Нударгаар шийдэгч
2014/09/24

Улстөрийн карьер нь огцом дээшилж хоёр ч засгийн үед сайдын алба хашсан  Х.Баттулга эрхэмтэй холбоотой анхаарал татсан мэдээлэл олон. Цаагуураа бол  Ц.Элбэгдоржтой илүү ойр түншлэх болсон түүний Сингапур, Бээжин, Москвагийн чиглэлд ганзагын наймаа эрхэлж, овсгоо сүйхээнийхээ хүчээр нэгийг хоёр, хоёрыг дөрөв болгон өсгөж амжилтад хүрсэн хөдөлмөрч замналыг нь энд үгүйсгэх гэсэнгүй. Гэхдээ тэрбээр бизнесмэнээс төрийн түшээ хүртэлх замыг туулахдаа хуудуутай олон ч асуудалтай нэр холбогдож ирсэн байдаг. Ямартаа л их хэмжээний мөнгө угаасан МИАТ-ийн луйврын хэргийн эздийн нэг Ч.Хоролсүрэнгийн "Монголиан Эйрлайнс" дахь хувьцааны жинхэнэ эзэн нь гэдгээр нь аваад үзэхэд томоохон асуудал үүсэх л ёстой. Гэсэн ч тэрбээр ямар ч үед  тогтоод байдаг нэгэн.

Өдгөө Монголын улстөрд нөлөө бүхий байр суурьтай яваа АН-ын  нэр бүхий эрхмүүд БНСУ-ын Dae woo. LG, Nomurang зэрэг компаниудыг хуурч мэхлэн 120 сая ам.долларыг нь луйвардаж дуулиан дэгдээсэн хэрэгтэй яах аргагүй холбогдох хүмүүсийн нэг бол Х.Баттулга. 17 чингэлэг спиртийг гаалиар оруулж ирчихээд, Гаалийн баталгаат агуулахын хяналтын талбайд байсан 17 чингэлэг спиртээ ганцхан шөнийн дотор ор мөргүй алга болгож, ашиг хийсэн зайтай эр.

Тэрбээр Солонгосчуудаас луйвардсан мөнгөөрөө  “Интер” банк, “Капитрон” банк, “Улаанбаатар” банкуудыг өөрийн болгосон гэдгээ үгүйсгэдэггүй. Гэхдээ  зөвхөн мөнгөөр асуудлыг шийддэггүй. Мөнгөтэй хавсран нударгаа ашигладаг гэж болох юм. Учир нь тэрбээр Интер банкийг эзэн Хоролсүрэнгээс нь авахдаа  айлган дарамталж, зодож байсан талаар нь эх сурвалжууд өгүүлсэн байдаг. Бас МАН-ын гишүүн Ц.Оюунгэрэлээс  “Капитрон” банкийг нь авахдаа ч айлган сүрдүүлэх аргаа хэрэглэсэн гэдэг.  Ерөнхийлөгч асан Н.Багабандийн зөвлөхөөр ажиллаж байсан, Капитрон банкны нэг хувийг эзэмшигч Цогтбаатар гэх эрхэм Ц.Оюунгэрэл, Х.Баттулга нарыг банк наймаалцах уулзалт хийж байхад нь хажууд нь байж өөрийн саналаа хэлсэн биш, цусаа гартал зодуулж, амаа хамхихаас өөр аргагүйд хүрч байсан байдаг. Үүнийг нь энд өгүүлэхийн учир төр түмний төлөө гэж худлаа ярьж сонгогддог нөхдүүдийн цаад үнэн төрхөд но бий шүү гэдгийг л бага ч гэсэн харуулах гэснийх юм

Ардчиллын буянаар төрийн мэдлийн өнгөтэй өөдтэй үйлдвэр, обьектүүдийг хувьчилж авсан хүмүүс нь АН-ынхан гэдгийг нөхцөл байдал харуулж байгаа. Тэгвэл Х.Баттулгын хувьд хувьчлалаар ихээхэн ашигтай хөдөлсөн нэгэн гэдгийг хэлэх хэрэгтэй. Баянгол зочид буудлыг өөрийн болгосон түүхийг нь дурдахад л асуудалтай байна. Тэрээр биржийн луйврын аргаар “Баянгол” зочид буудлыг авчээ. Монголын хөрөнгийн биржээр “Баянгол” зочид буудлын хувьцааны багцыг худалдаж байхад Х.Баттулга Биржийн захирал Н.Золжаргалд их хэмжээний хахууль өгсөн тухай нь эх сурвалжууд өгүүлж байсан байдаг. Улмаар   “Баянгол” зочид буудлын хувьцааг арилжаа эхлэхээс 10 минутын өмнө, Х.Баттулгад ямар ч  өрсөлдөөнгүйгээр 44 сая төгрөгөөр зарж байжээ. 50 сая ч хүрэхгүй төгрөгөөр авсан буудлынх нь дансанд 600 сая төгрөг бэлнээрээ байсан гэдгийгХ.Баттулга анхнаасаа мэдэж байсан байж болохыг үгүйсгэх аргагүй билээ.  Ер нь тэрбээр гол нь өөртөө ашиг дагуулсан ийм байдлаар хэд хэдэн үйлдвэр, обьектыг өөрийн болгосон. “Max импэкс”, “Талх чихэр” гэхчлэн хүнсний чухал үйлдвэрүүдийг хувьдаа авчихаад, олон ч жил ашиг олж суугаа тэрбээр одоо бол төрийн нэрээр яригдаж байгаа их том бүтээн байгуулалтын төслүүдийг босгох үүргийг хүлээж суугаа. Тэрийгээ ч бас олигтойхон хийж чадахгүй байгаа билээ.

Тэрбээр сайд байхдаа үлгэр яригч гэх тодотголтой болсон. Цаагуураа бол чамгүй хор хийсэн байхыг үгүйсгэх аргагүй байдаг. Ямартаа л Х.Баттулга  БНСУ-ын консорциумтай төмөр зам барих талаар нууц гэрээ байгуулсан гэх мэдээлэл гарч байсан ч, дарагдаад өнгөрсөн. МТЗ-ын Гүйцэтгэх захирал, Х.Баттулгын гарын хүн Б.Батзаяа БНСУ-ыг зорьж  хөрөнгө оруулагчидтай санамж бичиг үзэглэж амжсан тухай мэдээллээ гадагшлуулахгүй дарж байсан нь анхаарал эрхгүй татдаг. Нууц гэрээнд гурван баримт хамаарч байсны нэг нь гэрээ, хоёр нь санамж бичиг байсан. Гэрээ нь 23 хуудастай бөгөөд хуудас бүртээ нууц гэсэн дардастай байсан нь ч анхаарал татахаас яахав. Харин Х.Баттулгын хувьд энэ асуудал дээр өөрийгөө тас өмөөрч, өнөөх үг хэлсэн Ц.Нямдорж буруутаад таарсан.

Өөртөө хир халдаах дургүй  Х.Баттулга  улсын эрх ашиг гэж үг хэлэх ярих дуртай. Гэхдээ үйлдэл нь өөр. Түүний “Женко”-гийн CAML компани Оюу толгойн хятад ажиллах хүчинг хангаж ирсэн гэх мэдээлэл бий. Тэрбээр уул уурхайн салбарт хятадуудтай нягт хамтын ажиллагаатай. CAML(Central Asian Mining Logitics) компани нь Оюу толгой зэрэг уул уурхайн аваргуудын хятад ажиллах хүчнийг Монголд монополь эрхтэйгээр дангаар зуучилдаг гэх. Тэгэхээр мөнгө, нударгаар асуудлыг шийддэг хэрнээ нүүрэндээ шударга царайлсан баг зүүсэн гишүүдийн нэгний үнэн нүүр царай тийш хэсэгхэн анхаарал хандуулахад ийм л байна.

М.Мөнхжин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • xxx
    iim yum bichdeg archaagui setguulchid huurhii zailuul
    2014 оны 09 сарын 25 | Хариулах
Сонин хачин