ЕС-ын кабинетаас “Фортуна” сугарах уу?
2014/09/23

Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулна гэж ЕС дуугарсан нь чуулганы нээлт угтсан халуун сэдэв болж таарч байна. Бүтэц өөрчлөх нэрээр хэн бууж, хэн ирэх вэ гэдэг асуудал анхаарал татаж буй. Ер нь бол  хуучин бүгдийг хуу хаман шинэчлээд, улс орны нүүрийг угаачихна гэж сүржин яриад даржин байдалтай байгаа энэ Засгийн газрын сайд нараас огцрох хангалттай шалтгаантай нөхдүүд хэд хэдээрээ бий. Лав л эхний ээлжинд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын нэр бичигдэж таарна. Нэгэнтээ МАН-ын толгойд явсан нөхдүүдийн нэг У.Хүрэлсүх “Х.Тэмүүжинтэй харьцуулшгүй их огцрох шалтгаантай хүн бол Фортуна даа. Тэнгэр тэтгээд байна уу? Тэгвэл эдийн засгийг ч бас тэтгээсэй дээ... Төсвөөс гадуур дур мэдээд улсын баялгийн 10 хувиас илүү мөнгийг ирээдүйгээс хулгайлсан нөхрийг яав ч зүгээр орхих ёсгүй” гэж бичсэн нь зүгээр нэг жиргээ төдий зүйл биш. Н.Батбаяр гэж тэнгэр язгуур ярьж дэвсэн хүний үнэн төрхийг мэдэх учир мэдэх хүмүүсийн ярианы нэг юм.Улсын эдийн засаг уруудсаар, иргэдийн худалдан авах чадвар шалдаа буусаар байтал, ер гандан буурдаггүй нөхөр бол Н.Батбаяр. Бодит нөхцөл байдал хүнд байгааг огт   хүлээн зөвшөөрдөггүй хүн бол тэр. Ямартаа л хөх толботой Монголчууд Чингис хааныхаа хараа нүдэнд багтаж, ивээлээр нь сайн сайхан явцгааж байхад ёс бус юм ярьж тэнгэрийг догшируулж, хилэгнүүлэх гэлээ гэж уурлана. УИХ-ын чуулган дээр зарим гишүүд нь шүүмж хэлэхээр яриаг нь илтэд тэнгэр тийш эргүүлэн, өөрөөсөө бултуулна. Улс орны эдийн засгийг урагш нь татах үндсэн зорилготойгоор байгуулсан шинэ яамны толгойд ийм нөхрийг тавьсандаа АН хариуцлага хүлээх ч багадна. Өнгөрсөн хугацаанд эдийн засагтай холбоотой таагүй мэдээлэл үргэлжлэн гарч ирсэнтэй холбоотойгоор Фортуна болоод Ч.Улаан гэхчлэн гол яамдыг удирдаж байгаа нөхдүүдтэй хариуцлага тооцох асуудал тавигдаж ирсэн ч, газар авч гавиагүй. Тэгвэл одоо АН-ынхан үнэхээр ажлаа хийж чадахгүй байгаа сайд нараа буулгах гэж байгаа бол эхлээд Н.Батбаяраа үдэж явуулсан нь нэрэнд нь цэвэр тусмаар юм. Түүнчлэн намын нөхдөөсөө “байгалийн гамшиг” хэмээх хоч авч явсан Фортуна сайдын тухай өгүүлэх гэж байна. Ер нь тэрбээр нэг л сайхан “ам” болохоос хийж гавьдаггүй нэгэн юм. 2004, 2008 оны сонгуулиудад ялалт байгуулахын тулд Архангайчуудад бөөн бөөн амлалт өгчихөөд, салхинд хийсгэж байсан нэгэн. Тухайн үеийн “Монгол шуудан” банкны ТУЗ-ийн дарга Д.Зоригттой хамтран  “Одоо л хийхгүй бол хэзээ хийх вэ? Өнөөдөр л эхлэхгүй бол хэзээ эхлэх вэ? Гэсэн уриа дэвшүүлж байгаад 10 жилийн дотор 100 үйлдвэр барина гэх амлалтыг өгсөн ч, үнэн хэрэгтээ тэнд 1 ширхэг ч үйлдвэр байгуулаагүй. Мөн тэрбээр УИХ-д хоёр удаа дараалан сонгогдохдоо “Монгол хүний төлөө, хэрэглэгч орноос үйлдвэрлэгч орон болохын төлөө, импортлогч орноос экспортлогч орон болохын төлөө, иддэг хүнс, өмсдөг хувцас, хэрэглэдэг эрчим хүч, нефть бүтээгдэхүүнээр өөрсдийгөө хангаж, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулахын төлөө, монгол хүн бүрийн эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулж, ажилгүйдэл, ядуурлыг өнгөрсөн түүх болгон хувиргахын төлөө, ажил хөдөлмөртэй, боловсролтой, эрүүл чийрэг, аз жаргалтай, баян чинээлэг хүн ардтай улс үндэстэн болохын төлөө” гэхчлэн ихэд нүсэр бас гоё амлалтуудыг өгсөн ч, бас л  хэлснээ газарт буулгадаггүй.

За мөн Н.Батбаяр эрхмийн нэртэй дандаа хамт явдаг асуудлуудын нэг бол 2006 онд санаачлан батлуулсан Гэнэтийн ашгийн татвар буюу 68 хувийн татвар. Энэ хууль манай эдийн засагт багагүй мөнгө дагуулж ирсэн байж болох ч нөгөө талаас авч үзвэл чамгүй их балагийг дуудсан байдаг. Энэ татвар улсын эдийн засаг, төсвийг нэг металлаас  хэт хамааруулан хэврэгшүүлсэн гэдгийг хэлэх эдийн засагчид бий. Монгол Улсын парламент Гэнэтийн ашгийн татвар буюу 68 хувийн татвар гэх алдарт хуулийг батлаж, хэрэгжүүлсэнээс хойш алтны салбарынхан нэг л өндийж өгөхгүй бараг найман жил явсан. Тус хуулийг батласан 2006 онд манай улсын 800 гаруй иргэн 15.2 тонн алт олборлон Монголбанкинд  худалдаж байсан статистик бий. Гэтэл алт тушаалт 2006 оноос эхлэн багассаар 2010 онд Монголбанк дөнгөж 2 тонн алт худалдаж авсан байгаа юм.Тэрчлэн энэ хууль батлагдах тэр онд алтны татварыг 133 аж ахуйн нэгжээс авч байсан бол зэсийн татварыг ганц  Эрдэнэтээс авч байлаа. Гэтэл энэ хууль хэрэгжсэн таван жилийн хугацаанд манай алт олборлогч компаниуд алга болцгоосон. Балагтай Фортунагийн санаачилсан хууль хэрэгжсэн 5 жилийн хугацаанд Монгол Улс алт олборлогч компанигүй орон болж хувирсан юм. 68 хувь хэмээх өндөр татварын сүрэн дороос өндийж чадахгүй гэдгээ мэдсэн алтны компаниудын арга заль нарийсч, татвараас нуун далдлан хил давуулах арга замуудыг сонгож байв. Хилээр хууль бусаар алт гаргах байдал эрс нэмэгдэж, бүр монголын алт нисдэг тэргээр хил давж байсан баримтууд бий. Бүр Монголбанк  алт олборлогчидтой үгсэн хуйвалдаж байсны тод жишээ нь тухайн үеийн  Монголбанкны ерөнхийлөгч О.Чулуунбат,  "Алтан Дорнод Монгол" компанийн захирал Паушок нар 2.9 тонн алтыг Монголбанкинд хадгалуулах гэрээгээр халхавчлан 16 тэрбум төгрөгийн Гэнэтийн ашгийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэх хэрэг ихээхэн дуулиан дэгдээж байв. Түүнчлэн  Паушок хэмээх орос эр монголоос зугтаж, Монгол Улсын Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар буюу Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн эсрэг манай улсын Засгийн газрыг Олон улсын шүүхэд өгч байв.  Хэдийгээр Монгол Улсын Засгийн газар  дөрвөн жил үргэлжилсэн энэ заргын эцэст 6 сая ам.долларын зардал гаргаж байж ялсан ч, үнэн хэрэгтээ манайх л хохирсон. Хэрэв хуулийг хөрсөн дээр хэрхэн буухыг сайтар тооцсон бол ийм зүйл болохгүй байж болох л байсан биз. Харин энэ жилээс алтны салбарт  хууль эрхзүйн орчны хувьд өөр шатанд гарах алхмууд нь хийгдэж буй юм.

Фортуна сайдтай холбоотой саар мэдээлэл үүгээр зогсохгүй л дээ. Уг нь тэрбээр 2004 оноос хэрэгжүүлсэн 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийн автор нь.  Гэхдээ ипотекийн хууль батлагдаагүй байх үед санаачилсан эл төслийн хүрээнд баригдсан байрууд нь зорилтот бүлэгтээ хүрч чадаагүй. Борлуулалт болон чанарын асуудал дээр ч ихээхэн хэл ам дагуулсан. Ерөөс уг хөтөлбөрийг  бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулахын төлөө санаачиллаа, метр квадрат нь 280-350 мянган төгрөгийн үнэтэй 40 мянган ширхэг байранд 40 мянган бага дунд орлоготой өрхийг хамруулна хэмээгээд бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулахын тулд барилгын компаниудын  газрын болоод инженерийн шугам сүлжээний асууудлыг нь шийдвэрлэж, гаалийн татварыг нь тэглэж байсан ч, бага орлоготой иргэд байртай болж чадаагүй юм. Харин баячуудыг дахин байржуулсан хөтөлбөр болсон гэх шүүмж өнгөрсөн хугацаанд дагаж ирсэн билээ. Түүнчлэн Н.Батбаяр сайдын дэмжлэгийг авсан АН-ын нөхдүүдийн барилгын компаниуд нь 40 мянган айлыг сууцжуулах үүрэг авангуутаа метр квадратын үнийг хөөрөгдсөн. Тодруулбал,  2005 онд метр квадрат нь 350-400 ам.доллар байсан байрны үнийг  650-800 ам.доллар болгон нэмэгдүүлж, 2009 он гэхэд метр квадратын үнэ 850 ам.доллараас хэтрэн хальж, 1000 ам.доллар луу өгсөж эхэлсэн дүр зураг харагддаг. Хэдийгээр Н.Батбаяр эрхэм  монголчуудаа юм юмтай болгохын төлөө энэ хөтөлбөрийг санаачиллаа гэж ярьж байсан удаатай ч, тийм үр дүнд хүрсэн эсэхэд хэн хүнгүй дүн тавьж болохоор байна. Ер нь бол тэр хөтөлбөрийн хэрэгжилт нь 2011 онд 80 хувьтай явж байсан. Бусад 20 хувь нь цаашид байгуулагдах эсэх нь тодорхойгүй 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт шингэчихсэн үү гэдэг асуулт ч урган гарч л байв.

Энэ янзаар өгүүлээд байвал Н.Батбаяр сайдад гишгэх газар ч олдохгүй байж мэднэ. Засаг дахь сайд гэх сэтэртэнгүүдийн талаар үргэлжлүүлэн хүргэнэ.

М.Мөнхжин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин