
Хэлж байгаа үгс, хийж буй үйлдлүүдээрээ үргэлж олны анхаарлыг татдаг Л.Эрдэнэчимэг хатагтай санаачилсан хуулийнхаа агуулгыг өөрөө ойлгохгүй явж байдаг хэцүү хүн. Улстөрч гэх тодотголоор гоёх болсон тэрбээр хөрөнгө мөнгөө гайхуулж “бенз” хочтой болоод амжсан гэхээр түүнд олны анхаарлыг өөртөө татаж хэвлэлийн баатар болох чин хүсэл байдаг байх нь гэж ойлгомоор. Төрийг түмний өмнөөс түш гээд итгэл хүлээлгээд гишүүн болгосны дараагаар эхлээд өөрийнхөө нүүр нүдийг мэс заслаар төрөл арилжуулсан түүнд сонирхдоггүй юм ч гэж байхгүй янзтай байдаг.
Ямартаа л сур харваагаар хичээллэдэг нь энэ жилийн наадмаар харагдаж байсан. Тэрбээр Төв цэнгэлдэх, Хүй долоон худаг гээд хаана л наадам болж байна, тэнд л сур харваж гайхуулж харагдсан.
Гишүүний сэнтийд залраад удаагүй байхдаа хорвоод байхгүй машин унадаг гэдгээ гайхуулж, бүр сүүлдээ булчин шөрмөс нь зангирсан улсын мэргэн харваачдаас дутахгүй гэдгээ олон түмэнд тунхаглаж яваа түүнд итгэсэн сонгогчид нь нэг зүйлийг хэлэхийг хүсч байгаа байх. Юу гэхээр нум сум харваж байгаа тань мэргэн түргэн байж болно. Гол нь төр түмний төлөө гэж зөндөө их юм ярьж, амлалт өгч гарч ирсэн таны улстөрийн бодлого, шийдвэр илүү мэргэн байх болтугай гэж харж байгаад эргэлзэх шаардлагагүй болов уу.

Түүний байр байдалд ийм уужуу маягаар хандах хүмүүс байхад, бухимдангуй хандах хүмүүс ч байна. Ямартаа л “Сур харваа нь Mонгол түмний эрийн гурван наадмийн нэг ч гэсэн Л.Эрдэнэчимэг мэтийн өмнөх ажлаа хийж чадахгүй эрхмүүдэд илүү ажил байгаа даа” гэж ярих хүмүүс таарах. Уг нь бол улс орны эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй, асуудал арвин байгаа ийм үед гишүүн гэх тодотголтой хууль тогтоогчид гэх хариуцлагатай үүрэгтэй нөхдүүд илүү далайцтай харж, ажиллах нь зохистой баймаар. Гэтэл олон нийтийн сошиал сүлжээгээр өөрсдийн баян цатгалангаа гайхуулан, салбадай шиг сууцгаах нь энэ нийгэмд тун ч үлгэргүй хэрэг биш гэж үү.


Д.Цэгц
Сэтгэгдэл байхгүй байна