
Хойд хөршийн төрийн тэргүүн В.Путин манай улсад морилон саатах гэж байгаа билээ. Түүний айлчлалд өндөр ач холбогдол өгөхөөс өөр арга үнэндээ бидэнд үгүй. Тэрчлэн дэлхийд нэр нь тодорсон удирдагчдын нэг В.Путин гэж хэн бэ гэдгийг “Гранд” ийн тодотгон өгүүлж байсныг хүргэж байна
Бидний мөнхийн хөрш Оросын удирдагчдаас хамгийн алдартай нь Сталин. Харин хамгийн өндөр боловсролтой, хүчирхэг нь Путин. Ясны тагнуулч, хэзээ ч өтөлдөггүй энэ эр дэлхийн 7 том гүрний нэг Орост өөрийн нөлөөллийн хүрээгээ өнө мөнхөд бат суурьтайгаар тогтоосон нэгэн гэгддэг. Мафи, нефть, байгалийн баялаг гээд олон зүйлээрээ алдартай их гүрний хамгийн нөлөө бүхий эрхэм ноён, мэргэшсэн тагнуулч чухам юугаар оршихуйгаа ийм бат нот бий болгож чадсан юм бол?

Саяхан ОХУ-д Нэгдсэн орос намын их хурал болж тус улсын өнөөгийн ерөнхийлөгч Дмитрий Медведев, ерөнхий сайд Владимир Путиныг ирэх онд болох ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэрийг нь дэвшүүлэх болсноо ил тодоор зарлалаа. Одоогийн ерөнхийлөгч Д.Медведев Путиныг буцаад ерөнхийлөгчөөр сонгогдмогц түүний оронд Оросын засгийн газрыг тэргүүлэх юм байх. Хоёр аваргын энэхүү тохиролцоо нь дэлхийн олон нийтийг гайхшруулж, тус улсын ардчилсан хүчнийхний уур бухимдлыг ихээр төрүүлж байна. Ялангуяа хашир улс төрчид болох Б.Немцов, Г.Красноров, Москва хотын “аварга” асан Ю.Лужков нарын эрхмүүдийн хилэгнэлийг ихэд хөдөлгөж байгаа юм. Харин энэ үйл явдлыг Америк болон барууны ертөнцөд Орос улсыг буцаад тоталитари систем рүүгээ орсон алхам боллоо хэмээн үзэж байна. Мөн Оросын ард иргэд ч Орос оронд ардчилал устах аюулд орлоо хэмээн айн түгшиж санаа нь ихэд зовох болжээ.

Харин эрхэмсэг тагнуулч маань саяхан Хятадад айлчлах үеэрээ энэ сэдвийг хөндөж “Намайг буцаад ерөнхийлөгч болмогц улс орон маань суларч доройтохгүй, харин ч илүү хүчирхэг болно” хэмээн шулуухан мэдэгдлээ. Тэрээр өөрийгөө Оросын эдийн засгийг хямралаас гаргаж, ядуурлыг бууруулсан гавьяатай хүн гэж гайхуулах дуртай.

Ерөөс ингэхэд Путин гэж хэн бэ гэдэг өөрөө их сонин асуулт. Ямартай ч барууны сэтгүүлчид түүнийг Оросын түүхэнд байсан удирдагчдаас хамгийн боловсролтой нь хэмээн онцолдог. Гэхдээ Путин, Сталины дэргэд тийм ч баялаг намтартай, гавьяа зүтгэл болоод нүгэл хилэнцтэй хүн биш. Энд түүний улс төрийн удирдагч-ерөнхийлөгчийн хувьд бус харин хэрхэн улс төрч болсон түүхээс сонирхуулъя. Тэрээр Ленинград хотын жирийн ажилчны гэр бүлд төрж нийтийн байранд өсөж бойжжээ. Путин бол Ельцинээс тэс ондоо хүн. Хүйтэн, эрс шулуун зантай, дүрэм журмыг баримтлах дуртай нягт нямбай эр. Өөрөөр хэлбэл шоу түүний байх орчин биш. Түүнийг сайн таньж мэдэх нэг нь тэр их сахилга баттай бас хэзээ ч архи уудаггүй гэж тодорхойлдог. 1998 онд Холбооны Аюулгүй байдлын албаны даргаар томилогдохдоо тэрээр “Эцгийнхээ гэрт ирсэн юм шиг сайхан санагдлаа” хэмээж байв. Тэрээр хуульч мэргэжилтэй боловч тагнуулын албанд зүтгэж, амьдралынхаа ихэнх он жилүүдийг Зөвлөлтийн КГБ-ийн /ҮАХХ/ гадаад тагнуулын албанд ажиллаж өнгөрүүлсэн юм. Орост бүү хэл дэлхийд зартай КГБ-д хамгийн бага албан тушаалаас эхлээд гадаад тагнуулын алба хүртэл бүх шат давхаргыг туулсан хашир “чоно”. Бүхэл бүтэн 15 жил Зүүн Германы Эрфурт, Дрезден зэрэг хотод олон улсын тагнуулын ажил хийж байлаа. Герман хэлийг мэдээж гаргууд эзэмшсэн нэгэн.

Зөвлөлт Холбоот Улс задран унахад Путин КГБ-ээс гарч Санкт-Петербургийн захирагч Анатолий Собчакийн ажлын албанд ажиллах болов. Энэ үедээ Собчакийг хотын төсвөөс хэдэн сая ам доллар дутаасан хэргээс нь аргалж тусалсан хэмээн ярих нь бий. Үүгээрээ Путин Кремль болон дээдсийнхний анхаарлыг татаж чадсан гэдэг. Москвагийн Карнеги төвийн улс төр судлаач Николай Петров түүний талаар хэлэхдээ “Путин хязгаар мужийн удирдагчдыг дарамт шахалтаар эрхэндээ оруулдаг байсан. Түүний хүссэн зүйлийг хийгээгүй үед тэр тэднийг янз бүрийн аргаар дарамталж, дуугүй болгодог байсан” гэжээ.

Мань эр нэгэнтээ “Хүнд нөлөөлөх гурван арга байдаг: дарамтлах, ална гэж заналхийлэх, архидуулах” хэмээн хошигносон удаатай. Тэр бүү хэл Москва хотын дарга Луфковын эхнэр Елена Батурины эсрэг хэрэг болон Ерөнхий прокурор Юрий Скуратовын секс бичлэг зэргийн ард Путиныг байсан гэж ажиглагчид үздэг. Хэдийгээр түүнийг зарим нь коммунист гэдэг ч Чечений асуудлыг шийдвэрлэж чадсан гэдгээрээ олон түмний дунд нэр хүндтэй байдаг. Түүний талаар Зүүн Германы тагнуулын албаны дарга Маркус Вольф хэлэхдээ “Магадгүй Путин гадаад тагнуулд ажилласанаараа өөрийгөө илүү нээж, боловсорсон байх” гэдэг. Ямар ч байсан түүнийг 1998 онд Штазигийн дарга Эрих Милке хүндэт медалиар шагнасан нь ховор тохиолдол байсан гэж тагнуулч нөхөд нь дурсацгаадаг.

Судлаачид барууныхан Путинтэй тохиролцоход их хэцүү, тэр бараг хуучин коммунист арга барилаар хандана гэж үздэг. Ямартай ч Путин олон улсын дэвжээнд дахин гол тоглогчоор тоглох нь тодорхой боллоо. Тэрээр нэгэнтээ Америкт хандаж “нөхөр чоно хэнийг идэхээ мэднэ, идэхдээ бас яарахгүй” гэж занаж байсныг энд дурдахгүй өнгөрч болохгүй. Энэ утгаараа барууны ертөнцийн Орос улстай харилцах харьцаа төвөгтэй байсаар байх төлөвтэй. Ийн их гүрнүүдийн сонирхлын зөрчил цаашдаа ч үргэлжлэх нь ойлгомжтой болж байна. Путин загас барих дуртай. Хэрвээ түүнийг хэн нэгэн үмхэхгүй бол тэр дэгээ хаядаг байна.
Зургийнх нь хажууд байвал зүгээр байх


Ноён Путин гэр бүлийнхээ талаар олон түмэнд нэг их зарлаад байдаггүй. гэргий Людмилатайгаа анх онгоцны үйлчлэгч байхад нь танилцаж гэрлэсэн. Экс тэргүүн хатагтай ч мөн Германд боловсрол эзэмшсэн, герман хэлний орчуулагч мэргэжилтэй Тэд 2 охинтой. Москвагийн герман хэлний сургалттай сургуульд сурдаг байна. Үүнээс үзэхэд Путиныхныг герман маягийн эмх цэгцтэй, дэг журамтай гэр бүл гэж ойлгож болох юм. Аргагүй ясны тагнуулчийн зангаар Путин 1958 онд төрсөн Мария, 1986 онд төрсөн Екатрина хоёроо олны нүднээс чадварлаг нуудаг.
Бас зургийн хажууд:


Оросын өнөөгийн ерөнхийлөгч Дмитрий Медведевийг Путины гарын хүн гэдэг бөгөөд түүнийг ерөнхийлөгчийн сэнтийгээс буухад эртнээс бэлтгэсэн энэ эр Оросын хувь заяаг атгах нь хэдийнэ тодорхой болчихсон байсан гэдэг. Тухайн үед хэний ч санаанд оромгүй зүйл болж, олон нийт төдийлөн танихгүй Медведев гарч ирсэн нь оросуудыг гайхашруулж нэгэн зэрэг баярлуулсан. Учир нь Путинд итгэдэг оросууд түүний үнэлсэн хүнд бас талтай хандсан хэрэг. Нөгөө талаар Орос улс тэр чигээрээ тагнуулч эрийн халаасанд орлоо хэмээн сөрөг хүчнийхэн шуугиж байсан ч эцсийн эцэст Путин санасандаа хүрсэн. Одоо харин Медведев нь Путиныг залгамж халааг нь авна хэмээн ил цагаан мэдэгдэж байдаг…Хэрхэхийг цаг хугацаа харуулна.
"Гранд сэтгүүл" №15
Сэтгэгдэл (20)