
Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга асан С.Батмөнх төсвийн хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан гэх хэргээр багагүй хугацаанд шалгагдсан ч, хариуцлага хүлээх эсэх нь тодорхойгүй байгаа юм. Ер нь бол С.Батмөнх төрийн албанд ажиллах хугацаандаа алдаа дутагдал гаргасан асуудал цөөнгүй ч, түүнээс хариуцлага асуудал асуудал дээр холбогдох байгууллага хойрго хандаж ирснийг хэлэх хэрэгтэй. Түүнчлэн С.Батмөнхтэй холбоотой хуудуутай асуудлуудын талаар тодотгон өгүүлье.
Иргэний нисэхийн салбар бол Монгол Улсын стратегийн чухал салбар гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Тэгвэл энэ чухал салбарын удирдлага асан С.Батмөнх албан тушаал хашиж байх үедээ хариуцлага алдсан учраас суудлаасаа буусан ч, хөрөнгө мөнгө шамшигдуулсан, авлигын хэрэгт шалгагдаж байхдаа эргээд албан тушаалдаа ирж байсан нэгэн. Энэ нь түүнийг нэлээд сүйхээтэй эр гэдгийг харуулж байв. Ер нь тэрбээр иргэний нисэхийн салбарт олон жил ажиллахдаа олон асуудалтай нэр холбогдсон. Тухайлбал, 2007-2009 онуудад ИНЕГ төсвийн хөрөнгөөр 19 тэрбум төгрөгийн өртөг бүхий Монгол улсын агаарын зайд нисэх онгоцны хөдөлгөөнийг хянах бодит ажиглалт (радар), навигацийн тоног төхөөрөмжийн систем нэвтрүүлэх төслийг “түлхүүр гардуулах нөхцлөөр” хэрэгжүүлэхдээ бөөн асуудал үүсгэсэн байдаг. Төсөл хэрэгжин тоног төхөөрөмжүүд суурилагдан, барилга байгууламж, зам, цахилгааны болон холбооны шугам гэх мэт дэд бүтэц байгуулагдсан ч, төслийн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт эхнээсээ будилаантай, хэл амтай явагдсан бөгөөд шалгарсан гүйцэтгэгчийн үнийн санал төсөвт өртгөөс хэт өндөр байснаас болоод энэ төслийг “гүрвэлийн сүүл тасдах” зарчмаар хуваан жижиглэх арга сэдэж олсон байдаг.

Улмаар энэхүү системийн уураг тархи болсон автоматжуулалтыи удирдлагын системийг тусад нь салган 1.2 тэрбум төгрөгийн өртөгтэй “мини” гэрээг 2008 оны 10 дугаар сарын 6-ны өдөр (том гэрээ байгуулснаас хойш 11 сарын дараа!) ямарч тендер, сонгон шалгаруулалтгүйгээр том гүрвэлийн гэрээний гүйцэтгэгчтэй байгуулан “Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах авах тухай хууль”-ийн олон заалтыг ноцтой зөрчсөн байна. Ингээд зогсохгүй төсвийн хөрөнгийг шамшигдуулан зүй бусаар зарцуулж байсны гороор мөнгөн урсгалын хямралд орсон санхүүгийн хүнд байдлын улмаас гүйцэтгэгч компани /Indra S.A. - MCS - Орбитнет ХХК/-тайгаа хуйвалдан маргааш өдөр нь буюу 2008 оны 10 дугаар сарын 7-нд тасалсан сүүлээ дахин тасдан 2 хуваажээ. ИНЕГ энэхүү “мини” төслийг өөрийн хөрөнгөөр хагас дутуу хэрэгжүүлэн дуусгаагүйгээс болоод энэ динозавр систем одоо хүртэл ашиглалтгүй хэвээр байна. Гүйцэтгэгч нь ч гэсэн зарим тоног төхөөрөмжийг нь барьцаалаад мөнгө нэхэж байжээ. Боловсон хүчний сургалтыг орхигдуулсан, радарт шилжих бэлтгэл ажлын шилжилтийн төлөвлөгөө гаргаагүй зөнд нь орхисноос энэ системийг Монголын нисэхийнхэн ашиглахад бэлэн бус байв. Ер нь бол С. Батмөнхөд нисэхийн аюулгүй байдлаар халхавч хийн сэжигтэй гэрээ хэлцэл хийж хувьдаа олз олж, шамшигдуулах нь чухал болохоос ажлын эцсийн үр огт хамаагүй гэдэг нь энэ мэт олон баримтуудаас тодорхой харагддаг байна.

С.Батмөнхийн балаг ингээд л дуусчихгүй. Өшөө үргэлжилнэ. Тухайлбал, түрүүн өгүүлсэн бодит ажиглалтын системийг суурилуулж байгаатай холбогдуулан С.Батмөнх нислэгийн удирдагч бэлтгэх зорилгоор 24 оюутныг Англи улсын Rudloeколлежид суралцуулах гэрээ байгуулан 2008 оны 8 дугаар сард Англи руу илгээжээ. Гадаадад байгууллагын зардлаар оюутан сургахад болохгүй зүйл юу байхав. Тэгвэл эдгээр оюутнуудыг сонгон шалгаруулахдаа нисэхийн дарга нар албан тушаал эрх мэдлээ ашиглан өөрсдийн төрсөн хүүхдүүд, ах дүү хамаатан садны хүүхдүүдийг сонгон шалгаруулан хэт өндөр үнэ төлсөнд асуудал байгаа юм. Эдгээр хүүхдүүдийг 2007 оны 9 дүгээр сараас эхлэн 10 сарын хугацаатайгаар Англи хэл (24 долоо хоног), агаарын хөдөлгөөний удирдлагын анхан шатны сургалт (5 долоо хоног), аэродромын удирдлага (8 долоо хоног) дамжаанд сурган сургалтын зардал, байр, хоолонд 413,400 фунт стерлинг төлөх гэрээ байгуулжээ. Энэ гэрээний төлбөрийг2008 оны 3 дугаар сарын 19 гэхэд ИНЕГ нийтдээ 838,503 ам. доллар төлж барагдуулсан байна. Нэг хүүхдэд 35,000 ам.долларын зардал гаргаснаас зөвхөн англи хэлний сургалтанд 15,000 ам.доллар зарцуулжээ! Ингээд зогссонгүй 2008 оны 3 дугаар сард С. Батмөнх эдгээр хүүхдүүдийг гэнэт үргэлжлүүлж сургахаар шийдэн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан 284,700 фунт стерлинг зардлаар 2 cap сургахаар болжээ. Гэрээний нэмэлт ёсоор төлбөрийг 2 хуваан эхний төлбөрийг 2008 оны 5 сарын 15, сүүлчийн төлбөрийг 2008 оны 7 дугаар сарын 15 гэхэд барагдуулж дуусах ёстой байтал С. Батмөнх эхний төлбөр (283,628 доллар)-ийг төлөн сүүлчийн төлбөрийг төлөхгүй луу унжиж байгаад 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 247,080 доллар төлж барагдуулжээ. Хоёр сарын хугацаатай нэмэлт сургалтын нэг хүүхдэд ногдох зардал 24,000 ам доллар болж байгаа нь 10 сарын хугацаатай үндсэн гэрээний сургалтын зардал (35,000 ам.доллар)-тай бараг дүйж байсан юм. 24 хүний 2 сарын нэмэлт сургалтын зардалд 577,460 ам.доллар, нийтдээ 1 сая 415,964 ам.доллар төлсөн гэхээр яах аргагүй анхаарал татдаг. Нэг нь 60,000 ам. доллар буюу өнөөгийн ханшаар 85 сая төгрөгийн үнэтэй сургагдсан нисэхийн дарга нарын нэр сүрээр явж сурсан хүүхдүүд бодит байдал дээр олигтой ч хэл ус сурчихалгүй ирсэн байдаг. Ямартаа л ажлын байран дээр шаардлага хангахгүй гологдож байхав.
Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга асан С.Батмөнхтэй холбоотой хуудуутай асуудлууд ингээд дуусахгүй, үргэлжилнэ.
М.Мөнхжин
Сэтгэгдэл байхгүй байна