Хар засаглал
2014/09/22

Монголын улстөрд сэлгээний журмаар ноёрхлоо тогтоож ирсэн хоёр намын нэр хүнд унаад чамгүй хугацаа өнгөрчээ. Тэгээд энэ боломжийг бусад гуравдагч хүчнүүд ашиглан өндийх гэж үзээд өдийг хүрсэн ч төдийлөн гавихгүй байгаа. Тэгсэн ч МАХН-ын Н.Энхбаярын тухайд эргэлтийн чанартай алхам хийчих санаатай яваа гэх. Нэгэн цагт Ерөнхийлөгч явсан тэрбээр хоёр хөлөө гозолзуулан байж баривчлагдаж явсны ард ямар ч  улстөр байхгүй гэсэн тайлбарыг тухайн үед АТГ-ын зүгээс өгч байсан ч, улстөрчдийн зүгээс үзэгдэж байгаа үйлдлүүд нь улстөр байгаа гэсэн хэвлэлийнхний харыг улам лавшруулж байсныг эргэн санахад илүүдэх юун. Ерөөс энэ мэт үйлдлүүд нь Монголын улстөр дэх нам хүчнүүдийн  ээлжилсэн засаглалын мөн чанар нь “хар” байгааг харуулсаар ирсэн юм. Ямартаа л эксийг баривчлан дуулиан дэгдээж байх үеэр МАН-ынхан бүлгийн хурал дээрээ мэнгэт сайдыгаа баахан загнасны сацуу МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлгээс “Хууль хяналтын байгууллагууд үйл ажиллагаа явуулахдаа бусдын өмч хөрөнгөд хууль бусаар халдаж болохгүй бөгөөд ийм зөрчил завхрал гаргасан албан тушаалтан хэнтэй ч болов хатуу хариуцлага тооцох ёстой” гэж дүгнэсэн нь АТГ-ын баривчлах ажиллагааны үеэр үзээгүй юмаа үзэж, үгээ барсан нэр бүхий дөрвөн гишүүнд  “өгөөш” болж байлаа. Тэд Д.Балдан-Очир, Ц.Батбаяр, Д.Загджав, Р.Раш,  Ц.Даваасүрэн нарын хэд хэдэн гишүүнтэй сэтгэл нийлэн, дээрх дүгнэлтэд үндэслэн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг албан тушаалаас нь огцруулах саналыг өргөн барьсан юм. Харин өмнө нь Үндсэн хуулийн цэцтэй чамгүй тулсны эцэст УИХ-ын даргын суудлаас бууж байсан  Ц.Нямдорж  тэсээд үлдэнэ гэж шүд зуусан. Ер нь бол монголын улстөрд хар, цагааны аль алинаар нь мөрөө гаргаж өнөөдрийг хүрсэн Н.Энхбаярын баривчилгаатай холбоотойгоор МАН-ынхан дотроо жийлцсэн.  Олигархижсан төрийг өөрчлөхийн төлөө хэмээн ярьж өөр бусадтай эвсэн сонгуульд хүч үзэхээр зэхэж байгаад баригдсан Н.Энхбаяр харин хорихоос илгээсэн захидалдаа МАН болоод АН-ын аль алиныг нь буруутгаж байв.

 Тэрбээр “...7-р сарын 1-ний хэргийг ил тод шүү гэхэд нууцалсан хэвээр, эхлээд сонгууль луйвардсан намуудын удирдлагуудтай хариуцлага тооцох ёстой гэхэд луйвраар төрийн өндөр албан тушаалд очсон эрхмүүд луйвар булхайгаа далдлан нуух гэж 3 хурандаа, 1 генералыг золиосолж асуудлыг хаах гэж зүтгэж байна, амь насаа алдсан 5 хүний хувьд тэднийг зөвхөн шоу болгон “бөмбөг” мэт “өшиглөж тоглож ” байна. Ар гэрийнхэнийг нь олигтойхон ч харж үзсэн юм байхгүй, бүгд тэднээс уулзахгүй цэрвэж, тойрч гүйгээд л байна...”  хэмээн тэр хэлсэн.  

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сонгон томилсон дарга нараар удирдуулсан АТГ-ын зүгээс хийсэн эл баривчилгаа  АН-д хожил дагуулж магадгүй нь гэсэн прогноз биеллээ олсон билээ. Цаашлаад ажиглагчийн өнцгөөс харахад нэг нь нэгийгээ унагахдаа нөгөөг нь ч давхар унагах гэсэн, эсвэл хамгийн хүчтэйг нь унагахын тулд түүний сул талаар тоглох гээд ч байгаа юм шиг дүр зураг харагдаж байлаа.   Мэдээж энд МАН, АН болоод МАХН тэргүүтэй намуудын нэгдэл гэсэн гол гурван хүчний талаар өгүүлж байна. Мөн улстөрд үүсээд байгаа нөхцөл байдалд шууд дүгнэлт хийх нь  яарсан хэрэг болохыг ч тодотгох байна.

Харин цаашлаад өгүүлэхэд монголын улстөрийн намуудад үзэл баримтлал,  чиг баримжаа гэж юм ер нь байна уу гэдэг асуултыг тавихаас өөр аргагүй. Хэдийгээр Улс төрийн нам гэдэг нь үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн бөгөөд засгийн эрхийг авах эцсийн зорилготой хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл, улс төрийн байгууллага хэмээн онолын үндсэн тодорхойлолт бий ч, тэдгээр намууд үзэл баримтлал,  чиг баримжаагаараа ялгарах ёстой. Нийгэмд, ард түмний амьдралд эерэг өөрчлөлтүүдийг авчрах ёстой юм. Ер нь бол Улс төрийн намуудын үзэл баримтлал, чиг баримжааг олон улсад ерөнхийд нь зүүний болон барууны гэж  ангилдаг.  Дэлхий нийтийн жишгийг харахад барууны чиг баримжаатай намууд нь баялаг бүтээгч хувийн хэвшлийг татварын бодлогоор дэмждэг, ерөөс бизнес дэх төрийн оролцоог хумих чиглэлд бодлогоо чиглүүлдэг бол,  зүүний чиг баримжаатай намууд нь нийгмийн баримжаатай бодлого түлхүү барьдаг, эрүүл мэнд, боловсролын салбарт ихээхэн анхаарал хандуулдаг зүй тогтолтой аж. Бүр энгийнээр хэлбэл, барууны чиг баримжаатай нам нь баялгийг бүтээхэд, зүүний чиг баримжаатай нам нь нийгэмд баялгийн ухаалаг хуваарилалтыг хийх ёстой гэж харж болно. Тэгэхээр манай нөхцөл байдалд хөрвүүлж харвал АН нь барууны чиг баримжаагаа дагаж, МАН нь зүүний чиг баримжаанаасаа гажих учиргүй.  Гэтэл өнөөдрийн төдийгүй, өнгөрсөн жилүүдийн тэдний замналыг харахад АН чиг баримжаанаасаа татгалзаж, зүүний хандлагатай МАН-д автсан. АН-ынхан МАН-тай өрсөн нийгмийн хавтгайрсан халамжийг балиашигласан нь үүний нэгэн илэрхийлэл. Хэдийгээр 1996 оны сонгуулиар гарч ирсэн АН эдийн засгийн шинэчлэлийн салхийг сэвэлзүүлж, баялаг бүтээгчдийг дэмжсэн бодлого барьж улстөрийн намынхаа чиг баримжаатай нийцсэн үйлдэл хийж байсан үзэгддэг ч, 2000 оны сонгуульд өвдөг шороодсоноор тэд даган баясагчийн дүрийг илүүтэй сонирхох болж. Мэдээж барууны чиг баримжаатай МҮАН,  зүүн төвийн баримжаатай МСДН гэхчлэн өөр өөр өнцгүүд нийлсэн нь  АН-ын  чиг баримжааг алдуулсан бизээ. Гол нь өнөөдөр бодит нөхцөл байдлыг харахад МАН, АН-ын алинд ч ялгараад байх юм үгүй. МАХН-ын тухайд ч  чиг баримжааг нь харвал эргэлзээтэй. МҮАН, БНН гэхчлэн баахан чиг баримжаануудтай нийлсэнээр саармагжаад төгсөх янзтай байна. Ингэж харвал өнөөгийн улстөрд үүсээд байгаа нөхцөл байдлын үнэн шалтгаан нь засаглалын төлөө улайрсан хэрээнүүдийн тэмцэл байхыг үгүйсгэх аргагүй.

Э.Болор

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин