Дэлхийд шагшигдсан Монгол хүмүүн

“Уяхан замбуутивийн наран”, “Сэрүүн сайхан хангай” зэрэг олон сайхан дуугаараа монголынхоо төдийгүй дэлхий дахины гуч гаруй орны хүн зоныг уярааж, Монгол Ардын уртын дууны гайхамшигийг мэдрүүлсэн дэндүү ховор авьяаслаг хүмүүн бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Н.Норовбанзад агсан билээ.  1940 оны намар Дундговь аймгийн  Дэлгэрцогт сумын бага сургуульд элсэн орж байсан түүний анх сурсан уртын дуу нь  “Сэрүүн сайхан хангай”.  Тиймээс ч  “Сэрүүн сайхан хангай бол миний зүрхний дуулал, миний сүлд дуу юм” хэмээсэн биз ээ.

Дуутай, хууртай гэгддэг Дундговь нутгийн охин тэрбээр  “Дуучин шар” хэмээх хочтой болтоо сургуульдаа алдаршсан гэдэг. Байгалиас заяасан цээл сайхан хоолойгоороо шуранхай хадаан дуулах тэр жаахан шар охиныг хожимоо дэлхийн олон томоохон тайзнаа Монгол Улсынхаа  нэрийн өмнөөс дуулж,  Монголоо нэн өөрөөр таниулж, гайхуулахын чинээ хэн санах билээ.. Нэгэн  эрхэм Н.Норовбанзад агсны тухай “Нарыг хүний сэтгэлд мандтал нь дуулж, аялгуу эгшгээр илэрхийлэх увидсыг нэгээхэн биендээ цогцлоон төрсөн зууны манлай уртын дуучныг төрүүлсэн монгол түмэн Н.Норовбанзад агснаар өнөөдөр ч бахархдаг” хэмээн өгүүлсэн байдаг. Тэгвэл түүний шавь нарын нэг уртын дуучин, докторант Т.Нарантуяа багшийнхаа хосгүй их авьяас билэг, хөдөлмөр зүтгэл уран бүтээлийн талаар их сайхан зүйлсийг өгүүлсэн байдаг юм.

Н.Норовбанзад агсан дэлхийн хүн болсныг гэрчлэх олон мэдээлэл шавийнх нь цуглуулгад бий. Тухайлбал, “ Майничи Дейли Ньюс”  сонины 1992 оны есдүгээр сарын 11-ний дугаарт  “Монголын онцгой дуучны хоолойн цараа хүрээ нь тэнгэрээр хэмжигдэх ажээ” хэмээн бичсэн байдаг бол   “Асахи”  сонины 1993 оны нэгэн дугаарт түүнийг “Бурхнаас заяасан хоолойтой дуучин”  хэмээн  үнэлсэн байдаг. Мөн ОХУ-ын урлаг судлаач В.Кондако «Советская Россия» сонины 1986 оны 172 дугаарт «Гайхамшигтай, түүний дуу хүний боломжоос хэтэрчээ. Тайзан дээр нэг биш хэд хэдэн хүн дуулах мэт сэтгэгдэл төрнө» хэмээн бичсэн бол «Ленинградская правда» сонины 1976 оны 21 дугаарт «Өргөн дэлгэр аялгуу аажимхан дуурсана. Энэ аялгуунд уужим тавиун тал, уулын тунгалаг горхины мөнгөн хонх шиг чимээ, морины яарамгүй хатирааг агуулжээ. Тайзан дээр монголын уртын дууны мастер ардын жүжигчин Н.Норовбанзад дуулж байна. Түүний аугаа их ур чадварт нь Прага, Софи, Бухарест, Варшав, Берлин, Парисын үзэгчид алга нижигнүүлэн ташиж байлаа» хэмээн үнэлсэн байдаг.

Тэгэхээр дэлхий дахинд ингэж хүлээн зөвшөөрөгдсөн хосгүй авьяастай хүмүүнээрээ бид бахархаж, бардамнах нь зүй ёсны хэрэг билээ.

Б.Билэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025