В.Путинтай маргааш
2014/09/02

Си Зиньпинийг үдэж явуулсан бид В.Путиныг угтан авахад бэлэн болжээ. Тэр маргааш манайд ирнэ. Өнгөрсөн саруудад хоёр хөрштэй стратегийн чанартай олон асуудлаар хэлэлцээ хийнэ гэсэн мессеж нийгэмд хүчтэй тархсан. Үнэхээр ч олон жилийн туршид шийдэл хүлээсэн асуудлаа гарцаа олж байгаагийн зэрэгцээ, бондын өр дороос угтах жилүүдэд өндийж дийлэх эсэх нь эргэлзээтэй байгаа бид дахиад л өр тавьсан тохиролцоог өмнөд хөршийн тэргүүнтэй хийсэн. Тэгвэл хойд хөршийн удирдагчтай бид ямар байдлаар хэрхэн тохироо хийх вэ гэдэг асуудал одоо анхаарлын төвд байна. Тэгэхдээ бид тэднээс зээл авахгүй гэдгийг түрүүлээд тодотгочихмоор байна. Харин шатахууны импортын төлбөрийг гадаад худалдааны санжүүжилтийн бусад механизмаар солих санал болоод рублийн своп хэлэлцээр хийх саналыг  манай  талаас ноён  В. Путинд тавихаар хүлээж байгаа гэсэн мэдээлэл байгаа юм.

Тэгэхээр бид түүнээс энэ мэт зүйлсийг гуйвал тэр биднээс эргүүлээд юуг хүснэ вэ. Ер нь  бол Кремль бидэнтэй Тавантолгой, уран, төмөр замын дэд бүтэц, шатахууны жижиглэнгийн зах зээл бас дээрээс нь нэмэгдээд боловсруулах үйлдвэрт хувь эзэмших гэхчлэн хэд хэдэн ашиг сонирхлын асуудал дээр тохиролцохыг зорьж ирсэн байдаг. Тэгвэл энэ удаад эдгээрээс  шинэ төмөр замын төслүүдийн 50 хувьд оролцохоос гадна  Мардайн ураны орд газарт мөн 50 хувийн хамтарсан компани байгуулах тухай аман хэлэлцээрээ ажил хэрэг болгохыг чухалчилна гэх мэдээлэл байна.

Харин талууд тохиролцоонд хүрэх эсэх нь нэг их удахгүй тодорхой болох нь. Лав л хойд хөрш манайд нийлүүлдэг шатахууны үнийг эргэн харахаа амласан ч, өөрсдөд нь ашиггүй зүйлийг хэзээ ч сонирхохгүй гэдгээ манай салбарын яамны нөхдүүдэд тодорхой хэлсэн удаатайг эргэн санахад илүүдэхгүй. Уул уурхайн Дэд сайд О.Эрдэнэбулган нарын эрхмүүд ОХУ-ын Эрчим хүчний яам, Гадаад хэргийн яам,  Роснефть компанийн төлөөллүүдтэй уулзахдаа монголын уул уурхайн салбарт Оросууд хувьцаа худалдан авч хөрөнгө оруулах боломж нээлттэй шүү гэдэг саналыг хамгийн түрүүнд тавьсан гэсэн. Харин манай түлшний салбар дахь монополь байдлаа алдахыг хүсэхгүй байгаагаа тод томруунаар илэрхийлээд байгаа Оросуудад энэ санал боломжийн санагдсан биз. Ер нь бол тэдний ашиг сонирхлыг дэмжин хувьцаа худалдан авч хөрөнгө оруулах боломжийг олгох саналыг манайх гаргаж байгаа нь тэднийг хүсвэл Тавантолгой төсөл дэх оролцоогоо тэлэх боломжтой гэдэг хандлагыг ойлгуулсан дүр зурагтай байж ирснийг тэмдэглэх хэрэгтэй. Хэдийгээр “Эрдэнэставантолгой” компани Тавантолгойтой зууралдаж байгаа ч, хөршийн сонирхол байгаа чигээрээ бол оруулсан ч яадаг юм гэсэн зүйлийг манай нөхдүүд яриад байдаг. Гэтэл нөгөөх Кремльд нь бараг 14 тэрбум тонн нүүрсний нөөцтэй  Улуг­хэмийн нүүрсний сав газраас гадна тэрбум тонны нөөцтэй Элегестийн  коксжих нүүрсний орд гэхчлэн нөөцүүд бий. Түүнчлэн Тувагийн эрчим хүчний үйлдвэрлэлийн корпорациас зарласан Элегестийн ордыг эргэлтэд оруулах хүрээнд барих  410 км төмөр замын тендерийн ялагчаар  “СГК-трансстройЯмал” компани шалгарсан нь  Оросууд өөрсдийн нүүрсээ гадаад зах зээлд гаргах бодлогыг түргэвчлүүлж байгаа гэсэн ойлголтыг өгч байгаа тал бий. Гэхдээ тэдний дотоод бодлогыг шууд дүгнэж хэлэх нь яарсан хэрэг болно.Мөн энд анхаарал татсан нэг асуудал яригдсан нь  Элегест-Кызыл-Курагино чиглэлд тавигдах тус төмөр замаар Тувагийн Улуг­хэмийн ордын нүүрсийг ч тээвэрлэнэ гэгдсэн. Тус чиглэлийн төмөр замыг манай улсын газар нутгаар дайруулан өмнөд хөрштэй холбох бодлогыг  Кремлийн эрх баригчид барьж байгаа талаар Оросын хэвлэлд гарсан удаатай. Хэрэв Оросууд манай гол гарц зах зээл рүү нүүрсээ хүргэхдээ манай газар нутгийг ашиглана гэвэл эдийн засгийн аюулгүй байдал талаасаа үүн дээр тулхтай хандах хэрэгтэй гэсэн асуудал ч яригдах ёстой болно. Манай тухайд үүц баялгаа үнэ цэнэд хүргэхийн тулд Транс-Монголын төмөр замыг  салаалж, мөчирлүүлэх шаардлагатай талаар багагүй хугацаанд ярьж байгаа. Харин манай  төмөр зам, дэд бүтэц, эрчим хүчний салбар дахь ноёрхлоо улам бэхжүүлэхийг санаархагч Орос гүрэн манай газар нутгийг жинхэнэ дамжлага бааз болгох ашиг сонирхлоо  илэрхийлчихсэн байж байдаг.  Ерөөс Оросуудын хувьд манай Тавантолгой болоод төмөр замын төслийг гацаах “хүндэтгэх” шалтгаанууд байдаг талаар яригдаж ирсэн нь санаандгүй хувилбар биш л дээ. Кемерова мужаас Владивосток хүртэлх бүх л нүүрсний уурхай, цахилгаан станцуудын хяналтын багцыг эзэмшдэг СУЭК корпораци нь Улан Үдэд барьсан нүүрс угаах үйлдвэр болоод  Владивостокийн Мухта хойгт барьсан шилжүүлэн ачих байгууламжиндаа оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөхийн тулд хятадын зах зээлийн үнийг буулгахгүй байх шаардлагын улмаас Тавантолгойтой холбоотой асуудлуудыг гацаах ажиллагааг В.Путин өөрөө удирдан явуулсан гэх асуудал байдаг. Тэгэхээр бид маргааш В.Путинаас бэлэг авахын тулд өгөх хэрэгтэй л гэсэн үг.

М.Мөнхжин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин