ЕС-д эрхэлсэн зөвлөхүүд...
2014/09/19

Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг хэлсэн ярьсныхаа тэс эсрэг үйлдлийг хийж, өөрийнхөө Зөвлөхүүдэд 5-30 сая төгрөгийн урамшуулал  олгосон гэдгийг Засгийн газрын эх сурвалж гадагшлуулсан байдаг. Хууль, журам байсаар атал  түүнийг хийдүүлэн, гишгэлэх нь эрх мэдэлтнүүдийн дур зоргын асуудал болчихоод байгаа ийм үед засгийг тэргүүлж байгаа том даргын энэхүү үйлдэл нь чухам ямар учраас хуудуутай болчихоод байгаа вэ гэдгийг уудлан гаргаж ирэх нь хэвлэлийнхний үүрэг. Шударга бус үйлдэлтэй эвлэрэхгүй, сөрж зогсоно гээд байдаг шинэчлэлийн гэх тодотголтой энэ Засгийн газрын үнэн нүүр царайг харуулсан мэдээллүүд өнөөдрийг хүртэлх хугацаанд цөөнгүй гарч байгааг ч хэлэх нь зөв болов уу. Тэрдундаа тэргүүлэгч эрхмийнх нь хувь эрх ашигтай холбоотой баримт бүхий мэдээллүүд гарч байсан ч, түүнтэй хариуцлага тооцно гэдэг асуудал бүрхэг явж ирэв. Бодит байдал дээр төр түмний төлөөх гэх сэтгэл зүтгэл дутуу үзэгдэх Ерөнхий сайд маань ярихдаа бол даанч уран л даа. Ямартаа л төрийн мэдлийн Төрийн банкны ТУЗ-ийн гишүүд өөрсдийгөө сайн ажилласан гэж үнэлцгээн тус бүр  90 сая төгрөгийн урамшууллыг өөрсдөдөө олгочихсон байсныг хэвлэлийн хуудаснаас олж мэдсэн даруйдаа тэдний энэ үйлдэлд ихэд зэвүүцэн, төрийн албан хаагчийн ёс зүйгээ уландаа гишгэсэн ийм хүмүүсийг төрийн албанд дахин ажиллах эрхгүйгээр халж явуулах нь зөв гэж үзэж буйгаа илэрхийлж, улмаар ТУЗ-ийн гишүүн байсан  зургаан хүнийг  урамшуулал болгон авсан мөнгөө эргүүлэн төлж, эргэж ирэхгүйгээр төрийн албанаас явуулахыг заримынх нь ажиллаж байгаа яамных нь сайдад  анхааруулж байв.

Харамсалтай нь ийм анхааруулгыг өгөөд байсан Ерөнхий сайд өөрийнхөө долоон зөвлөхийг гуравхан сар ажиллаад байхад нь  их хэмжээний мөнгөөр урамшуулахдаа огтоос ичиж зовоогүй байдаг юм. Тэрбээр  өөрийнхөө Зөвлөхүүдэд 5-30 сая төгрөгийн урамшуулал  олгосон гэх мэдээллийг Засгийн газрын эх сурвалж өгдөг. Урамшуулал авсан Зөвлөхүүдийнх нь тэргүүн  эгнээнд нөгөөх хоригдоод байгаа Л.Гансүх бичигддэг. Тодруулбал,

-Ахлах зөвлөх Л.Гансүхдээ 14 сая төгрөг

-Зөвлөх Б.Ган-Очирт 30 сая төгрөг

-Зөвлөх Д.Батмөнхөд 15 сая төгрөг

-Зөвлөх  Э.Дөлгөөнд 5 сая төгрөг гэхчлэн  урамшуулал тус тус олгосон байдаг.

Эдгээр нэр бүхий зөвлөхүүд зөвлөхөөр ажиллаад гурван сар болж байхдаа буюу 2012 оны 12 дугаар сард, шинэ оны өмнөхөн урамшуулал авсан байдаг нь яах аргагүй анхаарал татдаг юм. Ерөнхий сайдаас урамшуулал хүртсэн БОАЖ-ын сайд асан Л.Гансүхийн хувьд  “Алтангадас” фракцийнханд үйлчилж, УИХ-ын гишүүн болсон гэх тодотголыг дагуулдаг. Оюутолгойн гэрээг байгуулахад онц чухал роль гүйцэтгэсэн гурван сайдын нэг тэрээр Ерөнхий сайдаасаа урамшуулал авах хувийн тохироотой байж болох ч, зөвлөхөөр ажилласныхаа төлөө бол шагнуулах цаг болоогүй л баймаар нэгэн.

Мөн  30 сая төгрөгийн урамшуулал авсан  зөвлөх Б.Ган-Очир ч бас анхаарал татаж байна. Улстөр дэх намтрыг нь харвал  АН-ын Монгол хүн хөтөлбөр дээр ажиллаж байсан аж. Түүнчлэн Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаад 3-хан сар болохдоо 40 сая төгрөгийн урамшуулал авсан нь, угтаа бол намынхаа хөтөлбөр дээр ажилласных нь шагналыг л Н.Алтанхуяг төсвөөс гаргаж өгч гэж харахад хүргэж байгаа юм. Тэрнээс Б.Ган-Очирын хувьд өмнө нь төрд ажиллаж байгаагүй нэгэн. Тэрээр Ерөнхий сайдтай хамт Бурхан Халдунд төөрсөн нөхдүүдийн нэг гэдгээрээ харин олонд илүү танигдсан байх магадлалтай. Учир нь төөрч, будилж ирснийхээ дараа адал явдлынхаа тухай бараг ном биччихмээр түүхийг хэд хэдэн сонинд ярьсныг нь санаж байна.

Зүй нь Засгийн газрын тэргүүний зөвлөхүүдийг шагнах тухай асуудал Төрийн албаны тухай хууль, журам болоод  Засгийн газрын шагналын тухай тогтоолын дагуу л шийдвэрлэгдэх ёстой. Тэр талаар өгүүлэхээсээ өмнө Ерөнхий сайдын зөвлөхүүдийн үүргийн талаар дуулгах нь зөв байх. Ерөнхий сайдын Ажлын албанд харьяалагдах Зөвлөхүүд нь Улс төрийн албан хаагч юм. “Ерөнхий сайдын зөвлөхүүд, ажлын алба нь үйл  ажиллагааны стратегийн аравдугаар зорилтын хүрээнд Ерөнхий сайдад бодлогын зөвлөлгөө өгөх, бүх талын үйлчилгээ, дэмжлэгээр хангах үндсэн үүрэг хүлээж, Ерөнхий сайдын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь чиглэсэн бүх талын бодлогын зөвлөлгөө өгч, шуурхай үйлчилгээ, дэмжлэгээр хангах үүрэг, чиг үүрэг хэрэгжүүлнэ. Ерөнхий сайдын зөвлөхүүд бодлогын зөвлөлгөө өгөхдөө хариуцсан асуудлаар онол, арга зүй, дотоод, гадаадын туршлага, судалгаа, шинжилгээ, дүгнэлтэд үндэслэнэ.” гэж эрхзүйн байдлыг нь тодорхойлсон байна.

Тэгэхээр ийм үүрэг хүлээдэг зөвлөхүүд ажлаа аваад дөнгөж гуравхан сар болчихоод, ядахдаа хагас жилийн ч нүүрийг үзээгүй байхдаа 5-30 сая төгрөгийн урамшуулал авсныг хууль журмын дагуух шударга үйлдэл гэдэгт Тоншуул би эргэлзэж байна. Миний эргэлзээ үндэслэл сайтай гэдэгт би эргэлзэхгүй байгаагаа хэлэх байна.

Уг нь Төрийн албан хаагчийг жилийн эцэст үр дүнгийн гэрээг нь үнэлээд урамшуулах эсэхийг шийддэг. Тэгвэл Ерөнхий сайдын зөвлөхүүдийн тухайд нэгдүгээрт, үр дүнгийн гэрээ дүгнүүлэх нь байтугай байгуулж ч амжаагүй байхдаа шагнуулсан.

Хоёрдугаарт, тэд дараа нь гэрээ байгуулсан байлаа ч, тэдгээр нь төрийн жинхэнэ албан хаагчид буюу гэрээ байгуулж, дүгнүүлдэг захиргааны албан хаагчид биш. Түрүүн өгүүлсэнчлэн зөвлөх бол улстөрийн албан хаагч шүү дээ.

Гуравдугаарт,  5-30 сая төгрөгөөр урамшуулна гэсэн хууль,  журам одоогоор хаана ч байхгүй. Одоо үйлчилж буй хууль тогтоомжоор ажилтныг дотоод журмандаа заасан болон Засгийн газрын тогтоол, Төрийн албаны зөвлөлийн журмын дагуу шагнах асуудлыг шийддэг. Байгууллага бүрийн хувьд онцлогтой ч, төрийн байгууллагын хувьд дунджаар 1-3 сарын цалинтай нь дүйцэхүйц мөнгөн шагнал бол их талдаа  ордог. Ихэнх байгууллага дунджаар 1 сарын цалингийн 40-50 хувиар л ажилтнаа жилд нэг удаа шагнаж чаддаг. Гэтэл 3 сар болоод  30 сая төгрөг авна гэдэг бол 13 саяын цалингаас гадна "шагнал" авч байна гэсэн үг юм.

Засгийн газрын шагналын тухай  тогтоолын гол агуулга бол  төрийн байгууллага жилд нэг удаа 10 хүртэл албан хаагчийг 100 мянга хүртэл төгрөгөөр шагнана гэж заасан байдаг аж. Хэдийгээр одоо энэ тогтоолыг мэддэг хүн цөөхөн ч, тогтоол бол тогтоол гэдгийг би Ерөнхий сайдад сануулж хэлмээр байна.

Бас энэ дашрамд Ерөнхий сайдад болон нийт уншигчдадаа зориулан Төрийн албаны тухай хуульд Төрийн албан хаагчийн шагнал, урамшууллын тухай хэрхэн заасан байдгийг ишлэн хүргэх нь зөв болов уу. Тус хуулийн 31.1. Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ үр дүнтэй биелүүлж өндөр амжилт гаргасан гавьяа зүтгэлийг нь үнэлж төрийн байгууллагын захиргаа түүнийг дараахь байдлаар шагнаж, урамшуулна:

31.1.1. мөнгөн шагнал олгох;

31.1.2. эд зүйл болон үнэ бүхий зүйл дурсгах;

31.1.З. Засгийн газар ба төрийн дээд байгууллагаас шагнуулахаар тодорхойлох.

31.2. Төрийн албан хаагчид энэ зүйлийн 31.1.1-д зааснаас гадна улирлын ажлын үр дүнгээр болон онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлсний төлөө мөнгөн урамшил олгоно.

31.З. Төрийн албан хаагчийг энэ зүйлийн 31.1.1, 31.1.2-т заасан шагналаар шагнах болон мөн зүйлийн 31.2-т заасан мөнгөн урамшил олгох журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар, энэ зүйлийн 31.1.З-т зааснаар шагналд тодорхойлох журмыг хуулиар тус тус тогтооно.

31.4. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй төрийн захиргааны албан хаагчид түүний зөвшөөрснөөр 1.5 сарын албан тушаалын цалинтай тэнцэх мөнгөн урамшил олгож болно гэхчлэн заасан байдаг.  Төрийн албан хаагчдыг урамшуулах тогтолцоо ийм байдаг бол Төрийн үйлчилгээний албан хаагчдад ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгохдоо МУ-ын засгийн газрын 2005 оны 110 дугаар тогтоолыг мөрдөж олгодог байна.  Тэр тогтоолыг мөрдлөг болгосны үндсэн дээр Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн белүүлж байгаа хүмүүсийг хамт олны хурлын шийдвэрийг үндэслэн 1 сарын болон сарын үндсэн цалингийн 25 хувьтай тэнцэх урамшууллыг олгоно гэсэн дотоод журамтай ч байгууллага бий.

Уг нь Монгол Улсад одоо мөрдөгдөж байгаа ямарч, хууль тогтоомжийг авч үзэхэд 3 сар ажилласан зөвлөхүүд 5-30 сая төгрөгийн урамшуулал авсан нь хууль, журам зөрчсөн асуудал юм.  Тийм байтал эрхэм Ерөнхий сайд огт гэмгүй дүр төрхтэйгээр засгийг залуурдаад сууж харагдана. Бас урамшуулал хүртсэн ичих нүүргүй зөвлөхүүд нь түүнтэй хамтдаа төр түмний төлөө зүтгэж байгаа дүр эсгэж үзэгдэнэ.  

М.Мөнхжин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • Мөнхжин
    өөрөө авч чадаагүй гуйлгачин царайлаад байгаадаа гомдоод байгаанмуу хахаха мөнхжөөөн
    2014 оны 09 сарын 19 | Хариулах
Сонин хачин