
Өө “Фортуна” чи зайтай эр юмаа... Бараг л ингэж хэлэх хэмжээний юм болоод байна, цаана чинь. Яасан гэхээр шинэчлэлийн төлөө гэх том зорилготой энэ Засгийн газрын өнгө төрхөнд гай болоод байгаа гэгддэг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр яамгүй болсон ч, засгаас гарахгүй гэнэ. Түүнийг Гадаад харилцааны сайд буюу Шадар сайдаар томилохоор Н.Алтанхуяг нар хэдийнэ тохиролцсон гэнэ. Эдийн засгийн хөгжлийн яамны зарим чиг үүргийг Гадаад харилцааны яамны мэдэлд харъяалагдах болсон нь үүнд хамаатай гэж байгаа ч, хэрэг дээрээ бол тэр улстөр дэх нөлөөллөөрөө “тоглож” байгаа нь харагдаж буй юм.
Уг нь энэ Засгийн газрын сайд нараас огцрох хангалттай шалтгаантай нөхдүүд хэд хэдээрээ бийгийн эхний ээлжинд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын нэр бичигдэж таардагсан. Нэгэнтээ МАН-ын толгойд явсан нөхдүүдийн нэг У.Хүрэлсүх хүртэл “Х.Тэмүүжинтэй харьцуулшгүй их огцрох шалтгаантай хүн бол Фортуна даа. Тэнгэр тэтгээд байна уу? Тэгвэл эдийн засгийг ч бас тэтгээсэй дээ... Төсвөөс гадуур дур мэдээд улсын баялгийн 10 хувиас илүү мөнгийг ирээдүйгээс хулгайлсан нөхрийг яав ч зүгээр орхих ёсгүй” гэж бичсэн нь зүгээр нэг жиргээ төдий зүйл биш. Н.Батбаяр гэж тэнгэр язгуур ярьж дэвсэн хүний үнэн төрхийг мэдэх учир мэдэх хүмүүсийн ярианы нэг юм.Улсын эдийн засаг уруудсаар, иргэдийн худалдан авах чадвар шалдаа буусаар байтал, ер гандан буурдаггүй нөхөр бол Н.Батбаяр. Бодит нөхцөл байдал хүнд байгааг огт хүлээн зөвшөөрдөггүй хүн бол тэр. Ямартаа л хөх толботой Монголчууд Чингис хааныхаа хараа нүдэнд багтаж, ивээлээр нь сайн сайхан явцгааж байхад ёс бус юм ярьж тэнгэрийг догшируулж, хилэгнүүлэх гэлээ гэж уурлана. УИХ-ын чуулган дээр зарим гишүүд нь шүүмж хэлэхээр яриаг нь илтэд тэнгэр тийш эргүүлэн, өөрөөсөө бултуулна. Улс орны эдийн засгийг урагш нь татах үндсэн зорилготойгоор байгуулсан шинэ яамны толгойд ийм нөхрийг тавьсандаа АН хариуцлага хүлээх ч багадна. Өнгөрсөн хугацаанд эдийн засагтай холбоотой таагүй мэдээлэл үргэлжлэн гарч ирсэнтэй холбоотойгоор Фортуна болоод Ч.Улаан гэхчлэн гол яамдыг удирдаж байгаа нөхдүүдтэй хариуцлага тооцох асуудал тавигдаж ирсэн ч, газар авч гавиагүй. Гэтэл одоо энэ удаагийн өөрчлөлтөөр ч тэр үлдэж таарах нь. Намын нөхдөөсөө “байгалийн гамшиг” хэмээх хоч авч явсан “Фортуна” сайд ч хүчтэй юм аа.
М.Мөнхжин
Сэтгэгдэл байхгүй байна