Хаана ч баригддаггүй мафи Монголд илэрдэг гэх үг байх. Энэ нь Монголын тагнуул, цагдаа хүчний байгууллагын эрхмүүдийн чадварлаг, хүчирхэг гэдгийг тодотгосон үгс гэхэд болох биз. Хойд хөршид бэлтгэгдсэн манай чекистүүдийг “өгөгдөлтэй” хүмүүс байдаг гэж магтан шагших хүмүүс ч цөөнгүй таардаг. Гэхдээ нөгөө талд тэдгээр чекистүүд нь хүссэн хүсээгүй улстөрд үйлчлээд, элдэв асуудалд орооцолдсон нь олон байх юм. Тиймээс улстөрд үйлчилсэн чекистүүдийн тухай товч өгүүлье.
Сандлын хэрэгтэй Д.Сандаг-Очир
Д.Сандаг-Очир генералыг хар залуугаасаа хэрэг илрүүлж, шалгахдаа гарамгай байсан гэдэг. Тиймдээ ч хамгийн дээд цолыг нь мөрдөстөө гялалзуулж, хүчний байгууллагыг атгаж суусан биз. Ц.Нямдоржийн таалалд нийцэж, түүний хамгийн итгэлтэй хүн байсаар ирснээс л тэр хэн болохыг харж болохоор. Мэнгэт Нямкаг ХЗДХ-ийн сайд болоход ёс юм шиг Д.Сандаг-Очир генерал ЦЕГ-ыг толгойлох томилгоо гарддаг нь чухамдаа гар нийлж, сэтгэл, итгэлээ өгч ажилладагийнх. Ямартаа л мөнгө хөрөнгө шамшигдуулсан асуудалд хүртэл нөгөө мэнгэт сайдтайгаа хамт ороогдож байхав.
Тодруулбал, эрүүдэн шүүх сандлыг Монголд оруулж ирсний цаана нь эрхэм генерал мөнгө тоншсон гэх асуудал босч ирсэн юм. Хэрэг явдлыг сөхвөл, тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, ЦЕГ-ын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очиртой хамт БНХАУ-д албан ёсны айлчлал хийхдээ тус улсын Нийгмийг аюулаас хамгаалах газрын ажилтай нилцаж, хорих анги, цагдаагийн албанд ашигладаг тусгай тоноглолтой сандлыг үзсэн байдаг. Энэ сандлыг Хятад өөрийн хэрэгцээндээ зориулж үйлдвэрлэдэг бөгөөд бусад улсад нийлүүлдэггүй байжээ. Харин сайдын айлчлалын хүрээнд эдгээр сандлыг Монгол Улсад нийлүүлэхээр тохиролцсон байна. Үүний дараа ЦЕГ-ын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэхийг Д.Сандаг-Очир генералд даалгажээ. Сайдын үүрэг болгосны дагуу 400 ширхэг тусгай тоноглолтой сандал худалдаж авах шийдвэрийг ЦЕГ-ын даргын зөвлөлийн хуралдаанаас гаргажээ. Хөрөнгийг Хууль зүйн сайдын багцаас гаргахаар болсон байна. Ингээд 2012 оны долдугаар сарын 27-нд хошууч генерал Д.Сандаг-Очир БНХАУ-д очиж “ИЕПҮ” компанийн захирал Хуан Ийтэй гэрээ байгуулсан байдаг. БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны үйлдвэрт олон төрлийн мөрдөн байцаалтын сандал хийдэг ч хамгийн мууг нь тэрбээр сонгосон байгаа юм. Д.Сандаг-Очир генерал тэдгээр сандлуудыг оруулж ирэхдээ БНХАУ-ын Тариалангийн банк буюу “Agricultutal bank”-ны “ИЕПҮ” компанийн дансанд мөнгийг тушаасан байгаа юм. Хоёр байгууллагын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ ёсоор Замын-Үүдийн боомтоор сандлуудыг оруулж ирсэн байдаг. Гэхдээ сандлыг “J2-13-2” загварын мотоцикл гэдэг нэрээр оруулж ирж байхад гаалийнхан ЦЕГ-ын нэр дээр орж ирж буй барааг шалгалгүй оруулсан гэх. Тэгэхээр Д.Сандаг-Очир генерал нарын бодлогоор л тиймэрхүү юм болсон байж таарна.
Түүний хувийн амьдралын талаар өгүүлэхэд анхны ханиасаа салж, нэг хэсэг гундуухан явсан түүний дараагийн гэргий, өдгөө цайг нь чанаж, арыг нь дааж яваа эмэгтэй мөн л цагдаагийн дэд хурандаа цолтой, насаараа энэ байгууллагад хүчин зүтгэсэн бүсгүй байдаг. ЦЕГ-т газрын дарга хийж байгаад тэтгэвэртээ суусан эмэгтэй.

Д.Сандаг-Очир генералын бахархал, хайр болсон нэг хүн бол түүний амин хайртай охин С.Хишигбаяр. Загварынхан дундаа боловсрол, мэргэжлийн чансаа, европ стандарт, бие хаагаараа эрхгүй ялгардаг модель бүсгүй мөн л генерал цолтой эрхмийн хүүтэй гэрлэж, гал голомтоо асаасан нь хувь заяаны сонин тохиол гэж хармаар л юм.
Мөнгө завшсан Ч.Энх-Амгалан
Монголын цагдаа, хүчний байгууллагын хөрөнгө мөнгийг атгаж байсан энэ эрхмийг Ч.Энх-Амгалан гэдэг. ЦЕГ-ын Санхүү, ар талын газрын дарга байсан түүнийг чансаатай цөөн хурандаа нарын нэг гэдэг. Гэвч тэрбээр ЦЕГ-т ажиллаж байхдаа Санхүү төлөвлөлтийн хэлтсийн дарга хурандаа Г.Уранцэцэгтэй хамтран төсвийн гадуур данс үүсгэн, хуурамч бичиг баримт үйлдэж мөнгө завшсан гэх асуудлаар шалгагдсан юм.
Цагдаа хэмээх том айлын санхүүг атгахдаа хамгийн найдвартай, хэл үггүй ажиллаж ирсэн гэгддэг байсан түүнээс ийм хий гарсан нь эрхгүй анхаарал татдаг. Тавь гарч яваа ч 40 настай хэрийн эрчүүдийг дагуулахгүй энэ цэмбэгэр хурандаа одоо хүртэл өглөө болгон босч гүйхээс гадна төмөр өргөдөгөөрөө алдартай. Харин хууль шүүхийн асуудал нь хэрхсэн нь одоогоор тодорхойгүй байна.
МАН-ын Д.Мөрөн
Цагтаа хууль тогтоох дээд байгууллагад сууж байсан Д.Мөрөн бол Монголын алдартай хурандаа нарын нэг. Үнэн хэрэгтээ тэр С.Зоригийн хэргийг илрүүлнэ хэмээн сайн шоу хийсэн нэгэн л дээ. ЦЕГ-ын дарга байсан тэрбээр шартай, шазруун, хүчирхэг, дуулиан шуугиантай гээд бүх талаараа сонирхолтой. Гадаадын Иргэн Харьяатын Хэрэг Эрхлэх Газрын даргаар бас хэсэг хугацаанд ажиллаж байхдаа Өвөрмонгол эрийг дарамталсан гэх асуудалд орж байсныг эргэн сануулахад гэмгүй болов уу. Харин тэр өдгөө МАН-ын Эрх зүй, аюулгүй байдлын бодлогын газрын даргаар томилогдсон.

Хувьсгалын ажил нь ийм бол хувийн амьдралынх нь тухайд түүнийг нууц охинтой хэмээн бичсэн сэтгүүлчтэй заргалдаж, хурандаа хүний зангараг гэгчийг харуулж нийгэмд багагүй дуулиан тарьж байсан. Мэргэжлийн талдаа хэнийг ч урдаа гишгүүлэхгүй чанга чекистүүдийн нэг. Илэрдэггүй хэргийг Д.Мөрөн л илрүүлдэг хэмээн мэргэжил нэгтнүүд нь том итгэл хүлээлгэсээр ирсэн нь эхэнд өгүүлээд байсан С.Зориг агсны хэрэгтэй холбоотойгоор гарсан яриа л даа. Уг нь тэр С.Зориг агсны хэргийн ул мөрөөр лав орж, илрүүлсэн гэдэг ч, улстөрийн нөхцөл байдал, шахалт дарамтаас болж энэ хэрэг олны өмнө дэлгэгдээгүй гэдэг л юм. Гэвч энэ бол зуун хувь үнэн биш.
Н.Энхбаярын хурандаа
Экс ерөнхийлөгч Н.Энхбаяртай хар багын найз, бага байхдаа Н.Энхбаярын урдуур орж зодолддог байсан хэмээн үеийнхэн нь дурсдаг тэр “шанага” гэх хочоороо хүрээлэлдээ танигдсан.

Дөчин мянгатад бага насаа өнгөрүүлсэн тэрбээр чамгүй сайн нударга зөрүүлчихдэг, өөрийгөө хамгаалахдаа толгойдоо шанага углачихдаг байснаас ийм хочтой болсон гэх яриа байдаг. Харин хүчний байгууллагад нэр нь тодрохын хэрээр хэсэг бүлэг улстөрчдийн толгойг “шанага”-аараа хамгаалж, нөмөр нөөлөг болж ирсэн нэгэн. ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан тэр нэр бүхий хүмүүсийн хэргийг хаацайлахын тулд авлига авсан гэх асуудалд нэр холбогдож байсныг тодотгоход гэмгүй юм.
Дашрамд өгүүлэхэд тэр Ч.Энх-Амгалан хурандаатай үй зайгүй найз, хамтдаа төмөр өргөж, спортоор хичээллэдэг юм билээ.
Сү-гийн А.Дулаанжаргал
Цагдаа хүчний байгууллагадаа бас л алдар цуугаа мандуулсан нэгэн бол А.Дулаанжаргал. Салбартаа томоохонд тооцогддог чухал обьект ЭЦГ-ын дарга, ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан. Цагдаа, дотоодын цэрэгт алба хашиж буй гурван генералын нэг гэгдэж ирсэн тэрбээр бригадын генерал цолтой.

Насаараа удирдах алба хашсан хашир, туршлагатай, хувь тавилан ихтэй чекистүүдийн нэг гэж болно. Гэхдээ тэр хэн нэгэн улстөрчийг хамгаалдаг бусад хурандаа нарын жишгээс гажаагүй. Түүнийг Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүн гэдэг. Тэр хоёр Москвад хамт суралцаж байхдаа ойр дотно нөхөрлөж, нэг өрөөнд хамт амьдарч байсан нь хожим ч ойр шадар явахынх нь эхлэл байжээ.
Б.Билэгт
Сэтгэгдэл байхгүй байна