Газар дамлагч түшээ
2014/09/01

 Монголын томоохон 20 компанийн эзэн улстөрчид бизнесийн эрх ашгийнхаа төлөө Хөрөнгө оруулалтын шинэ хуулийг лоббидож байсан нь яг нэг жилийн өмнөхөн билээ. Тэд бол  “Алтай Трейдинг”-ийн эзэн, УИХ-ын гишүүн Сү.Батболд, “АПУ” компанийн эзэн, УИХ-ын гишүүн Г.Батхүү, “Женко”-гийн эзэн, УИХ-ын гишүүн, Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, “Мон Уран”-ы эзэн, УИХ-ын гишүүн Б.Наранхүү  нарын нэр бүхий 20 улстөрч байсан. Бизнесээс улстөрд шургалсан  тэд   эрх ашгийн зөрчилтэй гэдгээ үгээрээ бус үйлдлээрээ харуулж ирсэн гэхэд болно. Харин манай сайт тэдгээр нөхдүүдээс Газрын наймаачин гэдгээрээ ялгардаг Б.Наранхүүгийн тухай хүргэж байна.  

Газрын наймаачин Б.Наранхүү

Хүүхдийн паркийн газарт гар дүрсэн гэдгээ хэний ч өмнө ичиж улайхгүйгээр хэлээд зогсохгүй бусад нь өгвөл би тэр газрыг буцааж өгнө гэж барьцаж зогссон нэгэн бол Газрын наймаачин түшээ Б.Наранхүү юм. Хэдхэн жилийн өмнө МАН-ыг даган намирч явсан тэрбээр нэг л өдөр АН-ыг бараадаж, тал зассан. Үр дүнд нь Дундговь аймгийн АН-ын удирдлагуудынхаа ч арга эвийг мөнгөөр олж байгаад экс  гишүүн Р.Эрдэнэбүрэн, АН-ын нарийн бичгийн дарга Б.Ургамалцэцэг, Дундговь газар хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхболор нарын урд гишгэн, тойрогтой болсон байдаг. Тэрбээр зөвхөн тойрогтой болохын тулд 20 тэрбумыг цацсан гэдгээс үзэхэд, хууль тогтоох дээд байгууллагын гишүүний суудал эдийн засгийн ач холбогдол ихээхэн өндөртэй гэдэг нь эрхбиш ойлгогдоно. Тэрнээс биш мөнгөний төлөө нүдээ ухахаас буцахгүй улайран зүтгэж ирсэн тэрбээр мөнгөө талаар нэг зүгээр цацчихгүй.

Ер нь тэрбээр том бизнест тод мөртэй байхын тулд зайлшгүй улстөрийн нөмөр нөөлөг, ар хэрэгтэй байдаг манайхны баларсан жишгийг дэлгэрүүлэгчдийн нэг яах аргагүй мөн. Учир нь М.Энхболдтой халаас нэгтэн, түүний нөмрөөр газрын бизнесийг цэцэглүүлсэн нэгэн. Тэрбээр нийслэлийн ашигтай байрлал дахь газруудаар хөлжсөн дамчин юм. Түүний мэдэлд  Хүүхдийн парк, Бөмбөгөр худалдааны төвийн газар, РЦНК-гийн ойр орчимын газар гээд л Улаанбаатар хотын хамгийн өндөр үнэд хүрэх газрууд бий. Түүнчлэн газартай холбоотой хууль зөрчсөн асуудлууд ч бий. Тухайлбал, Үндэсний соёл амралтын хүрээлэн (ҮСАХ)- гийн 1.2 га газрын хэрэг ч түүнд хамаатай. Учир нь 2002 онд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн эзэмшлийн 32.5 га газрын 1.2 га-д түүний  “Мон-Уран” ХХК дур мэдэн барилга барьж, тухайн үеийн удирдлагуудтай  нь  гэрээ хийсэн байдаг.  Харин хоёр жилийн дараа ҮСАХ-ийн удирдлага солигдсоноор, Б.Наранхүүгийн компаниас газраа авахаар зарга хийж, Улсын дээд шүүхээс хууль бусаар барилга байшин барьж, газар ашигласныг тогтоосон байдаг. Шүүхийн тогтоолын дагуу Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас ч ҮСАХ-ийн газрыг чөлөөлүүлэх захирамжийг 2010 оны есдүгээр сарын 8-ны өдөр гаргасан байдаг. Гэсэн ч  “Мон-Уран” ХХК захирамжийг үл тоож ирсэн байдаг. Уг нь тус захирамжид “ҮСАХ” ХХК-ийн эзэмшлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй байрлаж байгаа “Мон-Уран” ХХК-ийн эд хөрөнгийг тав хоногийн дотор албадан нүүлгэх, үүнийг СБД- ийн газрын алба, НЦГ, Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтэст даалгасугай хэмээн тодорхой заасан байдаг ч,  “Мон- Уран”-аас захирамжийг үл зөвшөөрөн шүүхэд дахин хүсэлт гаргаснаар Сүхбаатар дүүргийн шүүхээс захирамжийн биелэлтийг түдгэлзүүлэх шийдвэр гаргачихсан байдаг юм. Улмаар асуудал сунжирсаар өдийг хүрсэн. Эхэнд өгүүлсэнчлэн, Газрын наймаачин Б.Наранхүү УИХ-ын гишүүн болсныхоо дараа энэ талаар ам нээхдээ “бусад нь буцаагаад өгвөл би ч бас өгнө” гэх агуулгатай үгсийг хэлж, өөрийгөө түмний төлөө гэсэн сэтгэлтэй төрийн түшээ бус хувь эрх ашгаа бодсон наймаачин гэдгээ батласан юм.

Ер нь бол түүнд УИХ-ын гишүүн гэсэн халдашгүй дархан эрхтэй субьект болох шаардлага ихээр байсныг үгүйсгэхийн аргагүй юм. Банкинд тэрбум тэрбумаар нь өртэй, Улаанбаатар хотын цэвэр усны ундаргын бүх газрыг луйвардаж авсан, А зэрэглэлийн газруудыг үлдээлгүй “түүсэн” гэгддэг тэрээр Хятадын хөрөнгө оруулалттай компаниудад газар дамладаг аюултай нэгэн. Тухайлбал,  "Мон-Уран" компанийнхаа нэрээр Нийслэлийн тусгай хамгаалалтын бүсэд 30 га газар авч, түүнээсээ "Шилмэл шилтгээн", "Монгол гранд", "Дунд мандал", "Сүрэг агт", "Визамар", "БНЧ" зэрэг голдуу Хятадын хөрөнгө оруулалттай компаниудад таслан өгсөн байдаг.  Мөн хотын удирдлагууд газрын бизнесээ Б.Наранхүүгээр дамжуулан хийдэг гэдэг нь тэрээр компанийнхаа нэрийг сольж "Инвекс" нэрээр 2007 онд Баянзүрх дүүрэгт 127.05 га газрыг авсан баримтаар нотлогдож байсныг бас хэлэх хэрэгтэй. Ер нь бол Б.Наранхүү хэзээ ч хувь эрх ашгаа төр түмний эрх ашгийн доор тавьж чадахгүй нэгэн юм.

М.Мөнхжин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • аймаар
    Пээ бүү үзгэд, төрийн минь сүлд өршөөж төмөр сэтгэлтэнгүүдийг цээрлүүлж хайрла
    2014 оны 09 сарын 04 | Хариулах
Сонин хачин