
Нийслэлийн МАН-ын бүсийн “Хамтдаа шийдье” зөвлөгөөнийг УИХ-ын гишүүн, МАН-ын Улаанбаатар бүс хариуцсан нарийн бичгийн дарга Д.Сумъяабазарын санаачлагаар есдүгээр сарын 15, 16-ний өдөр ОУ-ын Найрамдал төвд болж өнгөрлөө.
Зөвлөгөөнд УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн, МАН-ын Улаанбаатар бүс хариуцсан нарийн бичгийн дарга Д.Сумъяабазар, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн хурлын дарга Х.Нямбаатар нарын намын удирдлагууд болон нийслэлийн есөн дүүргийн 450 гаруй төлөөлөгч нар оролцсон.

Зөвлөгөөний эхэнд УИХ-ын гишүүн МАН-ын Улаанбаатар бүс хариуцсан нарийн бичгийн дарга Д.Сумъяабазар “Бидний шийдэл-Шинэ хот” илтгэлдээ нийслэл хотын агаарын бохирдол, замын түгжрэл, хөрсний доройтлоос эхлээд эрүүл байж, сурч боловсрох, хотын төвлөрлийг сааруулж иргэдийн амьдрах орчинг сайжруулах, хотыг гадагш тэлж шинэ хотуудыг бий болгох зэрэг чухал саналуудыг дэвшүүлсэн.
Мөн салбар хуралдаанд МУИС-ын багш дэд профессор Г.Гантулга "Шинэ хотын хөгжил-Шийдэл", эдийн засагч Т.Цогтбаяр "Эдийн засгийн хөгжил-Хөрөнгө оруулалт" Ардын жүжигчин, төрийн шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров "Нийгмийн хөгжил-Хотын соёл, уламжлал, шинэчлэл" гэх сэдвийн дор илтгэл тавилаа.

Дээр дурьдсанчлан Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх гэж олон арван ажиллагаануудыг хотын удирдлагууд хийдэг ч, тэр нь нээх их үр дүнгээ өгөхгүй байгаа учраас шинэ хотын шийдлийг санал болгож байна.
Үндсэн хууль болон бусад холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах замаар нийслэлийг шилжүүлэх, шинэ нийслэлд төрийн байгууллагын томоохон төвлөрлийг бий болгох ёстой гэж үзэж байлаа. Тэдний хийсэн тооцооллоор шинэ хот төлөвлөснөөр 200.000 иргэн эхний ээлжинд Улаанбаатар хотоын ачааллаас шууд чөлөөлөгдөхөөр байгаа гэнэ лээ. Мэдээж хэрэг нийслэл хаана байгуулахыг эрдэмтдийн нарийн судалгаа, ТЭЗҮ дээр үндэслэх ч асуудал дэвшүүлж байгаагийн хувьд Төв аймгийн Лүн, Зуун мод болон Өвөрхангай аймгийн Хархорины аль нэгд шинэ нийслэлийн суурийг тавих боломж байгааг хэлсэн юм.
Энэхүү зөвлөгөөнөөс гарсан шийдлүүд нь ирэх сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс тусгалаа олж улам боловсронгүй болж баяжих нь. МАН-ын гол зорилго нь зөв шийдэл гаргаж 2016 оны сонгуулиар ялалт байгуулах аж.


















Сэтгэгдэл (2)