Засгаас мултрах гурван сайд хэн бэ?
2014/10/02

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг спикер З.Энхболдод өргөн барьсан билээ. Тэгвэл УИХ дахь намын бүлгүүд энэ асуудлаар  өнөөдөрт  багтан хуралдаж,  улмаар байнгын хороогоор хэлэлцүүлэхээр “зам”-д гараад байна. Засгийн тэргүүний мэдэгдсэнээр бүтцийн өөрчлөлтөөр 16 яамнаас зургаан яамыг нь нэгтгэн, цаашид 13 яамтайгаар шинэчлэлийн төлөөх үйлсдээ зүтгэх гээд байгаа янзтай байна.

Тодруулбал, Уул уурхайн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэн  Геологи уул уурхай, эрчим хүчний яам, Зам тээврийн яам, Барилга хот байгуулалтын яамыг нэгтгэн  Дэд бүтцийн хөгжлийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яамыг нэгтгэн Сангийн яам болгон өөрчлөхөөр болжээ. Нийлж нэгдэн 3 дээр бууж байгаа 6 яамны тухайд нэр бүхий 6 сайд бий. Харин нийлж, нэгдсэнээр хэн гурав нь давхар дээлээ тайлах вэ гэдэг асуудал олны анхаарлыг зүй ёсоор татаж байна. А.Гансүх, Н.Батбаяр, Ц.Баярсайхан, Д.Ганхуяг, Ч.Улаан, М.Сономпил нарын зургаан сайдаас гурав нь засагт үлдэж таарах гээд байна. Гэхдээ эсрэгээрээ энэ бүтцийн өөрчлөлтийн асуудал нь Засгийн газар кабинетаараа унахын эхлэл байж бас болох.

Ямартай ч  өөр бусад өөрчлөлтүүдийг дараах танилцуулгаас уншигч та харж болох юм. Таны өмнө байгаа танилцуулгад тусгаснаар Засгийн газар цаашдаа 13 яам,  11 тохируулагч агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай ажиллах төлөвлөгөөтэй байгаа аж.  

 

Сөрөг хүчин МАН-ын нөхдүүд Засгийн газрыг огцрох ёстой гэсэн асуудлаар суулт зарлаж, эсэргүүцэл үзүүлээд буй. Эдийн засгийг аврах “Эзэн 100” гэж цээж дэлдэж явах зуур нь нөхцөл байдал бүр хүндэрсэн гэж МАН-ынхан үзээд байгаа билээ.

Түүнчлэн АН-ын нэр хүнд тун тааруу байгаа энэ үед Н.Алтанхуягийн тэргүүлж буй Засгийн газар үлдэх нь хэтдээ хор, хохирол дагуулах уу, эсвэл гэдэг асуудал тавигдаж буй юм.

М.Мөнхжин

 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин