МИАТ-аар өлсөгсөд!
2014/09/18

Нэг хэсэг чимээгүй байсан нэр бүхий эдийн засагчид ч улстөрчидтэй зэрэгцэн МИАТ-ийг хувьчлахгүй л бол болохгүй байна гэх үсгийг түлхүү шигтгэсэн нийтлэл сэлтийг бичих болсон нь цаанаа учиргүй байна гэж үгүй. Ер нь бол төрийг үзэн ядах, төрийн оролцоо гэдэг ойлголтыг хавтгайруулан үгүйсгэх хандлага сүүлийн үед бүр хүчтэй ажиглагдаж байна. Мэдээж төр нь түмэндээ үйлчлэх үүрэгтэйн хувьд “ухаажих” шаардлага байгааг үгүйсгэх гэсэнгүй. Гэхдээ төрийн оролцоотой бүхэн үл бүтэх тийшээгээ замнаж байна гэсэн мессэжийг төрийн эрхэнд байгаа хэсэг бүлэг улстөрчдийн зүгээс нийгэм рүү шидэлж байгаа нь анхаарал татах асуудал юм. Нийтлэлч гэх тодотголтой зарим хүн бүр “Хүннү Эйр”-ийн талд илт PR хийж ч байна. Бас үүнтэй зэрэгцэн МИАТ-ийн 49 хүртэлх хувьцааг гадныхан авах бололцоог цаагуураа хангасан шийдвэрийг засаг дахь нөхдүүд гаргасан талаар ч мэдээлэл бий.

Тэгвэл хамгийн сүүлийн байдлаар УИХ дахь бие даагч гишүүд эвсэн МИАТ-ийг хувьчилж авах гэж байгаа гэх мэдээлэл улстөрийн хүрээнээс гадагшлах болов. Тэгэхээр  төр нь хэсэг нөхдийн лоббигоор суурь хийгээд өмчүүдээ,  өөрийн мэдлийн компаниудаа, онцгой салбаруудаа  дотоод, гадаадын хувийн хэвшлийнхэнд олон таван үггүй өгчихөөд, яавал ч яаг гээд орхиж болохгүй гэдэг үүднээс хувьчлалтай холбоотой мэдээллүүдэд анхаарах ёстой юм.

МИАТ ба Харь эрх ашиг

МИАТ-ийн хувьцааг хөрөнгийн зах дээр, тэрдундаа дотоодын бус Хонконгийн хөрөнгийн бирж дээр гаргана гэх мэдээлэлтэй зэрэгцэн хувьчлалын асуудлыг нь улстөрийн хүрээнд дахин чангаар ярьсан билээ.  Ерөнхийдөө бол Женко, Мак, Бодь гэхчлэн томоохон группүүдээрээ түшиц хийсэн хэд хэдэн улстөрчдийн бүлэглэл МИАТ-ийг хуваан залгих гэж байгаа талаар хэдэн жилийн өмнөөс яригдаж ирсэн. Үүнийг нь ч бататгах баримт бүхий мэдээллүүд бий. Тэдгээрийг өгүүлэхээс өмнө МИАТ-ийн хувьчлалд болгоомжтой хандах ямар шаардлага байгаа талаар өгүүлэх нь зөв биз.

ТӨХ-ны байр суурийг харахад  төрийн өмчит компанийн алдагдлыг төр дандаа үүрч явж болохгүй гэдэг гол үндэслэлээр түрий барин хувьчлалын шинэ давалгааг эхлүүлэхээр зэхэж буй харагдаад байгаа. Тус хорооны дарга Д.Цогтбаатар хэвлэлд энэ талаар байр сууриа илэрхийлснээс үзэхэд  цаашдаа төрийн өмчийг үе шаттайгаар олон нийтэд хувьцаа гаргах замаар хувьчилах бөгөөд төр заавал 51 хувиа ч эзэмших албагүй. Шаардлагатай бол 15 хувийн алтан хувьцаагаар ч бас хяналт тавьж болно. Төрийн өмчийн хороо энэ чиглэлд ажиллана гэсэн байгаа юм. Тэгэхээр байгаа бүхнээ алдагдалтай байна, авч явж чадахгүй байна гэж ад үзээд, авч явж чадах хувийн хэвшлийнхэнд өгье гээд байгаа ТӨХ энэ янзаараа бол хувьчлалын шинэ давалгаанаас ухрахгүй нь харагдаад байна. Тэгвэл “Агаарын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын дагуу “Үндэсний агаарын тээвэрлэгч” статустай болсон “МИАТ” компанийн удирдлагуудын мэдэгдээд байгаагаас үзэхэд ирэх жилүүдэд 60 сая ам.доллараас буухгүй хэмжээний ашигтай ажиллах суурь нь тавигдаад байгаа гэх. Ерөнхийдөө мөнхийн алдагдалтай байдал нь халагдаж эхлээд байна гэсэн үг. Энэ нь нөгөө Ц.Оюунгэрэл сайдын хэлээд байсанчлан Монгол Улсын аюулгүй байдал, тээврийн манааны тэргүүн эгнээнд явж байдаг МИАТ-д заавал хувьчлал явуулалгүйгээр, биеийг нь даалгаад явах бүрэн бололцоо байгааг илтгэж байж болох. Ийм маягаар ашигтай ажиллаж болоод байвал МИАТ-ийг хуваан эзэмшүүлэх шаардлага хэн хэнд байна вэ гэдэг асуулт мэдээж гарна. Ид алдагдалтай ажиллаад улсын нуруун дээр жинхэнэ тээг болоод байхад нь хувьчлаагүй хэрнээ, ашигтай ажиллаад эхлэнгүүт нь хувьчлах асуудлыг дахин гаргаж ирж байгаа нь ч анхаарал татаж буй.

Түүнчлэн өнгөрөгч арванхоёрдугаар сард Засгийн газрын хуралдаанаар тус компанийн удирдлагын асуудлыг хэлэлцээд гүйцэтгэх удирдлагыг менежментийн гэрээний үндсэн дээр олон улсын нэр хүнд бүхий, ашиг сонирхлын зөрчилгүй гадаадын агаарын тээвэрлэгч компанийн мэргэшсэн багаар гүйцэтгүүлэх шийдвэрийг гаргаад байгаа. Улстөрчдийн үзэж буйгаар энэ нь "МИАТ" ХК-ийн санхүү, эдийн засгийн үр ашийг дээшлүүлэх, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, нислэгийн аюулгүй байдлыг хангах, үндэсний боловсон хүчнийг дагалдуулан бэлтгэх зорилготой гэсэн. Тэгвэл нөгөө талаас энэ нь МИАТ-ийн хувьцааг дотоодын бус гадаадын бирж дээр гарган нээлттэй арилжаалах суурь нөхцлөө хангахад чиглэсэн шийдвэрүүдийнх нь нэг байж болох гээд байна. Цаашлаад МИАТ-ийн хувьцаа Хонконгийн бирж дээр гарлаа гэхэд Монголчууд авч дийлэх үү. Хэрэв гадны Засгийн газрууд халхавч компаниудаа оруулаад тэдгээр хувьцааг авчихвал яах вэ? Ер нь тэр тал дээр манай нөхдүүд юу бодож байна вэ. Гадны бирж дээр хэчнээн хувийн хувьцааг гаргах гээд төлөвлөөд байна вэ? гэхчлэн асуудлууд бий.

Улстөрийн дэмжлэгтэй хувийн авиа компаниуд ч хуруу нэмэх хүсэлтэй

Өдгөө МИАТ-ийг хувьчлан авахаар хуруу гараа хөдөлгөн суугаа  Ц.Даваасүрэн гишүүн тэрхүү ашиг сонирхлоо цухалзуулсан зүйлийг өмнө нь ярьж л байж. Тэрбээр   “Манайх далайд гарцгүй орон учраас муу, сайн ч иргэний агаарын тээврийн өөрсдийн компанитай байх хэрэгтэй. Хүний юм бол хүнийх л байдаг. Тиймээс МИАТ-ийн хувьчлалын асуудал дээр сайтар ярилцах ёстой” гэж байсан. Мөн тэрбээр дөрвөн онгоц нэмж авахаар болж байгааг дэмжиж буйгаа, яваандаа ачаа тээврийн онгоцоо нэмэх хэрэгтэйг, гадныханд хэрхэвч хувьчилж болохгүй, дотоодынхоо менежмэнтээ сайжруулаад явах ёстой” гэж үзэж байгаагаа хэлж байсан. Харин С.Одонтуяа гишүүн  өмнө нь манай улсад явагдаж байсан хувьчлалууд бараг бүгд үр дүнгүй болж, одоо эргээд төр нь буцаан авах талаар ярилцаж байгааг, түүнчлэн дэлхийн бусад орнууд ч агаарын тээврийн үндэсний компаниа төрийн мэдэлд авахыг эрмэлзэж байхад манайх хувьчлах талаар ярих нь буруу  хэмээн хэлж байсан юм.

Тэгвэл УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос гарч байсан саналыг харахад  МИАТ ХК-ийн 49 хувийг одоо үйл ажиллагаа явуулж буй хувийн агаарын тээвэрлэгчдэд хувьчлах шийдвэр гаргах тухай байсан. Харин үүнийг нь Монголын агаарын тээврийн нисгэгчдийн холбоо, Агаарын тээврийн инженер техникийн ажилтнуудын холбоо хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь тэд1993 оноос хойш төрөөс нэг ч төгрөгийн мөнгөн дэмжлэг авалгүй агаарын тээврийн салбарын хөгжлийг өөрсдийн хүч хөдөлмөр, ур чадвар, мэдлэг мэргэжлээрээ үүрч ирсэн МИАТ-ийн хамт олонд компанийн 15-аас доошгүй хувийг ажилласан жилээс нь хамааруулан үнэгүй хувьчлах, мөн 34-өөс дээшгүй хувийг тус компанид хөрөнгө оруулах боломжтой бөгөөд МИАТ компанитай зах зээлийн өрсөлдөөнд шууд ордоггүй гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад худалдах буюу Монголын хөрөнгийн биржээр дамжуулан иргэд, хуулийн этгээдүүдэд нээлттэй худалдах замаар хувьчлахыг баталгаажуулж өгөх тухай саналыг гаргаж байсан юм.

Ерөнхийдөө эндээс харахад Монгол Улсын агаарын тээвэр дэх чөдрийн ганц морь гэгдэж олон жил зүтгэж яваа МИАТ-ийг хуваах сонирхол тун олон талд бий. Ямартаа л одоогийн Үйлдвэр хөдөө, аж ахуйн сайд Х.Баттулга хуучнаар ЗТБХБЯ-ыг удирдаж байхдаа МИАТ болон “Чингис хаан” олон улсын буудлыг хувьчлах асуудлыг судалж, охин компаниудаа оруулахаар зэхэж байгаа талаар нь эх сурвалжуудаас мэдээлэл гадагшилж л байсан. Тэр үед МИАТ-ийн хувьчлалын салхийг хүлээн догдолж суусан нөхдүүд “Mongolian Airlines” гэх  нэрийг нь дээрэмдэн нэг компани байгуулсан нь, өдгөө “Хүннү Эйр” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Тэгэхээр далайд гарцгүй Монгол орны хувьд дэлхийд гарах гол үүд болж, иргэний агаарын тээврийн салбарын ачааны хүндийг нуруун дээрээ үүрч ирсэн,  үндэсний агаарын тээвэрлэгч компанийг хуваан идэх сонирхол тун олон талд байгаа нь  энд өгүүлсэн зүйлсээс эрхэм танд тодорхой харагдаж байгаа болов уу.

Болор

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин