
Өмнөд хөршийн тэргүүний айлчлалын мөр балраагүй байхад, хойд хөршийн тэргүүн манайд айлчлаад буцлаа. Шил шилээ дарсан айлчлалыг манайхан байдгаараа цэмцийж цэмбийж, ямартай ч алдаа мадаг гаргаж хөглөлгүй өнгөрүүллээ.
Айлчлалын гол зорилго мэдээж хоёр хөрштэй харилцан хамаарал бүхий олон баримт, санамж бичгүүдэд гарын үсэг зурах байв.

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины айлчлалын үеэр 15 баримт бичигт хоёр талын албаны хүмүүс гарын үсэг зуржээ. Үүнээс: Иргэдийн харилцан зорчих нөхцөлийн тухай, МУ-ын хууль зүйн яам, ОХУ-ын хууль зүйн яам хоорондын хамтын ажиллагааны тухай, МУ-ын барилга хот байгуулалтын яам, ОХУ-ын барилга, орон сууц-нийтийн аж ахуйн яам хоорондын ойлголцол, Иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах тухай, МУ-ын Зам тээврийн яам болон ОХУ-ын “Оросын төмөр зам” НХН хоорондын Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн хэлэлцээр зэрэг гэрээнд тусгагджээ.

Мөн Монгол-Оросын эдийн засгийн харилцааг хөгжүүлэх МУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам болон ОХУ-ын эдийн засгийн хөгжлийн яам хооронд хамтран ажиллах тухай, МУ-ын иргэдийг газрын тосны “Роснефть” НХН-ийн түнш дээд сургуульд суралцахыг дэмжих тухай, МУ-д цэрэг –техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай, МУ-ын Сангийн яам болон Холбооны төрийн сан хоорондын техникийн хамтын ажиллагааны тухай, “МИАТ” ХК болон “Аэрофлот” компани хоорондын хамтран ажиллах тухай зэрэг санамж бичгүүд багтсан байна.
Харин БНХАУ-ын ерөнхийлөгч Си Зиньпин айлчлалынхаа үеэр эдийн засгийн салбарт хамтын ажиллагаагаа сэргээх, манай томоохон төслүүдэд оролцох явдал байсан гэв. Энэ хүрээнд аж ахуйн нэгж, яамд хооронд нийт 20 гаруй гэрээ, хэлэлцээрийг үзэглэсэн байна.
Үүнээс Манай улс далайд гарцгүй орны хувьд урд хөршөөрөө дамжуулан гуравдагч орнуудад бараа, бүтээгдэхүүнээ борлуулах явдал байлаа.
Айлчлалын хүрээнд Монгол Улс БНХАУ-ын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг Зам, тээврийн сайд А.Гансүх, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар үзэглэснээр бид тус улсын найман ч боомтыг ашиглах боломж бүрдэж байгаа аж.Олон жилийн турш маргасан төмөр замын царигтай холбоотой асуудлыг ч бас энэ хүрээнд шийдлээ гэж ойлгож болно гэлээ.

Мөн хоёр тал үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн хэмжээг 15 тэрбум юанийн хэмжээнд нэмэгдүүлэхээр болсон хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулахыг Хятадын тал нааштай шийдэхээр болжээ.

Айлчлалын үеэр “Талууд бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, харилцан үл довтлох, хүч үл хэрэглэх буюу хүчээр сүрдүүлэхгүй байх, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх, энхтайвнаар зэрэгцэн орших, тус тусын сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэнэ” гэдгийг хаа хаанаа онцолж байлаа.
П.Урнаа
Сэтгэгдэл байхгүй байна