээж авах ёстой. Тэгэхээр зорилго гэдэг юмаа ойлгоогүй байгаа байхгүй юу. Эцсийн эцэст зочид, үйлчлүүлэгчид байхгүй бол бид бүхэн, манай ресторан байхгүй шүү дээ. Зочин байхгүй бол орлого байхгүй. Орлого байхгүй бол бидний цалин байхгүй гэдгийг ойлгохгүй байна. Манай зарим зөөгч нар үүнийг мартах гээд байдаг. Нэг хүн манайхаас муухай үйлчилгээ аваад гарлаа. Гараад гэр бүлийнхэндээ хэлнэ, найзууддаа хэлнэ. Ингээд нэг хүний цаана зуун хүн мэднэ. Зочид, үйлчлүүлэгчдээс  бүрэн хамааралтай. Би зөөгч нартаа хэлдэг юм. Би та нарт цалин өгч байгаа юм биш, зочид бид нарыг цалинжуулж байна гэж. Ер нь манай ресторануудаас гадна үйлчилгээний байгууллага бүрт ийм алдаа дутагдал  их анзаарагддаг. Манайд ихэнх газар товчлууртай. Яагаад зөөгч нар анхааралтай зогсож болохгүй байгаа юм. Яагаад хүмүүсийг хашгируулж, орилуулж байж ирж үйлчилдэг юм. Бусад ширээнд сууж байгаа хүмүүст  ч тав тухгүй шүү дээ. Үйлчилгээний байгууллагууд үүн дээр анхаарах л ёстой гэж бодож байна.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа. Илүү их амжилтыг хүсч байна.


-Б.Ялгуун

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (26)

  • Хулхи хүүхэн
    Ёстой худалч хүүхэн. Хүн хулхидаж амьдраад сурчихсан. Ээж аав нь ч тийм юм шиг байна лээ. Гадаадад олон жил байсан байж ямар ч ёс зүй байхгүй. Худлаа том том яриад л. 2 ресторан ажиллуулж байгаа гээд Азийн топ бизнес эмэгтэй ч гэх шиг. Наана чинь хичнээн 10 салбар ажиллуулж байгаа хүүхнүүд байна
    2016 оны 11 сарын 01 | Хариулах
  • Zochin
    Enkhzaya Burged gene u ? Batorgil aavaaraa ovoglodoggui uymu?
    2016 оны 10 сарын 05 | Хариулах
  • Мөнхболор
    Маш их таалагдлаа. Амжилт хүсье.
    2016 оны 05 сарын 07 | Хариулах
  • Darkhan
    Ug ni saikhan aaviin saikhan olkhin tursun aaviigaa 1 ch dursdaggui . Haramsaltai yumdaa. Ekh ni huuhduudee hayaad yankhandaj yvaad Bat orgiltoi taaraldaj jaakhan hubguunii tolgoig erguuleed avch suuj bj bilee. Battsetsegiin yavaldsan zaluusiin toog toolbol ch unekheer ikh dee. Bidnii ueiinkhen tuuniig hen bsnig sain medne yahav zovlon tuulj bj udii hursen biz nileen tevcheer gargaj bj Suvdaad toogdson gedeg shuu. Suvd guai harin hezee ch 2 okhinig ni huleen zuvshuurduggui gesen hatu hun shuu dee . Ekh ni shiir alag bol huu ni heer alag gej okhid ni yavdaltai hund garuud bh ni argagui . Ekh ni demjij huleen zuvshurch bdag gesen shuu. Battai ekh survaljaas. manai ueiin nertei huuhnuudiin negnii okhindoo eejiigee duuraij bolokhgui shuu.
    2015 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин
    палдгир мангас
    2015 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин
    Yagaad zarim humuus evgui gardaa geed baigaa yum boloo. Eejiinh n talaar bas tegj bichsen baisan. Yaria n bol surhii l ohin baih shig
    2015 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин
    сайхан монгол эмэгтэй байна даа
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
  • luivarchin gesendee
    Ikh aimar khuukhen l geed bgaamdaa
    2014 оны 11 сарын 10 | Хариулах
  • Irgen
    Hen be mongolioodq
    2014 оны 11 сарын 09 | Хариулах
  • Bagshdaa dandaa nasan turshdaa bayarlaj yavdag sh
    Battsetseg bagsh namaig 10 jild baihad Gerel damjaanii bagsh baisan.Darhand 45 honogiin damjaa hicheelluulehed surch togsson.humuus itgedeggui.hudlaa yariad gedeg.yagaad gevel bi barag america-t baisan humuusees iluu yaridag,unshdag,bichdeg.suuriig min ih sain tavij ogson bagshdaa onoodor ch bayarlaad yavj baina.tsagdaagiin asuudal garaad.bi iim sain bagshiin shavi baisandaa dandaa baharhdag.humuust gaihuuldag yum.yadag yum.45 honogiin damjaa shuu dee.tegehed l iim sain suuri tavij ogson.bayarlalaa gej helehed bagadah geed baina.especially for you gedeg Jason Donovan ,Kylie Minogue duuldag duu zaaj baisan n odoo ch martaagui.ohin yamar adilhan yum be. eejdee zaaval heleerei.bayarlaj yavdagiig min.Demi Mooretai ih adilhan sangddag.Nomiin buyan gej aguu.Ta nartaa az jargal husie
    2014 оны 10 сарын 17 | Хариулах
  • око
    Үнэхээр таалагдлаа цаашдынх нь ажилд амжилт хүсье. Рөүзвүүд гоё газар шүү
    2014 оны 10 сарын 14 | Хариулах
  • Зочин
    amjilt husey
    2014 оны 10 сарын 13
  • Bukhbat
    HI,aav eej ni sainuu? eejteigee ih adilhan ym Battsetsegtei hamt ajillaj bsan. Mend hurgeerei. amjilt
    2014 оны 10 сарын 10 | Хариулах
  • зочин
    Ээж нь маш сайхан эмэгтэй байдаг юмаа.тийм ээжтэй охин мундаг байлгүй яахав дээ.ээж нь маш ажилсаг эмэгтэй
    2014 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин
    Ene ohin yostoi taalagddag,hool n ch saihan amttai,setgel shingesen, haaya zuugch nariin ul oilgoltsol gardag ch, Oiriin ued tembuu uyanga,tuunii nuhur joom france tai yavaad bgaa haragdsan,ner chini muudna shuu luivarchidtai naizalbal. humuus chamaig tedneer tusuulj medne, Amjilt husie
    2014 оны 10 сарын 10 | Хариулах
  • Bataa
    Ene chini minii duu shuu de humuusee.
    2014 оны 10 сарын 09 | Хариулах
  • hehe
    evgui l gardaa
    2014 оны 10 сарын 09 | Хариулах
  • nnn
    мундаг охин байна амжилт
    2014 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин
    tsever amerik mun uu.sss
    2014 оны 10 сарын 08 | Хариулах
  • Amjilt husie
    Ih daichin uhaalag ohin gej bodogdloo. dunguj 24hen nastai gehed ajilsag zarchimch mundag umaa. Amjilt husie.
    2014 оны 10 сарын 08 | Хариулах
  • cze
    Amjilt, gaihaltai busgui baina.
    2014 оны 10 сарын 07 | Хариулах
  • nnnnn
    jinhene neelttei bn gej eniig heldeg bhaa,taalagdlaa.ireeduin mongoliin lideri emegtei bn.oilgomjtoi
    2014 оны 10 сарын 07 | Хариулах
  • Wonan
    Uhaantai zuv ohin bn. Yagl mgl in baidliig zov olj harj. Bi ch gsn gadaadad neleen heden jil bolood ersen. Unindee hetsuu yum bilee mgl d maani. Humuus iim haritsaa Bol barag jiriin irged Iluu zuv bodoltoi bdg. Haritsaa muutai humuus n ehevchlen jaahan mungutei bolchihson hooson tolgoitoi humuus.
    2014 оны 10 сарын 07 | Хариулах
  • MIshka
    Ih buteelch shan egch shoo, amjilt husey
    2014 оны 10 сарын 07 | Хариулах
  • amjilt
    amjilt l husey dee. ooriin bodoltei, hiie buteeye gesen setgeltei l ohin bn. aavd ni bas bayarlaj bn. odii zeregtei osgoj ondiilgono gedeg ih l tevcheer zorig gargasan ni medeej bilee
    2014 оны 10 сарын 07 | Хариулах
  • sarnai
    sn huuhed bna amjolt husie
    2014 оны 10 сарын 07 | Хариулах
    • Зочин
      amjilt husey
      2014 оны 10 сарын 13
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025