Хууль зүйн сайд Х.Тэмүүжин 2008 оны долдугаар сарын 1-ний гэх хэрэгтэй холбоотой цагдаагийн тэмдэглэл, галт сумны хонгио зэрэг баримтыг олон нийтэд дэлгэсэн нь яах аргагүй дуулиан дэгдээсэн явдал байв. Гэхдээ тэр Хүний эрхийн дэд хорооны даргын статустайн хувьд ийм баримтууд ирсэн бол илчлэх учиртай билээ. Тэрчлэн түүнийг мэдээлэл хийсэнтэй зэрэгцээд 2008 оны долдугаар сараас хойш гурван жил өнгөрчихөөд байхад Нээлттэй хэлэлцүүлэг нэг удаа зохион байгуулснаас өөр юу ч хийгээгүй байж, сонгууль хаяанд тулсан үед баримт сэлт гаргаж ирэн шоудлаа гэх хандлага ч талуудаас гарч байсан юм. Харин тэрбээр үүнд байр сууриа илэрхийлэхдээ Хүний эрхийн дэд хорооноос долдугаар сарын 1-ний хэрэгтэй холбоотойгоор төр нь ард түмнээсээ уучлал гуйх тухай болон цагдаагийн байгууллагын зохион байгуулалт, удирдлага, ажлын арга барилыг шинэчлэх, Эрх зүйн орчныг нь сайжруулах, Шүүх, хуулийн байгууллагыг хариуцлагажуулах зэрэг олон асуудлыг тусгасан Хүний эрхийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг бэлтгээд УИХ-аар хэлэлцүүлэхийн тулд нэг жил зургаан сар хөөцөлдөж байж Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулсан.... Гэсэн ч энэ хоёр жилийн хугацаанд эсэргүүцэж, үйл явцыг гацааж байсан хүмүүс өнөөдөр анх сонсож байгаа юм шиг хуурмаг царай гаргаж, гэнэт юу ороод ирэв, юу болчихов гэхийг ч харж байна...” хэмээн хэлж байгаа юм. Мөн өнгөрсөн хугацаанд асуудлыг хэлэлцүүлэхээр олон удаагийн оролдлого хийсэн ч, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл дээр ороод хуваариас нь хасагдчихдаг байсан гэж байна. Тэрдундаа Хууль зүй дотоод хэргийн сайд байсан Ц.Мөнх-Оргил эрхэм тухайн үед “хэрвээ цагдаа иргэд рүү буудсан бол би толгойгоороо хариуцъя” гэж хэлж байсан, тэр үйл явдлын гол хариуцлага хүлээх сонирхлын зөрчилтэй хүн нь энэ тогтоолын төслийг олон сараар хойшлуулах санал хүртэл гаргаж байлаа” хэмээн мэдэгдсэн юм. Ямартай ч, тухайн үед онц байдал зарлахад хуулийн дагуу онц байдлын штаб байгуулагдсан бөгөөд штабыг удирдаж байсан эрхэм нь Ц.Мөнх-Оргил. Тэгэхээр Х.Тэмүүжиний хэлж байгаачлан хариуцлагын асуудал яригдах субьектүүдийн нэг Ц.Мөнх-Оргил нь төр ард түмнээсээ уучлал гуйхад саад болж байгаа хүн болж таарч байна.
М.Мөнхжин
Сэтгэгдэл (1)