Сэхвэл сэх!
2014/09/30

“Хотын фракц”-ын тэргүүн М.Энхболдтой далд тохироо хийснээр МАН-ын идээ бээрийг шахаж, цэвэрлэх үүрэг хүлээх шинэ удирдлагын марафоноос сайн дураараа мултарч үлдсэн У.Хүрэлсүх  улстөрд эргэн ирж байгаагаа илэрхийлсэн бол С.Баяр ч мөн улстөрөөс яваагүй гэдэг нь тодорхой болж байна. Засгийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай асуудал чуулган угтан дэвэрч байгаа энэ үед МАН-ынхан ийнхүү сэрж байгаагаа мэдэгдэж байгаа нь АН-ынхны тухайд муугийн ёр юм. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нэр сүр нь хангалттай унасан АН арванзургаан оны сонгуулиар өвдөг шороодож таарна гэсэн мессэж нийгэмд газар аваад байгаа энэ үед МАН-ынхан мэдрэмж заан тоглолтоо хийж байгаа харагдана. Ер нь МАН-ынхан одоо нэг зангидсан гар шиг сэтгэл, үйлдэл нийлээд урагшаа харвал хэтдээ хэрэгтэй юм л даа, тэдэнд.  Тэдэнд тогоон дотроо жийлцэх, хор найруулах туршлага арвин. Ямартаа л У.Хүрэлсүхийн талын Р.Раш, Д.Загджав, Т.Аюурсайхан нарын нөхдүүд Н.Багабандийн дэмжлэг дор МАН-ын шинэчлэх хороог анх байгуулан ажилласны ард санхүүжүүлэгч нь  М.Энхболд байсан гэгддэг. Гэхдээ У.Хүрэлсүхээр удирдуулдаг  “Зүүний хүчний холбоо” МАН-ын эрх мэдлийг зүгээр тавиад туучихгүй байлгүй гэсэн асуултын хариуг тэр өөрөө өгөхөөр эргэн ирж байгаа биз. Намдаа ялалт авчирж чадаагүй тэрбээр  нам дахь албан тушаалаа өгөөд зогсохгүй, УИХ-ын гишүүний эрх мэдлээс татгалзсан нь улстөрийн карьераа илүү шинэлэг байдлаар эхлүүлэх боломжийг олгохыг ч үгүйсгэх аргагүй талаар өмнө нь өгүүлж байсан.  Толгойдоо цагаан даавуу уячихаад тэмцэлд уриалан алхаж явсан У.Хүрэлсүх улстөрөөс тэгтлээ алсран холдох цаг нь болоогүй гэдгийг ч өмнө нь бичиж байлаа. Тэгвэл түүний одоогийн үйлдэл тэрийг нь батлаад байгаа харагдана.

Түүний залуурддаг “Зүүний хүчний холбоо”  хоёр өдрийн турш хуралдаад дотоод асуудлаа хэлэлцэж, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулаад байгаа юм. Шинэ хүмүүсээр хүч нэмсэн тэд улстөрд шинэ нүүдэл хийхээр замдаа гараад байгаа болов уу. Тэдний энэхүү үйлдлийг С.Баяр, С.Батболд тэргүүтнүүд дэмжин ажиллана гэдгээ мэдэгдсэн байна. Ирэх сонгуулиар намдаа ялалт авчрах чин хүсэл байгаа л бол “Хотын фракц”-тай ч бас ойртон нягтрах шаардлага байгаа. Харин Улаанбаатар хотын хамгийн ашигтай газруудыг улстөр, бизнесийн бүлэглэлүүд дунд үнэ хаялцуулж, тэнгэрт гарган шанд нь хөлжсөн гэдгээрээ бусдаасаа ялгардаг “Хотын фракц”-ынхан бас нөгөөг бодож суугаа болов уу. Уг нь  таван сонгууль дараалан өвдөг шороодсон МАН-ын  уналтын үеийг тэрчигт нь эргүүлэн хөл дээр нь босгож ирэх боломжийг тэд ашиглах уу гэдгийг нийгэм харж байна. МАН гэдэг хэт бохирдсон улстөрийн хүчнийг цэмцийтэл нь өнгийг нь засч чадах итгэл, сэтгэл, зүтгэл, эрх ашигтай нэгэн биш гэдгээ М.Энхболд нь угаасаа харуулсан.

Түүнчлэн МАН-ыг өөрөөр харуулах боломж тэдний хэн нэгэнд бус нийлмэл байдалд нь байгаа гэдгийг анзаарч харах хэрэгтэй юм. Тэгэхдээ тэргүүлэгч акулуудын зөв оролцоо хэрэгтэй байгаа юм. Тухайлбал, С.Баярын оролцоо ямар түвшинд байх вэ, тэр ер нь хаа хүрэх гээд санаархаад байна вэ гэдэг асуулт байна.  Эргэн харахад хүч сул гэгддэг С.Батболд, хэт дэврүүн гэх тодотголт У.Хүрэлсүх нар МАН-ыгаа арванхоёр онд өвдөг шороодуулснаар С.Баярын дараа дараагийн гарцууд бүдгэрээд ирсэн байдаг. Гэхдээ нөгөө талаас харвал МАН ялагдахаас ч өмнө С.Баяр өөрийнхөө ухсан нүхэнд унасан дүр зураг харагдана. Учир нь Р.Фрийдландын албатуудад зодуулсан гэх мэдээлэл гарсны дараа С.Баяр Америкийг зорьсон. Тэгээд Монголдоо ирэн очин байх болсон. Хэсэгтээ л улстөрийн тогоо руу өндийж чадмааргүй харагдаад байсан. Харин одоо бол өөр байна. Чимээгүй байсан нөхдүүд эхнээсээ сэрж байна. Нэг нь сэрснээр нь бусад нь бас сэрэх болов уу. Энэ бол боломж...

 

М.Мөнхжин 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

Сонин хачин