Н.Алтанхуяг “яв”, З.Энхболд “ир”
2014/09/25

Улсын эдийн засаг уруудсан, төрийн данс улайсан гэх мэт мэдээллүүдтэй зэрэгцэн засаг дахь сайд нарын давхар дээлийг тайлах асуудал өнгөрсөн хаврын халуун сэдэв байсан билээ. Тэгвэл ирэх долоо хоногт эхлэх чуулганыг угтан засгийн тэргүүн кабинетдаа бүтцийн томоохон өөрчлөлт хийхээ мэдэгдсэн нь ид анхаарал татаад байна. Нэгэнтээ сөрөг хүчин МАН-ын зүгээс түмний төлөө ажиллахгүй байгаа энэ Засгийн газрын 17 сайдын давхар дээлийг тайлж, ашиг сонирхлын зөрчилгүй нөхдүүдээс бүрдсэн засгийг байгуулах ёстой гэсэн шаардлагыг тавиад байсны араас ийнхүү АН-ын даргын хийж байгаа алхам нь араа бодсоных байж таарна. Хоёр жил хүрэхгүй хугацааны дараа болох сонгуулиар АН мултрах уу, үлдэх үү гэдгийг шийдвэрлэх түүхэн талдаа алхам ч байж болох. Тэгвэл эл алхмыг хийхээр шийдэхээс өөр гарцгүй болсон харагдах Н.Алтанхуягийн орыг залгаж Ерөнхий сайдын суудалд суух хүнээр З.Энхболд тодроод байгаа талаар улстөрийн хүрээнд яригдах болсон нь хэвлэлийнхний сонороос хаа холдох билээ. АН-д өөр давалгаа авчрахын тулд Оросуудаас дэм авах гэж байсан гэгддэг спикер З.Энхболдын тухайд чимээгүй царайлсан “аюултай” хүн гэх тодотгол дагаж ирсэн билээ. Тэр Засгийн газрын тэргүүн болсноор кабинетдаа АН, МАН, МҮАН-ын гишүүдээс багтаан цэгцлэхээр болсон гэх. Ямартай ч Н.Алтанхуягийн тухайд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нэр хүндээ асар доод түвшинд аваачсан гэдгийг хэлэх нь зөв байх. Магадгүй, тэр одоо буувал түүнд карьер үлдэж ч мэдэх.

Сөрөг хүчин МАН анхнаасаа давхар дээлийг тайлах хуулийн төслийг үйл ажиллагаа нь тааруу байгаа энэ засгийн нөхдүүдтэй хариуцлага тооцох арга гэж үзэн жагсаал цуглаан хийсэн бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг үүсээд буй хүндрэл бол Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш бий болсон зүйл биш. Ялангуяа өр төлбөртэй холбоотой асуудлыг өмнөх Засгийн газраас уламжлан авсан. Хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлт саарсан зэрэг нь ганц дотоодод болж буй гэхээс илүү дэлхийн зах зээлд болж байгаа үйл явдалтай холбоотой гэхчлэн бурууг бусдаас хайх ухаан сийлээд сууж байсан. Харин энэ удаа тэр явахгүй гэсэн замаараа явах нь. АН нь түүнийг энэ удаа ингээд зогс гэж хэлж таарч байх шиг байна. Харин З.Энхболдыг ир гэж байна. Тэглээ гээд 2016 оны сонгуульд АН үлдэх үү гэдгийг одоо хэлэхэд бэрх л байна.

Ямартай ч эх сурвалжийн зүгээс мэдэгдэж буйгаар яамдын тоо 16-гаас 11 болтлоо уруудаж таарч байна.

1.  Байгаль орчин, аялал жуулчлалын яам

2.   Уул уурхай, эрчим хүчний яам

3.   Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам

4.    Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам

5.   Гадаад хэргийн яам

6.  Эрүүл мэндийн яам

7.  Батлан хамгаалахын яам

8.   Сангийн яам

9. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам

10.   Хууль зүйн яам

11. Боловсрол,шинжлэх ухаан, соёл спортын яам гэсэн бүтцэд оруулахаар болсон гэх мэдээлэл байгаа юм. Эл мэдээллээс харахад давхар дээлээ тайлж, дан дээлтэй үлдэх сайд нар хэд хэд болж таарч байна даа...

 

М.Мөнхжин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин