Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн боллоо гэх мэдээллийг JTBC агентлаг дамжууллаа. Түүнийг эрүүл мэндийн байдлаасаа болж Солонгос улсад 8 сар эмчлүүлсэн бөгөөд гэр бүлийнхээ хамт амьдарч байсан. Улсын хөрөнгө мөнгө шамшигдуулсан асуудлаар ял эдэлж байсан тэрбээр манай улсаас орогнол хүссэн Монголын улстөрийн хүрээний анхны хүн боллоо гэх мэдээллийг хийж байна.

Харин түүний намын гишүүн О.Баасанхүү энэ мэдээлэлтэй холбогдуулан байр сууриа хэвлэлд илэрхийлэхдээ "Ийм мэдээлэл цацагдсан нь, өөрийнх нь хүсэлтээр биш хэн нэгний явуулгаар ийм зүйл болоод буй юм биш биз гэж санаа зовниж сууна. Хэзээ ч иргэншлээ солих хүн биш... Аль ч улс орны хувьд иргэншил хүссэн иргэний хүсэлтийг хүлээн авахдаа өөрийн орондоо хүсэлтээ гаргаж, иргэншлээсээ хасуулсан эсэхийг баталгаажуулсан албан бичгийг үндэслэж, иргэншил олгох эсэхээ шийддэг. Бид энэ асуудлыг судалж байна." гэжээ. Тэгэхээр түүний хувьд Н.Энхбаяр дарга нь иргэншлээ солих хүн биш гэсэн итгэл байгаа ч, асуудлыг судалж байна гэж хариулт өгсөн нь анхаарал татаж л байна.
Уг нь Н.Энхбаярыг Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтийг түргэтгэх цогц төлөвлөгөөг боловсруулсан, удахгүй МАХН-ын хуралдаа ирж оролцохоор болсон гэх мэдээллийг намынхан нь өгч байсан билээ. Гэхдээ нэг анхаарал татсан мэдээлэл байсан нь түүнийг МАХН-ын байрны өмчлөлтэй холбоотой асуудлаар дахин хуулийн байгууллагын үүдийг сахихад хүрсэн гэдгийг хэлэх эх сурвалж байсан юм. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд БНСУ-д байж, эмчилгээ хийлгэж, эрүүл мэнддээ чамгүй анхаарал хандуулсан тэрбээр ийм нөхцөл байдалд улстөрийн талбарт эргэн ирэх үү гэдэг нь эргэлзээтэй асуудал болоод байна. Нэгэн цагт Ерөнхийлөгч явсан тэрбээр хоёр хөлөө гозолзуулан байж баривчлагдаж байсан. Тэгвэл тэрбээр дахиад хөлөө гозолзуулан баривчлагдаж явахыг хүсэхгүй байгаа ч болов уу. Магадгүй сонгууль угтан тэр үйл ажиллагаагаа идэвхжүүлэх гэсэн нь бусад нөхдүүдийн зэвүү дургүйг хүргэж, түүнд дахин сануулга өгөх гэсэн байж ч болох. Харин тэр энэ мэт нөхцөл байдлын эсрэг жүжгийн чанартай бор шувууг ч нисгэж байж болох л юм.

Ямартай ч түүнийг өмнө нь баривчилсны ард улстөр байсныг үгүйсгэх нь утгагүй л дээ. Дахин өгүүлэхэд, улстөрчдийн энэ мэт үйлдлүүд нь Монголын улстөр дэх нам хүчнүүдийн ээлжилсэн засаглалын мөн чанар нь “хар” байгааг харуулсаар ирсэн билээ. Монголын улстөрд хар, цагааны аль алинаар нь мөрөө гаргаж өнөөдрийг хүрсэн Н.Энхбаярын баривчилгаатай холбоотойгоор МАН-ынхан дотроо жийлцсэн. Олигархижсан төрийг өөрчлөхийн төлөө хэмээн ярьж өөр бусадтай эвсэн сонгуульд хүч үзэхээр зэхэж байгаад баригдсан Н.Энхбаяр харин хорихоос илгээсэн захидалдаа МАН болоод АН-ын аль алиныг нь буруутгаж байсан удаатай. Тэрбээр “...7-р сарын 1-ний хэргийг ил тод шүү гэхэд нууцалсан хэвээр, эхлээд сонгууль луйвардсан намуудын удирдлагуудтай хариуцлага тооцох ёстой гэхэд луйвраар төрийн өндөр албан тушаалд очсон эрхмүүд луйвар булхайгаа далдлан нуух гэж 3 хурандаа, 1 генералыг золиосолж асуудлыг хаах гэж зүтгэж байна, амь насаа алдсан 5 хүний хувьд тэднийг зөвхөн шоу болгон “бөмбөг” мэт “өшиглөж тоглож ” байна.
Ар гэрийнхэнийг нь олигтойхон ч харж үзсэн юм байхгүй, бүгд тэднээс уулзахгүй цэрвэж, тойрч гүйгээд л байна...” хэмээн тэр хэлсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сонгон томилсон дарга нараар удирдуулсан АТГ-ын зүгээс хийсэн эл баривчилгаа АН-д хожил дагуулж магадгүй нь гэсэн прогноз биеллээ олсон билээ. Цаашлаад ажиглагчийн өнцгөөс харахад нэг нь нэгийгээ унагахдаа нөгөөг нь ч давхар унагах гэсэн, эсвэл хамгийн хүчтэйг нь унагахын тулд түүний сул талаар тоглох гээд ч байгаа юм шиг дүр зураг харагдаж байлаа. Мэдээж энд МАН, АН болоод МАХН тэргүүтэй намуудын нэгдэл гэсэн гол гурван хүчний талаар өгүүлж байгаа юм.

Ер нь бол Н.Энхбаяр бохирдоод их удаж байгаа хүн гэдгийг бас хэлэх хэрэгтэй. Өмнөд хөршийн бодлогыг балиашиглагч Р.Фрийдландтай элдэв янзаар нэр холбогддог тэр нэгэнтээ “...Бурхан биш учир алдалгүй яахав. Монголчуудын маань амьдрал хүнд хэцүү байгаа цагт “Би алдсан, бас алдсаар байна” гэж гэмших ёстой хүн гэж өөрийгөө боддог...” хэмээн хэлсэн. Хэрэв тэр алдсаар байна гэсэн гэмшилтэйгээр элдэв нүгэлт үйлийг хийсэн хэвээр байгаа бол түүнд итгэнэ гэдэг харалган хэрэг болж таарах биз. Алдсаар байгаа хүний шинэ санаачлагууд амьдрал дээр хөрсөнд бууж дийлэх эсэх нь тодорхойгүй. Магад, тэр улстөрд эргэн ирэхийн тулд сэдэж санаачилсан хувьчилсан тоглолтуудаа ийн дэглэж байж болох ч, хэрхэхийг цаг хугацаа харуулах биз.

Тэр Солонгост өнгөрүүлсэн 8 сарын хугацаанд Монголд буддын шашныг дэлгэрүүлэх төсөл хэрэгжүүлэх чиглэлээр Солонгосын буддын сүм хийдүүдийн хүмүүстэй удаа дараагийн уулзалтуудыг хийсэн, Ганжуур, Данжуурыг болон нэр алдартай зохиолчдын бүтээлүүдээс эх хэлнээ хөрвүүлсэн гээд байсан. Гэхдээ хэрэг дээрээ бол улстөрийн чанартай асуудлуудыг дэглэж суусан байхыг үгүйсгэх аргагүй юм. Өдгөө монголын улстөрийн намуудад үзэл баримтлал, чиг баримжаа гэж юм байхгүй, утгаа алдчихаад байгаа ийм үед Н.Энхбаяр нар шиг шоучин нөхдүүдэд боломж дахиад ирэхийг үгүйсгэх аргагүй л дээ.

М.Мөнхжин
Сэтгэгдэл байхгүй байна