Ж.Оджаргал зүгээр л “сэндвич”
2014/10/06

Ж.Оджаргал гэж аль ч намын үед тал алддаггүй мэт нэг эр Монголд бий.  Саяхан “Шангрила-2” нь шатаж олны анхаарлыг татаад байсан бол түүнтэй холбоотой дахиад нэг мэдээлэл байна. Юу гэхээр “Ухаа худаг”-ын эзэн тэрбээр Сү.Батболд хэмээх  сүйхээтэй эрийн Монголдоо авч үлдсэн Тавантолгой ордыг хувьчлалаар авах болсон гэнэ. Сү-гийн тухайд Тавантолгойн ордыг  гадныхнаас авч үлдэж, улмаар шанд нь “Ухаа худаг” гэж нэрлэгдэх хэсгийг таслан авч үлдээд, тухайн үеийн Ерөнхий сайд асан М.Энхсайхан, АМГТХЭГ-ын дарга асан Б.Жаргалсайхан нартай хүч хавсран  “Энержи ресурс”-ыг байгуулж байсан гэх түүх бий. Угаас Тавантолгой ордын нөөцийн 14-20 хувийг  агуулдаг гэх “Ухаа худаг” орд зөвхөн MCS-ийнх гэж ойлговол гэнэн тэнэг хэрэг болно л доо.   Эзэн сууж байгаа харагдах “Энержи ресурс” буюу Монголиан Майнинг Корпораци нь улстөр бизнесийг хослуулж өдийг хүрсэн 11 олигархийн эзэмшлийнх юм.

 Батж.Батбаяр, Т.Бадамжунай, Д.Идэвхтэн, П.Очирбат, С.Батболд, М.Энхсайхан, Г.Батхүү  гэхчлэн  улстөрийн гол хоёр хүчний хамгийн шуналтай хүмүүс өөрсдийн 14 компаниар дамжуулан хууль зөрчин байж “Ухаа худаг”-т эзэн сууцгаасан байдаг. Гэтэл одоо тэд Ж.Оджаргалыгаа урдаа барьж байгаад “Эрдэнэставантолгой“-г хувьчлан авах замаар Тавантолгойг тэрчигт нь гартаа оруулах гэнэ. Бас болоогүй тэд “Ухаа худаг”-т гадныхныг оруулж ирээд  амжсан. Учир нь Монголиан Майнинг Корпорацийн голлох хувьцаа эзэмшигчдийн нэг Wellington Management Company тус компанийн 2.634,000 ширхэг хувьцааг Хонконгийн хөрөнгийн бирж дээрээс худалдаж авсан билээ. Хувьцаа нэг бүрийг 0.80 хонконг доллараар авсан бөгөөд үр дүнд нь Монголиан Майнинг Корпорацийн 185.7 сая ширхэг хувьцаанд эзэн сууж, Ухаа худаг төслийн  5.01 хувийн эзэмшигч болсон юм. Дэлхийд нэртэй хөрөнгө оруулалтын менежментийн компаниудын нэг болох Wellington Management Company цэвэр бизнесийн эрх ашиг талаас “Ухаа худаг” төсөлд шаардлагатай хөрөнгийг босголцож байгаа ч, манай улсын эрх ашгийн асуудал гэж юм энд бас яригдах ёстой. Учир нь УИХ-ын 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын дагуу бол Тавантолгой орд нь Стратегийн орд бөгөөд тус ордод Тавантолгой ХК, Энержи ресурс ХХК, Дайцуки ХХК-ийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийн хэмжээнд нөөц тооцсон талбайг хамааруулна гэдгийг УИХ-аас тодорхойлоод өгчихсөн. Гэвч улстөрчдийн  14 компани хууль зөрчин хуваан эзэмшиж  байсны дээр ийнхүү гадныхан эзэн сууж таарсан.

Түүнчлэн Ж.Оджаргал ба  “Энержи ресурс”  гэсэн компаниар  халхавч хийсэн луйварчид 700 сая долларыг босгохоосоо өмнө хувьцаагаа дотооддоо гаргах ёстой байсан ч, тэгээгүй.  Луйврын аргаар гартаа оруулсан “Ухаа худаг”-аар тэд дургиж байгаа. Тэд хэрхэн луйвар хийснийг сануулах нь зөв болов уу.

Баримт-1. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон орд газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгож хууль зөрчсөн жишээг эндээс харж болно.

Таван толгойн нүүрсний ордоос солбицол бүхий газрыг Үйлдвэр худалдааны сайдын 2006 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 17 дугаар тушаалаар 6 сарын хугацаагаар нөөцөд авсан байдаг. Нөөцөд авсан тухайн талбайд “Энержиресурс” ХХК ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар 2006 оны 7 дугаар сарын 8-нд өргөдөл өгснийг Геологи, уул уурхайн кадастрын албаны өргөдлийн бүртгэлийн 17967А дугаарт бүртгэжээ.

Харин ГУУКА-ны мэргэжилтэн тухайн өргөдөлд шүүлт хийж, хүсэлт гаргасан талбайн солбицол дээрх тушаалаар нөөцөд авсан болон 287А дугаартай лицензийн талбайтай хэсэгчлэн давхцаж байгааг тогтоож, энэ тухай тэмдэглэсэн боловч ГУУКА-ны дарга Т.Занаширын 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 7-3194 дүгээр албан бичгээр “. . . дээрх талбайг танай компанид олгох боломжтой байна” гэсэн хариуг “Энержиресурс” ХХК-д өгсөн байна. Энэ нь “Энержиресурс” ХХК-ийн ар болсон эзэн улстөрчдийн нөлөөллөөр хийгдсэн зүйл гэдэгт эргэлзэх шалтгааныг Тоншуул би олж харахгүй байна.

Баримт-2. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу Таван толгойн нүүрсний орд газарт ашиглалтын үйл ажиллагаа явуулах талаар Өмнөговь аймгийн тухайн үеийн удирдлагаас санал авахад 2006 оны 8 дугаар сарын 2-ны 27 дугаар албан бичгээр ”Дэмжинэ” гэсэн саналыг ГУУКА-нд ирүүлжээ. Гэтэл АЗДТГ-ын архивт “Дэмжихгүй” гэсэн утга бүхий албан бичиг хадгалагдаж байсан байгаа юм.

“Дэмжинэ” гэсэн энэхүү санал болон компаний өргөдлийг үндэслэн ГУУКА- ны дарга асан Т.Занаширийн 2006 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 805 дугаар шийдвэрээр “Энержи ресурс” компанид 2135 га талбайн 11943А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь тусгай хэрэгцээний газар нутаг, талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан тохиолдолд хүсэлт гаргасан талбайг олгохоос татгалзаж, тухайн өргөдлийг бүртгэлээс хассанд тооцох тухай Ашигт малтмалын тухай хуулийн (1997 оны) 14.9.2 дахь заалтыг зөрчсөн байгаа юм.

Баримт-3. Анхаарал татах нэг зүйл байдаг нь ГУУКА-ны даргын 2006 оны 8 дугаар сарын 28-ны 855 дугаар шийдвэрээр уг талбайн солбицолд өөрчлөлт оруулж, давхацлыг арилгах зохицуулалт хийжээ. Уг нь дээр дурдсан шийдвэрүүдийг УМХГ-ын ГУУХА-наас шалгаад “Ашигт малтмалын тухай (1997 оны) хуулийн 13, 14 дүгээр зүйлийн холбогдох заалтуудыг зөрчиж олгогдсон 11943А дугаар лицензийн талбайд уг хуулийн 48 дугаар зүйлийн 4 дэх заалтын дагуу өөрчлөлт оруулж хуульд нийцүүлэх нь зүйтэй” гэсэн улсын байцаагчийн 2006 оны 11 дүгээр сарын 8-ны 09/67/447 дугаар дүгнэлт бичигджээ. Үүний дагуу сонгон шалгаруулалт дахин хийх шаардлагатай байгаа талаар ч холбогдох байгууллагын зүгээс асуудлыг гарган тавьсан байдаг.

Баримт-4.  Тавантолгойн нүүрсний орд газарт “Энержи ресурс” ХХК-д хууль зөрчин олгосон 11943А дугаартай лицензийн талбайгаас 101 га талбайг Дайцүки ХХК-д ГУУКА-ны даргын 2006 оны 9 дүгээр сарын 1-ний 891 дүгээр шийдвэрээр шилжүүлсэн байдаг. Ийнхүү хууль зөрчиж “Энержи ресурс” ХХК, Дайцүки ХХК-д олгосон эдгээр ашиглалтын тусгай зөвшөөрлийг хянан үзэж, зохих журмын дагуу шийдвэрлэх шаардлагатай байна гэсэн дүгнэлтийг тухайн үед УҮАГ-аас хийж, Үйлдвэр, худалдааны сайд Ц.Даваадоржид хууль зөрчиж Энержи ресурс ХХК, Дайцүки ХХК-д олгосон ашиглалтын тусгай зөвшөөрлийг хянан үзэж, зохих журмын дагуу шийдвэрлэх талаар зөвлөмж хүргүүлж байжээ.

Баримт-5.  УИХ-ын 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын дагуу бол Тавантолгой орд нь Стратегийн орд бөгөөд тус ордод Тавантолгой ХК, Энержи ресурс ХХК, Дайцуки ХХК-ийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийн хэмжээнд нөөц тооцсон талбайг хамааруулна гэдгийг УИХ-аас тодорхойлоод өгчихсөн.  Гэтэл нэр бүхий улстөрчдийн эзэмшдэг тус компани арван  онд Монголиан майнинг корпорэйшн нэрээр Хонконгийн бирж дээр хувьцаа гаргаж 700 сая ам.доллар босгосон. Энэ нь бизнесийн үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгийг босгохын тулд хувьцаа гаргасан асуудал ч, нөгөө талаас нь харвал Ашигт малтмалын хуулийн 5.6-д Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина гэж заасныг зөрчиж байгаа хэрэг. Учир нь өмнө нь өгүүлсэнчлэн 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын дагуу бол Тавантолгой ордод Тавантолгой ХК, Энержи ресурс ХХК, Дайцуки ХХК-ийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийн хэмжээнд нөөц тооцсон талбайг хамааруулна гэж заасан байгааг ч тодотгомоор байна.

Тэгэхээр улстөрөөр халхавч хийсэн энэ том бизнесийн ард байдаг нөхдүүд “Ухаа худаг”-ийг луйвардаж чадсан туршлагаа санагалзан өнгөрсөн жилүүдийн ард гарсан бололтой. Ямартаа л одоо “Тавантолгой”-г бүхлээр нь залгих гэж байхав дээ.

М.Мөнхжин

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

  • сонин
    өөрсдийнхөө байшинг сайхан барьж суучихаад залуучуудын байрыг арай л дэндүүлсээн. үнэгүй аваагүй шүүдээ тэр байшин шиг юмыг нь ......УХАА ХУДГАА УХАЖ БГАА юм бол залуусаа дэмжээчээ
    2014 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин
    Viva city geh hulhinii gazriiha zevtei usiig yanzalj uguucheee Odjargal guai. ingej zaluuchuudiin neriig barij mungu luivardahaa boliocheeee
    2014 оны 10 сарын 06 | Хариулах
Сонин хачин