Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах асуудал өвөл угтсан энэ намрын халуун сэдэв болоод байна. Түүнчлэн улстөрчдийн байр сууриуд анхаарал татаж буй. Тэгвэл сайд асан Х.Баттулга энэ талаар "Уг нь давхар дээлийн хуулийн төсөл яригдахад асуудлаа шийдээд, бүтцийн өөрчлөлтөө хийгээд явсан нь дээр байсан юм. Одоо яахав дээ. Бүтцийн өөрчлөлт хийгээд 76 сайдтай болгоод ч , 10 сайдтай болголоо ч зардал хэмнээд, сайжрах зүйл байхгүй ээ. Н.Алтанхуяг зальтай хүн. Нэг заль биз " хэмээн ярьсан байна. Ер нь бол хэрэг дээрээ Х.Баттулгад өөрт нь ч зальтай хүн гэсэн тодотгол бас зохиж болох юм шүү. “100 чухал сэдэв” гэх сүрхий нэвтрүүлгээрээ нийгэмд дуулиан тарьсан тэрбээр сайдын сандлаас буух болсон нь асуудлаас мултрах гэсэн алхам байсан гэж улстөрийн хүрээнд яригдсан нь санаандгүй зүйл биш л дээ.

Түүнийг сайдын суудал дээр сууж суучихаад ажлаа олигтой урагшлуулж чадахгүй байна гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өмнө нь ч сануулж байсан. “100 чухал сэдэв” захиалгат нэвтрүүлгийн авторынх нь хувиар дуудаж уулзаж ч хэлж үзсэн. Харин Х.Баттулга twitter-тээ “Хөршөө мууллаа гэх юм. Түүхээ л ярьсандаа уг нь. Түүхээ мартах уу” хэмээн жиргэж бухимдлаа илэрхийлсэн юм. Тэгсэн сая хэвлэлд нэвтрүүлгийнхээ талаар ярихдаа "Ялгаварлан гадуурхсан зүйл байхгүй. Улстөрчид гарал үүслээ нуух хэрэггүй ээ гэсэн санаа байгаа. Хятадын гадаад бодлогын номлол, чиглэл нууц юм биш. Бүх л хөршүүдтэйгээ хилийн маргаантай. Хятадын дарга Энэтхэгт айлчлахад жагсаал хийж угтаж байна. Энэтхэгт ардчилал байна. Харин Азийн хамгийн ардчилсан улс гэдэг Монголд юу болов.
Сандраад, бажгадаад л. Ерөнхийлөгч хүртэл санаагаа чилээж, намайг өрөөндөө дуудаж загнав.Орост үндэсхэрхэг агуулгатай нэвтрүүлэг зөндөө л гардаг. Путин тоодоггүй. Манай ерөнхийлөгч загнаж л байг дээ. Улсынхөө ерөнхийлөгчид тоогдож, үг хүрч байна гэдэг МоАХ-ны даргын хувьд сандраад байх зүйл биш" хэмээжээ. Тэгэхээр өөрийнх нь байр суурь нийгэмд хүрч, асуудал дэгдээж байгаад тэр урамшиж яваа бололтой юм. Хэрэг дээрээ бол Эби, “Женко” хоёрын эрх ашгийг нэг зүгт чиглүүлэх хамтын бизнес сэлт зөндөө гэдгийг хэлэх эх сурвалжууд бий. Харин нэвтрүүлэг гарсны дараа төмөр замын талаарх тэдний байр суурийн тухайд яах аргагүй зөрүү ажиглагдаж байсан юм. Ерөнхийлөгч нарийн царигийг үзэн ядах шаардлагагүй гээд байдаг. Харин Х.Баттулгын хувьд нарийн цариг улс үндэстний аюулгүй байдалд хамгаас уршигтай гэдэг мессэжийг нийгэмд өгөх гэж хичээж ирсэн. Оросуудтай сайн түнш тэрбээр төмөр замын асуудлаар ч тэдэнтэй далд тохироо хийсэн тул ингээд байгаа гэж үзэх хүмүүс ч байгаа л юм.
Нэгэнт царигийн асуудал руу орсных илүү дэлгэрүүлж өгүүлсэн нь зөв болов уу. Учир нь энэ долоо хоногийн пүрэв гарагт царигийн асуудлыг улстөрчид хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байгаа юм.
Царигийн цаана
Нарийн царигийн эсрэг байр сууриуд тод харагдах болсон энэ үед хойд хөршийн РЖД компани Тавантолгойн төмөр замын төсөлд гол үүрэг гүйцэтгэх сонирхолтой байгаагаа давхцуулан мэдэгдээд байгаа юм. Манай тал өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулагчдад тавьсан санал болзолдоо өөрчлөлт хийсний улмаас өдийг хүртэл төмөр замын төслөө хөдөлгөж чадаагүй гэсэн бурууг Оросуудын өмнө хүлээгээд байгаа. Мэдээж төмөр замын дэд бүтцийн асуудал нь цаг хугацааны хувьд хоцроод байгаа ч, стратегийн чухал шийдлийг хүлээж байгаа гэдгийг энд хэлэх хэрэгтэй юм. Өмнө нь Дэлхийн банкны зүгээс уул уурхайн баялгийг агуулж байгаа өмнөд бүсийг Транс-Монголын төмөр замтай холбох нь тийм ч тулгамдсан асуудал биш хэмээгээд ОХУ одоогийн нөхцөл байдлаа өөрчилж, төмөр замын багтаамжаа нэмэгдүүлэн, тарифандаа зохицуулалт хийн, боомт зогсоолуудаа ашиглуулах тал дээр Монголын Засгийн газартай хэлэлцээр хийх шаардлагатай гэж байсан бол одоо Дэлхийн банк өөрөө манай төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдэд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлж буй. Дэлхийн банк концессын гэрээгээр явагдах төмөр замын төслүүдэд оролцох боломжтой гэчихсэн байгаа. Түүнчлэн Эдийн засгийн хөгжийн сайд Н.Батбаяр “Төмөр замын шинэ шугам барих тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьсны дараа Ерөнхий сайд өөрөө “Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол”-ын төслийг УИХ-ын даргад өргөн барьснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт нарийн цариг бүхий төмөр зам барьж байгуулах асуудал хуульчлагдах хэмжээнд ойлгогдсон.

Харин Х.Баттулга нар үүнийг Монгол төр дэх харь цустай хүмүүс болох Хятадын гар хөл бологсдын хийж байгаа ажил. Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал бүрэн утгаараа алдагдана хэмээн хэлж ярьсан нь ихээхэн асуудал үүсгээд байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ талаар түүнд болон нийгэмд хандаж дуугарахдаа “...Төмөр замын хувьд Монгол Улс өөрийн гэсэн бодлого, эрх ашигтай гэдгийг та мэдэж байгаа.Тавантолгойгоос урагшаа барих төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, зүтгүүр, өртөөнүүдэд ажиллах инженер ажилчид гээд бүгд Монголынх байна. Ачааг хилээр гаргасны дараа хөрш орны зүтгүүр хүлээн аваад цааш явна. Ачааг хилийн наана асгаад дахин ачина гэж байхгүй. Цагаанхад гэдэг газар нүүрс асгаж, ачиж байгаа шиг гамшиг болгохгүй. Нэвтрүүлэг хийж юм уу тусдаа ярихгүй л байгаа болохоос энэ бол манай бодлого, эрх ашиг шүү дээ.
Энэ асуудлыг бид хөрштэйгөө ярилцаж байгаа. Харин энэ асуудлыг “хэрүүлийн алим” болгож, ажлаа унагаамааргүй байна. Хөрш орнуудад нүүрс мэтийн ачааг тухайн орны царигаар гаргах нь зөв гэж үзэж байгаа. ОХУ руу өргөн царигаар, урд хөрш рүү өөрийх нь царигаар, дугуй солих шаардлагагүй яваг. Ачсан нүүрсийг нь асгаж, дахин тээвэрлэхгүй яваг. Баттулга гишүүн өөрөө сайн мэдэж байгаа. Төмөр замын бодлогын талаар маргалдаад байх хэрэггүй, бидний хэдийнэ шийдсэн асуудал шүү дээ. “Шинээр байгуулах төмөр зам нь одоогийн төмөр замтай шууд холбогдох буюу огтлолцох тохиолдолд түүний царигийн өргөн нь 1520 мм байна” гээд тогтсон. Одоогийн энэ Алтанбулагаас Замын Үүд рүү чиглэсэн төмөр замтай огтлолцохоор бол энэ өргөн царигаар байна шүү гэж ярьсан.
Харин “Бүтээгдэхүүнийг нь экспортод шууд тээвэрлэх, ашигт малтмалын орд, боловсруулах үйлдвэрээс хилийн боомт хүрэх чиглэлийн ачаа тээвэрлэх зориулалттай төмөр замын шугамын царигийн өргөнийг Засгийн газар УИХ-д танилцуулж шийдвэрлэнэ” гэж тогтсон хэмээн хэлнэ лээ. Харин Х.Баттулга гишүүн “100 чухал сэдэв” нэвтрүүлэгт хэлж ярьсан шигээ, бусдыг хэлж яриулсан шигээ байр суурь дээрээ хатуу зогсож чадсангүй ээ.
Өргөн баригдаад буй тогтоолд тусгаснаар Таван толгой – Гашуунсухайт, Сайншанд – Замын-Үүд, Хөөт – Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн буюу нарийн царигтайгаар, Могойн гол – Эрдэнэт, Таван толгой – Сайншанд – Баруун-Урт – Хөөт – Чойбалсан, Хөөт – Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн буюу өргөн царигтайгаар барихаар оруулсан байгаа юм.
Биднийг ийн царигийн асуудлаараа талцаж байх зуур хойд хөрш Тувагийн Элегестийн ордыг эргэлтэд оруулах хүрээнд Элегест-Кызыл-Курагино чиглэлийн 410 км төмөр замыг барих компаниар “СГК-трансстройЯмал”-ыг шалгаруулсан. Гол нь тус чиглэлийн төмөр замыг манай улсын газар нутгаар дайруулан өмнөд хөрштэй холбох бодлогыг Кремлийн эрх баригчид барьж байгаа талаар Оросын хэвлэлд гараад эхэлснийг бас тэмдэглэх хэрэгтэй юм. Энэ нь Оросууд манай гол гарц зах зээл рүү нүүрсээ хүргэхдээ манай газар нутгийг ашиглах гэж байгаа нь, эдийн засгийн аюулгүй байдал талаасаа асуудал дагуулна гэдгийг өмнө нь хөндөж бичсэн билээ.Түүнчлэн энэ тал дээр манай нөхдүүд хойд хөршийн нөхдүүдтэй ярилцах асуудал бас бий болов уу.
Эргэн харахад Оросуудын хувьд манай Тавантолгой болоод төмөр замын төслийг гацаах “хүндэтгэх” шалтгаанууд байдаг талаар сонсогддог. Тухайлбал, Кемерова мужаас Владивосток хүртэлх бүх л нүүрсний уурхай, цахилгаан станцуудын хяналтын багцыг эзэмшдэг СУЭК корпораци нь Улан Үдэд барьсан нүүрс угаах үйлдвэр болоод Владивостокийн Мухта хойгт барьсан шилжүүлэн ачих байгууламжиндаа оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөхийн тулд хятадын зах зээлийн үнийг буулгахгүй байх шаардлагын улмаас Тавантолгойтой холбоотой асуудлуудыг гацаах ажиллагааг В.Путин өөрөө удирдан явуулсан гэх мэдээлэл ч байдаг. Тэгэхээр Оросууд Тавантолгойн төмөр замын төсөлд орж ирэх гээд байгаагийн учиг нь өмнөдийн зах зээлийг алдахгүй гэсэн үндэслэлтэй бас холбоотой харагдаж байна.
Тэгэхээр өнөөдөр Монголчууд өргөн нарийн цариг гэж талцаад байгаагийн цаана хоёр хөршийн зүгээс шидэж байгаа чулуу бийгийн дотор Оросууд шинэ монопольчлолыг тогтоох гэсэн санаархалтай бас холбоотой байж болох. Тэрийг нь Х.Баттулга гишүүн балиашигласан биш улстөрчийнхөө имижийг харлуулаад хаяж байх шиг байна.
Х.Баттулга ийн шуугиан тарихаас өмнөхөн БНХАУ-ын “Шенхуа Энержи” болоод дотоодын “Эрдэнэс-Тавантолгой” ХК, Энержи ресурс ХХК, “Тавантолгой” ХК хамтран нарийн цариг бүхий төмөр зам барих “Гашуун сухайтын төмөр зам” ХХК-ийг байгуулсныг бас анзаарах хэрэгтэй. Тэрхүү төмөр замын уртын хэмжээ нь 18 км буюу богино ч гэлээ, жилдээ 27 сая орчим тонн нүүрсийг өмнөд хөрш рүү тээвэрлэх хүчин чадалтай байна гэсэн. Одоогийн нөхцөл байдлаас харвал манай улсын нүүрсний жилийн экспортыг дангаараа шийдчих хүчин чадалтай зам босохоор л харагдаад байгаа юм. Түүнчлэн үүнтэй уялдаад нарийн цариг дагасан шүүмжлэлүүдийг харахад “...Нэг л газар зөвшөөрөл өгөөд нарийн царигтай зам бариад эхэлчих юм бол ар араасаа олон нарийн төмөр зам Монголд маш богино хугацаанд ороод ирнэ. Үүнийг стратеги төлөвлөгөөтэйгөө уялдуулах бараг боломжгүй болно. Хятадын нарийн төмөр замыг оруулаад ирвэл монголын баялгийг хятадууд ёстой л нэг угжих шиг болно. Юуны өмнө олон мянган хятад наймаачид орж гарна, байнга оршин сууна гэсэн үг. Төмөр зам, тэр тусмаа нарийн царигтай бол Монголын баялгийн урсан гарах хэмжээ, далайц хэд дахин нэмэгдэх болно. Товчхоноор монголчуудын өөрсдийн гараар байгаль, эдийн засаг, түүх соёлын дурсгалыг нь сүйтгэх болно” гэж хэлж байгаа нь ч бас бий.
Тэгэхээр энэ мэт байр сууриудаас үзэхэд улсын аюулгүй байдалтай шууд холбоотой энэ салбарт тогтсон бодлого, тодорхой үйлдэл, нэгдмэл байр суурь байхгүй бол хэдэн улстөрчид дотоодын асуудлаа шийдэх гэж гадныхны шидсэн “яс”-ыг булаалдан хэмлэлдэж байгаа ноход шиг л харагдаж байна даа.
М.Мөнхжин
Сэтгэгдэл байхгүй байна