Дархлагдсан хүн
2014/09/09

Саарал ордон дахь сандал суудал үнэтэй. Улстөрийн тогоонд харилцан адилгүй хугацаанд чанагдсан болоод чанагдах гэсэн нөхдүүд тэдгээр суудлуудын төлөө үхэхээс наагуур юм болж тэмцэлддэг. Тэгээд хүрч чадсаны олонх нь хууль бус үйлдлүүдтэй нэр холбогддог. Хугацаа нь болохоор буудаг, хариуцлага хүлээдэггүй. Олонх нь эргээд л хүрээд ирдэг.

Тэгвэл яг энэ жишгээр улстөрд харьяалагдаж ирсэн нөхдүүдийн нэг бол Р.Содхүү юм. УИХ-ын экс  гишүүн тэрбээр  саяхныг хүртэл төрийн өндөр “сандал”-уудад сууж ирсэн. Харин нам нь өвдөг шороодсоноор эрч хүч нь саараад байгаа.

Гэхдээ тэглээ гээд түүний хууль зөрчсөн үйлдлүүд цагаатгагдахгүй болов уу. Ямартай ч түүний талаар тухайлан өгүүлэхээс өмнө Анодын хэрэгтэй холбоотой товч мэдээлэл өгье.

1200 гаруй жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашигт харшилсан Анод банкны хэрэг найман оноос эхлэн хууль хяналтын байгууллагаар шалгагдсаны эцэст нэр бүхий 6 эдийн засагч ял сонссон билээ.  Тэд давж заалдаад ч тусыг эс олсон.

Ер нь бол  хэдэн эдийн засагчид хариуцлага хүлээснээр энэ хэрэг төгсөх учиргүй, нэр бүхий эрхмүүд татагдах ёстой талаар анхнаасаа л яригдсан. Монголын хөрөнгийн бирж, Монгол банк, Санхүүгийн Зохицуулах Хорооны нэр бүхий эрхмүүд ч хамаатай гэдэг талаар яригдаж ирсэн юм.

Тухайлбал, Монголын Хөрөнгийн Биржийн Захирал асан Р.Содхүү, Санхүүгийн Зохицуулах Хорооны Д.Баярсайхан гэхчлэн арав гаруй хүнийг энэ хэрэгт холбогдуулан шалгаж байсан гэх мэдээлэл гарч байсан ч, замын дундаас тэд сугарчихсан гэхэд болно.

Тэгэхээр мянга гаруй хүнийг хохирсон хэрэгт оролцчихоод, хариуцлагаас зугтаад байгаа хүмүүсийн тухай өгүүлэх нь  зохистой явдал болов уу гэж найдна. Анод банкийг  хуурамч хувьцаа гарган, ард иргэдийг мэхлэх үйл ажиллагаанд оролцсон хүмүүсийн нэг бол тухайн үеийн Монголын хөрөнгийн биржийн дарга Р.Содхүү гэдгийг баримт гэрчилнэ. Учир нь Анод банк дампуурахаас 6 сарын өмнө БНСУ-аас манай улсад суугаа ЭСЯ-наас Монголын хөрөнгийн биржийн дарга Р.Содхүүд хаягласан албан тоот ирсэн байдаг юм. Тус албан бичигт:

БНСУ-ын Элчин сайдын яамнаас 2008 оны тавдугаар сарын 19-нд ММ6 149/2008 тоотоор Монголын хөрөнгийн биржийн дарга Р.Содхүү танаа: Монголын Анод банкны IPO болон Капитал increase-ийн талаархи БНСУ-ын "Шенань банк"-ны байр суурийг уламжилъя.

2008 оны тавдугаар сарын 19-23-ны хооронд явагдах Анод банкны IPO болон Капитал increase-ийн тендерийг хариуцаж буй "Си Си Пи" компани нь өнгөрөгч тавдугаар сарын эхээр БНСУ-ын "Шенань банк" болон өөрийн түншээрээ дамжуулан 4900000 ширхэг хувьцааг худалдан авна гэсэн мэдээлэл өгсөн нь ор үндэсгүй худал зүйл бөгөөд тус банк, түүний түнш тендерт оролцох бодолгүй гэдгээ манай ЭСЯ-нд албан ёсоор мэдэгдсэн.

Иймээс дээрх компанийн мэдээлэлд итгэсэн IPO болон paid-ийн капитал increase-ийн тендерт оролцох гэж байгаа хөрөнгө оруулагчдыг болзошгүй хохирлоос сэргийлэхийн тулд холбогдох Үнэт цаасны компаниудад үнэн бодит мэдээллийг зарлан залруулахыг хүсьө." Хувийг Монгол Банк, Сангийн яаманд хэмээн бичсэн байдаг.

Энэ нь БНСУ-ын "Шенань Банк" Анод банкны хувьцааг худалдан авах боломжгүй гэдгээ тодорхой илэрхийлсэн гэсэн үг. Тиймээс ийм мэдэгдлийг хүлээн авсан тухайн үеийн Монголын хөрөнгийн биржийн удирдлага Р.Содхүү Анодын хувьцаа гаргах үйл ажиллагааг зогсоох ёстой байсан нь ойлгогддог. Гэсэн ч тэр тэгээгүй. Харин ч бүр Анод банкийг Хувьцаат компани болгож, хувьцааг нь гаргаж, иргэдийг залилах үйл ажиллагааг шийдвэр талаас нь дэмжихэд  Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхантай хамтарчихсан байгаа юм.

Ер нь Р.Содхүүгийн хувьд зөвхөн Анодын дампууралтай холбогдоод зогсохгүй. Түүнийг  “Зоос” банкны хувьцааг МАН-ын томчуудад бэлэглэх журмаар өгч байсан талаар ч эх сурвалжууд өгүүлдэг. Уг нь дампуурсан банкуудын асуудалтай холбоотойгоор түүнийг хууль хяналтын байгууллагаар сайтар шалгуулах хүсэлтүүд удаа дараа гарч ирсэн ч, Р.Содхүү азаар ч юм уу, юугаар ч юм сугарч үлдчихээд байдаг. Монголын хөрөнгийн биржид удирдлагадаа ажиллуулж байсан хүмүүсээ МХЕГ-ын даргаар ирэхдээ дагуулж авчраад бас багагүй дуулиан дэгдээж байсан түүнийг хууль хяналтынхан шалгаж дийлдэг бол багагүй юм гарах болов уу. Харамсалтай нь тэр дархлагдсан амьтан шиг л байх юм.

Э.Болор

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин